A

A

A

Бүлэг: 1979

Зөвлөлийн 2020 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болсон.

 

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн

Удирдах зөвлөлийн 2019 оны дгаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА

Шалгуур 1.ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, АГУУЛГА

Докторын хөтөлбөрийн зорилго нь сургуулийн судалгааны бодлого, зорилготой уялдахаас гадна оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагыг тусгасан байна.

1.1.Хөтөлбөрийн баримт бичиг

Докторын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага, оролцогч талуудын хэрэгцээ шаардлагын дагуу хөтөлбөрийн баримт бичгийг иж бүрэн тогтмол сайжруулсан байна. Хөтөлбөрийн баримт бичигт суралцах хугацаанд хийх судалгааны төлөвлөлт, хэрэгжилт, чанарын баталгаажуулалтын талаар тодорхой тусгасан байна.

1.2.Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн төгсгөлд докторантын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал буюу суралцахуйн зорилтот үр дүнгээр хөтөлбөрийн зорилгыг тодорхойлсон байна. Хөтөлбөрийн зорилго нь тухайн мэргэжлийн чиглэл, боловсролын түвшингийн үндэсний болон олон улсын нийтлэг чадамжийн хүрээнд дүйцэхүйц байхын зэрэгцээ сургуулийн судалгааны бодлого, зорилгод нийцсэн (өөрийн онцлог, давуу байдлыг тусгасан) байна. Суралцахуйн зорилтот үр дүнг тодорхойлоход оролцогч талуудыг татан оролцуулж, тэдний хэрэгцээ, шаардлагыг тусгасан байна.

1.3.Хөтөлбөрийн агуулга

Докторын хөтөлбөрийн агуулга нь шинжлэх ухааны чиглэл, суралцахуйн зорилтот үр дүнд нийцсэн байна. Хөтөлбөрийн агуулгыг онол практикийг зохистой хослуулан, логик дэс дараалалтай, давхардалгүй хэрэгжүүлэх сургалтын болон судалгааны төлөвлөгөөг боловсруулж, заавал болон сонгон суралцах агуулга, сургалтын хэлбэрийг зохистой тогтоосон байна.

1.4.Хичээлийн хөтөлбөрүүд

Сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хичээл бүрийн хөтөлбөрийг иж бүрэн боловсруулсан байна. Үүнд: тухайн хичээлийг судлах үндэслэл, урьдач нөхцөл, уялдаа холбоо, суралцахуйн зорилтот үр дүн, хичээлийн агуулга, багц цаг, докторантын суралцах ачаалал, үнэлгээний аргачлал зэргийг дэлгэрэнгүй багтаасан байна. Эдгээрийг байнга сайжруулахын зэрэгцээ тухай бүр суралцагчдад ил тод мэдээлдэг байна.

1.5.Хөтөлбөрт тавих тусгай шаардлага
Докторын хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүн, агуулга нь тухайн хөтөлбөрийн хамаарах ерөнхий, төрөлжсөн, нарийвчилсан чиглэлээр Мэргэжлийн зөвлөлөөс тогтоосон тусгай шаардлагыг хангасан байна.

Шалгуур 2. ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

Докторын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчинг бүрдүүлж, докторантын суралцахуй ба судалгааны ажлыг дэмждэг байна.

2.1.Элсэлт

Элсэгчид тавих шаардлага нь докторын хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх боломжийг олгосон, шударга, ил тод байна. Судалгааны сэдэв болон удирдагч багшийг сонгох, санхүүжилтын хэлбэр, хэмжээг тогтоох журмууд нь тодорхой, ил тод байна.

2.2.Суралцах ачаалал, багц цаг

Докторантын танхимд болон бие даан суралцах, судалгааны ажлын ачаалал нь улирал бүрт жигд, зохистой хэрэгжиж, хэт ихсэх буюу багасахаас сэргийлдэг байна.

2.3.Судалгааны болон суралцах арга зүй

Сургалтын арга зүй нь суралцагч төвтэй, хөтөлбөрийн зорилгод нийцсэн, оюутанд хөтөлбөрийн үр дүнд хүрэх боломжийг олгосон байна.

2.4.Судалгааны ажлыг удирдах

Докторант болон удирдагчийн үйл ажиллагааг харилцан уялдаатай тодорхойлсон ил тод журмаар сургалтын болон ганцаарчилсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу докторантын судалгааны ажлын гүйцэтгэлийг хянан идэвхжүүлдэг байна.

2.5.Судалгаа, хамтын ажиллагаа

Хөтөлбөрийн түвшинд үндэсний болон олон улсын, төрийн болон хувийн байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээтэй, дотоод болон гаднын судалгааны нэгж болон байгууллагуудтай холбоо тогтоож, түншилдэг байна. Багш, докторантууд судалгааны багт оролцдог байна.

2.6.Диссертаци хамгаалах

Диссертаци хамгаалах зөвшөөрөл олгох (шинэ мэдлэгийг бий болгох, үр дүнг ашиглах, багшлахуйн үнэлгээ, шилжилт хөдөлгөөн гэх мэт) тодорхой шалгуурууд нь докторант, удирдагч нарт ойлгомжтой байна.

Диссертаци хамгаалалтыг зохион байгуулах дүрэм (хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүдийн чиг үүрэг, хурлын дэг, танилцуулга хийх г.м.) -ийг докторант, удирдагч нарт тодорхой, шударга, ил тод байдлаар тодорхойлогдсон байна.

2.7.Төгсөлтийн баримт бичиг

Төгсөгчид суралцсан хөтөлбөрийн хичээл тус бүрээр мэдлэг, ур чадвар, дадлын түвшинг жагсаасан хавсралт (англи хэл дээр) бүхий диплом, баримт бичиг олгох үйл явцыг холбогдох журмын хүрээнд хэрэгжүүлдэг байна. Төгсөгчид олгох баримт бичгүүд нь тухайн оюутны чадамжийн тухай мэдээлэл болон хөтөлбөрийн тодорхойлолт, суралцахуйн үр дүн, агуулга, түвшин түүнчлэн боловсрол, мэргэшлийн зэрэгтэй холбоотой мэдээллүүдийг багтаасан байна.

Шалгуур 3.ДОКТОРАНТЫН ҮНЭЛГЭЭ, ХӨГЖИЛ

Хөтөлбөрөөр суралцагч нь суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай хүрэхэд чиглэсэн ил тод, шударга үнэлгээний системтэй байх ба амжилттай суралцах, хөгжиж төлөвшихөд нь зөвлөн тусалдаг байна.

3.1.Суралцагчийн үнэлгээ, шалгалт

Хөтөлбөрийн явцад үнэлгээний олон төрөл хэлбэрийг ашиглан суралцагчийн суралцахуйн зорилтот үр дүн (мэдлэг, чадвар, дадал)-гийн гүйцэтгэлийг үнэлэх тогтолцоотой байна. Үнэлгээний журам, шалгуур нь оюутны сурлагын амжилтыг шударга ил тод үнэлэхэд чиглэсэн байна. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг цогцоор үнэлэх шалгалтын материалын санг хичээл бүрээр боловсруулж, ашигладаг байна.

3.2.Суралцагчийн хөгжил, суралцахуйн хүрсэн үр дүнг хүлээн зөвшөөрөх

Хөтөлбөрөөс гадуур суралцагчийн бие даан эзэмшсэн болон өөр сургууль, хөтөлбөрөөс суралцсан суралцахуйн үр дүнг хүлээн зөвшөөрч, багц цагийг дүйцүүлэн тооцдог байна. Түүнчлэн суралцагчийн mobility-г дэмжсэн /багц цагийг хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэн тооцох, багц цагаас чөлөөлөх/ холбогдох дүрэм, журмын дагуу суралцагчийн эрх ашигт нийцүүлдэг байна.

3.3.Докторантыг дэмжих, зөвлөх үйлчилгээ

Шинжлэх ухааны арга хэмжээ, бага хурал, мэргэжлийн хэлэлцүүлэг зэрэг шинжлэх ухааны болон мэргэжлийн нэмэлт арга хэмжээ, үйл ажиллагаанд докторантыг оролцуулдаг байна. Эдгээр арга хэмжээ, үйл ажиллагаанд докторантыг оролцуулах, баталгаажуулах, үнэлүүлэх тогтолцоотой байна.

3.4.Судалгааны санхүүжилт

Докторын судалгааг санхүүжүүлэх, санхүүжилтийг хянах ил тод бодлого, журамтай байна. Энэ нь сургуулийн судалгааны бодлого, зорилготой нийцсэн байна.

3.5.Сургалтын тэтгэлэг

Докторантын сургалтыг санхүүжүүлэх, тэтгэлэг олгох санхүүгийн эх үүсвэрийг тодорхой заасан дүрэм журамтай байна.

Шалгуур 4.БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Докторын хөтөлбөрийн онцлогоос хамааран шинжлэх ухааны салбар ба суралцагчийн тоонд дүйцэх, хангалттай хүрэлцээтэй багшлах бүрэлдэхүүнтэй байна.

4.1.Багшийн нөөц

Тухайн хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, боловсролын зэргийн түвшинд тохирсон боловсролын зэрэг, эрдмийн цолтой, багшлах өндөр ур чадвартай, мэргэжлийн туршлага бүхий багш, судлаачийн нөөцтэй байна. Багш, оюутны тооны харьцааг зохистой тогтоож, мөрддөг байна.

4.2.Багшийн хөгжил

Багш нар мэргэжлийн болон багшлах ур чадвараа дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийх, докторын судалгаа удирдах ур чадвараа ахиулахад нь чиглэсэн үйл ажиллагааг системтэй хэрэгжүүлдэг байна.

4.3.Судалгаа ба хөтөлбөрийн хөгжил

Багш нар хөтөлбөрийн судлагдахуунтай холбоотой судалгааны ажил хийдэг, үр дүнг хөтөлбөрийн багшлахуй ба суралцахуйд тусгахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд докторантуудыг судалгаанд татан оролцуулдаг байна.

Шалгуур 5.НӨӨЦ БА УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх, судалгаа хийхэд шаардагдах нөөцийг бүрдүүлж, нөөцийн хуваарилалт болон гүйцэтгэлийг хянах, хөтөлбөрийн талаар шийдвэр гаргахад шаардлагатай удирдлага мэдээллийн нэгдсэн системтэй байна.

5.1.Сургалт, судалгааны орчин

Тухайн хөтөлбөр, шинжлэх ухааны чиглэлээр докторант идэвхтэй суралцах, судалгаа хийх анги танхим, лаборатори, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн байна. Суралцагч эдгээрийг чөлөөтэй ашиглах боломж бүрдүүлсэн байна.

5.2.Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн

Хичээл тус бүрээр үндсэн сурах бичиг, сургалт, судалгааны хэрэглэгдэхүүн ашиглах орчин бүрдүүлсэн ба судалгааны ажилд шаардлагатай мэдээлэл, үр дүнгүүдийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр ашиглах боломж бүрдүүлсэн байна.

5.3.Удирдлагын мэдээллийн систем

Хөтөлбөрийн удирдлагын шуурхай, оновчтой үйл ажиллагааг хангахад чиглэсэн мэдээлэл цуглуулах, боловсруулах удирдлагын мэдээллийн системтэй байна. Цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээг хөтөлбөрийг сайжруулахад ашигладаг байна.

5.4.Мэдээллийн ил тод байдал

Тухайн хөтөлбөрийн танилцуулга, суралцахуйн зорилтот үр дүн, элсэгчид тавих шаардлага, сургалтын төлөвлөгөөний бүтэц, хичээлийн хөтөлбөрүүд, суралцах ачаалал, багц цаг, суралцагчийн үнэлгээний аргачлал зэрэг мэдээллийг багш, суралцагчдад нээлттэй хүргэж, цаашид тогтмол шинэчилдэг байна.

5.5.Төсөв, санхүүжилт

Хөтөлбөр олон эх үүсвэрээс санхүүжих ба хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээ хийх, шинэчлэх төсөвтэй байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн тодорхой хувийг багшлахуй, суралцахуйн хөгжилд зарцуулдаг байна.

Шалгуур 6.ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Хөтөлбөрийг оролцогч талуудын оролцоотойгоор тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн чанарын дотоод болон хөндлөнгийн баталгаажуулалтын тогтолцоотой байна.

6.1.Чанарын дотоод баталгаажуулалт ба хөтөлбөрийн сайжруулалт

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бүхэлд нь болон үе шат бүрийг, түүнчлэн бүрэлдэхүүн хэсэг (хичээлийн хөтөлбөрүүд, суралцахуйн орчин, багшлахуй ба суралцахуйн үнэлгээ, элсэлт ба төгсөлт, төгсөлтийн ажил эрхлэлт гэх мэт) тус бүрийг байнга хянан үнэлж, тухай бүр сайжруулах чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоотой байна. Чанарын дотоод баталгаажуулалтын бүтэй, үйл явцад бүх талуудын оролцдог байна.

6.2.Магадлан итгэмжлэл

Жил бүр хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурын дагуу өөрийн үнэлгээ хийж, үндэсний болон олон улсын нийтлэг жишигт хүрэхийг эрмэлзэж ажилладаг байна.