- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2019 оны 163 дугаар
тогтоолын хавсралт
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ
ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 2010 оны 64/255 дугаар тогтоолоор 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” болгон зарлаж, зам, тээврийн ослыг эрс багасгаж, нас баралтыг 50 хувь бууруулах зорилтыг дэвшүүлсэн, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас “2030 он хүртэл хэрэгжүүлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүс нутгийн стратеги”-ийг 2016 онд баталсан бөгөөд эдгээр тогтоол, стратегийг Монгол Улс дэмжиж гарын үсэг зурсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд 1.2 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн дотор 15-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна.
Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2018 оны байдлаар 970880 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас 20345 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 504 хүн амь насаа алдаж, 19.2 тэрбум төгрөгийн эд материалын шууд, 35.0 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирчээ.
Монгол Улсын хэмжээнд зам, тээврийн ослын улмаас нас барагсдын 78, хүнд гэмтэгсдийн 72 хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд 2012 онд 100.0 мянган хүнд ногдох зам, тээврийн ослоос үүдэлтэй нас баралт 21 байсан бол 2018 онд 16.9 болж буурсан хэдий ч Европын орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр байна.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийг 2018 онд хүрсэн түвшнээр нь авч үзэхэд 54 хувьтай гарсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлогын зорилтот түвшинд хүрээгүйг харуулж байгаа бөгөөд цаашид бодлого, үйл ажиллагааг оновчтой тодорхойлж, төлөвлөх шаардлага үүсч байна.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын судалгаанаас үзэхэд эдийн засаг-нийгмийн үзүүлэлт нь зам, тээврийн ослын тоо, үр дагавартай шууд хамааралтай байна. Иймд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох, нийтийн тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, явганаар болон унадаг дугуйгаар ая тухтай орчинд тайван зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын суурь нөхцөл болно.
Хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “Амьд явах эрхтэй; 2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасныг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, уг хуульд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн хэм хэмжээг үндэслэл болгов.
Хөтөлбөр нь “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, “Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдсан болно.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт,
хэрэгжүүлэх хугацаа
2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Аюулгүй дэд бүтэц”, “Аюулгүй тээврийн хэрэгсэл”, “Аюулгүй хурд”, “Аюулгүй оролцогч” гэсэн хүчин зүйлүүдэд тулгуурлан “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам, орчин-Ослын дараахь тусламж” гэсэн харилцан уялдаа бүхий цогц системийг бүрдүүлж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, ослоос учирч болзошгүй хохирлыг бууруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
2.2.1. зам, тээврийн ослын тоог 50 хувь бууруулах;
2.2.2. зам, тээврийн ослоос үүдэлтэй нийгмийн эрсдэлийг 50 хувь бууруулах;
2.2.3. эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, ложистикийн сүлжээг 30 хувь өргөжүүлэн хөгжүүлэх;
2.2.4. Улаанбаатар хот, аймгийн төв, томоохон суурин газрын гудамж, талбай, хот хоорондын замын 50 хувийг камержуулж, иргэдийг гэмт халдлага, зөрчлөөс хамгаалах нөхцөлийг сайжруулах.
2.3. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх
үйл ажиллагаа
3.1. Зам, тээврийн ослын тоог 50 хувь бууруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах олон улсын жишигт нийцсэн эрх зүйн болон эдийн засгийн хосолсон зохицуулалтыг бүрдүүлэх;
3.1.2. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой чиг үүрэг бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, чадавхыг бэхжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг цогц байдлаар шинжлэн судлах бие даасан, хараат бус тогтолцоог бүрдүүлэх;
3.1.3. замын хөдөлгөөн зохион байгуулалтын болон аюулгүй байдлын мэргэжилтэн, тээврийн эдийн засагч нарыг гадаад, дотоодын их, дээд сургуульд бэлтгэх замаар хүний нөөцийг бүрдүүлэх;
3.1.4. судалгаа, шинжилгээ, төлөвлөлтөд суурилсан замын хөдөлгөөн зохион байгуулалтын оновчтой зохицуулалтыг нэвтрүүлж, замын хөдөлгөөний удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох.
3.2. Зам, тээврийн ослоос үүдэлтэй нийгмийн эрсдэлийг 50 хувь бууруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. явганаар болон унадаг дугуйгаар зорчих, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настан, бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэх;
3.2.2. олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх замаар жолоочийн сахилга, хариуцлагаас шалтгаалсан зам, тээврийн ослыг бууруулах;
3.2.3. сургалтын хөтөлбөр, орчныг сайжруулж, орчин үеийн технологи ашиглан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;
3.2.4. бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, дадал, хандлагыг дээшлүүлэх сургалтыг тусгах замаар замын хөдөлгөөнд оролцогчдын хандлага, соёл, дадал, хариуцлагыг дээшлүүлэх;
3.2.5. соён гэгээрүүлэх нийтийг хамруулсан ажлыг үе шаттай зохион байгуулж замын хөдөлгөөнд оролцогчдын хандлага, соёл, дадал, хариуцлагыг дээшлүүлэх;
3.2.6. зам, тээврийн ослын үед ашиглах техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, осол саатлын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг шуурхай зохион байгуулах тогтолцоог бүрдүүлэх.
3.3. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, ложистикийн сүлжээг 30 хувь өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1. автотээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, ашиглалт, техникийн үйлчилгээ, техникийн хяналт, устгал, дахин боловсруулахтай холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох, үндэсний стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулж мөрдүүлэх замаар тээврийн хэрэгслийн техникийн болон экологийн аюулгүй байдалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх;
3.3.2. үйлдвэрлэгчээс баталгаат автотээврийн хэрэгсэл, сэлбэгийг хэрэглэгчид шууд хүргэх хяналтын тогтолцоог бүрдүүлэх, тухайн оронд болон Монгол Улсад ашиглахыг хориглосон, ашиглалтын хугацаа дууссан, баруун гар талдаа жолооны хүрдтэй, 6-гаас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах замаар авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах;
3.3.3. тээврийн хэрэгслийн хийц, технологийн онцлогт тохирсон, техник, технологийн дэвшилд суурилсан, тээврийн хэрэгслийн тооны зохистой харьцаанд нийцүүлэн “Үйлчилгээ-Оношлогоо-Хяналт”-ын нэгдсэн системийг бүрдүүлэх;
3.3.4. тээврийн ухаалаг системд суурилсан авто замын хөдөлгөөний удирдлага, хяналт, зохицуулалт, осол, зөрчлийг бүртгэх мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх;
3.3.5. автотээврийн салбарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах даатгалын цогц систем бий болгох замаар төр, иргэнд учрах санхүүгийн дарамтыг бууруулах;
3.3.6. нийтийн тээврийн үйлчилгээнд суурилсан хот төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх;
3.3.7. хот, суурин газрын төлөвлөлт, газар олголтод замын хөдөлгөөн зохион байгуулалт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шалгуур үзүүлэлтийг нэн тэргүүнд тавих зохицуулалтыг бий болгох;
3.3.8. авто зам, замын байгууламжийг төлөвлөх, зураг, төсөл зохиох, барих, ашиглах, ашиглалтын дараахь үе шатанд авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийх тогтолцоог бүрдүүлэх;
3.3.9. тусгай зориулалтын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бүрдүүлэх.
3.4. Улаанбаатар хот, аймгийн төв, томоохон суурин газрын гудамж, талбай, хот хоорондын замын 50 хувийг камержуулж, иргэдийг гэмт халдлага, зөрчлөөс хамгаалах нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1. тээврийн ухаалаг системд суурилсан авто замын удирдлага, хяналт, зохицуулалтын систем нэвтрүүлэх;
3.4.2. улсын болон орон нутгийн чанартай авто замын дагуу тээврийн хэрэгслийн зөрчлийг хянах дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
3.4.3. тээврийн хэрэгслээс хөдөлгөөнийг хянах тогтолцоог бий болгох;
3.4.4. гудамж, замын хөдөлгөөний сүлжээг төлөвлөх, шинэчлэхдээ “Аюултай нь бага, аюулгүй нь их” гэсэн олон улсын зарчмыг баримталж явган зорчигч замын хөдөлгөөнд оролцох таатай нөхцөл бүрдүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн
4.1. Зам, тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүний тоо, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлын хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр буурна.
4.2. Улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын чадавх дээшилж, зам, тээврийн ослын тоо буурч, түүнээс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирна.
4.3. Зам, тээврийн осол, гэмтлээс сэргийлэх орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
4.4. Ослын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулснаар осол, гэмтлээс шалтгаалсан нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол буурна.
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
5.1. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№
|
Шалгуур үзүүлэлт |
Суурь түвшин (2018 он) |
Хүрэх түвшин |
|
2024 он |
||||
1. |
Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам, тээврийн ослын тоо |
29474 |
15000 |
|
2. |
Зам, тээврийн ослын улмаас учирсан материаллаг хохирлын хэмжээ (төгрөг) |
19.2 тэрбум |
10.0 тэрбум |
|
3. |
Зам, тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол (10.000 хүн тутамд) |
1.7 |
0.85 |
|
4. |
Зам, тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо (10.000 хүн тутамд) |
56.4 |
28 |
|
5. |
Зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл (нийт тээврийн хэрэгсэлд эзлэх хувь) |
46.7 |
65.0 |
|
6. |
6 хүртэл жил ашигласан автомашины тоо (нийт автомашинд эзлэх хувь) |
17 |
30 |
|
7. |
Техник, технологийн дэвшлийг ашиглан хяналт тавих цэгийн тоо |
Улаанбаатар хотод |
8 |
320 |
Орон нутгийн замд |
50 |
500 |
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх
санхүүжилтийн эх үүсвэр
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
6.1.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
6.1.2. гадаадын болон дотоодын зээл, тусламж, төслийн санхүүжилт;
6.1.3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
6.1.4. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх
хяналт-шинжилгээ, үнэлгээ
7.1. Төрийн захиргааны төв байгууллага, холбогдох агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрийн хариуцан хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.2. Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Засгийн газар болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулна.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A