- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮРТГЭЛ, ТООЦООНЫ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 178 дугаар
тогтоолын хавсралт
ГАЗРЫН ТОСНЫ БҮРТГЭЛ, ТООЦООНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газрын тостой холбогдсон үйл ажиллагааг бүртгэх, тооцох, тайлагнах арга зүйг тодорхойлох, зохицуулахад оршино.
1.2. Энэ журам нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хамаарна.
Хоёр. Өртөг нөхөгдөх зардлыг тооцох
2.1. Гэрээлэгч, эсхүл оператор компанийн гүйцэтгэж байгаа хайгуул, бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа, татан буулгалттай холбогдон гарсан дор дурдсан зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцно:
2.1.1. гэрээт талбайд хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаанд шууд хамааралтай оролцсон Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугч гадаадын иргэн ажиллагсадтай холбоотой дараахь хөдөлмөр эрхлэлтийн зардал:
2.1.1.а. цалин хөлс (ажилтны цалингаас тооцох нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар хамаарна);
2.1.1.б. шагнал, урамшуулал;
2.1.1.в. нийтээр тэмдэглэх баярын өдөр ажилласан цалин хөлс;
2.1.1.г. ээлжийн амралтын олговор;
2.1.1.д. хөдөлмөрийн чадвар түр алдах болон тахир дутуугийн нөхөн олговор;
2.1.1.е. амьжиргаа, орон байрны бусад хөнгөлөлт;
2.1.1.ё. ажил олгогчоос төлөх тэтгэвэр, тэтгэмж;
2.1.1.ж. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээлэгч, эсхүл оператор компаниас олгосон ажлаас халагдсаны тэтгэмжийн зардал.
2.1.2. хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаанд ашиглах тусгай зориулалтын машин, тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүнтэй холбоотой дараахь зардал:
2.1.2.а. тусгай зориулалтын машин, тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол;
2.1.2.б. тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглолыг тээвэрлэхэд төлсөн тээврийн зардал;
2.1.2.в. тусгай зориулалтын машин, тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол түрээслэхэд төлсөн түрээсийн төлбөр.
2.1.3. гэрээт талбайд хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаанд эхэлж авснаа эхэлж зарлагадах аргаар зарцуулсан дараахь бараа материал:
2.1.3.а. түүхий эд;
2.1.3.б. химийн болон тэсрэх бодис;
2.1.3.в. сэлбэг хэрэгсэл;
2.1.3.г. хангамжийн материал;
2.1.3.д. гэрээт талбайгаас олборлож ашигласнаас бусад түлш, шатахуун.
2.1.4. гэрээт талбайд хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаанд гэрээлэгч, эсхүл оператор компанид үзүүлсэн гуравдагч этгээдийн дараахь үйлчилгээний зардал:
2.1.4.а. зөвлөх үйлчилгээ;
2.1.4.б. гэрээт үйлчилгээ;
2.1.4.в хангамжийн үйлчилгээ.
2.1.5. гэрээт талбайн хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ авахтай холбогдон гарсан дараахь зардал:
2.1.5.а. лабораторийн шинжилгээ хийлгэх, загварчлах;
2.1.5.б. геологи, геофизикийн боловсруулалт, тайлал хийлгэх;
2.1.5.в. мэдээлэл боловсруулах;
2.1.5.г. харилцан хамаарал бүхий этгээдээс зах зээлийн бодит үнээс илүүгүй үнээр авсан үйлчилгээ;
2.1.6. дэд бүтэц, харилцаа холбооны үйлчилгээний дараахь зардал:
2.1.6.а. цахилгаан эрчим хүч дамжуулах байгууламж барих;
2.1.6.б. зам барих;
2.1.6.в. зам, эрчим хүч, дамжуулах байгууламж ашиглах, засварлах, арчлах;
2.1.6.г. радио, бичил долгионы төхөөрөмж зэрэг харилцаа холбооны системийг худалдан авах;
2.1.6.д. харилцаа холбооны системийг түрээслэх;
2.1.6.е. харилцаа холбооны системийг суурилуулах, ажиллуулах, засварлах, арчлах;
2.1.6.ё. харилцаа холбооны үйлчилгээ авсан зардал;
2.1.6.ж. энэ журмын 2.1.6.а-2.1.6.ё-д заасан үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламжийг татан буулгах.
2.1.7. гэрээлэгч, эсхүл оператор компанийн дараахь барилга, байгууламжийг гэрээт талбайд барих, ашиглах, арчлахтай холбогдон гарсан зардал:
2.1.7.а. хээрийн албан контор;
2.1.7.б. агуулах, архив;
2.1.7.в. орон байр;
2.1.7.г. хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай барилга, байгууламж;
2.1.7.д. энэ журмын 2.1.7.а-2.1.7.г заалтад заасан ажлыг гүйцэтгэх зураг төсөв, төлөвлөлтийн зардал;
2.1.7.е. энэ журмын 2.1.7.а-2.1.7.д заалт дахь үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламжийг татан буулгах.
2.1.8. гэрээлэгч, эсхүл оператор компанийн газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай холбогдон гарсан, хуулийн шаардлагад нийцсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд гарсан дараахь зардал:
2.1.8.а. байгаль орчныг хамгаалах;
2.1.8.б. нөхөн сэргээх;
2.1.8.в. палеонтологи, археологийн судалгаа хийлгэх;
2.1.8.г. байгаль орчны үнэлгээ, хяналт-шинжилгээ, бусад судалгаа хийх;
2.1.8.д. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа.
2.1.9. гэрээт талбай дахь газрын тосны хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаа болон эд хөрөнгийн дараахь даатгалын зардал:
2.1.9.а. Монгол Улсын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компанид төлсөн даатгалын төлбөр;
2.1.9.б. газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр гадаад улсын даатгалын хуулийн этгээдэд төлсөн даатгалын төлбөр.
2.1.10. гэрээт талбай дахь хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шууд хамаарах асуудлаар гуравдагч этгээдтэй үүссэн аливаа маргаан, гомдлыг шийдвэрлүүлэхтэй холбогдон гэрээлэгч талуудын хамтын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан хууль зүйн үйлчилгээний зардал:
2.1.10.а. шүүх, арбитрын зардал;
2.1.10.б. өмгөөлөгчийн хөлс;
2.1.10.в. гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг шийдвэрлэхэд гарсан хууль зүйн үйлчилгээний зардал;
2.1.10.г. гомдол, нэхэмжлэлийг судлах, нотлох баримт цуглуулахад гарсан зардал;
2.1.10.д. төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрсөн гэрээлэгч, эсхүл оператор компанийн хууль зүйн үйлчилгээ авсан зардал;
2.1.11. захиргааны ажиллагсдаас бусад ажиллагсдыг гүйцэтгэж байгаа ажил мэргэжлийн чиглэлээр богино хугацааны сургалтад хамруулах, дадлагажуулахад гаргасан зардал;
2.1.12. хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагааны аюулгүй ажиллагаатай холбоотой зардал;
2.1.13. газрын тосны үйл ажиллагаанд хэрэглэсэн усыг цэвэршүүлэх зардал;
2.1.14. хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаанд ашигласан програм хангамж, техник хэрэгслийн зардал;
2.1.15. хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын зураг төсөл, төлөвлөлтийн зардал;
2.1.16. тухайн жилийн өртөг нөхөгдөх зардлын дүнгээс бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцсон захиргааны зардал;
2.1.17. гэрээт талбайд тухайн хуанлийн жилд 183 хоногоос доошгүй хугацаанд ажилласан удирдлага, ажилтнуудын газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой зардал;
2.2. Өртөг нөхөгдөх зардлыг хүлээн зөвшөөрөхөд дараахь журмыг баримтална:
2.2.1. өртөг нөхөгдөх зардлаас түүнд ногдуулсан аливаа хөнгөлөлт, буцаалтыг хасч, мөнгөөр төлсөн зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцно;
2.2.2. хайгуул, ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан тусгай зориулалтын машин, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, тоноглолын зардлыг ашиглалтад оруулсан үеэс өртөг нөхөгдөх зардалд тооцно;
2.2.3. бараа материал, түүхий эд, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгслийн зардлыг ашиглалтад тавьж олгосон үеэс эхлэн өртөг нөхөгдөх зардалд тооцно;
2.2.4. харилцан хамаарал бүхий этгээдээс худалдан авсан өртөг нөхөгдөх зардалд тооцогдох аливаа бараа, ажил, үйлчилгээ нь бодит үнээс ялгаатай бол Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан холбогдох журамд заасны дагуу бодит үнийг тогтоосны үндсэн дээр өртөг нөхөгдөх зардалд тооцно;
2.2.5. бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэхэд өмнөх гэрээлэгчийн хайгуулын болон ашиглалтын үед энэ журмын 11.7-д заасны дагуу баталгаажсан өртөг нөхөгдөх зардлыг үргэлжлүүлэн тооцно;
2.2.6. өртөг нөхөгдөх зардал нь анхан шатны баримтаар нотлогдсон байх ба анхан шатны баримт нь ажил, гүйлгээ гарсныг нотлох, бичгээр бүрдүүлсэн гэрээ болон нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, орлогын баримт, цагийн тооцоо, акт болон бусад нотлох баримтууд байна;
2.2.7. хоёр буюу түүнээс дээш гэрээт талбайд үйл ажиллагаа явуулдаг бол албан өрөө, цалин, түрээс, харилцаа холбоо, цахилгаан дулаан зэрэг зардлыг тухайн талбайд гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажиллагсдын тоонд үндэслэн хувь тэнцүүлж хуваарилан тооцно;
2.2.8. гэрээт талбайд албан контор, үйлдвэрлэлийн бааз байгуулагдаагүй үед захиргааны ажилтнуудаас бусад ажилтнуудын Монгол Улс дахь албан өрөө, харилцаа холбоо, цахилгаан, дулаан, цалин хөлс зэрэг зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцож болно.
Гурав. Өртөг нөхөгдөх зардалд үл тооцох
3.1. Гэpээлэгч эсхүл оператор компанийн дараахь зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй:
3.1.1. хайгуул, бүтээн байгуулалт, олборлолт, татан буулгалтын үйл ажиллагаатай холбоогүй зардал;
3.1.2. нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурийн дагуу бүртгэсэн боловч төлөгдөөгүй аливаа зардал;
3.1.3. анхан шатны баримтын бүрдэл дутуу, эсхүл зөрчилтэй, гэрээ болон нэхэмжлэлээс зөрүүтэй нэр, дансаар хийсэн гүйлгээ, холбогдох ажлын төлөвлөгөө, төсвийн дагуу зарцуулагдаагүй, хэтрүүлсэн, эсхүл гэрээнд зөвшөөрөөгүй зардал;
3.1.4. энэ журмын 9.1.1-д заасан эрлийн ажлыг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал;
3.1.5. бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олж авах үед гарсан бүх зардал;
3.1.6. бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэхэд гарсан зардал;
3.1.7. Монгол Улс болон гадаад улсад төлсөн албан татвар, хураамж, төлбөр урамшуулал, бусад үйлчилгээний хөлс;
3.1.8. гэpээлэгч, эсхүл оператор компани, тэдгээрийн туслан гүйцэтгэгч компанийн хууль тогтоомж, дүрэм, журам болон бүтээгдэхүүн хуваах гэрээг санаатайгаар болон санамсаргүй байдлаар зөрчсөний улмаас үүссэн маргааныг шүүх, арбитраар шийдвэрлүүлэхэд гарсан зардал;
3.1.9. гэpээлэгч, эсхүл оператор компанийн хувь эзэмшигч, хөрөнгө оруулагч, туслан гүйцэтгэгч нарын хооронд үүссэн маргаантай холбогдон гарсан хууль зүйн үйлчилгээний зардал;
3.1.10. бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах, дуусгавар болгох, эд хөрөнгийн асуудлаар үүссэн маргааныг арбитраар шийдвэрлэхэд гарсан зардал;
3.1.11. гэpээлэгч, эсхүл оператор компани, түүний салбар компанийн хуульчийн хууль зүйн үйлчилгээний зардал;
3.1.12. Монгол Улсын шүүх болон эрх бүхий бусад байгууллагаас ногдуулсан төлбөр, акт, торгууль, алданги, гэрээний талын ашиг сонирхол, олон нийттэй харилцах харилцааг сайжруулах, зар сурталчилгаатай холбогдон гарсан зардал, бусдад өгсөн хандив, тусламж;
3.1.13. газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулсан шинэ тоног төхөөрөмж, материал болон аргачлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор судалгаа туршилт, хийхтэй холбогдон гарсан зардал;
3.1.14. зээлийн хүүгийн зардал болон зээлтэй холбоотой гарсан бусад зардал, банкны хураамж, валютын ханшийн алдагдал болон ханшийн алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээний зардал;
3.1.15. гэрээлэгч, эсхүл оператор компани гуравдагч этгээдтэй хамтран компани үүсгэн байгуулах болон хамтран ажиллахтай холбоотой гарсан зардал (хувь, оролцооны эрх шилжүүлэхтэй холбогдуулан төлсөн аливаа төлбөр, шимтгэл, худалдан авах зардал, үүний дотор цэвэр ашгийн хувь, эрх худалдах болон түүнтэй адилтгах аливаа төлбөр);
3.1.16. хувьцаа гаргах болон ногдол ашиг төлөх зардал;
3.1.17. зээлийн хөрөнгийн болон үнэт цаас, хувьцааны буцаан төлөлт;
3.1.18. бүтээгдэхүүн хуваалтаар гэрээлэгч, эсхүл оператор компанид ногдох газрын тосонд ногдуулсан аливаа төлбөр;
3.1.19. бүтээгдэхүүн хуваах гэрээ хэлэлцээ хийх, гарын үсэг зурах, батлуулахтай холбоотой зардал;
3.1.20. гэрээт талбайд ажил гүйцэтгэсэн боловч газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад холбогдох мэдээ, тайлан, баримт материалыг ирүүлээгүй ажил, үйлчилгээний зардал эсхүл ирүүлсэн боловч холбогдох шаардлагад нийцээгүйн улмаас хүлээн аваагүй ажил, үйлчилгээний зардал;
3.1.21. бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан санхүүгийн хяналт шалгалт, баталгаажуулалт болон нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардал, хураамж, компанийн дотоод хяналт шалгалттай холбогдон гарсан зардал;
3.1.22. худалдаж авсан өртгөөр өртөг нөхөгдөх зардалд тооцогдсон үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, газрын тосны хөрөнгийн элэгдэл, хорогдлын зардал;
3.1.23. гэрээлэгч, эсхүл оператор компанийн газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа Монгол Улс болон гадаад улс дахь гүйцэтгэх удирдлага, түүнд үйлчлэх үйлчилгээний ажилтнууд, захиргааны ажилтнууд болон захиргааны үйл ажиллагаатай холбогдон гарсан дараахь зардал:
3.1.23.а. цалин;
3.1.23.б. нийгмийн даатгалын шимтгэл;
3.1.23.в. томилолт;
3.1.23.г. бичиг хэрэг;
3.1.23.д. шуудан холбоо;
3.1.23.е. сургалт;
3.1.23.ё. сонин сэтгүүл захиалга;
3.1.23.ж. ашиглалтын зардал (цахилгаан, дулаан);
3.1.23.з. албан контор, орон байрны түрээсийн төлбөр;
3.1.23.и. засвар үйлчилгээ;
3.1.23.к. харуул хамгаалалт;
3.1.23.л. цэвэрлэгээ үйлчилгээ;
3.1.23.м. тээвэр, шатахуун;
3.1.23.н. гадаад улс дахь удирдлага, тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдон гарсан бүх зардлууд;
3.1.23.о. захиргааны зориулалтаар худалдан авсан биет болон биет бус хөрөнгө болон түүний элэгдэл, хорогдлын зардал;
3.1.23.ө. захиргааны үйл ажиллагаатай холбогдон гарсан бусад зардал.
3.1.24. гэрээлэгч, эсхүл оператор компанийн үйлдэл, эс үйлдлээс болж устсан, алдагдсан эсхүл төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй худалдсан, шилжүүлсэн эд хөрөнгийн зардал;
3.1.25. гэрээлэгч, эсхүл оператор компани өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсныг нөхөн сэргээх зардал, холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгээгүй байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулсан зардал;
3.1.26. хайгуул, үнэлгээний хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл болон үнэ цэнийн бууралтын алдагдал;
3.1.27. гэpээлэгч, эсхүл оператор компанийн худалдан авсан үндсэн хөрөнгө, бараа материал гэмтэл согогтой бол үйлдвэpлэгч буюу худалдагч нь гэpээлэгч эсхүл оператор компанид зөpүүг нөхөн төлөх хүpтэл худалдан авсан үндсэн хөрөнгө, бараа материалын зардал;
3.1.28. бүх төрлийн хүлээн авалт, бэлэг дурсгалын зардал;
3.1.29. аливаа гишүүнчлэлийн татвар, хандив, тэдгээртэй холбоотой бусад зардал;
3.1.30. хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа түр зогссон хугацаанд гарсан зардал.
Дөрөв. Үндсэн хөрөнгө, бараа материал, ажил, үйлчилгээг
худалдах, худалдан авах, бусдад борлуулах,
шилжүүлэх, тооллого хийх, актлах
4.1. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь үндсэн хөрөнгө, бараа материал, ажил, үйлчилгээг худалдан авахдаа дараахь журмыг баримтална:
4.1.1. үндсэн хөрөнгө, бараа материал, ажил, үйлчилгээг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан төлөвлөгөө, төсвийн дагуу худалдан авна;
4.1.2. худалдан авсан үндсэн хөрөнгө, бараа материал, ажил, үйлчилгээний үнэ нь адил чанарын бараа, материал, ажил, үйлчилгээний олон улсын зах зээлийн үнэ, болон уг бараа, материал, ажил, үйлчилгээг худалдан авах үеийн зах зээлийн үнийн жишигтэй нийцсэн байна;
4.1.3. харилцан хамаарал бүхий этгээдээс худалдан авсан болон тэдэнд худалдсан үндсэн хөрөнгө, бараа материал, ажил, үйлчилгээний үнэ нь энэ журмын 2.2.4-т зааснаар тогтоох үнэтэй нийцсэн байна;
4.1.4. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хайгуул, ашиглалтын гэрээт ажил, үйлчилгээнд баримтлах жишиг үнийг тогтоож болно.
4.2. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь үндсэн хөрөнгө, бараа материалыг худалдаж, шилжүүлж, солилцохдоо дараахь журмыг баримтална:
4.2.1. өртөг нөхөгдөх зардалд тооцогдсон үндсэн хөрөнгө, бараа материалыг худалдан борлуулах, талбай болон цооног хооронд шилжүүлэх, солилцох үед газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна;
4.2.2. үндсэн хөрөнгийг борлуулсан бол тухайн хөрөнгийн санхүүгийн тайланд туссан үлдэгдэл өртгөөр (дансны үнээс хуримтлагдсан элэгдлийг хассан дүн) өртөг нөхөгдөх зардлыг бууруулна.
4.3. Гэрээлэгч, эсхүл оператор компанийн үндсэн хөрөнгө, бараа материалд тооллого хийхдээ дараахь журмыг баримтална:
4.3.1. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээлэгч, эсхүл оператор компанийн үйл ажиллагааны эд материал, биет хөрөнгө, барилга байгууламжийн тооллогыг хийнэ;
4.3.2. тооллогыг хайгуулын үед болон бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах үед шаардлагатай тохиолдолд, ашиглалтын үед жил бүр хийнэ;
4.3.3. тооллого эхлэхээс 20-иос доошгүй хоногийн өмнө тооллого хийх тухай гэрээлэгч, эсхүл оператор компанид мэдэгдэнэ;
4.3.4. гэрээлэгч, эсхүл оператор компани нь тооллогыг гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн хөрөнгө, бараа материалын тайлан, мэдээ, холбогдох бичиг баримтыг түргэн шуурхай гаргаж, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тооллого эхлэхээс өмнө хүргүүлсэн байна;
4.3.5. гэрээлэгч, эсхүл оператор компани нь тооллогын үр дүнг хянаж, баталгаажуулна.
4.4. Гэрээлэгч, эсхүл оператор компанийн үндсэн хөрөнгө, бараа материалыг акталж, данснаас хасахдаа дараахь журмыг баримтална:
4.4.1. үндсэн хөрөнгө, бараа, материалыг актлах, акталсан үндсэн хөрөнгө, бараа, материалыг худалдах, шилжүүлэх, данснаас хасах эсэхийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ;
4.4.2. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хугацаанд тухайн эд хөрөнгийн иж бүрдэл, чанар, бүрэн бүтэн байдлыг гэрээлэгч, эсхүл оператор компани хариуцаж, харуул хамгаалалттай байлгах үүрэг хүлээх бөгөөд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдвал хариуцлагыг хууль тогтоомжийн дагуу хүлээнэ;
4.4.3. гэрээлэгч, эсхүл оператор компани нь энэ журмын 4.4.1-д заасан шийдвэрийн дагуу эд хөрөнгийг данснаас хасч, бүртгэлд тусгана.
4.5. Гэрээлэгч, эсхүл оператор компанийн хөрөнгийг Засгийн газрын өмчлөлд шилжүүлэхэд дараахь журмыг баримтална:
4.5.1. газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд зориулан Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн гэрээлэгч, эсхүл оператор компанийн өртөг нөхөгдөх зардалд тооцогдсон цаашид ашиглах боломжтой техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа материал, түүхий эд, үл хөдлөх эд хөрөнгө нь гэрээ дуусгавар болсны дараа нэмэгдэл төлбөргүйгээр Монгол Улсын өмч болно;
4.5.2. бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болох хугацааг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлж, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлыг гүйцэтгэснээр тооцно;
4.5.3. хайгуулын үед бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болсон бол гэрээлэгч, эсхүл оператор компанийн түрээсэлсэн болон худалдаж авсан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бусад эд хөрөнгө нь энэ журмын 4.5.1-д заасан үйл ажиллагаанд хамаарахгүй;
4.5.4. ашиглалтын үед гэрээлэгч, эсхүл оператор компанийн түрээсээр ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бусад эд хөрөнгө нь энэ журмын 4.5.1-д заасан үйл ажиллагаанд хамаарахгүй;
4.5.5. үндсэн хөрөнгө, бараа материал шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг гэрээлэгч, эсхүл оператор компани хариуцна.
Тав. Газрын тосны хуваалтын тооцоог хийх
5.1. Газрын тосны хуваалтыг хүргэлтийн цэг дээр хэмжсэн нийт тосноос нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, үлдэх тосноос өртөгт газрын тосыг хасч тооцсон ашигт тосыг хуваах зарчмаар хэрэгжүүлнэ.
5.2. Газрын тосны хэмжилтийг дараахь байдлаар хийнэ:
5.2.1. гэрээт талбайгаас олборлож, худалдахаар хэмжсэн болон ашигласан нийт тосны хэмжилтийн цэгийн байршлыг тогтоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч, эсхүл оператор компани харилцан тохиролцох ба хэмжилтийн цэгийн байршлыг талууд 30 хоногийн дотор тохиролцож чадаагүй бол газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нэрлэсэн газарт хэмжилтийн цэгийг тогтооно;
5.2.2. хэмжилтийн цэг дээр хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэнэ;
5.2.3. хэмжилтийн цэг дээр газрын тосыг хэмжих төхөөрөмжийг сонгохдоо монгол орны цаг уурын байдал, тосны шинж чанар бусад холбогдох хүчин зүйлсийг үндэслэн газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч, эсхүл оператор компани харилцан тохиролцох бөгөөд олборлолтын туршилт болон олборлолтын явцад гэрээт талбайгаас олборлож, худалдахаар хэмжсэн болон ашигласан нийт тосыг хэмжилтийн цэг болон хяналтын цэг дээр эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хэмжих төхөөрөмжөөр хэмжинэ;
5.2.4. гэрээлэгч, эсхүл оператор компани нь гэрээт талбайгаас олборлосон, дотоод үйл ажиллагаанд ашиглах, хуримтлуулах болон талбайгаас борлуулах газрын тосны аливаа хэмжилтийг хийхдээ олон улсын газpын тосны салбарт хэвшсэн нийтлэг аpгачлал болон стандартад нийцсэн хэмжилтийн багаж, хэрэгслийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хэлэлцэн тохиролцоно;
5.2.5. хэpэв гэpээлэгч эсхүл оператор компани нь хэмжилтийн аль нэг багаж хэpэгсэлд тохиpуулга хийх, засваpлах эсвэл солихыг хүсвэл газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бусад эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж хянуулна;
5.2.6. гэрээлэгч, эсхүл оператор компани нь хэмжилтийн үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулах нөхцөлд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж, харилцан тохиролцоно;
5.2.7. гэpээлэгч эсхүл оператор компани нь хэмжих төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, байнгын хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих зорилгоор мэргэшсэн, хөндлөнгийн байгууллагыг ажиллуулах ба үүнтэй холбогдон гарах зардлыг гэpээлэгч эсхүл оператор компани бүрэн хариуцна;
5.2.8. газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бүтээгдэхүүн хуваах аливаа хэмжилтийг ямаp ч үед ажиглах, үнэн зөвийг тодоpхойлох зоpилгооp шалгалт хийх эpхтэй. Шалгалтаар хэмжилт нь олон улсын газpын тосны салбарт хэвшсэн нийтлэг аpгачлал болон стандартад нийцэхгүй болох нь илэpвэл газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүнийг залpуулах аpга хэмжээ авахыг гэpээлэгч эсхүл оператор компаниас шаардана. Гэpээлэгч, эсхүл оператор компани нь энэ шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотоp залруулах аpга хэмжээ авч эхлээгүй, эхэлсэн ч явц нь удаашpалтай байвал газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олборлолтыг зогсоож, эрх бүхий хөндлөнгийн гүйцэтгэгчээр хэмжилтийг хийлгэж, зардлыг гэpээлэгч эсхүл оператор компаниар төлүүлнэ;
5.2.9. гэрээт талбайгаас борлуулах зорилгоор тээвэрлэх тосны ачилт, буулгалт, тээврийн мэдээ, хэмжих хэрэгсэлд хийсэн хяналт, шалгалтын баримт, тохируулга хийсэн тайлан, баталгаажуулалт, хэмжих хэрэгсэл худалдан авсан баримт бичиг, түүний техникийн баримт бичиг, осол, гэмтэл гарсан тайлан, түүнийг засварласан мэдээ баримтуудыг доод тал нь 10 жилийн хугацаатай аюулгүй, найдвартай газарт хадгалах ба төрийн захиргааны байгууллага болон холбогдох төрийн байгууллагууд эдгээр баримтуудтай танилцах эрхтэй;
5.2.10. газрын тосны дээж авах, нягт, ус болон механик хольцийн агуулгыг тодорхойлоход олон улсын стандартыг баримтална;
5.2.11. хэмжилтийн цэг дээрх хэмжих төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан буюу хэмжилт алдаатай хийгдсэн тохиолдолд алдаа гарсан хугацааг хэмжилт алдаатай болсныг мэдсэн өдрөөс өмнө нь хэмжих төхөөрөмжийг хянаж шалгасан өдрийн хоорондох хугацааны дундах өдрөөс эхлэн тооцно;
5.2.12. гэрээлэгч, эсхүл оператор компани хэмжилтийн алдаатай байх үеийн олборлолтын үнэн бодит хэмжээг тогтоож, өмнөх хэмжилтийг залруулах бүхий л арга хэмжээ авна. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь гүйцэтгэсэн залруулгын ажлын тухай тайланг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, батлуулна.
5.3. Газрын тосны үнийг дараахь байдлаар тооцно:
5.3.1. газрын тосны суурь үнэ (бэнчмарк) гэж дэлхийд өргөнөөр худалдаалагддаг, газрын тосны худалдаанд суурь үнэ болгон хэрэглэгддэг, олон улсын бирж дээр худалдаалдаг хэмжих нэгж болон ам.доллараар илэрхийлэгдсэн газрын тосны үнийг хэлнэ;
5.3.2. газрын тосны суурь үнийг тухайн газрын тосны шинж, чанар, зах зээлийн нөхцөл байдал, байршил зэргээс хамааруулан худалдан авагч талын саналыг үндэслэн газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч харилцан тохиролцож тогтооно;
5.3.3. суурь үнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрчим хүчний мэдээллийн сүлжээ байгууллагын зарласан үнээр тогтооно;
5.3.4. суурь үнийг зарладаг мэдээллийн эх үүсвэрийг худалдан авагч талын саналыг үндэслэн газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч харилцан тохиролцож тогтооно;
5.3.5. газрын тосны нэгж үнийг олборлож худалдсан тухайн хуанлийн сарын дундаж суурь үнэд чанараас хамаарсан тохируулгыг хийж, таслалын дараахь 3 орны нарийвчлалаар тооцно;
5.3.6. чанараас хамаарсан үнийн тохируулгын хэмжээг тухайн газрын тосны суурь үнэ, шинж чанар, зах зээл, байршил, өрсөлдөх чадвар зэргээс хамааруулан худалдан авагчийн саналыг үндэслэн газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч харилцан тохиролцож тогтооно;
5.4 Нөөц ашигласны төлбөрийг дараахь байдлаар тооцно:
5.4.1. нөөц ашигласны төлбөр, өртөгт газрын тос, ашигт газрын тосны тооцоог олборлож худалдсан хуанлийн сар бүр хийнэ;
5.4.2. энэ журмын 5.2-д заасны дагуу хэмжилт хийгдсэн газрын тосны хэмжилт нэг бүрийн хувьд гэрээт талбайгаас олборлож, худалдахаар хэмжсэн болон ашигласан нийт тосны тоо хэмжээг энэ журмын 5.3-д заасан үнээр тооцож бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувь хэмжээгээр нөөц ашигласны төлбөрийг таслалын дараахь 3 орны нарийвчлалаар тооцно;
5.4.3. хуанлийн сард нийт олборлож худалдсан газрын тосны тоо хэмжээг тухайн сард олборлож худалдсан газрын тосны хэмжилт нэг бүрийн нийлбэрээр тооцно;
5.4.4. хэмжилт нэг бүр гэж олборлож худалдсан газрын тосыг агуулсан вагон, цистерн, авто машин бүрээр эсхүл хэсэгчилсэн бүлэг цувааг хэлнэ.
5.5. Өртөгт газрын тосыг дараахь байдлаар тооцно:
5.5.1. өртөгт газрын тосны хэмжээг тухайн хуанлийн сард хүргэлтийн цэг дээр хэмжсэн газрын тосноос нөөц ашигласны төлбөрт ногдох газрын тосыг хасаад үлдэх тосноос бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувиар тооцно;
5.5.2. гэрээлэгч, эсхүл оператор компани нь хуримтлагдсан өртөг нөхөгдөх зардлаа нөхөж дуустал үлдэгдлийг дараагийн хуанлийн саруудад шилжүүлэн тооцно;
5.5.3. гэрээлэгч, эсхүл оператор компанийн хуримтлагдсан өртөг нөхөгдөх зардлын үлдэгдэл тухайн хуанлийн сард нөхөн авах өртөгт газрын тосны хязгаарын хувиар тооцох хэмжээнээс бага байвал зөрүүг ашигт газрын тос гэж үзэж бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу хуваарилна;
5.5.4. бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болох эсхүл гэрээлэгчийн хүсэлтээр цуцлах тохиолдолд өртөг нөхөгдөх зардлаас нөхөгдөөгүй үлдсэн хэсгийг гэрээлэгчид олгохгүй.
5.6. Ашигт газрын тосыг дараахь байдлаар тооцно:
5.6.1. ашигт газрын тосны хэмжээг тухайн хуанлийн сард хүргэлтийн цэг дээр хэмжсэн газрын тосноос нөөц ашигласны төлбөр болон өртөгт газрын газрын тос, борлуулалттай холбоотой зардлыг хасаж тооцно. Борлуулалттай холбоотой зардлыг төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж, холбогдох гэрээгээр зохицуулна;
5.6.2. хуанлийн сарын ашигт газрын тосыг бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу Монгол Улсын Засгийн газар болон гэрээлэгчид хуваарилна;
5.6.3. ашигт газрын тосны хуваалтын хувь хэмжээ нь тухайн хуанлийн сарын газрын тосны хоногийн дундаж олборлолтын хэмжээнээс хамааран бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу шатлалтай байна;
5.6.4. энэ журмын 5.6.3-т заасан шатлалын дагуу ашигт газрын тосны хуваалтыг хийхдээ тухайн шатлалаас илүү гарсан газрын тосыг дараагийн шатлалд хамаарах хуваалтын хувиар тооцох замаар нэмэгдүүлэн тооцно;
5.6.5. Монгол Улсын Засгийн газар нь нөөц ашигласны төлбөр болон ашигт газрын тосны өөрт ногдох хувийг газрын тосоор авч болно. Тосоор авах тохиолдолд энэ тухай гэрээлэгч, эсхүл оператор компанид урьдчилан мэдэгдэнэ.
5.7. Түүхий тосноос бусад байгалийн хий, уламжлалт бус газрын тосонд энэ журамд заасан хэмжилтийн нэгж, хуваарилалтын тооцоо нь нийцэхгүй тохиолдолд олон улсад хэвшсэн нийтлэг аргачлалаар энэ журамд зааснаас өөрөөр тооцохоор газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч харилцан тохиролцож болно.
Зургаа. Газрын тосны тухай хуулийн дагуу төлөх төлбөр, урамшуулал,
үйлчилгээний хөлсийг төлөх хугацаа
6.1. Гэрээлэгч ба оператор компанийн үйлчилгээний хөлсийг дараахь хугацаанд төлнө:
6.1.1. Газрын тосны тухай хуулийн 34.5-д заасан үйлчилгээний хөлсийг хайгуул, ашиглалтын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан үед талбайн захиалга ирүүлэхээс өмнө, эрлийн ажлын үр дүнд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах санал ирүүлэх үед санал ирүүлэхээс өмнө газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад төлнө;
6.1.2. Газрын тосны тухай хуулийн 34.6-д заасан төлбөрийг холбогдох шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор төлнө;
6.1.3. Газрын тосны тухай хуулийн 34.7-д заасан төлбөрийг холбогдох шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор төлнө;
6.1.4. Газрын тосны тухай хуулийн 34.8-д заасан төлбөрийг холбогдох шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор төлнө.
6.2. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь урамшууллыг дараахь хугацаанд төлнө:
6.2.1. гэрээнд гарын үсэг зурсны урамшууллыг бүтээгдэхүүн хуваах гэрээ Монгол Улсын Засгийн газраар батлагдсан өдрөөс хойш 60 (жар) хоногийн дотор бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хэмжээгээр төлнө;
6.2.2. төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийг гэрээт жил эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хэмжээгээр төлнө;
6.2.3. сургалтын урамшууллыг гэрээт жил эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хэмжээгээр төлнө;
6.2.4. орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг гэрээт жил эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу орон нутгийн хөгжлийн санд төлнө;
6.2.5. олборлолт эхэлсний урамшууллыг олборлолт эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хэмжээгээр төлнө;
6.2.6. олборлолт нэмэгдүүлсний урамшууллыг олборлолт нэмэгдсэн хуанлийн сарын дараагийн сард багтаан бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хэмжээгээр төлнө.
6.3. Гэpээт жил гэж гэpээ байгуулсан өдрөөр тооцсон жил бүрийн уг өдрөөс эхлэн дараалсан хуанлийн 12 (арван хоёр) сарын хугацааг хэлнэ.
6.4. Санхүүгийн жил гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил буюу тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон хугацааг хэлнэ.
6.5. Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулахдаа Засгийн газрын баталсан Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулахтай холбоотой журмыг мөрдөнө.
6.6. Өртөгт газрын тос болон ашигт газрын тосны Монгол Улсын Засгийн газарт ногдох орлогыг энэ журмын 6.5-д заасан газрын тосны нөөц ашигласны төлбөрийн нэгэн адил хугацаанд төлнө.
6.7. Хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа түр зогссон бол бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан төлбөр, урамшууллыг бүрэн төлнө.
Долоо. Ажлын төлөвлөгөө, төсвийг
батлах, хяналт тавих
7.1. Газрын тосны тухай хуулийн 9.1.3-т заасан төлөвлөгөө, төсөв болон татан буулгалтын ажлын жилийн төлөвлөгөө, төсвийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталж, гүйцэтгэлд хяналт тавина.
7.2. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь Газрын тосны тухай хуулийн 11.1.3-т заасан төлөвлөгөө, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа тухайн хуанлийн жилийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ирүүлнэ. Төлөвлөгөө, төсөвт оруулах нэмэлт, өөрчлөлтийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хянаж, батална.
7.3. Ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцох бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хамааруулан эхний төлөвлөгөө, төсвийг хуанлийн жилд тохируулах асуудлыг гэрээлэгч, эсхүл оператор компани нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
7.4. Гэpээлэгч, эсхүл оператор компани нь тухайн жилийн батлагдсан төлөвлөгөө, төсөвт тусгагдаагүй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шаардлага гарсан тохиолдолд зөвшөөрлийг газрын тосны асуудалд эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас урьдчилан бичгээр авна.
7.5. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээлэгч, эсхүл оператор компанийн жилийн ажлын төлөвлөгөө, төсвийг Газрын тосны тухай хуулийн 18.8, 25.7-д заасан хугацаанд батална.
7.6. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь ашиглалтын хоёр дахь жилээс эхлэн тухайн жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг Газрын тосны тухай хуулийн 25.8-д заасан хугацаанд ирүүлж, хуанлийн жилийн эхний сард багтаан батлуулна.
7.7. Тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө нь бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй байна.
7.8. Хайгуулын ажлын доод хэмжээ гэж гэрээлэгч, эсхүл оператор компани нь бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаас багагүй хэмжээний хайгуулын ажлыг гэрээт талбайд жил бүр хийж гүйцэтгэхийг хэлнэ.
7.9. Тухайн жилийн ашиглалтын төлөвлөгөө, төсөв нь орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нийцсэн байна.
7.10. Гэрээлэгч, эсхүл оператор компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусгавар болох үед хэрэгжүүлэх татан буулгалтын төлөвлөгөө нь “Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний нэг бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд татан буулгалтын төлөвлөгөөнд байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх болон хайгуул, ашиглалтын үед ашигласан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, барьсан барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны дэс дараалал, ажлын төрөл, хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зэрэг асуудлыг тусгана.
7.11. Татан буулгалтын төлөвлөгөө гэж бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусгавар болох эсхүл цуцлах үед гэрээлэгч, эсхүл оператор компаниас байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, барьсан барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны ажлын төрөл, хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг тусгасан баримт бичгийг хэлнэ.
Найм. Эскроу дансанд мөнгөн хөрөнгө
байршуулах, зарцуулах
8.1. Гэрээлэгч, эсхүл оператор компаниас байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, барьсан барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэх баталгаа болох мөнгөн хөрөнгийг Газрын тосны тухай хуульд заасан хувиар эскроу дансанд байршуулна.
8.2. Хайгуулын үед хийгдсэн бүтээн байгуулалтын зардлыг хайгуулын үеийн зардалд тооцож, ашиглалтын үед хийгдсэн бүтээн байгуулалтын зардлыг ашиглалтын зардалд тооцож Газрын тосны тухай хуульд заасан хувиар эскроу дансанд байршуулах хөрөнгийг тооцно.
8.3. Ашиглалтын үед эскроу дансанд байршуулах хөрөнгийг тухайн жилд олборлох газрын тос, уламжлалт бус газрын тосны хэмжээ, улсын төсөв батлахад тооцсон түүхий тосны үнийг баримтлан, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тооцно.
8.4. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь энэ журмын 8.1-д заасан мөнгөн хөрөнгийг эскроу дансанд байршуулахдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкийг сонгож, эскроу данс эзэмших гэрээг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, банк, гэрээлэгч, эсхүл оператор компанийн хооронд байгуулна.
8.5. Энэ журмын 8.3-т заасан төсвийн дагуу тооцож, эскроу дансанд байршуулсан баталгаа нь тухайн жилийн гүйцэтгэлээрх баталгааны дүнгээс дутуу бол нэмж байршуулах, илүү бол дараа жил байршуулах баталгаанд шилжүүлэн тооцно.
8.6. Хайгуулын үед бий болгосон барилга, байгууламжийг татан буулгах баталгаа хөрөнгийг жил бүр хуримтлуулан байршуулах бөгөөд ашиглалтад шилжсэн тохиолдолд уг хөрөнгийг ашиглалтын үеийн эхний жилийн баталгаа хөрөнгийн зөрүүгээр чөлөөлөх, эсвэл нэмж байршуулна.
8.7. Ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах нийт баталгааны хэмжээ нь энэ журмын 9.5.3-д заасан татан буулгалтын нөөцийн дүнгээс хэтрэхгүй байна.
8.8. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталгаа хөрөнгөөр нөхөн сэргээлт, татан буулгалтыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулж болох бөгөөд баталгаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд нэмж шаардагдах хөрөнгийг гэрээлэгч, эсхүл оператор компаниас нөхөн гаргуулна.
Ес. Бүртгэлд тусгах, тайлагнах
9.1. Эрлийн үеийн зардлыг дараахь байдлаар бүртгэнэ:
9.1.1. эрлийн үед тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлөвийг тогтоох зорилгоор гүйцэтгэсэн геологи, геохими, геофизик, өрөмдлөг, тойм судалгааны ажлууд хамаарна;
9.1.2. эрлийн үе нь эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар эхэлнэ;
9.1.3. эрлийн үед гарсан зардлууд нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө стандартуудын шалгуурыг хангаж байвал хөрөнгөөр хүлээн зөвшөөрнө.
9.2. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах болон тусгай зөвшөөрөл олж авах үеийн зардлыг дараахь байдлаар бүртгэнэ:
9.2.1. бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах болон тусгай зөвшөөрөл олж авах үед эрлийн ажлын үр дүнд эсхүл сонгон шалгаруулалтаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олж авахтай холбоотой үйл ажиллагааг хамруулна;
9.2.2. бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах болон тусгай зөвшөөрөл олж авах үе нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эсхүл гэрээний эрх, үүргийг шилжүүлэх хүсэлт гаргаснаар эхэлнэ;
9.2.3. бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олж авах үед гарсан зардлуудыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын биет бус хөрөнгө стандартын дагуу хөрөнгөөр бүртгэх шаардлага хангасан бол хуримтлуулан бүртгэж, санхүүгийн байдлын тайланд биет бус хөрөнгөөр тайлагнана. Хөрөнгө хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаагүй бол холбогдох зардлаар дэлгэрэнгүй орлогын тайланд тайлагнана;
9.2.4. хайгуул, ашиглалтын талбайн геологийн судалгааны багц материалын үнэ, хайгуул, ашиглалтын талбайн захиалгын үйлчилгээний хөлс, гэрээний эрх, үүргийг шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээний хөлс, худалдаж авсан үнэ, төлбөр зэргийг “Хайгуул, үнэлгээний хөрөнгө” дансанд бүртгэж, Санхүүгийн байдлын тайланд Биет бус хөрөнгөөр тайлагнана. Хайгуул, үнэлгээний хөрөнгө дансыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаагаар хорогдуулах ба байгуулсан хорогдлын дүнгээр Хайгуул, үнэлгээний хөрөнгөд капиталжуулна;
9.2.5. Хайгуулын ажил нь хайгуулын хугацаанаас өмнө дуусаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тохиолдолд Биет бус хөрөнгө-Хайгуул, үнэлгээний хөрөнгө дансны дуусаагүй үлдэгдлийг “Хайгуул, үнэлгээний хөрөнгө” дансанд бүртгэнэ.
9.3. Хайгуулын үеийн зардлыг дараахь байдлаар бүртгэнэ:
9.3.1. хайгуулын үед гэрээт талбайд геологи, геохими, геофизикийн судалгаа, өрөмдлөг, үнэлгээ, олборлолтын туршилт хийх, нөөцийн тооцооны тайлан, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах, батлуулах зэрэг ажлуудыг хамруулна;
9.3.2. гэрээт талбай гэж бүтээгдэхүүн хуваах гэрээнд тодорхойлсон талбайг хэлэх ба гэрээт талбайн хэмжээ нь буцаасан талбайн хэмжээгээр өөрчлөгдөнө;
9.3.3. бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хайгуулын үе эхэлнэ;
9.3.4. гэрээлэгч, эсхүл оператор компани нь хайгуулын үед гарсан зардлуудыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө стандартуудад тодорхойлсон шаардлагатай нийцэж байвал хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэнэ;
9.3.5. хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс бусад хайгуулын зардлыг “хайгуул, үнэлгээний хөрөнгө” дансанд хуримтлуулан, өртгөөр нь бүртгэж, санхүүгийн байдлын тайлангийн эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт тайлагнана;
9.3.6. олборлолтын туршилттай холбогдон гарсан зардлыг хайгуулын үед хамааруулан бүртгэнэ;
9.3.7. олборлолтын туршилтаар гэрээт талбайгаас олборлож, худалдахаар хэмжсэн нийт тосыг борлуулсан бол энэ журмын 9.3.6-д заасан зардлыг орлоготой нь уялдуулан дэлгэрэнгүй орлогын тайланд зардлаар хүлээн зөвшөөрнө;
9.3.8. энэ журмын 9.3.1-д заасан ажил үйлчилгээг гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч нарт төлсөн төлбөр, гэрээлэгч, эсхүл оператор компанийн хайгуулын ажилтай шууд хамааралтай ажилчдын цалин хөлс, тэтгэмж, ашигласан бараа материал, шатахуун зэрэг хайгуулын үйл ажиллагаатай холбоотой нийтлэг зардлуудыг хайгуул, үнэлгээний хөрөнгө дансанд хуримтлуулан бүртгэнэ;
9.3.9. хоёр буюу түүнээс дээш гэрээт талбайд үйл ажиллагаа явуулдаг гэрээлэгч, эсхүл оператор компани нь гэрээт талбай тус бүрээр тодорхойлох боломжгүй нийтлэг зардлыг гэрээт талбай тус бүрээр хуваарилан хайгуул, үнэлгээний хөрөнгөд бүртгэнэ. Нийтлэг зардлыг хуваарилахдаа гэрээлэгч, эсхүл оператор компани нь өөрсдийн онцлогт тохирсон зардлын хуваарилалтын суурийг мөрдөх ба нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтээ тусгана;
9.3.10. хайгуулын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор авсан зээлийн өртгийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зээлийн өртгийн дагуу бүртгэж, тайлагнана;
9.3.11. хайгуул, үнэлгээний хөрөнгийг хүлээн зөвшөөрсний дараа гэрээлэгч, эсхүл оператор компани нь өртгийн загвар эсвэл дахин үнэлгээний загварын алийг нь ашиглахаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтээ тусгана;
9.3.12. хэрэв дахин үнэлгээний загварыг ашиглаж байвал хайгуул үнэлгээний хөрөнгийг түүний бодит үнэ цэнийг илтгэх дахин үнэлсэн дүнгээр хэмжих ба дахин үнэлсэн дүн нь дараа үеийн хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн байна. Дансны үнэ ба бодит үнэ цэнийн хооронд материаллаг зөрүү гаргахгүй байх үүднээс тайлагналын үеийн эцэс бүрт дахин үнэлгээг хийнэ. Дахин үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий хараат бус үнэлгээчин гүйцэтгэнэ;
9.3.13. хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа хайгуул үнэлгээний хөрөнгийг хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүнгээр санхүүгийн тайланд илэрхийлнэ;
9.3.14. хайгуул, үнэлгээний хөрөнгийн үнэ цэнийн бууралтын бодит нөхцөл байдлууд нь хөрөнгийн дансны үнэ нь тэдгээрийн нөхөгдөх дүнгээс хэтэрсэн байж болзошгүйг илтгэж байвал уг хөрөнгөд үнэ цэнийн бууралт бий болсон эсэхийг үнэлнэ. Үнэ цэнэ нь буурсан байвал үнэ цэнийн бууралтын алдагдлыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хөрөнгийн үнэ цэнийн бууралтын дагуу бүртгэнэ;
9.3.15. хамгийн сүүлд үнэ цэнийн гарзыг хүлээн зөвшөөрснөөс хойш хөрөнгийн нөхөгдөх дүнг тодорхойлоход хэрэглэсэн тооцоололд өөрчлөлт орсон бол өмнөх үед хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзыг буцаана. Үнэ цэнийн алдагдлын гарзыг буцаасны улмаас өсөх хөрөнгийн дансны үнэ нь үнэ цэнийн бууралт хүлээн зөвшөөрөөгүй байх үеийн дансны үнээс хэтрэх ёсгүй;
9.3.16. хайгуулын ажлын үр дүнд үр ашигтай нээлт тогтоогдож, ордыг ашиглах талаар гэрээлэгч, эсхүл оператор компани шийдвэр гаргасан үед хайгуул, үнэлгээний хөрөнгийг газрын тосны хөрөнгөд шилжүүлэн бүртгэнэ;
9.3.17. гэрээлэгч, эсхүл оператор компани хайгуулын ажлыг зогсоох шийдвэр гаргавал хуримтлуулан бүртгэсэн хайгуул, үнэлгээний хөрөнгийг тухайн тайлант үеийн алдагдлаар хүлээн зөвшөөрч, дэлгэрэнгүй орлогын тайланд амжилтгүй хайгуулын зардлаар тайлагнана;
9.3.18. тайлагналын өдрөөс хойших үйл ажиллагаагаар олж илрүүлсэн баримт нотолгооны үр дүнд хайгуул амжилтгүй болох нь тогтоогдвол энэ үйл явдлыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын тайлагналын үеийн дараахь үйл явдал стандартын дагуу тодруулна;
9.3.19. гэрээлэгч, эсхүл оператор компани нь хайгуул, үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт болон түүний зарцуулалтын талаарх нягтлан бодох бүртгэлийн бодлого, газрын тосны хайгуул, үнэлгээтэй холбоотой хөрөнгө, өр төлбөр, орлого ба зардал, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний дүнг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын үндсэн хөрөнгө эсвэл биет бус хөрөнгөд шаардсаны дагуу хэрхэн ангилсан тухай санхүүгийн тайланд тодруулна.
9.4. Ашиглалтын үеийн зардлыг дараахь байдлаар бүртгэнэ:
9.4.1. бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой зураг төсөл батлуулах, зөвшөөрөл авах болон орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ашиглалтын цооногийн өрөмдлөг, олборлолтын байгууламж, дамжуулах хоолой, дэд бүтэц барих ажил, үйлчилгээг гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлыг бүтээн байгуулалтын үед хамааруулан бүртгэнэ;
9.4.2. бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгийн шинжтэй зардлуудыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын үндсэн хөрөнгийн дагуу бүртгэлд тусгана. Бүтээн байгуулалтын үед хийгдэж буй дэд бүтцийн зардлуудыг бий болгож буй биет хөрөнгийг ангиллын дагуу дуусаагүй барилга дансанд хөрөнгийн ангиллын дагуу туслах дансанд бүртгэнэ;
9.4.3. хөрөнгийг ашиглахад бэлэн болсон үед дуусаагүй барилга данснаас холбогдох биет хөрөнгөөр ангилж, элэгдүүлнэ;
9.4.4. ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг олборлох үе шат хүртэл газрын тосны хөрөнгө дансанд капиталжуулан бүртгэнэ;
9.4.5. бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор авсан зээлийн өртгийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зээлийн өртөг стандартын дагуу бүртгэж, тайлагнана;
9.4.6. газрын тос, уламжлалт бус газрын тосыг олборлох, цуглуулах, дамжуулах, цэвэршүүлэх, хадгалах, тээвэрлэх болон борлуулах хүртэлх ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч нарт төлсөн төлбөр, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хорогдлын зардал, олборлох үйл ажиллагаатай холбоотой хуримтлуулсан зардлын тайлант үеийн элэгдлийн зардал, гэрээлэгч, эсхүл оператор компанийн олборлолтын ажилтай шууд хамааралтай ажилчдын цалин хөлс, тэтгэмж, ашигласан бараа материал, шатахуун зэрэг хайгуулын үйл ажиллагаатай холбоотой нийтлэг зардлуудыг дэлгэрэнгүй орлогын тайланд тайлант үеийн зардлаар бүртгэнэ;
9.4.7. ашиглалтын үеэс эхлэн газрын тосны хөрөнгө дансыг олборлосон бүтээгдэхүүний нэгжид үндэслэн хорогдуулан бүртгэнэ;
9.4.8. ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тайлант хугацааны зардлаар хүлээн зөвшөөрнө;
9.4.9. олборлолтын үйл ажиллагааны зардлуудыг дэлгэрэнгүй орлогын тайланд зардлаар тайлагнана.
9.5. Татан буулгалтын үеийн зардлыг дараахь байдлаар бүртгэнэ:
9.5.1. татан буулгалтын үед байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, олборлолтын цооногийг хаах, барьсан барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг хамруулна;
9.5.2. бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болох үед татан буулгалтын үе эхэлнэ;
9.5.3. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө стандартын дагуу татан буулгалтын нөөц санг байгуулах шалгуур хангагдсан гэж үзвэл Газрын тосны тухай хууль болон энэ журмын 7.11-д заасны дагуу гэрээлэгч, эсхүл оператор компани нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хайгуул, ашиглалтын үеийн барилга байгууламжийг татан буулгах нөөц санг байгуулна;
9.5.4. татан буулгалтын нөөц санг өнгөрсөн үйл явдлын үр дүнд, өнөөгийн үүрэг хариуцлага хүлээсэн, уг үүрэг хариуцлагын төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн урсгал гарах магадлалтай болсон болон үүргийн дүнг найдвартай тооцоолох боломжтой үед хүлээн зөвшөөрнө;
9.5.5. нөөц санг хүлээн зөвшөөрөх дүн нь тайлангийн өдрөөрх өнөөгийн үүрэг хариуцлагыг биелүүлэхэд шаардлагатай зардлын хамгийн сайн тооцоолол байх бөгөөд гэрээлэгч, эсхүл оператор компани нь тайлангийн өдрөөр тухайн үүргийг биелүүлэх эсхүл зохих ёсоор гуравдагч талд шилжүүлэхийн тулд төлөх дүн байна;
9.5.6. үүрэг хариуцлагын төлбөрийг барагдуулахад шаардагдах эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн урсгал гадагшлах магадлал байхгүй бол нөөц сангийн дүнг буцаана;
9.5.7. татан буулгалтын нөөц санг хүлээн зөвшөөрсөн хөрөнгийг зарсан эсхүл гуравдагч талд шилжүүлсэн болон гэрээ, хууль эрх зүйн өөрчлөлтийн нөлөөгөөр өмнө нь хүчин төгөлдөр байсан хуулийн болон үүсмэл үүрэг хариуцлага нь үгүй болсон тохиолдолд байгуулсан нөөцийг хүлээн зөвшөөрөхгүй;
9.5.8. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгалтын нөөц санг татан буулгалтын хөрөнгөд хуримтлуулах ба газрын тосны орд газрын ашиглалтын хугацаанд бүтээгдэхүүний нэгжид ногдуулах аргаар хорогдуулна;
9.5.9. татан буулгалтын хөрөнгийг газрын тосны ашиглалтын хугацаанд бүтээгдэхүүний нэгжид ногдуулан хорогдуулна.
9.6. Элэгдэл, хорогдлыг дараахь байдлаар тооцно:
9.6.1. бүтээн байгуулсан болон худалдан авсан биет хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгийг мөн стандартын биет бус хөрөнгөөр тус тус бүртгэнэ;
9.6.2. хайгуул ба үнэлгээний үед биет болон биет бус хөрөнгөөр ангилагдсан хөрөнгүүдийг ашиглагдах хугацаанд нь элэгдэл, хорогдол байгуулан, хайгуул үнэлгээний хөрөнгөд бүртгэнэ;
9.6.3. олборлолт эхэлмэгц нягтлан бодох бүртгэлийн зорилгоор хайгуул, үнэлгээний хөрөнгөд элэгдэл, хорогдлыг тооцож эхэлнэ;
9.6.4. биет болон биет бус хөрөнгийг элэгдүүлэх, хорогдуулах хугацааг гэрээлэгч, эсхүл оператор компани өөрсдийн туршлага, хөрөнгийн онцлогт үндэслэж тогтооно.
9.7. Орлого, санхүүжилтийг дараахь байдлаар бүртгэнэ:
9.7.1. гэрээлэгч, эсхүл оператор компанийн газрын тосны үндсэн үйл ажиллагааны орлого нь гэрээт талбайгаас олборлосон өртөгт болон ашигт газрын тосыг борлуулсны төлбөрт хүлээн авсан орлого байна;
9.7.2. гэрээлэгч, эсхүл оператор компанийн үндсэн бус орлого нь эд хөрөнгөд учирсан хохирлын улмаас даатгалын гэрээний дагуу олсон орлого (даатгалын шимтгэл нь нөхөн төлөгдөх зардалд тооцогдсон), газрын тосыг буулгалтын цэг хүртэл тээвэрлэх явцад устсан, олсон эсхүл алдагдсаны улмаас даатгалын гэрээний дагуу олсон орлого (даатгалын шимтгэл нь нөхөн төлөгдөх зардалд тооцогдсон) эсхүл гэм хорын нөхөн төлбөр, гэрээлэгч, эсхүл оператор компанийн дансанд бүртгэлтэй өртөг нь нөхөгдөх эсхүл нөхөгдсөн аливаа эд материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг салбар байгууллага эсхүл бусад байгууллага, хувь хүнд худалдах, экспортлох, шилжүүлэх, түрээслүүлэх үйл ажиллагаанаас олсон орлого, газрын тосны үйл ажиллагаанаас олсон мэдээллийг борлуулсны орлого, газрын тосны үйл ажиллагааны талаар гарсан шүүхийн зарга маргаанаас олсон орлого болон энэ журмын 9.7.1-д зааснаас бусад бүх орлого байна;
9.7.3. гэрээлэгч, эсхүл оператор компани нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг буулгалтын цэг дээр хэмжих үед энэ журмын 9.7.1-д заасан орлогыг хүлээн зөвшөөрч, нягтлан бодох бүртгэлд бүртгэнэ;
9.7.4. буулгалтын цэг гэж түүхий тосыг худалдахаар хэмжсэн байршлыг хэлэх бөгөөд энэ цэгийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч болон худалдан авагч тал харилцан тохиролцож тогтооно;
9.7.5. талууд газрын тосны үнэлгээг тухайн хуанлийн сарын өмнөх сард дэлхийн зах зээл дээр ижил чанарын тосыг чөлөөт валютаар худалдаалахад хэрэглэсэн үнийн дундаж болон тухайн зах зээлийн байршил, газрын тосны зэрэглэл, чанар, бусад физик шинж чанарыг харгалзан энэ журмын 5-р бүлэгт заасны дагуу тооцно;
9.7.6. хуанлийн саp гэж аргын тооллын 12 (арван хоёр) саpын 1 (нэг) нь бөгөөд энэ нь тухайн саpын эхний өдpөөс эхлэн, сүүлчийн өдpийг дуустал үpгэлжлэхийг хэлнэ;
9.7.7. гэрээлэгч, эсхүл оператор компани газрын тос борлуулах, тээвэрлэхтэй холбогдсон гэрээний төслийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад урьдчилан танилцуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулна;
9.7.8. нөөц ашигласны төлбөр, өртөгт газрын тос, ашигт газрын тосны хэмжилт, үнэлгээ, хуваарилалтын тооцоололтой холбоотой зөрүү гарсан тохиолдолд талууд зөрүүг энэ журмын 5.2-т заасны дагуу залруулна;
9.7.9. өртөгт болон ашигт газрын тосыг тооцохдоо энэ журмын 5.5, 5.6-д заасныг баримтална.
Арав. Тайлан, мэдээ гаргах
10.1. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь хайгуул, ашиглалтын үед өртөг нөхөгдөх зардлын тайланг хуанлийн улирал дууссанаас хойш 20 хоногийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
10.2. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь ашиглалтын үед энэ журамд заасан тайланг батлагдсан маягтын дагуу сар бүр гаргаж, хуанлийн дараа сарын 20-ны өдрийн дотор газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
10.3. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь энэ журмын 10.1, 10.2-т заасан тайлан, мэдээнд тусгасан хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардал, борлуулалтын орлого, зардалтай холбоотой бүх гүйлгээг санхүүгийн тайланд бүрэн тусгасан байна.
10.4. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь өртөг нөхөгдөх зардал, өртөгт газрын тосыг тооцох зорилгоор хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардал, түүхий тосны орлогыг ам.доллараар бүртгэж, тайлагнана.
10.5. Энэ журмын 10.4-д заасан орлогын, зардлын гүйлгээ нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр болон бусад валютаар гарсан бол гүйлгээ гарсан тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар ам.долларт хөрвүүлж, өртөг нөхөгдөх зардлын тайланд бүртгэнэ.
10.6. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь газpын тосны хайгуул, ашиглалт, бүтээн байгуулалт, татан буулгалтын үйл ажиллагаанд хамааpах нягтлан бодох бүpтгэлийг монгол хэл дээр, шаардлагатай гэж үзвэл монгол, англи хэл дээp давхар хөтөлнө.
10.7. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу санхүүгийн тайланг бэлтгэж, хуульд заасан хугацаанд санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын байгууллага болон газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
10.8. Гэрээлэгч, эсхүл оператор компанийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааг энэ журмын 10.2-т заасны дагуу үйл ажиллагааг бүхэлд нь эсхүл түр зогсоосон үед энэ журмын 11.1, 11.2-т заасан тайлан, мэдээг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлэхгүй байж болно.
Арван нэг. Хяналт, шалгалт хийх
11.1. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Газрын тосны тухай хуулийн 9.1.3, 9.1.8, 9.1.10, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу гэрээлэгч, эсхүл оператор компанийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаа, зарцуулсан зардал, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардал, төлбөр урамшууллын төлөлт, борлуулсан газрын тосны орлогын тооцоог үнэн зөв бүртгэж, тайлагнасан байдалд байнгын хяналт тавьж ажиллана.
11.2. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын тайланг анхан шатны баримт материалд үндэслэн хянан шалгаж, дүгнэлт гаргана.
11.3. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь анхан шатны баримт материалд үндэслэн хийх хяналт, шалгалт эхлэхээс ажлын 10 (арав)-аас доошгүй хоногийн өмнө гэрээлэгч, эсхүл оператор компанид мэдэгдэнэ.
11.4. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шалгалтыг гүйцэтгэж, үр дүнг хэлэлцэн, өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах тухай дүгнэлтийн төслийг гэрээлэгч, эсхүл оператор компанид хүргүүлнэ.
11.5. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь шалгалтын дүгнэлтийн төслийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор саналаа ирүүлнэ.
11.6. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шалгалтын дүгнэлтийг гэрээлэгч, эсхүл оператор компанийн саналын хамт Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
11.7. Төрийн аудитын байгууллага энэ журмын 11.6-д заасан дүгнэлт, саналыг хянан шалгаж, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч зөвшөөрснөөр баталгаажуулна.
11.8. Хэрэв гэрээлэгч, эсхүл оператор компани газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол төрийн аудитын байгууллага холбогдох тайлбар, нотлох баримтыг үндэслэж хянан шалгаж шийдвэрлэнэ.
11.9. Төрийн аудитын байгууллага нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч, эсхүл оператор компанид энэ тухай албан бичгээр мэдэгдэж, өөрийн гаргасан дүгнэлтээр эцэслэн баталгаажуулна.
11.10. Гэрээлэгч, эсхүл оператор компани нь шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдлоо зохих журмын дагуу дээд шатны байгууллага, албан тушаалтан болон шүүхэд гаргаж болно.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A