- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2019 оны 156 дугаар
тогтоолын хавсралт
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77 хувь нь, нийт ажиллах хүчний 72 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8 хувь, экспортын 2.3 хувийг жижиг, дунд үйлдвэрийн салбарт үйлдвэрлэж байна.
Гэхдээ бизнесийн статистик тоон мэдээлэл зөрүүтэй, техник, технологийн мэдлэг хангалтгүй, шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшлийн уялдаа холбоо тааруу байгаагаас үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг амжилттай эрхлэх боломж хязгаарлагдмал байна. Цөөн тооны жижиг, дунд үйлдвэр чанар болон аюулгүй байдлын стандартыг хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа боловч олон улсын болон бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвар сул байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрийн салбарт хийсэн ажиглалт судалгаа болон Монголбанкны “Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт байдлын судалгаа”-наас үзэхэд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн үйлчилгээг сайжруулах, татварын таатай орчинг бүрдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Цаашид жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжих эрх зүй, санхүү, татварын таатай орчин бүрдүүлэх, олон нийтийн хэвлэл мэдээлэл болон бусад сурталчилгааны сувгаар амжилттай бизнесийн түүх, шилдэг туршлага, төрийн бодлогыг сурталчлан таниулах, Монгол Улсад хөгжиж эхэлж байгаа кластерын чадавхыг үнэлэх, зураглал, шинжилгээ хийх талаарх мэдээллийг цуглуулж, төрийн оролцоог тодорхойлох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Мөн хот суурин газрын төвлөрлийг сааруулах, жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлж, иргэний бие даасан бүтээлч байдлыг дэмжих зорилгоор олон улсын сайн туршлага болох “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг өрнүүлэн импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэн, хөдөө орон нутагт шинэ ажлын байр бий болгож орон нутгийн хөгжлийг дэмжих нь зүйтэй байна.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.2.1-д “Хүртээмжтэй өсөлт ба нийгмийн тэгш байдал”-ын зорилт 1-д “Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно”, зорилт 2-т “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулна”, Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.48.3-т “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх”, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн 21.1-д “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, зохих журмын дагуу Засгийн газарт оруулж батлуулна” гэж заасныг тус тус үндэслэн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр” (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсрууллаа.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
2.1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих замаар бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажлын байр нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
3.1.1. жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
3.1.2. санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгон хүртээмжийг нэмэгдүүлэх;
3.1.3. зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжүүлэх;
3.1.4. инноваци болон байгальд ээлтэй техник, технологийг эрчимтэй нэвтрүүлэн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах;
3.1.5. жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх;
3.1.6. “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг зохион байгуулж, орон нутагт брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бие даасан, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилал, дэмжлэгийг оновчтой болгох, дэмжигч байгууллагын эрх үүргийн талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
4.1.2. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл, төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн хариуцлагыг сайжруулах, зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг бууруулах, хугацаа хэтэрсэн өглөг, авлага үүсгэхгүй байх талаар холбогдох журам, гэрээний нөхцөлийг сайжруулах;
4.1.3. жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор батлан даалт, даатгалын эрх зүйн орчинг сайжруулах;
4.1.4. лизингийн үйлчилгээ, батлан даалтын эрх зүйн орчинг шинэчлэн хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн тоог нэмэгдүүлэх;
4.1.5. инноваци, технологи нэвтрүүлэх, мэдлэг хуваалцах чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
4.1.6. жижиг, дунд үйлдвэрийн менежментийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, гарааны бизнесийг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх;
4.1.7. шилдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг шалгаруулж, урамшуулах зохицуулалтыг бий болгох;
4.1.8. жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүртгэл статистикийн мэдээллийг сайжруулах, мэдээллийн тогтолцоог бий болгох, олон улсын жишигт нийцүүлэх.
4.2. Санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах замаар зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгон хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. улсын төсвийн хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, зээлийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгон зээлийн хүү, хугацаа, олгох үйл ажиллагааг оновчтой болгох;
4.2.2. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх замаар эрэлтэд нийцсэн зээлийн бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлэх;
4.2.3. арилжааны банкны зээлийн хүүг бууруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
4.2.4. олон улсын сайн туршлагад нийцсэн, санхүүгийн байгууллагуудын шаардлагыг хангасан иргэд болон аж ахуйн нэгжийн мэдээллийг агуулсан зээлийн мэдээллийн сан байгуулахад дэмжлэг үзүүлэх;
4.2.5. санхүүжилтийн бусад эх үүсвэр, лизинг болон факторингийн талаарх ойлголт, хэрэглээг нэмэгдүүлэх, экспортын чиглэлийн үйлдвэр эрхлэгчдэд зориулсан батлан даалт, даатгалыг нэвтрүүлэх;
4.2.6. хамтарсан болон хоршсон хөрөнгө оруулалтын ач холбогдлыг сурталчлах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулан, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх;
4.2.7. томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санал санаачилгыг урамшуулах, дэмжих;
4.2.8. жижиг, дунд үйлдвэрийн салбарт олгож буй төрийн болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн санхүүжилтийг зүй зохистой, оновчтой болгох, уялдааг сайжруулах;
4.2.9. гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэлд шаардлагатай технологийн инновацийн талаарх мэдээлэл авах, худалдаа, хөрөнгө оруулалтын түнш олох арга хэмжээ зохион байгуулах;
4.2.10. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох салбар, тэргүүлэх чиглэлийг жил бүр тодорхойлон олон нийтэд зарлах;
4.2.11. эдийн засгийн тэргүүлэх зорилтот салбаруудад нийлүүлэлт, нэмүү өртгийн сүлжээний санхүүжилтийн загваруудыг нэвтрүүлэх.
4.3. Зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. дотоодын зөвлөх бэлтгэх тогтолцоог сайжруулах;
4.3.2. гарааны, бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан төрөлжсөн сургалт зохион байгуулах;
4.3.3. зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг чадавхжуулах, тэдгээрийг бүртгэлжүүлэх;
4.3.4. жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд менежмент, стратеги, мэдээллийн технологи, маркетинг, хүний нөөц, компанийн засаглал, санхүү, бүртгэл, татвар, аудит, байгаль орчин, чанарын удирдлагын тогтолцоо, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, инженерийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
4.3.5. зөвлөх үйлчилгээний үр ашгийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулах;
4.3.6. бизнес инкубатор төвүүдийг байгуулах, тэдгээрийн хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг дэмжих.
4.4. Инноваци болон байгальд ээлтэй техник, технологийг эрчимтэй нэвтрүүлэн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1. эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа шинжилгээний ажлыг салбарын бодлоготой уялдуулах;
4.4.2. үр ашигтай менежментийг нэвтрүүлэх замаар жижиг, дунд үйлдвэрт инновацийг дэмжих, урамшуулах;
4.4.3. олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нутагшуулах;
4.4.4. шинэ техник, технологийн талаарх мэдээллийг цуглуулан технологи дамжуулах төвөөр дамжуулан нэвтрүүлэх;
4.4.5. инновацийн бүтээгдэхүүнийг сурталчлах, жижиг, дунд үйлдвэрт зориулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах арга хэмжээ зохион байгуулах;
4.4.6. шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх болон гарааны бизнесийг дэмжиж инновацийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах;
4.4.7. техник, технологийн чиглэлээр үндэсний стандартыг боловсронгуй болгох, олон улсын дэвшилтэт стандартуудыг нутагшуулан нэвтрүүлэх;
4.4.8. их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын оролцоо бүхий кластерийг хөгжүүлэх.
4.5. Жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.1. бараа, бүтээгдэхүүний шууд борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх;
4.5.2. дотоодын болон олон улсын бизнесийн боломжийг судлахад дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, цахим худалдааг хөгжүүлэх;
4.5.3. бараа бүтээгдэхүүний борлуулах маркетинг болон сурталчилгаа хийх мэдлэг, мэдээлэл олгох;
4.5.4. дотоодын болон олон улсын үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, олон улсын үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалтад оролцоход дэмжлэг үзүүлэх;
4.5.5. үндэсний бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр, төрийн байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүдэд чанар стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, хэрэглэгч, үйлдвэрлэгчийг холбох;
4.5.6. жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн зорилтот бүлэгт чиглэсэн хүний нөөцийн сургалтыг зохион байгуулах;
4.5.7. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний тоо, нэр төрлийг нэмэгдүүлэх;
4.5.8. жижиг, дунд үйлдвэрийн кластер байгуулах, нэгдэх санал санаачилгыг дэмжиж, кластерт бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэнд нэн тэргүүнд хөнгөлөлт олгох.
4.6. “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг зохион байгуулж, орон нутагт брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бие даасан, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.6.1. орон нутгийн иргэний бие даасан, бүтээлч байдлыг дэмжих зорилгоор “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг өрнүүлэх, сум бүрт аяныг удирдан зохион байгуулах хүний нөөцийг бэлтгэх;
4.6.2. “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг зохион байгуулах тогтолцоог сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх;
4.6.3. орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бие даасан, бүтээлч байдлыг дэмжиж, өрсөлдөх чадварыг сайжруулан шинэ ажлын байр бий болгох;
4.6.4. аяны хүрээнд брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, тодорхойлох, хөгжүүлэх чиглэлээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах;
4.6.5. орон нутгийн засаг захиргаа брэнд бүтээгдэхүүн бий болгох хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжиж, санхүүгийн болон санхүүгийн бус аргаар дэмжих;
4.6.6. барааны тэмдэг, газарзүйн заалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах.
Тав. Хөтөлбөрийн үр дүн
5.1. Татвар, хөнгөлөлттэй зээл, зээлийн батлан даалт, лизинг, даатгалын үйлчилгээнд хамрагдсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн тоо нэмэгдсэн байна.
5.2. Хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжийн бие даасан байдал, өрсөлдөх чадвар сайжирна.
5.3. Ханган нийлүүлэх бодлого хэрэгжсэнээр боловсруулах үйлдвэрийн тоо, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ нэмэгдэнэ.
5.4. Орон нутагт жижиг, дунд үйлдвэр хөгжин ажлын байр шинээр нэмэгдэнэ.
5.5. Иргэд аж ахуйн нэгж байгуулан бусдад ажлын байр бий болгох хандлага нэмэгдэнэ.
5.6. Дотоодын үйлдвэрээс худалдан авах төрийн байгууллагын худалдан авалт нэмэгдэнэ.
Зургаа. Хөтөлбөрийн хугацаа, шалгуур үзүүлэлт
6.1. Хөтөлбөрийг 4 жилийн хугацаатай 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
6.1.1. Нэгдүгээр үе шат: 2019-2020 он,
6.1.2. Хоёрдугаар үе шат: 2021-2022 он.
6.2. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр тодорхойлно:
№ |
Үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин 2018 он |
Зорилтот түвшин 2020 он |
Зорилтот түвшин 2022 он |
1. |
Идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэр |
тоо |
62,330 |
64,900 |
67,600 |
2. |
Жижиг, дунд үйлдвэрийн салбарын ажилтан (шинээр бий болгох ажлын байр) |
тоо |
3360 |
16,500 |
32,900 |
3. |
Инкубатор, дэмжих төвд хамрагдсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч |
тоо |
200 |
260 |
280 |
4. |
Сургалт, семинарт хамрагдсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч |
тоо |
9,527 |
10,400 |
11,600 |
5. |
Жижиг, дунд үйлдвэрийн экспортод эзлэх хувь |
хувь |
2.3 |
3.5 |
5.3 |
6. |
Брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ (орон нутагт бий болсон) |
тоо |
6 |
15 |
30 |
7. |
Инноваци болон байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи шинээр нэвтрүүлсэн аж ахуйн нэгж |
хувь |
0 |
5 |
20 |
8. |
Нэвтрүүлсэн олон улсын стандарт |
тоо |
42 |
50 |
60 |
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
7.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
7.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
7.1.2. олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж;
7.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
7.1.4. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;
7.1.5. хувийн хэвшил болон бусад эх үүсвэр.
Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт,
шинжилгээ үнэлгээ
8.1 Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.
8.2. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн 9.1-д заасан хяналт-шинжилгээ үнэлгээний дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A