A

A

A

Бүлэг: 1979

Сонгуулийн Ерөнхий Хороо, Сангийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын

2019 оны 17,112,133 дугаар хамтарсан тогтоол/тушаалын хавсралт

 

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЛИЙГ НИЙЛҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Нэг.Журмын зорилго, үйлчлэх хүрээ

1.Энэхүү журам (цаашид "Журам” гэх)-ын зорилго нь сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл /техник хэрэгсэл, тоног төхөөрөмж/-ийг үйлдвэрлэх, нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, холбогдох саналыг Сонгуулийн Ерөнхий Хороо /цаашид “Хороо” гэх/-нд танилцуулж шийдвэрлүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулахад оршино.

Хоёр.Худалдан авах ажиллагааг зохион байгуулах арга

2.1.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг үйлдвэрлэх, нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, худалдан авахад дараах аргыг баримтална:

2.1.1.шууд худалдан авалт;

2.1.2.харьцуулалт;

2.1.3.нээлттэй сонгон шалгаруулалт.

2.1.4.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг үйлдвэрлэх, нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажиллагааг цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу зохион байгуулж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШУУД ХУДАЛДАН АВАЛТ

Гурав.Шууд худалдан авалтын аргыг хэрэглэх нөхцөл

3.1.Нэг удаагийн худалдан авалтын үнийн дүн нь 10,000,000 төгрөг хүртэлх автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв шууд худалдан авалт хийнэ.

3.2.Дараах нөхцөлд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг комиссын саналыг үндэслэн шууд худалдан авах шийдвэрийг Хорооноос гаргана:

3.2.1.гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол (Зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой, орлох этгээд байхгүй гэдгийг Комиссын хийсэн судалгаа, танилцуулгыг үндэслэнэ);

3.2.2.гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй эсхүл харьцуулалтын аргачлалын дагуу сонгон шалгаруулалтын материал хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол;

3.2.3.ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл худалдан авах бол.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХАРЬЦУУЛАЛТ

Дөрөв.Харьцуулалтын аргыг хэрэглэх нөхцөл

4.1.Дараах нөхцөлд харьцуулалтын аргыг хэрэглэх ба Комиссын саналыг үндэслэн гэрээ байгуулах шийдвэрийг Хорооноос гаргана:

4.1.1.үнийн дүн нь 10,000,001-ээс 50,000,000 төгрөг хүртэлх өртөгтэй автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл худалдан авахад /Комиссын хийсэн судалгаа, танилцуулгыг үндэслэнэ/.

4.2.Харьцуулалтын аргын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах зохицуулалт үйлчилнэ:

4.2.1.комиссоос тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу худалдан авах ажпыг зохион байгуулж тэдгээрийг хангах боломжтой гэж үзсэн 2 болон түүнээс дээш этгээдэд материал ирүүлэхийг албан бичиг, цахим шуудан, факсаар мэдэгдэх;

4.2.2.тухайн зах зээл дээрх өрсөлдөх чадвар бүхий үндсэн оролцогчдын оролцоог хангахыг эрмэлзэх;

4.2.3.материал ирүүлэх хугацааг урилга илгээсэн өдрөөс хойш ажпын 4-өөс доошгүй өдрөөр тогтоох;

4.2.4.комисс нь тогтоосон нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан оролцогчийн талаар дүгнэлт гарган Хороонд хүргүүлж, гэрээ байгуулах эсэх шийдвэрийг гаргуулах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Тав.Нээлттэй сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэх нөхцөл

5.1.Үнийн дүн 50,000,001-ээс дээш төгрөгийн өртөгтэй автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл худалдан авахдаа нээлттэй сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖИЛЛАГАА БА КОМИСС

Зургаа.Комисс байгуулах

6.1.Энэ журмын 3.1-д зааснаас бусад тохиолдолд сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах Комиссыг ахлагч, нарийн бичгийн даргыг оролцуулан 5- аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 28.2.1-д заасны дагуу байгуулна.

6.2.Комиссын ахлагч, гишүүн, нарийн бичгийн дарга нь худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл холбогдох салбарт мэргэшсэн байх чиглэл баримтална.

6.3.Комиссын нарийн бичгийн дарга нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн холбогдох гэрчилгээг авсан байна.

6.4.Комиссын ахлагч, гишүүд, нарийн бичгийн дарга тус бүр саналын эрхтэй байна.

6.5.Комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.5.1.сонгон шалгаруулалтын баримт бичиг, урилгыг бэлтгэж, нийтэд мэдээлэх;

6.5.2.сонгон шалгаруулалтын материалыг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж өгөх.

Долоо.Сонгон шалгаруулалтын баримт бичиг бэлтгэх

7.1.Комисс “Сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийг бэлтгэхдээ сонгон шалгаруулалтад оролцогчдод тавих шаардлага, сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлэх материалд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын материалын шалгуур үзүүлэлт, шалгаруулах аргачлал, санал болгож байгаа гэрээний нөхцөл, техникийн тодорхойлолт, зураг, сонгон шалгаруулалтын баталгаа ирүүлэх эсэхийг тусгана.

7.2.Комисс нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг бэлтгэхдээ төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалыг сонгон шалгаруулалтын онцлогт тохируулан ашиглаж болно.

Найм.Сонгон шалгаруулалтын баталгаа

8.1.Комиссоос шаардлагатай гэж үзвэл оролцогчдоос сонгон шалгаруулалтын баталгаа шаардаж болно.

8.2.Баталгаа ирүүлэхээр шаардсан тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцогчийн санал болгох үнийн дүнгийн 5 хүртэл хувь байх бөгөөд хувь хэмжээг Комисс эцэслэн тогтооно.

8.3.Баталгаа шаардсан тохиолдолд оролцогч баталгаа ирүүлээгүй бол сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах үндэслэл болно.

Ес.Урилгыг нийтэд зарлан мэдээлэх

9.1.Комисс сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл болон бусад мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

9.2.Монгол Улсад гүйцэтгэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч байхгүй тохиолдолд олон улсад сонгон шалгаруулалт зарлаж болно.

9.3.Сонгон шалгаруулалтын урилгад дараах мэдээллийгтусгана:

9.3.1.банкны тодорхойлолт;

9.3.2.товч агуулга;

9.3.3.сонгон шалгаруулалтын баримт бичиг, бусад мэдээлэл авах, сонгон шалгаруулалтын материал ирүүлэх хаяг;

9.3.4.сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ;

9.3.5.сонгон шалгаруулалтад тавих тусгай шаардлага;

9.3.6.сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа;

9.3.7.сонгон шалгаруулалтын материал нээх хугацаа;

9.3.8.гадаадын этгээдийг оролцуулах эсэх;

9.2.9.сонгон шалгаруулалтын баталгаа;

9.2.10.бусад.

9.4.Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг урилга нийтэлснээс хойш 10-аас доошгүй хоногоор тогтооно.

9.5.Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээд нь тогтоосон хугацаанд техникийн болон санхүүгийн саналыг хамтад нь ирүүлнэ.

Арав.Сонгон шалгаруулалтын баримт бичиг, тэдгээртэй холбоотой мэдээллийг олгох

10.1.Комисс сонгон шалгаруулалтын баримт бичгийг сонгон шалгаруулалтын урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлтгэсэн байна.

10.2.Сонгон шалгаруулалтын баримт бичгийг хэвлэн олшруулах, түгээх буюу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах өртгөөр үнэлж, сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхогчдод худалдана.

10.3.Сонгон шалгаруулалтад оролцогч сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно.

10.4.Хариу тодруулга, нэмэлт мэдээллийг сонгон шалгаруулалтын баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно. Хариу тодруулга, нэмэлт мэдээллийг гардуулан өгсөн бол гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдрийг тэмдэглэнэ.

Арван нэг.Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх

11.1.Сонгон шалгаруулалтын материалыг сонгон шалгаруулалтын баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогч энэ хугацаанд сонгон шалгаруулалтын материалд нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно.

11.2.Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаанаас хожимдож ирүүлсэн, эсхүл сонгон шалгаруулалтын баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалыг комисс хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана.

11.3.Сонгон шалгаруулалтын агуулга, үнэлгээний явц болон сонгон шалгаруулалтад оролцогчийн чадавхыг үнэлэхтэй холбогдсон мэдээллийг гэрээ байгуулах хүртэл комисс нууцална.

Арван хоёр.Сонгон шалгаруулалтын материал нээх

12.1.Комисс нь хүлээн авсан бүх сонгон шалгаруулалтын материалыг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нээх бөгөөд сонгон шалгаруулалт нээх хугацааг сонгон шалгаруулалт хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно.

12.2.Комисс нь сонгон шалгаруулалтын материалыг нээснээс хойш тухайн сонгон шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд сонгон шалгаруулалтын материал хүчинтэй байна.

12.3.Сонгон шалгаруулалтын материал нээхэд сонгон шалгаруулалтад оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээдийг оролцуулж болно.

12.4.Сонгон шалгаруулалтын материал нээх үед сонгон шалгаруулалтад оролцогчийн нэр, сонгон шалгаруулалтын баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн сонгон шалгаруулалтын материалыг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг зарлаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд үүнд сонгон шалгаруулалтад оролцогч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурна.

12.5.Сонгон шалгаруулалтын материалыг нээснээс хойш материалд өөрчлөлт оруулахгүй. Сонгон шалгаруулалтын агуулгыг өөрчлөхөөс бусад чиглэлээр тайлбар, тодруулга ирүүлэхийг шаардаж болох бөгөөд зөвхөн бичгээр харилцана.

12.6.Сонгон шалгаруулалтын материалыг нээсний дараа оролцогчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрөл, оролцогчийг төлөөлөх этгээдийн итгэмжпэл болон бусад баримт бичгүүд хууль зүйн шаардлага хангасан эсэхийг хянана.

12.7.Сонгон шалгаруулалтын материал нь энэхүү журамд заасан шаардлагыг хангаагүй бол уг материалаас татгалзана.

Арван гурав.Сонгон шалгаруулалтын материалыг үнэлэх

13.1.Комисс нь сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх сонгон шалгаруулалтын материалд үнэлгээ хийнэ.

13.2.Шаардлагад нийцсэн сонгон шалгаруулалтын материал үнэлэх үндсэн шалгуур нь оролцогчийн туршлага, ур чадвар байна.

13.3.Тогтоосон нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан гэсэн үзүүлэлтээр оноог гаргаж, хамгийн өндөр оноо авсан сонгон шалгаруулалтын матөриалыг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзнэ.

13.4.Комисс нь оролцогчдоос ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалыг нээснээс хойш 14 хоногт багтаан үнэлгээг хийж, дүгнэлтийг гаргана.

Арван дөрөв.Гэрээ байгуулах эрх олгох

14.1.Хамгийн сайн гэж үнэлэгдсэн оролцогчид гэрээ байгуулах тухай мэдэгдлийг, бусад сонгон шалгаруулалтад оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр хүргүүлнэ.

14.2.Комиссын гаргасан үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг үндэслэн шаардлага хангасан, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн сонгон шалгаруулалтын материал ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах эрх олгох саналыг Хороонд оруулж шийдвэр гаргуулна.

14.3.Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дараа сонгон шалгаруулалт хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.

14.4.“Хамгийн сайн” гэж үнэлэгдсэн сонгон шалгаруулалтын материал ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл гүйцэтгэлийн баталгаа шаардсан тохиолдолд, түүнийг ирүүлээгүй бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах “хамгийн сайн" гэж үнэлэгдсэн сонгон шалгаруулалтын материал ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол энэ Журмын 15.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

14.5.Сонгуулийн Ерөнхий Хорооноос хамаарах шалтгаанаар сонгон шалгаруулалт хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон бол шалтгаан, нөхцөлийг тогтоож, Хорооны зөвшөөрлөөр уг хугацааг нэг удаа 7 хүртэл хоногоор сунгаж болно.

Арван тав.Бүх сонгон шалгаруулалтын материалаас татгалзах

15.1.Дараах тохиолдолд бүх сонгон шалгаруулалтын материалаас татгалзах шийдвэрийг Хороо гаргана:

15.1.1.шаардлагад нийцсэн нэг ч сонгон шалгаруулалтын материал

ирээгүй;

15.1.2.шаардлагад нийцсэн бүх сонгон шалгаруулалтын үнэ Хорооны батлагдсан төсвөөс хэтэрсэн.

15.2.Бүх сонгон шалгаруулалтын материалаас татгалзсан тохиолдолд Хороо сонгон шалгаруулалтад оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй.

15.3.Бүх сонгон шалгаруулалтын материалаас татгалзсан тохиолдолд Хороо дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

15.3.1.сонгон шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, сонгон шалгаруулалтын баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж дахин нээлттэй сонгон шалгаруулалт явуулах;

15.3.2.Журмын 15.1.1, 15.1.2-т заасан нөхцөл үүссэн бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг сонгон шалгаруулалтын баримт бичигт оруулж, харьцуулалтын аргаар сонгон шалгаруулалт явуулах;

15.3.3.Журмын 15.3.1, 15.3.2-т заасны дагуу явуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд 15.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд худалдан авалт хийх.

Арван зургаа.Гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгаа

16.1.Гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хүртэлх хувиар тогтоож сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгана.

16.2.Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг хүлээлцэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.

16.3.Комисс нь үнийн дүн 200,000,000 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл худалдан авах гэрээ байгуулах нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг гүйцэтгэгчээс шаардана.

16.4.Хорооны шийдвэрээр ажпын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болох бөгөөд урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээтэй гүйцэтгэгчийн ирүүлсэн баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр төлнө.

Арван долоо.Худалдан авах ажиллагааны баримт бичгийг хадгалах

17.1.Худалдан авах ажиллагаа бүрд хавтаст хэрэг бүрдүүлж, товъёог үйлдэн, 5 жилээс багагүй хугацаанд архивд хадгална.

17.2.Хавтаст хэрэг дараах баримт бичиг, материалаас бүрдэнэ:

17.2.1.нээлттэй сонгон шалгаруулалтаас өөр арга хэрэглэсэн тохиолдолд тухайн аргыг сонгосон үндэслэл;

17.2.2.худалдан авах автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн товч тодорхойлолт, сонгон шалгаруулалтын баримт бичиг;

17.2.3.сонгон шалгаруулалтад оролцогчтой харилцсан албан бичиг;

17.2.4.сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн материал;

17.2.5.сонгон шалгаруулалтын нээлтийн тэмдэглэл, үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж;

17.2.6.сонгон шалгаруулалт амжилтгүй болсон, эсхүл бүх сонгон шалгаруулалтын материалаас татгалзсан тохиолдолд түүний шалтгаан, үндэслэл;

17.2.7.гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр, гэрээ;

17.2.8.тухайн сонгон шалгаруулалттай холбоотой бусад баримт бичиг, гэрээг дүгнэж, автоматжуулсан хэрэгслийн иж бүрдлийг хүлээж авсан баримт бичиг.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХАРИУЦЛАГА

Арван найм.Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

18.1.Сонгон шалгаруулалттай холбогдуулан Хороо хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзээд сонгон шалгаруулалтад оролцогч Хороонд бичгээр гомдол гаргавал Хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэр гаргана.

18.2.Сонгон шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжпүүлэх шаардлагатай гэж Хорооноос шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш гэрээ байгуулах эрх олгож болохгүй.

18.3.Сонгон шалгаруулалтыг зогсоолгүй үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бол шийдвэр гарснаас хойш ажлын 2 өдрийн дотор гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

18.4.Гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг Хороо хүлээж авахгүй.

18.5.Гомдол гаргаж болох тухай зохицуулалтыг сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгана.

Арван ес.Хариуцлага

19.1.Журмыг зөрчсөн ажилтан, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.