A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2019 оны

А/155 дугаар захирамжийн хавсралт

 

ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, харьяаллыг үл харгалзан зам, замын байгууламж ашигласны төлбөр (цаашид “төлбөр” гэх) авахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг аймгийн зам ашигласны төлбөрийн орлогын дансанд төвлөрүүлж, Авто замын тухай хуулийн 24.3, 24.4, 24.5-д заасны дагуу зарцуулна.

Хоёр. Нийтлэг үндэслэл

2.1.Хөвсгөл аймгийн Авто тээврийн төв нь орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах цэг байгуулах, ажилуулах, тус замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд зам ашигласны төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллана.

2.2.Аймгийн Автотээврийн төв нь төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн Татварын хэлтэс, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг болон бусад холбогдох газруудтай ажил үүргээ уялдуулан, хамтарч ажиллана.

Гурав. Төлбөр авах зарчим

3.1.Аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авна. Төлбөр авахдаа тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, бодит жинг харгалзан аймгийн ИТХ-ын 2018 оны 07 дугаар тогтоолоор тогтоосон төлбөрийн хэмжээг баримтлан төлбөрийг аймгийн Төрийн сан банкин дахь аймгийн Зам ашигласны төлбөрийн орлогын 100170000914 тоот дансанд төвлөрүүлнэ.

3.2.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн түргэн тусламж, зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын алба, төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалттай тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.

3.3.Энэ журмын 3.2-т зааснаас бусад бүх тээврийн хэрэгсэл мөн журамд заасны дагуу төлбөр төлнө.

3.4.Төлбөр авах үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй шуурхай зохион байгуулна.

Дөрөв.Төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах

4.1.Аймгийн Авто тээврийн төв, Татварын хэлтэс нь орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгслээс төлбөр авах ажлыг хамтран зохион байгуулна. Төлбөрийг жилд нэг удаа аймгийн авто техникийн улсын үзлэгтэй хамтатган энэхүү журмын 3.1-д заагдсан хувь, хэмжээгээр ногдуулан төлбөрийг аймгийн зам ашигласны төлбөрийн орлогын дансанд төвлөрүүлнэ.

4.2.Орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь авто зам ашигласны төлбөрийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ны дотор аймгийн зам ашигласны төлбөрийн орлогын дансанд төвлөрүүлэх үүрэг хүлээнэ.

4.3.Орон нутагт бүртгэлгүй тээврийн хэрэгслээс төлбөрийг энэхүү журмын 5.1-д заасан чиглэлд улирлын чанартай цэг байгуулан ажиллуулж төлбөрийг энэхүү журмын 3.1-д заагдсан хувь, хэмжээгээр тооцон аймгийн зам ашигласны төлбөрийн орлогын дансанд төвлөрүүлэх ажлыг аймгийн Автотээврийн төв зохион байгуулна.

4.4.Аймгийн Автотээврийн төв нь орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд авто зам ашигласны төлбөрийн орлогыг төлснийг гэрчлэх тусгай наалт тэмдгийг олгоно.

4.5.Энэхүү журмын 5.1-д заасан төлбөр авах цэгийн орох хэсэгт орон нутагт бүртгэлгүй тээврийн хэрэгслээс төлбөр авсныг нотлох тасалбар олгон бүртгэлжүүлж, гарах хэсэгт шалгаж магадлана. Тухайн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгийн орох хэсгээр нэвтрээгүй бол гарах хэсэгт төлбөр төлнө.

4.6.Төлбөрийн тасалбар нь тухайн чиглэл буюу гарах хэсгийн төлбөр авах цэг хүртэл хүчинтэй.

4.7.Авто замын эхлэл, төгсгөл нь тухайн чиглэлийн дугаартай замаар хязгаарлагдах бөгөөд тээврийн хэрэгсэл дараагийн буюу өөр дугаартай чиглэлийн замаар зорчих бол төлбөр төлнө. Тухайн чиглэлийн авто замын төгсгөлийн цэг нь эсрэг урсгалдаа эхлэлийн цэг болно.

4.8.Төлбөр төлсөн тасалбарт замын чиглэлийн нэр, дугаар, төлбөр авах цэгийн нэр, төлбөрийн хэмжээ, огноог тусгаж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна.

4.9.Бүх төрлийн ачааны тээврийн хэрэгсэл, механизмын жинг шалгаж, тухайн тээврийн хэрэгслийн бодит жинд харгалзах төлбөрийг авна.

4.10.Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн жин, овортой тээврийн хэрэгслийг тухайн чиглэлийн авто зам, замын байгууламжаар нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн тогтоосон маршрутын дагуу нэвтрүүлнэ. Ийнхүү нэвтрүүлэхдээ төлбөрийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж авна.

Тав.Төлбөр авах цэг, хугацаа

5.1.Орон нутагт бүртгэлгүй тээврийн хэрэгслээс төлбөр авах чиглэл:

1.Бүрэнтогтох сумын Цагаан бургасын даваа чиглэлийн пост

2.Тариалан, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын чиглэлийн пост

3.Түнэл сумын чиглэлийн пост

4.Улаан-Уул сумын Өл, Тоомын давааны чиглэлийн пост

5.Цагаан-Уул сумын Шивээтийн дөрөлжөөс Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн чиглэлийн пост
5.2.Аймгийн Автотээврийн төв нь энэхүү журмын 5.1-д заасан төлбөр авах чиглэлийн дагуу байршлын цэгийг тогтоон аймгийн авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлнэ.

5.3.Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг авто замын ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих ажиллагаатай уялдуулан зохион байгуулна.

5.4.Төлбөр авах цэгийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ыг хүртэл улирлын чанартай байгуулан ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд цэгийн ажиллах хугацаанд өөрчлөлт оруулж болно.

5.5.Төлбөр авах цэг нь авто замын хөдөлгөөнд саад учруулахааргүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, төлбөрийг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

5.5.Төлбөр авах цэг нь ажиллагсдын ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.

5.6.Төлбөр авах цэг болон барилга байгууламж, тоног төхөөрөмжид тавих шаардлагыг стандартаар тогтооно.

5.7.Орон нутгийн чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийг шаардлагатай тохиолдолд олон улсын болон улсын чанартай замын төлбөр авах цэгтэй нэгтгэн байгуулж болно.

5.8.Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зардлыг аймгийн зам ашигласны төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ.

5.9.Төлбөр авах цэгээс 500 метрийн ойр зайд аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахыг хориглоно.

Зургаа.Бусад

6.1.Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, ажиллах нөхцөлийн талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс нь аймгийн Автотээврийн төвтэй гэрээ байгуулж ажиллана.

6.2.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлого, орлого бий болгохтой холбогдон гарах зардлын төсвийг аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн саналыг үндэслэн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс жил бүрийн төсөвт тусган батлуулна.

6.3.Төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг аймгийн Авто тээврийн газар бүрэн хариуцаж хагас,бүтэн жилд аймгийн Засаг даргад тайлагнана.

6.4.Төлбөр ногдуулалт, төсөвт төвлөрүүлэлтийн байдалд аймгийн Татварын хэлтэс жилд 2-оос доошгүй удаа хяналт хийж хяналтын үр дүнг аймгийн Засаг даргад тайлагнана.

6.5.Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг энэхүү журмын 4.1, 4.3-т заагдсаны дагуу төсөвт төвлөрүүлээгүй, олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд холбогдох ажилтан, албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.6. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь авто зам ашигласны төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.7.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.