- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2019 оны 171 дүгээр
тогтоолын хавсралт
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий мэдээлэл
Дэлхий нийтээр нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага давамгайлж, тэр тусмаа залуучуудыг хүн амын бүлгийн хувьд нийгэм-эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагч, хөгжлийг түүчээлэгч гэж үзэж байна.
Манай улсын хүн ам 2018 онд 3.2 саяд хүрч, үүнээс 1 сая гаруй нь 15-34 насны залуучууд байна. Залуучуудын бүлэг нийт хүн амын 33.7 хувийг, хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг бүрдүүлж, хөдөлмөрийн насны хүн амын нийгэм, эдийн засагт үзүүлэх хамгийн таатай үе тохиож байгаа бөгөөд энэ нь 2030-аад он хүртэл үргэлжилж, үүнээс цааших хугацаанд хүн ам идэршиж, улмаар насжилтын үе эхэлнэ. Төрөөс хүн ам зүйн цонхны энэ зурвас үед залуучуудаа боловсрол, мэдлэгтэй, мэргэжил, мэргэшилтэй, эрүүл саруул оюун ухаан, бие бялдартай, эх оронч, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлж, баталгаатай ажил орлоготой, орон байртай, өмч хөрөнгөтэй болгох талаар тогтвортой, цогц бодлого, тодорхой зорилго чиглэл бүхий хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газраас залуучуудаа дэмжих бодлого, зорилтуудыг дэвшүүлж, 1990-ээд оноос хойш хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хүн амын талаар баримтлах бодлого 5 удаа, залуучууд, өсвөр үеийнхний талаарх үндэсний хөтөлбөрийг 2 удаа шинэчлэн хэрэгжүүлсэн. Монгол Улсын Их хурлаас 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг анх удаа баталж, 2018 оноос хуулийн дагуу залуучуудад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулж, үндэсний хэмжээнд залуучуудын асуудал хариуцсан бүтэц, тогтолцоо, хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.
Гэвч өсвөр насны охидын төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд нэмэгдсэн, бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт залуучуудын дунд өндөр, архи, тамхины хэрэглээ их, сонгуулийн идэвх оролцоо сул, ажилгүйдлийн түвшин өндөр зэрэг асуудлууд анхаарал татаж байна.
Залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг салбар дундын хамтын ажиллагаа, залуучуудын өөрсдийн оролцоотой шийдвэрлэх зорилт бүхий энэ хөтөлбөр нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016-2025), Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хууль, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах дунд хугацааны бодлогын баримт бичиг болно.
Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
2.1.1. залуучуудыг эх орныхоо өнөө ба ирээдүйн хөгжилд чухал үүрэгтэй нийгмийн бүлэг гэж үзэх;
2.1.2. залуучууд нас, хүйс, арьс өнгө, боловсрол, иргэний харьяалал, үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, илэрхийлэл, оюун ухаан, бие махбодын чадвараар ялгаварлан гадуурхагдахаас ангид байх нөхцөлийг бүрдүүлж, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалахад төрийн бодлогыг чиглүүлэх;
2.1.3. залуучуудыг нийгмийн бүхий л хүрээнд эрх тэгш боломжоор хангаж, тэдний амьдралд нөлөө үзүүлэх аливаа бодлого, шийдвэр гаргах, төлөвлөн хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянаж, үнэлэхэд оролцоог нь хангах;
2.1.4. хөтөлбөрийн хэрэгжилтийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн зорилтууд болон “Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдуулах;
2.1.5. хөтөлбөрийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь хууль тогтоомжийн хүрээнд салбар хоорондын уялдааг хангасан, судалгаа, баримтад үндэслэсэн, залуучуудын бодит хэрэгцээ, шилдэг туршлагад тулгуурлах.
Гурав. Хөтөлбөрийн зорилго
3.1. Хөтөлбөрийн зорилго нь залуучуудын нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцож, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах таатай орчинг бүрдүүлэх замаар эх оронч үзэлтэй, тусгаар тогтнол, түүх, хэл, өв соёлоороо бахархдаг, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, өөрийн, гэр бүлийн болон нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарладаг өрсөлдөх чадвартай иргэн болоход нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилт
4.1. Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
4.1.1. залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
4.1.2. бүх шатны сургалтын чанарыг сайжруулж, залуучуудын насан туршдаа суралцахуйг дэмжих;
4.1.3. залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих;
4.1.4. тогтвортой хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх;
4.1.5. залуучуудад ээлтэй, аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.1. Залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1.1. хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр эрүүл амьдралын зан үйлийг сурталчилж, залуучууд бие бялдраа чийрэгжүүлэх, залуучуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах;
5.1.2. оюутан, сурагчид, зорилтот бүлгийн залуучуудад нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар өсвөр үеийн төрөлт, хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлт, давтан үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар, тамхи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;
5.1.3. залуучуудад эрүүл мэндээ хамгаалах зан үйл төлөвшүүлэхэд албан болон албан бус боловсролоор олгож байгаа эрүүл мэндийн хичээлийн нөлөө, үр дүнг тогтмол хянаж, үнэлэх, чанарыг сайжруулах, энэ чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг дэмжих;
5.1.4. эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх залуучуудын санаачилгыг дэмжих;
5.1.5. аюулгүй, тэжээллэг хүнс сонгож хэрэглэх, хүнснээс шалтгаалсан өвчлөл, хордлогоос урьдчилан сэргийлэх дадлыг төлөвшүүлэх “Э-4” (эрүүл, эрдэмтэй, эрч хүчтэй, эвсэг) цахим дугуйланг Монголын үндэсний радио телевизийн дэргэд байгуулж, залуучуудыг хамруулах;
5.1.6. байгаль дэлхийгээ хамгаалах хүмүүжлийг залуучуудад төлөвшүүлэх, зөв хооллолтын зарчмыг эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд хүнсний ногоо, жимс, цэцэгний ногоон байгууламж байгуулах санаачилгыг дэмжих;
5.1.7. эрүүл амьдрах ухаан, ёс заншил, түүх, соёл, зан уламжлалыг залуучуудад таниулах;
5.1.8. залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх;
5.1.9. залуучуудыг бүх нийтийн биеийн тамирын арга хэмжээнд тогтмол хамруулах;
5.1.10. залуучууд, зорилтот бүлгийн залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ эрхийг нь хүндэтгэх, хамгаалах талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын чадавхыг сайжруулах;
5.1.11. зорилтот бүлгийн залуучуудад эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар зөвлөгөө өгөх сургалтыг сайн дурын ажилтан, үе тэнгийнхэнтэй нь хамтран зохион байгуулах;
5.1.12. зорилтот бүлгийн залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй, сургууль завсардсан, ажилгүй, өсвөр насны охид, залуучууд, залуу эмэгтэйчүүдэд хүрч үйлчлэх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, тэдэнд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
5.1.13. өсвөр үе, залуучууд, олон нийтэд чиглэсэн сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх;
5.1.14. амиа хорлоход хүргэж байгаа сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг насны ялгавартайгаар тодорхойлж, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний агуулга, чанарыг уялдуулан сайжруулах;
5.1.15. залуу ажилтнуудын ажлын байран дахь эрхийг хангах, тогтвортой ажиллуулахад чиглэсэн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх тухай сургалт, нөлөөллийн арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудыг хамруулан зохион байгуулах;
5.1.16. ажиллаж байгаа байгууллагадаа эерэг зан үйл, харилцааны соёлыг төлөвшүүлэх, өөрчлөлт хийх, манлайлагч залуу ажилтнуудын идэвх санаачилгыг дэмжих;
5.1.17. ажлын байрны стрессийн түвшин, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл, байдлыг судлах, үр дүнг үндэслэн шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
5.1.18. зорилтот бүлгийн залуучуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, дэмжих бүлэг ажиллуулах, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг орон нутгийн Залуучуудын хөгжлийн төвөөр тогтмол үзүүлэх.
5.2. Бүх шатны сургалтын чанарыг сайжруулж, залуучуудын насан туршдаа суралцахуйг дэмжих зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.2.1. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн багц судалгаанд үндэслэн мэргэжлийн сургалтын болон дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх ажил, мэргэжлийн жагсаалтыг эрэмбэлэх;
5.2.2. ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалтын болон дээд боловсролын байгууллагын хичээлийн хөтөлбөрт хувь хүний хөгжлийг дэмжсэн амьдрах ухааны чадвар, бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлт, жендэрийн тэгш байдлын цогц агуулгыг тусган хэрэгжүүлэх;
5.2.3. дээд боловсрол болон мэргэжлийн сургалтын хичээлийн хөтөлбөр, агуулгыг хөдөлмөрийн зах зээлд шаардагдах ажлын ур чадвар болон мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглүүлэх;
5.2.4. оюутан, суралцагчдын бүлгийн хөгжлийг дэмжих орчин нөхцөлийг боловсролын байгууллагад бүрдүүлэх;
5.2.5. хөгжлийн бэрхшээлтэй залуучууд үе тэнгийнхэнтэйгээ сурч, боловсрол эзэмших нөхцөл боломжийг бүх шатны сургуульд бүрдүүлж, тэгш хамран сургах;
5.2.6. залуучуудын боловсролын чанарт анхаарч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, хүнсний, худалдаа, нийтийн хоолны салбарт ажиллах залуучуудыг олон улсын стандартад нийцүүлэн сургаж бэлтгэх, сургалтын тэтгэлэг олгох, ажиллаж байгаа залуучуудыг гадаад, дотоодод туршлага судлуулан менежментийн болон технологийн сургалтыг зохион байгуулж, тасралтгүй чадавхжуулах, нарийн мэргэжлээр өндөр хөгжсөн оронд давтан сургах;
5.2.7. зорилтот бүлгийн залуучуудад нийгэм сэтгэл зүйн чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтыг Залуучуудын хөгжлийн төвүүд тогтмол зохион байгуулах;
5.2.8. залуучууд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг дэмжих, боломжийг бүрдүүлэх;
5.2.9. авьяас, сурлага, урлаг, спортын амжилт, мэргэжлээрээ үе тэнгийнхнээ манлайлагч залуучуудыг урамшуулж, олон улсын хэмжээнд мэдлэг, ур чадвараа сориход дэмжлэг үзүүлэх ажлыг хувийн хэвшлийн байгууллагуудтай түншлэн зохион байгуулах;
5.2.10. залуу эцэг, эх, хөдөлмөр эрхэлдэг, сургууль завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй, алслагдсан бүс нутагт амьдардаг залуучуудад мэдээлэл, харилцааны технологийг ашиглах үндсэн дээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгох;
5.2.11. малчин залуучуудад аж ахуй эрхлэх, мал маллах уламжлалт арга барил эзэмшүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн мэдлэг, чадвар, чадамжийг хөгжүүлэх, насан туршийн боловсролын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах;
5.2.12. техник, технологийн дэвшил гаргах, инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, залуу судлаачдын үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх;
5.2.13. төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр “Залуучууд судлал”-ыг хөгжүүлэх;
5.2.14. залуучуудын бий болгосон инновацийг дэмжих;
5.2.15. зорилтот бүлгийн залуучуудыг дэмжих бүлэг, оролцооны зөвлөлийг Залуучуудын хөгжлийн төвүүдэд тогтмол ажиллуулах;
5.3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.3.1. ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалтын болон дээд боловсролын байгууллагын төгсөгчдөд мэргэжил сурталчлах, хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулах;
5.3.2. мэргэжил эзэмших, ур чадвараа сайжруулах талаар ажилгүй залуучуудын саналыг харгалзан ажилгүйдлийн даатгалын сангаас олгох сургалтын зардлыг нэмэгдүүлэх;
5.3.3. залуучуудын тогтвортой орлоготой байх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг үе шаттайгаар талуудын оролцоог ханган зохион байгуулах;
5.3.4. хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн гадаад оронд залуучуудыг дадлагажуулах хэрэгцээ, мэргэжил, ур чадварын чиглэл, шалгуурыг тогтоож, холбогдох арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлэх;
5.3.5. ажил олоход хүндрэлтэй, мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагыг шинээр төгссөн төгсөгчид, зорилтот бүлгийн залуучуудыг дадлагажуулан тогтвортой ажлын байраар хангах асуудлыг үйлдвэр дээрх сургалтаар дэмжих;
5.3.6. мал аж ахуй, газар тариалангийн салбарт бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 18-35 насны залуучуудад хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэх, ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
5.3.7. гадаадад өндөр мэдлэг, ур чадвар эзэмшиж, туршлага хуримтлуулсан залуучуудыг эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх, туршлага, мэдээллээ хуваалцах ажлыг өргөжүүлэх;
5.3.8. орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй оюутан, залуучууд хамрагдаж болох ажлын байрыг бий болгоход гадаад орны туршлага, “оюутны цагийн ажил”, “ажлын уян хатан цаг”-ийг нэвтрүүлэх талаар ажил олгогчидтой хамтран ажиллах;
5.3.9. залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, удирдлагыг сайжруулах;
5.3.10. залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хангах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ялгаварлан гадуурхалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
5.3.11. нийслэлээс хөдөө орон нутагт очиж ажиллах залуучууд, сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах, нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүлэх талаар орон нутгийн төр, захиргааны, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
5.3.12. Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөр, хөнгөлөлт, дэмжлэгт тулгуурлан шинэ ажлын байр бий болгоход хувийн хэвшлүүд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг чиглүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлсэн, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлсэн компани, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах;
5.3.13. макро эдийн засгийн судалгаа шинжилгээнд үндэслэн залуучуудын ажилгүйдлийн шалтгааныг судлан нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгуулах;
5.3.14. залуучуудын ажилгүйдлийг бууруулах макро эдийн засгийн, төсөв, санхүү, мөнгөний бодлого, ногоон ажлын байрны бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх;
5.3.15. зорилтот бүлгийн залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх, чиг баримжаа олгох, зуучлах ажлыг тогтвортой хэрэгжүүлэх;
5.3.16. залуучуудын шинэ санаа, оюуны бүтээлийг бизнес үйлдвэрлэлтэй холбож нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
5.3.17. зорилтот бүлэгт үйлчилгээ үзүүлэх залуучуудын сайн дурын ажлыг дэмжих;
5.3.18. залуучууд цахим ажил үйлчилгээ эрхлэх, гэрээлэн гүйцэтгэх (аутсорсинг), гарааны бизнес эрхлэх замаар орлогоо нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх;
5.3.19. ажлын байранд дадлагажуулах төсөл, хөтөлбөрүүдэд залуучуудыг хамруулах, үйлдвэрлэл дээрх сургалтын болон сургалтын тусгай арга хэлбэрийг нэвтрүүлэх, сургалтын ач холбогдлыг сурталчлах, дагалдангийн ажлын байрыг бий болгох;
5.3.20 хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөв, санхүүгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх.
5.4. Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.4.1. өөрийгөө байнга хөгжүүлдэг, гэр бүл, нийгмийн амьдрал, улс орны хөгжилд идэвх санаачилгатай оролцдог, иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болж төлөвшихөд залуучуудыг дэмжих;
5.4.2. тогтвортой хөгжлийн мэдлэг мэдээлэл олгох, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бүс нутгийн иргэдэд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх;
5.4.3. хилийн чанадад амьдарч байгаа монгол залуучуудын түүх, ёс заншил, уламжлал, хэл, соёлоосоо суралцах мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
5.4.4. залуучуудын улс төрийн оролцооны соёлыг төлөвшүүлэх ажлыг насан туршийн боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулах;
5.4.5. хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын сонгох, сонгогдох эрхийг хангах;
5.4.6. олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан залуучуудын ёс суртахууны боловсролын түвшинг дээшлүүлэх, тэдний оролцоонд тулгуурлан хүмүүнлэгийн ажлыг өрнүүлэх;
5.4.7. залуучуудын чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэж, салбарын бодлогод тусгаж хэвшүүлэх;
5.4.8. залуучуудад чиглэсэн нөлөөллийн болон сургалтын төрийн зарим чиг үүргийг залуучуудын эрх ашгийг төлөөлөх чадвар бүхий, мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг залуучуудад нээлттэй болгох;
5.4.9. зорилтот бүлгийн залуучуудын оролцоог тэдний санаачилга, эрх ашгийг хамгаалах өөрийн удирдлагын байгууллагыг оролцуулах замаар хангах;
5.4.10. залуучуудын мэдээллийн нэгдсэн сан бий болгож хөгжүүлэх.
5.5. Залуучуудад ээлтэй, аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.5.1. орлоготой нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөл бүхий орон сууцны талаарх мэдээллийг залуучуудад хүртээмжтэй болгох;
5.5.2. залуучуудад зориулж хямд түрээсийн болон нийтийн байр барих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх;
5.5.3. залуу гэр бүлийг орон сууц худалдан авахад ипотекийн зээлийн бодлогоор дэмжих;
5.5.4. бүх шатны боловсролын байгууллагад зорилтот бүлгийн залуучуудтай харилцаж ажиллах ур чадвар олгох сургалтыг мэргэжлийн байгууллага, холбоодын тусламжтай зохион байгуулах;
5.5.5. зорилтот бүлэгт үйлчилгээ үзүүлэх залуучуудын сайн дурын ажлыг дэмжих;
5.5.6. залуучуудыг нийгмийн сөрөг үзэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалахад сайн дураар оролцохыг дэмжих;
5.5.7. гэр бүл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, олон нийтийн хүрээнд аливаа хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа залуучуудын асуудлыг залуучуудын оролцоотой судалж, бүх түвшинд хэлэлцүүлэн шийдэл санаачилга боловсруулан хэрэгжүүлэх;
5.5.8. олон нийт болон төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагад хүний эрх, эрх зүй, ёс зүйн талаарх мэдлэгийг тохирсон хэлбэрээр хүргэх замаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, тулгамдсан асуудалд зохистой хариу арга хэмжээ авдаг болоход нь нөлөөлөх;
5.5.9. залуучуудыг аливаа хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, ялгаварлан гадуурхалтад өртөх, үйлдэхээс сэргийлэх боловсролыг ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн боловсролоор дамжуулан олон улсын жишигт нийцүүлэн олгох үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
6.1 Хөтөлбөрийг 2019-2022 онд хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
7.1.1. залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйл төлөвшиж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн байх;
7.1.2. бүх шатны сургалтын чанар сайжирч, залуучууд насан туршид суралцах боломж нэмэгдсэн байна;
7.1.3. залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнес нэмэгдсэн байна;
7.1.4. тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо нэмэгдсэн байна;
Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
№ |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин |
Зорилтот түвшин |
Мэдээллийн эх үүсвэр |
2018 |
2022 |
||||
Үр нөлөөний шалгуур үзүүлэлт |
|||||
Зорилго: Залуучуудыг нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцож, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах таатай орчинг бүрдүүлэх замаар өөрийн, гэр бүлийн болон нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарладаг өрсөлдөх чадвартай иргэн болоход нь дэмжлэг үзүүлэхэд оршино. |
|||||
1. |
Өрсөлдөх чадварын индекс |
нэгж |
52.74 |
55 |
Дэлхийн эдийн засгийн форум |
2. |
Хүний хөгжлийн индекс |
нэгж |
0.741 |
0.758 |
ҮСХ |
Зорилт 1. Залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. |
|||||
3. |
15-19 насны 1000 хүнд ногдох охидын төрөлтийн түвшин |
түвшин |
15.8 |
14.8 |
Хүн амын ердийн хөдөлгөөний мэдээ |
4. |
Өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ авсан залуучуудын тоо |
тоо |
22,318 |
40,000 |
Эрүүл мэндийн үзүүлэлт |
5. |
15-34 насны 10000 хүнд ногдох халдварт бус өвчний тархалт |
түвшин |
6290.2 |
6052.4 |
|
6. |
15-34 насны 10000 хүнд ногдох бэлгийн замын халдварын тархалт |
түвшин |
124.9 |
120.9 |
|
7. |
15-24 насны залуучуудын нас баралтын түвшин |
хувь |
11.7 |
8.9 |
ҮСХ |
Зорилт 2. Бүх шатны сургалтын чанарыг сайжруулж, залуучуудын насан туршдаа суралцахуйг дэмжинэ. |
|||||
8. |
ЕБС-ийн ахлах ангид суралцагчдын хүйсийн харьцаа |
харьцаа |
1.16 |
1.15 |
Жендэрийн тэнцвэрт байдлын судалгаа |
9. |
Дээд боловсролд хамрагдаж байгаа оюутнуудын хүйсийн харьцаа |
харьцаа |
1.46 |
1.20 |
|
10. |
Техник болон мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдсан залуучууд |
тоо |
37039 |
60000 |
ҮСХ |
Зорилт 3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжинэ. |
|||||
11. |
15-34 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин |
хувь |
15.32 |
10.0 |
ҮСХ |
12. |
15-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин |
хувь |
47.95 |
55.0 |
|
Зорилт 4. Тогтвортой хөгжилд залуучуудын оролцох оролцоог нэмэгдүүлнэ. |
|||||
13. |
Залуучуудын хөгжлийн төвөөр үйлчлүүлж байгаа залуучуудын хувь |
хувь |
41.8 |
60 |
ГБХЗХГ-ын тайлан |
Зорилт 5. Залуучуудад ээлтэй, аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлнэ. |
|||||
14. |
15-34 насны залуучуудын амиа хорлосон тохиолдол нийт нас баралтад эзлэх хувь |
хувь |
18.67 |
14 |
“Гадны шалтгаант нас баралтын байдал” судалгаа |
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн
эх үүсвэр
9.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
9.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
9.1.2. олон улсын байгууллага, гадаад улсын зээл тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
9.1.3. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж;
9.1.4. бусад эх үүсвэр.
Арав. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх
хяналт-шинжилгээ, үнэлгээ
10.1 Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулна.
10.2. Төрийн захиргааны төв байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
10.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A