A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 159 дүгээр
                      тогтоолын 1 дүгээр хавсралт

 

АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтууд нь Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр” гэх)-ийг боловсруулах үндэслэл болно.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д тусгагдсан “Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулна” гэсэн зорилтууд, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Гэр бүлийг дэмжин тэтгэх, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах” гэсэн зорилтууд, Гурван тулгуурт хөгжлийн бодлогод дэвшүүлсэн 22-27 дугаар зорилтууд ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэж байна.

  Монгол Улсад сүүлийн жилүүдэд ядуурлын түвшин нэмэгдэх хандлагатай байгаа нь Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгааны дүнгээс харагдаж байгаа бөгөөд ядуурлын түвшин 2014 онд 21.6 хувь байсан бол 2016 онд           29.6 хувь болж, 8 пунктээр өссөн байна.

Ядуурлын түвшингээс дээгүүр орлоготой байгаа иргэдийн нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ дунджаар 290,0 мянган төгрөг, уг шугамнаас доогуур орлоготой байгаа иргэдэд 108,0 мянган төгрөг байна. Ядуурлын түвшингээс доош буюу сард 146,0 мянган  төгрөгөөс бага хэрэглээний зардалтай иргэдийн тоо      634  мянгаас 907.5 мянга болж нэмэгдсэн байна.

Иргэдийн хэрэглээ буурч, ядуурал нэмэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг болох хөдөлмөр эрхлэлтийн байдлыг авч үзэхэд 2014-2017 онд ажиллах хүчний оролцооны түвшин 62.1-ээс 61.1 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.2-оос 55.8 хувь болж буурч, ажилгүйдлийн түвшин 7.9-өөс 8.8 хувь болж нэмэгджээ. 2018 оны IV улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.9 хувь болж буурсан ч нийт ажилгүй иргэдийн тоонд төдийлөн өөрчлөлт орохгүй байна. 

Ядуурлын шалтгаан нь иргэдийн мэдлэг, боловсрол, ур чадвар, хөдөлмөрийн хандлагын дутагдалтай байдал, эрүүл мэнд, амьдралын нөхцөл боломж муу зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байгааг харгалзан ядуурлын түвшингээс доогуур орлоготой өрх, иргэдийн амьжиргааны нөхцөл байдал, эрэлт хэрэгцээ, чадавх боломжид тохирсон ажилгүйдлийг бууруулах, ядуурлаас гаргахад чиглэсэн бодлогыг  хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

       2.1.1 эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв, хөрөнгө оруулалт, татвар, зээлийн болон бүс орон нутаг, салбарын бодлогуудтай уялдсан байх;

       2.1.2. нөөц бололцоонд тулгуурласан, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх; 

       2.1.3. иргэдийн хөдөлмөрлөх тэгш эрх, адил боломж, олон нийтийн оролцоог хангасан байх;

       2.1.4. төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих; 

       2.1.5. хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй, чанартай, нээлттэй, ил тод байх.

Гурав. Хөтөлбөрийн зорилго

3.1. Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтуудыг хангах хүрээнд салбар дундын уялдаатай бодлого, үйл ажиллагааг дэмжиж, зорилтот бүлэг, ядуурлын түвшин өндөр бүс нутаг, аймгуудын иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалах, шинээр ажлын байр бий болгох замаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг ажилтай, орлоготой болгох, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг зөв, хүртээмжтэй ашиглан зохион байгуулалттайгаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад оршино.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

4.1. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:

       4.1.1. эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах;

       4.1.2. экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулалттайгаар дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах;

       4.1.3. эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэмжлэгтэйгээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах;

       4.1.4. төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах;

       4.1.5. хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах.

Тав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх
        үйл ажиллагаа

5.1. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:  

       5.1.1. эдийн засгийн хүртээмжтэй, оролцоотой, шударга тогтолцоог бий болгож, салбар хоорондын бодлогын уялдааг хангах;

       5.1.2. бүс нутаг, хөрш орнуудтай эдийн засгийн интеграцид нэгдэх замаар гадаад худалдааны шинэчлэл хийж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих худалдааны сүлжээг бий болгох;

       5.1.3.  эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нэгдсэн тээвэр, логистик, дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх;

       5.1.4. санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төсөв, мөнгөний бодлогыг оновчтой хослуулах замаар инфляцийг зорилтот түвшинд байлгах;

       5.1.5. зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх;

       5.1.6.   татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах;

       5.1.7. хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэж, хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх;

       5.1.8. төсөв, мөнгөний бодлогоор ажлын байрны шингээлт ихтэй эдийн засгийн салбарыг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;

       5.1.9. хүн ам төвлөрсөн хот суурин газрын ажилгүй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн болон санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх.

5.2. Экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулалттайгаар дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       5.2.1. үндэсний экспортлогч томоохон компаниудад орон нутгаас түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой бэлтгэн нийлүүлэх сүлжээ, тогтолцоог бий болгож, үйл ажиллагааг нь эдийн засгийн болон санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт, урамшууллын бодлогоор дэмжих;

       5.2.2. хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх загвар төслүүдийг орон нутгийн онцлогт тулгуурлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх (сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, мал нядлах, мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн  боловсруулах, загасны аж ахуй, зөгийн аж ахуй, төмс, хүнсний ногоо тарих, хадгалах, боловсруулах, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнэ боловсруулах, үр тарианы аж ахуй, талх, нарийн боовны цех, цэвэр ус үйлдвэрлэх, ургамлын цай үйлдвэрлэх болон бусад);

       5.2.3. хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх загвар төслүүдийг орон нутгийн онцлогт  тулгуурлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх (арьс ширний анхан шатны тордолтын цех, арьс ширэн жижиг эдлэлийн цех, ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэх, яс боловсруулах цех, сүлжмэлийн цех, эсгий, эсгий эдлэлийн цех, оёдлын цех, мод, модон эдлэлийн цех, ойн хаягдал түүхий эд боловсруулах цех, модны үрсэлгээ, суулгацын аж ахуй, техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээний цех, мал бордох болон бусад);

       5.2.4. хөтөлбөрийн 5.2.2, 5.2.3-т заасан төслүүдийг бизнесийн загвар төлөвлөгөө, зураг төсвийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх;

       5.2.5. барилгажуулах, орон сууц барих төсөл хэрэгжүүлж, ядуурлын түвшингээс доогуур болон ойролцоо байгаа иргэдийг аюулгүй, ая тухтай орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх (монгол гэр төсөл, түрээсийн орон сууц төсөл, үйлдвэрлэл үйлчилгээний барилга барих төсөл, инженерийн шугам сүлжээ барих төсөл, барилгын модон эдлэл, мужааны цех болон бусад).

5.3. Эдийн засгийн салбаруудын дэмжлэгтэйгээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       5.3.1. малчид, ногоочдын аж ахуй эрхлэх газрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох;

       5.3.2. аймаг, сумдын нөхөрлөл, хоршоо, иргэд гэр бүлээрээ ба хувиараа бизнес эрхлэхийг санхүүгийн болон зах зээлтэй холбох, өртгийн сүлжээний кластер байгуулах энэхүү хөтөлбөрийн зохион байгуулалттай ажлын байр бий болгох төслүүдийг улс, аймгийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд холбох;

       5.3.3. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шууд худалдаалах төвийг сумдад байгуулж, борлуулалтын сүлжээ бий болгох;

       5.3.4. жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг дэмжих нийтийн өмчийн хадгалалт борлуулалтын цогцолбор байгуулах;

       5.3.5. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилгын салбарын бага, дунд, эцсийн шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх;

       5.3.6. хоршоонд гишүүнээр элсэн ажиллах хүсэлтэй ажилгүй, ядуу өрх, иргэдийн саналыг нэгтгэн бүртгэж, зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах;

       5.3.7. ядуурал, ажилгүйдлийн мэдрэмжтэй төсөв зохиох арга зүйн сургалт зохион байгуулах;

       5.3.8. аялал жуулчлалын дэд бүтэц, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тухайн бүс, орон нутгийн байгаль, нийгэм, эдийн засгийн онцлог,  орон нутгийн иргэдэд түшиглэсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэн, малчид, хөдөөгийн ядуу өрхийн ногоон үйлдвэрлэл эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, ажлын байр, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

       5.3.9. байгаль хамгаалах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог хангаж, ногоон ажил эрхлэлтийг дэмжин тодорхой эрхэлсэн ажилгүй, бага орлоготой иргэдийн оролцоотой байгалийн нөөцийн менежментийн нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлэх;

       5.3.10. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг байгаль хамгаалах хоршоо, нөхөрлөл, аж ахуйн нэгжийг дэмжих үйл ажиллагаатай холбох;

       5.3.11. компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр дагасан жижиг, дунд үйлдвэрийн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжиж, төрөлжсөн кластераар дамжуулан орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах;

       5.3.12. нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжид орон нутгийн түгээмэл тархацтай ашигт малтмал, байгалийн дагалдах түүхий эдийг ашиглах хязгаарлагдмал эрхийг зохион байгуулалттай олгох, байгалийн нөөц баялгийг байгаль, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай ашиглах, уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль хамгааллын ажилд орон нутгийн иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжийг оролцуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх;

       5.3.13. экспортын тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх;

       5.3.14. хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх.

5.4. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       5.4.1. төрийн нийгмийн хариуцлагын хүрээнд өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршоо, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн үйлчилгээний ажилд ажилгүй, бага орлоготой, ядуурлын түвшингээс доогуур хэрэглээтэй өрхийн гишүүнийг зуучлах ажлыг зохион байгуулах;

       5.4.2. компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд ажилгүй, бага орлоготой, ядуурлын түвшингээс доогуур хэрэглээтэй өрхийн гишүүнийг ажлын байраар хангах, ажилчдын цалин урамшууллыг өрхийн амьжиргааг хангах түвшинд хүргэх;

       5.4.3. хоршооны хариуцлагын хүрээнд хоршооллын хөгжлийн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, ажилгүй, бага орлоготой иргэдийг хоршооны гишүүнээр элсүүлж, хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд татан оролцуулах;

       5.4.4. төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг урамшуулах системийг хэрэгжүүлэх (зээлийг  бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтад давуу эрх олгох, хөгжлийн санхүүжилтэд хамруулах, олон нийтэд сурталчлах, нийгмийн хариуцлагатай хоршоо, компанийн өргөмжлөл олгох зэрэг урамшуулал);

       5.4.5. нийгмийн хариуцлага өндөр, шилдэг төрийн болон хувийн байгууллага, аж ахуйн нэгжийг олон нийтэд сурталчлан алдаршуулах.

5.5. Хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       5.5.1. ядуу өрхийн багаас доош боловсролтой, ажил эрхлээгүй өрхийн тэргүүлэгч, насанд хүрсэн гишүүдийг мэргэжилтэй ажилтан бодлогын хүрээнд мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг ахиулах сургалтад хамруулах;

       5.5.2. ядуу өрхийн хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах, боловсролтой болох боломжоор хангах, мэргэжлийн, дипломын сургалтын тэтгэлэгт хамруулах замаар ядуурлаас ангид боловсролтой, мэдлэгтэй монгол хүнийг бэлтгэхэд анхаарах;

       5.5.3. ядуу өрхийн сургуулийн бага ангийн хүүхдийн ном, сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хүүхдийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлэх, дотуур байранд амьдрах хоол, унааны зардлын тодорхой хувийг улсаас төлөх;

       5.5.4. өрхийн гишүүдийг боловсролын үйлчилгээнд хамруулахад холбон зуучлах;

       5.5.5. ядуу өрх, иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, алслагдсан орон нутагт явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;

       5.5.6. ядуу өрхийн хүүхдийн эрх, эрүүл мэндийг бүх шатанд хамгаалах, бага наснаас эрүүл амьдрах зан үйлд төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах;

       5.5.7. ядуурлын түвшингээс доогуур хэрэглээ, орлоготой өрх, иргэний хөдөлмөрийн насны гишүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцах, эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай тусламж, үйлчилгээнд  хамруулах;

       5.5.8. олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бусад төрөл, эрүүл мэнд зэрэг шаардлагатай нийгмийн үйлчилгээнд хамруулахад холбон зуучлах;

       5.5.9. өвчлөлтөөс болон донтолтоос хамааралтай ядууралд өртсөн иргэдийг оношилгоо, эмчилгээнд хамруулах, нийгэмшүүлэх, эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдэд хамрагдахад дэмжлэг үзүүлэх;

       5.5.10.  ядуурлын түвшингийн хамгийн доогуур хэрэглээтэй нэн ядуу иргэдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэж, туйлын ядуурлыг бууруулах;

       5.5.11. ядуурлын түвшингээс доогуур хэрэглээтэй өрх, иргэдийн эрэлт хэрэгцээ, чадавх, нөхцөл боломжийг нь тодорхойлж, амьжиргааг нь дээшлүүлэх хөгжлийн төлөвлөгөөг өрх бүрд боловсруулж, тэдэнд шаардлагатай хөдөлмөр, нийгмийн халамжийн болон бусад нийгмийн үйлчилгээнд хамруулах; 

       5.5.12. нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдах, ажил эрхлэх нөхцөлт халамжийн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг, урамшуулал олгох тогтолцоог бий болгох;

       5.5.13. ядуурлын түвшингээс дээгүүр хэрэглээтэй боловч ядууралд өртөх эрсдэлтэй хүн амыг ажилд зуучлах, ажлын байрыг нь хадгалах, ур чадварт тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, жижиг зээл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлэх;

       5.5.14. аймаг, сум, хороо, багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ядуу өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэх, тэднийг хөгжүүлэх, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд зохион байгуулах;

       5.5.15. ядуурлын түвшингээс доогуур болон ойролцоо хэрэглээтэй өрхийн сургуулийн насны хүүхдэд дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлэх;

       5.5.16. ядуурлын түвшингээс доогуур хэрэглээтэй ядуу иргэн, өрхөд сарын өрхийн хэрэглээний ядуурлын түвшин хүртэлх нэмэлт тэтгэмжийг төрөөс нөхөн олгох, хөдөлмөрийн насны гишүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцах;

       5.5.17. орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран өрхийн болон хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг нийгмийн даатгалд заавал даатгуулах чиглэлээр сургалт сурталчилгаа хийх, бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр жижиг зээл, санхүүгийн тусламжид хамруулах.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

6.1. Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

       6.1.1. I үе шат: 2019-2021 он хүртэл;

       6.1.2. II үе шат: 2022-2024 он хүртэл.

Долоо. Хөтөлбөрийн үр дүн

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ: 

       7.1.1. зорилтот бүлгийн ядуу өрх, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл, нөхөрлөл, хоршоо, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлсэн байна;

       7.1.2. ядуурлын түвшин өндөр бүс орон нутагт үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжүүлэх замаар иргэдэд шинээр ажлын байр бий болгосон байна;

       7.1.3. хөтөлбөрт хамрагдсан ядуурлын түвшингээс доогуур орлоготой өрх, иргэдийн орлого нэмэгдэж, ядуурлаас гарсан байна;  

       7.1.4. хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн байна;

       7.1.5. ядуурлын түвшингээс доогуур орлоготой ядуу өрх, иргэний хэрэгцээ, нөхцөл байдалд тулгуурлан нөхцөлт нийгмийн хамгааллын тусламж дэмжлэгийг хүргэсэн байна. 

Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин*

2018

Хүрэх түвшин* 2019-2021

Хүрэх түвшин*  2021-2024

Мэдээллийн эх үүсвэр

Зорилт 1

1.

Нэг хүнд ногдох үндэсний орлого

Үндэсний нийт орлогыг нийт хүн амын тоонд  хуваасан мөнгөн дүн

ам.дол

3771.0

4000.0

4500

Үндэсний статистикийн хороо. Үндэсний тооцооллын эмхэтгэл

2.

Хөдөлмөр эрхлэлтийн  түвшин

Хөдөлмөрийн насны ажил эрхэлж байгаа хүн амын хувь

хувь

57.8

60

63

Үндэсний статистикийн хороо. Ажиллах хүчний судалгаа

3.

Ядуурлын түвшин

Үндэсний жишсэн дундаж орлого (хэрэглээгээр тооцсон ядуурлын шугамаас доогуур орлого) хэрэглээтэй өрх, гэр бүлд амьдарч байгаа иргэдийн хувь

хувь

29.6

25.6

20.0

Үндэсний статистикийн хороо.  Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа

Зорилт 2

1.

Ажиллах хүчний оролцооны түвшин

Эдийн засгийн идэвхтэй хүн амын хөдөлмөрийн насны хүн амд  эзлэх хувийн жин

хувь

61.9

63.0

65.0

Үндэсний статистикийн хороо.

Ажиллах хүчний судалгаа

2.

Бизнес эрхлэлтийн үзүүлэлт

Өрхийн аж ахуй эрхлэх боломжтой болсон малчин өрхийн эзлэх хувь

хувь

56

60

65

Үндэсний статистикийн хороо.  Хөдөлмөр эрхлэлтийн

статистик

3.

Шинээр бий болсон ажлын байрны тоо

Үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжүүлэх хүрээнд шинээр бий болсон ажлын байрны тоо

тоо

-

4500

10000

ХНХЯ, Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний                                                                                                           хөтөлбөр 

Зорилт 3

1.

Үйлчилгээний салбарын ажил эрхлэлтийн түвшин

Үйлчилгээний ажил эрхэлж  байгаа иргэдийн эзлэх хувийн жин

хувь

52.3

55.0

58.0

Үндэсний статистикийн хороо. Ажиллах хүчний судалгаа

Зорилт 4

1.

Хоршооны  үзүүлэлт

Боловсруулах үйлдвэр, барилга, үйлчилгээ  эрхэлж байгаа хоршооны  эзлэх хувь

хувь

46

50

55

ХХААХҮЯ, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр

Зорилт 5

1.

Эрүүл мэндийн харьцангуй үзүүлэлт

Амбулаторийн нийт үзлэгт урьдчилан сэргийлэх үзлэгийн эзлэх хувь

хувь

31.7

35.0

40.0

Эрүүл мэндийн  үзүүлэлт, Эрүүл мэндийн хөгжлийн төв

2.

Суурь болон мэргэжлийн боловсролд  хамрагдалтын түвшин

 Бүрэн дунд болон мэргэжлийн сургалтад хамрагдсан суралцагчдын эзлэх хувь

хувь

90.1

92.0

93.0

Үндэсний статистикийн хороо. Боловсролын статистик

3

Улсын мөнгөн шилжүүлэг, тусламж, дэмжлэг

Нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжийн үйлчилгээнд хамрагдсан хүн амын эзлэх хувь

хувь

37.7

36.0

35.0

Үндэсний статистикийн хороо.

Нийгэм, эдийн засгийн судалгаа

Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр

9.1. Хөтөлбөрийн санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

       9.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

       9.1.2. олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

       9.1.3. олон улсын хандив, зээл, тусламж;

       9.1.4. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

       9.1.5. дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, зээл, тусламж;

       9.1.6. Засгийн газрын холбогдох тусгай сангууд;

       9.1.7. бусад эх үүсвэр.

Арав. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх
         хяналт-шинжилгээ, үнэлгээ

10.1. Төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.

10.2. Төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн 10.1-д заасан  хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

10.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 


-----о0о-----