- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖЛЫН ЖУРАМ
Эрчим хүчний сайдын 2019 оны 05 дугаар сарын 01-ний
өдрийн 125 дугаар тушаалын хавсралт
ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖЛЫН ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгийн эх үүсвэр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрчим хүчний барилга байгууламж /цаашид “барилга байгууламж” гэж/ барих /барьж байгуулах, шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх/ ажлыг зохион байгуулах хүрээнд ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулахтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. /энэ заалтад ЭХС-ын 2023 оны А/36 дугаар тушаалаар орсон нэмэлтийг тусгав./
1.2. Энэхүү журмын үйлчлэлд барилга байгууламж барих ажлын захиалагч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээд хамаарна.
1.3. Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэн барих ажил эхлүүлэх, тухайн барилга байгууламжийн ажлыг тодорхой нөхцөл, шалтгааны улмаас зогсоосон барилга байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын салбарын хяналтын асуудал хариуцсан нэгж (цаашид “Эрчим хүчний яам” гэнэ) олгоно. /энэ заалтад ЭХС-ын 2023 оны А/182 дугаар тушаалаар өөрчлөлт орсон./
1.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын салбарын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан нэгж (цаашид “Эрчим хүчний яам” гэнэ) зохион байгуулна.
1.5. Эрчим хүчний яамнаас эрх олгосон байгууллага барилгын үе шатны ажилд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлнэ.
1.6. Барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулахтай холбоотой мэдээллийг Эрчим хүчний яамны цахим хуудсанд нийтэд нээлттэй байршуулна.
Хоёр. Эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох
2.1. Барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
2.1.1.энэ журмын нэгдүгээр хавсралтаар баталсан зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлт;
2.1.2.зураг төслийн болон барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн тухайн ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл (лиценз)-ийн гэрчилгээний хуулбар, зохиогчийн хяналт хийлгэхээр байгуулсан гэрээ;
2.1.3.орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс газар олгосон шийдвэр, мэргэжлийн байгууллагаас авсан техникийн нөхцөл (дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, холбоо, гал ...г.м);
2.1.4.эрх бүх байгууллагаар хянагдсан зураг төсөл;
2.1.5.барилга байгууламж барих ажилд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын ажилтны ижил төстэй ажилд 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатайг нотлох итгэмжлэл;
2.1.6.барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, барилга угсралтын ажил хариуцсан даамал-инженерийг томилсон гүйцэтгэгчийн шийдвэр, даамал-инженерийн мэргэжлийн дипломын хуулбар, туршлагын талаарх мэдээлэл;
2.1.7.газар ашиглах, эзэмших гэрээ;
2.1.8.инженер-геологийн дүгнэлт;
2.1.9.байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт.
2.2. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн хугацаанд ажил эхлээгүй бол ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг дахин шинээр гаргаж, шийдвэрлүүлнэ.
2.3. Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон эх үүсвэр, шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар хянуулсны дараа ажил эхлүүлэх зөвшөөрөл шинээр авна.
2.4. Доор дурдсан шалтгааны улмаас тухайн барилга байгууламжид 1 сараас дээш хугацаагаар ажил зогссон тохиолдолд барилга байгууламж барих ажлыг зогссонд тооцож, ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно:
2.4.1.захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн шийдвэр гарсан;
2.4.2.ажил зогсоох талаар мэргэжлийн хяналтын байгууллагын
дүгнэлт гарсан;
2.4.3.ажил зогсоох талаар хууль хяналтын байгууллагын шийдвэр гарсан.
2.5. Энэ журмын 2.4-д заасан болон гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж барилгын ажил зогссон, тухайн зөрчлийг арилгасан талаар үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагын шийдвэр, дүгнэлтийг энэ журмын 2.1-д заасан баримт бичгийн хамт захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага Эрчим хүчний яаманд гаргана.
2.6. Барилга байгууламжийн хуучирсан тоног төхөөрөмжийг өргөтгөх, шинэчлэн барихад эрх бүхий мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж энэ журмын 2.1-д заасан баримт бичгийн бүрдэлд хавсаргана.
2.7. Захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага энэ журмын 2.1-д заасан баримт бичгийг гүйцэтгэгчээр гаргуулж, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг Эрчим хүчний яаманд гаргана.
2.8. Барилга байгууламж барих ажлыг иж бүрнээр эсхүл хэсэгчлэн гүйцэтгүүлэхээр зөвшөөрөл олгож болох бөгөөд энэ тухай зөвшөөрлийн гэрчилгээнд заана.
2.9. Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг ажлын гэрээний хугацаагаар олгоно.
2.10. Ажил зөвшөөрлийн хугацаанд дуусахааргүй тохиолдолд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага 14 хоногийн өмнө зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтээ Эрчим хүчний яаманд гаргана.
2.11. Эрчим хүчний яам хүсэлтийг хүлээн авч ажлын гурав (3) хоногт багтаан зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлаар шийдвэр гаргана.
2.12. Зөвшөөрлийг энэ журмын хоёрдугаар хавсралтаар баталсан гэрчилгээгээр баталгаажуулан олгоно. Зөвшөөрлийн гэрчилгээг 2 хувь үйлдэж, 1 хувийг гүйцэтгэгчид олгоно.
2.13. Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзаж, энэ тухай албан бичгээр хариу хүргүүлнэ. Үүнд:
2.13.1.баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;
2.13.2.баримт бичиг нь холбогдох хууль, журамд заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй.
2.14. Захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага барилга байгууламж барих ажлын явцад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр өөрчлөлт (гүйцэтгэгч, даамал солигдох, захиалагчийн техникийн болон зураг төсөл зохиогчийн хяналт тавих этгээд өөрчлөгдөх, гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн хугацаа дуусах, зураг төсөлд томоохон өөрчлөлт орох зэрэг) орсноос хойш 7 хоногийн дотор Эрчим хүчний яаманд мэдэгдэж, гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулна.
2.15. Барилга байгууламж барих ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид ажил гүйцэтгэхгүй.
Гурав. Эрчим хүчний барилга байгууламж
барих ажлыг ашиглалтад оруулах
3.1.Барилга байгууламжийг барих ажлыг гүйцэтгэж дууссаны дараа ашиглалтад оруулах техникийн комисс ажиллуулах хүсэлтийг захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад, улсын комисс ажиллуулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд тус тус гаргана.
3.2.Улсын комиссын бүрэлдэхүүнийг Эрчим хүчний сайдын тушаалаар, техникийн комиссын бүрэлдэхүүнийг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар энэхүү журмын гуравдугаар хавсралтын дагуу тус тус томилж, мэдэгдэл өгч ажиллуулна.
3.2.1.15 кВ-аас доош хүчдэлийн түвшинтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын тоног төхөөрөмж, 1 Гкал/ц-аас доош хүчин чадалтай дулааны эх үүсвэр, дулаан дамжуулах төв, 200 мм-ийн голчтой болон түүнээс доош голчтой дулаан дамжуулах, түгээх шугамын угсралт, шинэчлэлт, өргөтгөлийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахад улсын комиссыг ажиллуулна.
3.2.2.энэ журмын 3.2.1-д зааснаас бусад барилга байгууламжийг ашиглалтад оруулахад техникийн болон улсын комиссыг ажиллуулна. /3.2.1, 3.2.2 дахь заалтыг ЭХС-ын 2023 оны А/36 дугаар тушаалаар нэмсэн./
3.3.Эрчим хүчний яамны салбарын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 3.10.8 дахь заалтыг нягтлан шалгасны үндсэн дээр улсын комиссыг томилно.
3.4.Улсын комиссын дарга нь ажлын зайлшгүй шаардлагаар комиссыг даргалж чадахгүйд хүрвэл өөрийгөө төлөөлөх эрхийг комиссын холбогдох гишүүнд шилжүүлж болно.
3.5.Барилга байгууламжийн зориулалт, техник технологийн онцлогтой уялдуулан холбогдох салбарын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд оруулж болно.
3.6.Улсын комиссын гишүүн өөрийгөө төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй.
3.7.Улсын комисс нь техникийн комиссын дүгнэлтийг үндэслэн тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар дүгнэлт гаргана.
3.8.Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлтийг үндэслэн Эрчим хүчний яамны салбарын хяналтын асуудал эрхэлсэн нэгжээс дугаар олгосноор барилга байгууламжийг ашиглалтад орсонд тооцно. /энэ заалтад ЭХС-ын 2023 оны А/182 дугаар тушаалаар өөрчлөлт орсон./
3.9.Улсын болон техникийн комиссын хуралдааныг энэ журмын дөрөвдүгээр хавсралтаар баталсан дэгийн дагуу зохион байгуулна.
3.10.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс нь дор дурдсан үүрэгтэй байна:
3.10.1.ашиглалтад хүлээн авах барилга байгууламжийн техникийн баримт бичгийн иж бүрдлийг хянах, бэлтгэх, угсралтын болон ил, далд ажлын гүйцэтгэл, техникийн комиссоос өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлж, улсын комисс ажиллах бэлтгэлийг хангуулах, хүсэлт гаргах;
3.10.2.барилга байгууламж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээг барих ажил нь зураг төсөл, техникийн нөхцөлийн шаардлага, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл болон галын аюулгүй байдлын норм, дүрэм, хийц бүтээц, эдлэхүүн, материалын чанар стандартыг хангасан эсэхийг нарийвчлан шалгах;
3.10.3.суурилагдсан тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээ, өргөх байгууламж, даралтат сав, цахилгаан шатанд сорилт туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийснийг нотлох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн дүн болон холбогдох бусад баримт бичгийн бэлэн байдлыг хангуулах;
3.10.4.барилга байгууламж барих ажлыг дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн, хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг зөрчсөн бол илэрсэн зөрчлийг бүрэн арилгах хүртэл техникийн комисс ажиллахгүй байх;
3.10.5.шинээр барьсан, өргөтгөсөн, шинэчлэн барьсан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг хийсэн байх;
3.10.6.ашиглалтад оруулах барилга байгууламжид хийсэн 72 цагийн туршилтын явцад аливаа зөрчил гараагүй бол Улсын комисс ажиллах хүртэл байнгын ажиллагаанд үлдээх;
3.10.7.тухайн барилга байгууламжийн зураг төсөл, техникийн гарал үүсэл зөрөөгүй талаарх зураг төсөл зохиогчийн дүгнэлт гарсан байх;
3.10.8.илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулсны дараа энэ журмын наймдугаар хавсралтаар баталсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн бичиг баримтын иж бүрдэл, шаардлагын дагуу барилга байгууламжийг хүлээн авах.
3.11. Улсын комисс нь дор дурдсан үүрэгтэй байна:
3.11.1.барилгын ажлын гүйцэтгэлийг техникийн комиссын дүгнэлттэй уялдуулан хянаж дүгнэх;
3.11.2.барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг холбогдох баримт бичиг, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх;
3.11.3.хүрээлэн байгаа орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх;
3.11.4.барилга байгууламжид суурилагдсан өргөх байгууламж болон тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг шалгаж, ашиглах боломжтой эсэхийг дүгнэх;
3.11.5.барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг дүгнэх;
3.11.6.Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх;
3.11.7. шаардлагатай гэж үзвэл эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан, дулааны шугам сүлжээ, дэд станцын болон тоног төхөөрөмжийн тодорхой хэсэг, далдлагдсан ажлаас сонгон авч задлан үзэж магадлан шалгах, мэргэжлийн шинжээч, итгэмжлэгдсэн лабораториор тооцоо судалгаа, сорилт шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах;
3.11.8. улсын комисс ажиллах үед техникийн комисс ажилласан барилга байгууламжийн ажил бүрэн дуусаагүй, баримт бичиг бүрдээгүй бол техникийн комиссыг дахин ажиллуулах;
3.11.9. хууль тогтоомж, норм, дүрэм, журам, стандартыг зөрчсөн гүйцэтгэгч, зураг төслийн зохиогчид хариуцлага хүлээлгэх, тусгай зөвшөөрлийг цуцлах талаарх саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
3.11.10.барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон баримт бичиг, магадлагаа, нотолгоог холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах;
3.11.11.техникийн комисс ажиллах үед илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулсны дараа энэ журмын зургадугаар хавсралтаар баталсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт гаргах.
Дөрөв. Эрчим хүчний барилга байгууламж
барих ажилд оролцогч талууд
4.1. Гүйцэтгэгч нь дор дурдсан үүрэгтэй байна:
4.1.1.гэрээний хугацаанд барилга байгууламж барих ажлын явцад эрх бүхий байгууллагаас захиалагчийн техникийн хяналт тавих төлөвлөгөөт хуваарийг урьдчилан тохиролцож бэлтгэл хангуулах, мөрдөх;
4.1.2.барилга байгууламжийг ашиглалтад оруулахад энэ журмын есдүгээр хавсралтаар баталсан жагсаалтын дагуу ил, далд ажлын гүйцэтгэлийн актуудыг фото болон гүйцэтгэлийн зургаар баримтжуулан бүрдүүлж, баталгаажуулан баримт бичгийн товъёог хийсэн байх, баримт бичгийн архивын иж бүрдлийг шаардлагын дагуу хангах;
4.1.3.барилга байгууламж барих ажлыг батлагдсан стандарт, технологийн дагуу гүйцэтгэж, ажлаа мэргэжлийн шинжээч, итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээний дүн, дүгнэлтээр баталгаажуулсан байх;
4.1.4.барилга байгууламж барих ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн тохиолдолд гүйцэтгэлийн зураг боловсруулж, баталгаажуулан зураг төслийн зохиогчийн дүгнэлтийг хавсаргах;
4.1.5.барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэх явцын талбайн журналыг зохих ёсоор хөтөлж хүлээлгэн өгсөн байх;
4.1.6.суурилагдсан тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний заавар, техникийн паспорт, үйлдвэрийн туршилт зэрэг баримт бичгийн бүрдлийг хангах, тоног төхөөрөмжийн угсралтын үеийн шалгалт, ил, далд ажлын акт, тоноглолыг дангаар болон ачаалалтай явуулж туршсан протокол, хэсэгчлэн болон ажил хүлээлгэн өгсөн акт, баримт бичгийг ажлын тайланд бүрэн хавсаргах;
4.1.7.шинээр нэвтрүүлж байгаа техник, технологийн холбогдох олон улсын стандарт, барилга угсралтын ажлын технологийн карт, бусад гадаад хэл дээрх баримт бичгүүдийг монгол хэл дээр болгосон албан ёсны орчуулгын хамт хавсарган хүлээлгэж өгөх;
4.1.8.ерөнхий гүйцэтгэгч нь улсын болон техникийн комисс ажиллах үед шаардлагатай туслан гүйцэтгэгчийг байлцуулах;
4.1.9.улсын болон техникийн комиссын хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж, захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар хянуулж, баталгаажуулсан байх;
4.1.10.техникийн комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу илэрсэн зөрчлийг бүрэн арилгалгүй энэ журмын найм болон есдүгээр хавсралтаар тус тус баталсан баримт бичиг, материалыг хуурамчаар бүрдүүлж улсын комисс ажиллуулсан тохиолдолд хариуцлага хүлээх.
4.2. Захиалагч нь дор дурдсан үүрэгтэй байна:
4.2.1.барилга байгууламж барих ажлын явцад энэ журмын 4.1.1-д заасны дагуу төлөвлөгөөт хуваарийн дагуу хяналт тавих ба барилга байгууламжийн ажилд зураг төсөл, техникийн нөхцөл, стандарт зөрчвөл тухайн ажлыг зогсоох, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
4.2.2. ажил бүрэн дууссан үед техникийн комиссыг ажиллуулах;
4.2.3.энэ журмын 2.1.5-д заасан итгэмжлэл гаргахтай холбогдуулан ажилтныг мэргэшүүлэх, чадавхжуулах, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах;
4.2.4.барилга байгууламжийн ажлын зураг төсөл, тавигдах стандарт шаардлага, технологи, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, баримт бичгийн бүрдүүлэлтийг хангуулах;
4.2.5.барилга байгууламжийн ажлын зураг төсөлд техникийн магадлал, хөндлөнгийн дүгнэлт гаргуулах;
4.2.6.техникийн комиссын хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг гаргах, эцэслэн баталгаажуулах;
4.2.7.техникийн комиссоос ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээн авч, ажил хүлээн авах дүгнэлт баталгаажсаны дараа улсын комисс ажиллуулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд хүргүүлэх;
4.2.8.техникийн комисс ажиллах үед энэ журмын найм болон есдүгээр
хавсралтаар тус тус баталсан техникийн баримт бичиг, холбогдох материалыг бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх.
4.2.9. барилга байгууламжид улсын комисс ажиллуулахтай холбогдон гарах зардлыг хариуцах.
4.3. Зураг төсөл зохиогч нь дор дурдсан үүрэгтэй байна:
4.3.1.барилгын ажлын явцад хуульд заасан чиг үүрэг, зохиогчийн хяналт хийх болон холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллах;
4.3.2.барилга байгууламж барих ажилд зохиогчийн хяналтын гэрээг байгуулах;
4.3.3.техникийн комисс ажиллах үед зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргаж, биелэлтийг хангуулсан байх;
4.3.4.зураг төсөл нь холбогдох норм, журмын шаардлагыг зөрчсөн тохиолдолд энэ тухай хурлын тэмдэглэлд тэмдэглүүлж, тэдгээрийг арилгуулах арга хэмжээ авах;
4.3.5.зураг төсөл зохиогч нь улсын болон техникийн комисс ажиллах үед зураг төслийн туслан гүйцэтгэгчийн төлөөллийг байлцуулах.
4.4. Ашиглагч нь дор дурдсан үүрэгтэй байна:
4.4.1.улсын төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга байгууламжийг барих ажлын явцад хяналт тавих гэрээг захиалагчтай байгуулах, ажлын явцын тайлан мэдээг 14 хоног тутамд захиалагчид мэдэгдэх;
4.4.2.барилга байгууламжийг барих ажлыг зураг төсөл, техникийн нөхцөлийг зөрчиж чанаргүй барих, стандартын бус тоноглол суурилуулах зэрэг зөрчил гаргавал тухайн ажлыг зогсоож, захиалагчид нэн даруй мэдэгдэх;
4.4.3.барилга байгууламж барих ажлын сорил туршилт, туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажилд оролцох, мэргэжлийн шинжээч, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлттэй танилцах;
4.4.4.тухайн барилга байгууламжид хяналт тавьсан өөрийн байгууллагын инженер техникийн ажилтныг улсын болон техникийн комиссын бүрэлдэхүүнд оролцуулах, тэднийг ажиллах нөхцөл боломжоор хангах;
4.4.5.техникийн болон улсын комисс ажиллах үед барилга байгууламжийн зураг төсөл, барих ажлын гүйцэтгэлтэй танилцаж, тухайн барилга байгууламж нь цаашид хэвийн найдвартай ажиллаж, ашиглах бололцоотой эсэх талаар дүгнэлт гаргах;
4.4.6.техникийн нөхцөл, зураг төсөл зөрчсөн тохиолдолд хурлын тэмдэглэлд тэмдэглүүлж, тэдгээрийг арилгуулах санал оруулах.
4.5.Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь дор дурдсан үүрэгтэй байна:
4.5.1.барилга байгууламж барих үе шатны тодорхой ажил, үйлдвэрлэлийн технологийн сонголт, туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтоохтой холбогдсон мэргэжлийн мэргэшсэн, ур чадварын үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
4.5.2.холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд гэрээгээр хүлээсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулах, ажлын гүйцэтгэлийг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичигт нийцүүлэн бүрэн хангах, хариуцах.
---оОо---
Текст томруулах
A
A
A