- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ҮНДЭСНИЙ ГЕОМЭДЭЭЛЛИЙН САН” ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2019 оны 177 дугаар
тогтоолын хавсралт
“ҮНДЭСНИЙ ГЕОМЭДЭЭЛЛИЙН САН” ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий мэдээлэл
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.4 дэх заалтад “Геомэдээллийн нэгдсэн сан бий болгож, ашигт малтмал, хайгуулын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох”, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын 3.2.2.9 дэх заалтад “… үндэсний геомэдээллийн нэгдсэн санг иж бүрнээр бүрдүүлэн баяжуулах”, 3.2.2.10 дахь заалтад “Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг цахим мэдээллийн технологийн системд шилжүүлж, геологи, хайгуулын ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц хадгалах, архивлах шинэчилсэн заавар, стандартыг бий болгох”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.60 дахь заалтад “Үндэсний геомэдээллийн санг байгуулан, мэдээлэл түгээх үйлчилгээг хялбаршуулна” гэж тус тус заасан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн “Үндэсний геомэдээллийн сан хөтөлбөрийг боловсруулан батлуулах” гэсэн чиглэл нь “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсруулах үндэслэл болж байна.
Эрдэс баялгийн салбарын хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг нь бүх төрлийн геологийн судалгааны ажлын үр дүнд бий болсон геологийн мэдээлэл байдаг бөгөөд анхдагч болон дахин боловсруулсан мэдээлэл нь хүн амын амьдрах эрүүл, аюулгүй орчин, байгаль орчны тэнцвэрт байдал, геологийн тогтоц, ашигт малтмалын зүй тогтол зэргийг тодорхойлдог.
Өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа өгөгдлийн сангуудыг дараагийн дээд түвшний програм хангамжид шилжүүлж, хадгалалт хамгаалалт, хандалтыг сайжруулах, геологийн судалгааны мэдээллийн үр дүнгээр мэдээллийн санд үүссэн геологийн холбогдох давхаргуудыг холбож шинэ бүтээгдэхүүн гаргах, цахим хэрэглээнд нэвтрүүлэх, ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөн, баланс хөтлөх ажлыг боловсронгуй болгох, анхдагч тайлан материалыг цахим хэлбэрт шилжүүлэх, эрэх, хайх, ашиглах боломжтой хайлтын системд бүрэн хамруулах, чулуун дээжийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зэрэг дараагийн үе шатны ажлуудыг хийх зайлшгүй шаардлагатай байна.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрдэс баялгийн салбарын гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үнэн бодит, найдвартай мэдээллээр хангах замаар үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, олон нийтэд тухайн салбарыг сурталчлан таниулах, шинэ орд, илрэлийн геологийн тогтоц, холбогдох бусад мэдээллийг харьцуулах боломжоор хангах, тухайн бүс нутгийн хэтийн төлөв, геологийн тогтоцыг бүрэн хэмжээгээр судлахад дэмжлэг болох, цаашлаад эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Үндэсний геомэдээллийн нэгдсэн сан (цаашид “геомэдээллийн сан” гэх)-г боловсронгуй болгох, иж бүрнээр бүрдүүлэх, баяжуулах, мэдээллийг боловсруулах, нууцад хамааруулснаас бусад мэдээллийг нийтэд түгээх, үүнтэй холбогдсон бүх төрлийн үйлчилгээг хялбаршуулах, анхдагч баримт материал болон чулуун дээжийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
2.2.1. геомэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах хууль зүйн орчныг бүрдүүлэх;
2.2.2. олон улсын жишигт нийцсэн геомэдээллийн санг бий болгох;
2.2.3. геомэдээллийн сангийн үйл ажиллагааны аюулгүй байдлын тогтолцоог бий болгох;
2.2.4. геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлан, холбогдох биет материалыг цахим хэлбэрт хөрвүүлэх, хэрэглэгчид мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат,
үйл ажиллагаа
3.1. Хөтөлбөрийг 2019-2023 онуудад хэрэгжүүлнэ.
3.2. Геомэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах хууль зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. геомэдээллийн сангийн асуудлыг зохицуулах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх;
3.2.2. эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс ирүүлж байгаа геологийн судалгааны ажлын бүх төрлийн тайлан, түүний тоон өгөгдөл ба мэдээллийг геомэдээллийн санд хүлээж авах загвар, холбогдох үйл ажиллагааны зааврыг баталж мөрдүүлэх;
3.2.3. нээлттэй ба хязгаарлагдмал, төлбөртэй болон төлбөргүй мэдээллийн жагсаалтыг нарийвчлан боловсруулж батлах;
3.2.4. геомэдээллийн сангийн үйл ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдлын үндэсний болон олон улсын стандартыг мөрдүүлэх;
3.3. Олон улсын жишигт нийцсэн геомэдээллийн санг бий болгох зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1. үндэсний болон олон улсын стандартын дагуу геомэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох зорилгоор бүтцийн дүн шинжилгээг үндэсний болон олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор хийх;
3.3.2. олон улсын түвшинд нийцсэн геомэдээллийн сангийн загварыг боловсруулж, ашиглалтад оруулах;
3.3.3. геомэдээллийн санд оруулах өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, нэг загварт хөрвүүлэх гарын авлагыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, хэрэглэгчдэд хүргэж мөрдүүлэх;
3.3.4. Монгол Улсын хэмжээнд хийгдсэн судалгааны ажлын үр дүнгээр геологи, тектоник, геохимийн болон бусад холбогдох зургуудыг зохион хэрэглэгчдийн хүсэлт шаардлагад нийцүүлэн хүргэх;
3.3.5. геомэдээллийн мета-өгөгдлийн каталогийг цахим орчны газарзүйн мэдээллийн системд суурилан хөгжүүлэх, холбогдох мэдээллээр баяжуулах, үйлчилгээнд нэвтрүүлэх;
3.3.6. нууцад хамааруулснаас бусад геомэдээллийг цахим орчинд байршуулах, сонирхогч талуудад хүртээмжтэй болгох, үйлчилгээнд нэвтрүүлэх;
3.3.7. төрийн байгууллагуудын хооронд геомэдээллийг солилцох болон бусад хэрэглэгчдэд тэдгээр мэдээллийг цогц байдлаар авах боломжийг хангасан мэдээллийн системүүдийн үйлчилгээний холбоосыг хөгжүүлж, үйлчилгээнд нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбох, бусад ижил төстэй системтэй уялдуулах;
3.3.8. холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд эрдэмтэн, судлаачдын хийсэн геологийн судалгааны ажлын тайлан, материалыг ашиглах боломжтой байдлаар нэгтгэн цуглуулах, цахим хэлбэрт хөрвүүлэн олон нийтэд ил тод болгох, тэдгээрийг хууль бус хуулбарлалтаас хамгаалах арга хэмжээ авах;
3.3.9. геомэдээллийн сангийн үйлчилгээнд Монгол Улсын үндэсний стандарт (MNS), олон улсын стандарт (ISO)-ыг нэвтрүүлэх;
3.3.10. геомэдээллийн захиалгат үйлчилгээг нэвтрүүлэх;
3.3.11. геомэдээллийн сангийн үйл ажиллагаа болон геологи, эрдэс баялгийн салбарыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах.
3.4. Геомэдээллийн сангийн үйл ажиллагааны аюулгүй байдлын тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1. геомэдээллийн сангийн үйл ажиллагаанд олон улсын түвшний шаардлага, аюулгүй байдлыг хангасан програм хангамжийг нэвтрүүлэх, техник хангамжийн шинэчлэл хийх;
3.4.2. техник хангамжийн аюулгүй, найдвартай ажиллагаа, хортой код, гадны халдлагаас хамгаалах хамгаалалтын системийг иж бүрнээр нэвтрүүлэх;
3.4.3. хүний нөөцийг мэргэшүүлэх сургалтад хамруулах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад дадлагажуулах, сургалт зохион байгуулах;
3.5. Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлан, холбогдох биет материалыг цахим хэлбэрт хөрвүүлэх, хэрэглэгчид мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.5.1. улсын болон хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн геологийн бүх төрлийн судалгааны ажлын үр дүнгийн бичвэр ба хавсралт тайлангуудыг тоон хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн загварын дагуу хайх, олох, унших, хэвлэх үйлдэл бүхий системчилсэн сан үүсгэж, геомэдээллийн сантай холбох;
3.5.2. уншлагын танхимыг олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй болгох, төлбөрийг цахим хэлбэрт шилжүүлэх;
3.5.3. геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа чулуун дээж, анхдагч материалуудыг бүртгэлжүүлэх, (орд илрэл, дээжийн нэр, дугаар, дээж авсан газрын нэр, нас, координат, номенклатур зэрэг сонголт хийх боломжтой болон бусад хэлбэрээр) баяжуулах;
3.5.4. чулуун дээжийн сангийн барилга байгууламжийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор засвар үйлчилгээг тогтмол хийх.
Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт
4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
4.1.1. геомэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бий болж, нууцад хамааруулснаас бусад материалыг нээлттэй ашиглах боломж бүрдсэн байна.
4.1.2. олон улсын жишигт нийцсэн бүтэц, зохион байгуулалттай, улсын эдийн засгийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн төлөв байдалд нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй геомэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх замаар төрийн байгууллагуудыг шийдвэр гаргахад мэргэжлийн мэдээлэл, зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх, геологийн судалгааны ажлын эрсдэлийг бууруулах чиглэлээр геомэдээллийн чанарын түвшинг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлэхүйц геомэдээллийн сантай болсон байна.
4.1.3. геомэдээллийн цахим аюулгүй байдлыг хангасан, төрийн байгууллага хооронд хурдан шуурхай мэдээлэл солилцох боломж бүхий, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн аюулгүй байдлын тогтолцоо бий болсон байна.
4.1.4. геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангуудыг тоон хэлбэрт шилжүүлэн, орон зайн мэдээллүүдийг нэгдсэн загварт хөрвүүлэх ажил бүрэн хийгдэж Монгол Улсын хэмжээнд геологийн болон холбогдох бусад зургийг шинэчлэн зохиож, бичмэл тайлангийн хадгалалт, хамгаалалт, чулуун дээжийн сан дахь дээжүүдийн бүртгэл, хадгалалтыг олон улсын жишигт хүргэсэн байна.
4.2. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№ |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин |
Зорилтот түвшин |
|||
2019 |
2020 |
2021 |
2022 |
2023 |
|||
1. |
Геомэдээллийн сангийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн акт |
тоо |
0 |
1 |
|
|
|
2. |
Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс ирүүлж буй геологийн судалгааны ажлын бүх төрлийн тайлан, түүний тоон өгөгдөл ба мэдээллийг геомэдээллийн санд хүлээж авах загвар, заавар |
тоо |
0 |
1 |
|
|
|
3. |
Нээлттэй ба хязгаарлагдмал, төлбөртэй болон төлбөргүй мэдээллийн батлагдсан жагсаалт |
тоо |
0 |
|
1 |
|
|
4. |
Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний болон олон улсын стандарт нэвтрүүлсэн |
хувь |
20 |
60 |
100 |
|
|
5. |
Үндэсний болон олон улсын стандартын дагуу геомэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох зорилгоор бүтцийн шинжилгээ |
тоо |
1 |
|
|
|
|
6. |
Үндэсний онцлогийг харгалзсан бөгөөд олон улсын жишигт нийцсэн геомэдээллийн сангийн загвар |
хувь |
70 |
100 |
|
|
|
7. |
Геомэдээллийг санд оруулах, өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, нэг загварт хөрвүүлэх гарын авлага |
тоо |
0 |
1 |
|
|
|
8. |
Монгол Улсын хэмжээнд хийгдсэн судалгааны ажлын үр дүнгээр геологи, тектоник, геохимийн болон бусад холбогдох зургуудын боловсруулалт |
хувь |
80 |
90 |
100 |
|
|
9. |
Геомэдээллийн мета-өгөгдлийн каталоги |
тоо |
3500 |
4000 |
4500 |
5000 |
5500 |
10. |
Нууцад хамааруулснаас бусад геомэдээллийг цахим орчинд байршуулсан, сонирхогч талуудад хүртээмжтэй үйлчилгээ |
тоо |
0 |
3 |
|
|
|
11. |
Төрийн байгууллагуудын хооронд геомэдээллийг солилцох холбоос |
тоо |
0 |
|
|
|
1 |
12. |
Геологийн судалгааны ажлын тайлан, материалыг ашиглах боломжтой байдлаар нэгтгэсэн цуглуулга, цахим хэлбэрт хөрвүүлсэн үйлчилгээ |
тоо |
0 |
|
1 |
|
|
13. |
Геомэдээллийн сангийн үйлчилгээнд Монгол Улсын үндэсний стандарт (MNS), олон улсын стандарт (ISO)-ыг нэвтрүүлсэн |
тоо |
0 |
|
1 |
1 |
|
14. |
Геомэдээллийн захиалгат үйлчилгээ |
хувь |
0 |
50 |
100 |
|
|
15. |
Геомэдээллийн сангийн үйл ажиллагаа болон геологи, эрдэс баялгийн салбарыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ |
тоо |
2 |
2 |
2 |
2 |
2 |
16. |
Геомэдээллийн сангийн үйл ажиллагаанд олон улсын түвшний шаардлага, аюулгүй байдлыг хангасан програм хангамжийг нэвтрүүлсэн |
хувь |
70 |
85 |
100 |
|
|
17. |
Геомэдээллийн сангийн хуулбар хувь, нөөц сан |
хувь |
0 |
100 |
|
|
|
18. |
Техник хангамжийн аюулгүй, найдвартай ажиллагаа, хортой код, гадны халдлагаас хамгаалах хамгаалалтын систем |
хувь |
50 |
100 |
|
|
|
19. |
Хүний нөөцийг мэргэшүүлэх болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад дадлага, сургалт зохион байгуулсан |
тоо |
2 |
2 |
2 |
2 |
2 |
20. |
Анхдагч мэдээллээс баяжуулсан цахим сан |
хувь |
60 |
80 |
100 |
|
|
21. |
Цаасан болон биет тайлан материалыг цахим хэлбэрт шилжүүлсэн |
хувь |
40 |
70 |
100 |
|
|
22. |
Орон нутгийн засаг захиргааны нэгж болон байрзүйн зургийн номенклатурын байдлаар боловсруулсан мэдээлэл |
хувь |
50 |
75 |
100 |
|
|
23. |
Уншлагын танхимыг олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй болгож, төлбөрийг цахим хэлбэрт шилжүүлсэн |
хувь |
50 |
75 |
100 |
|
|
24. |
Чулуун дээж, анхдагч материалуудыг бүртгэлжүүлж, (орд илрэл, дээжийн нэр, дугаар, дээж авсан газрын нэр, нас, координат, номенклатур зэргээр сонголт хийх боломжтой болон бусад хэлбэрээр) баяжуулж цахим сан үүсгэсэн |
хувь |
30 |
40 |
50 |
70 |
90 |
25. |
Чулуун дээжийн сангийн барилга байгууламжийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор засвар үйлчилгээг хийсэн |
хувь |
50 |
|
|
|
100 |
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
5.1. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
5.1.1. Улсын болон орон нутгийн төсөв;
5.1.2. Гадаадын зээл, тусламж;
5.1.3. Бусад эх үүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
6.2. Хөтөлбөрийн хүрээнд тухайн жилд хийхээр төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.
------o0o------
Текст томруулах
A
A
A