- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2019 оны 200 дугаар
тогтоолын хавсралт
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ
ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий мэдээлэл
Монголчуудын эх оронч үзэл өнө эртний уламжлалтай бөгөөд түүний түүхэн улбаа нь эртний нүүдэлчдийн газар нутгаа хайрлан хамгаалах сэтгэлгээнээс эхтэй. Монгол Улс уудам газар нутагтай, нүүдэлчдийн соёл иргэншилтэй, баялаг түүхтэй, хүүхэд, залуучуудад эх оронч ухаарал, үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх асуудлыг хэт үндсэрхэг үзлийн үүднээс биш, тэдний өөрсдийгөө таних, төгөлдөржүүлэх, дангааршил хийгээд даяаршихуйд нийцэхүйц боловсрол, соёлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болгон дэвшүүлж байна.
Иймд хүүхэд, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргийг ухааруулан ойлгуулж, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, газар нутаг, байгаль орчноо хайрлах итгэл үнэмшлийг төрүүлэх замаар улс орныхоо тогтвортой хөгжлийг хангаж, тусгаар тогтнолынхоо баталгааг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч байна.
Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын бүх түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүний хөгжил, эх оронч ухамсар, хандлага, монгол ахуй, өв соёл, зан заншлыг сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, чанарыг дээшлүүлэх суурь үндэс болно.
Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д заасны дагуу “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилтуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгааг шинжилж үзэхэд 5 үзэл баримтлал, 16 хууль, 9 бодлогын баримт бичиг, 18 үндэсний хөтөлбөрийн нийт 483 хэсэг, заалтуудад шууд тусгагдсан, заримтай нь агуулгын хувьд уялдсан байна.
Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010 он)-д үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны нэг чухал зарчим нь “Эх оронч үндэсний үзлийг дээдлэх”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Монгол иргэнийг төлөвшүүлэх ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, чанарыг баталгаажуулна” гэсэн хоёрдугаар зорилт, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-ийн 5.3-т “бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ” гэж тус тус тодорхойлсон.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.15-д “Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд хүүхдийг хүнлэг, эх оронч, үндэсний ухамсар, бахархалтай иргэн болж төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, хүмүүжил олгох агуулгыг тусган хэрэгжүүлнэ” гэж, 5.5.10-т “Цэргийн албыг иргэний төлөвшил, эх оронч үзэл, хүмүүжлийн үндэс байх бодлогыг хэрэгжүүлж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэн, иргэдэд эх орноо хамгаалахад оролцох, цэргийн боловсрол, бэлтгэл эзэмшүүлэх боломжийг нэмэгдүүлнэ” гэх зэрэг зорилтууд тусгагдсан нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
2.1. Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг тээгч байх, улс орныхоо тусгаар тогтнолын баталгааг нэмэгдүүлж, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалж, экосистемийн тэнцвэрт байдал болон тогтвортой хөгжлийг хангахад энэ хөтөлбөрийн зорилго оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
3.1.1. хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;
3.1.2. бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншлын агуулга, арга зүйг тусган хэрэгжүүлэх;
3.1.3. хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд бүх талын оролцоог хангаж, тэдний үйл ажиллагааг уялдуулах;
3.1.4. хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, ёс зүй, ухамсрыг төлөвшүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлан дэлгэрүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэнд, батлан хамгаалах, байгаль орчин, хууль зүй, хэвлэл мэдээлэл зэрэг нийгмийн тодорхой салбаруудад баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж, мөрдүүлэх;
4.1.2. нутаг дэвсгэрийн онцлог, боломж, түүхэн уламжлалд тулгуурласан эх оронч үзлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлж, хөгжүүлэх нэгдмэл тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.1.3. эх орны үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагын нэр, хаяг, бэлгэ тэмдэг, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний нэр, хаяг, шошго, сав, баглаа боодлын өнгө үзэмж, зар сурталчилгаа, танилцуулгыг монголчуудын амьдралын хэв, маяг, онцлогийг тусгасан, хүүхэд, залуучуудын сонирхлыг татахуйц байх шаардлагыг агуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.1.4. гэр бүлийн харилцаанд хүүхэд, залуучуудад эх орон, тусгаар тогтнолоороо бахархах, үндэсний соёл, зан заншлаа дээдлэн хүндлэх, газар нутаг, байгаль орчноо хайрлах үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд эцэг, эхчүүдийн үлгэр дуурайл, зөв хандлагыг дээшлүүлэх, айл өрх бүр угийн бичгийг хөтлөхөд арга зүйн дэмжлэг үзүүлэх;
4.1.5. өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжид хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үйл ажиллагааг уялдуулах, хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх;
4.1.6. эх оронч үзлийн чиглэлээр дагнасан судалгаа, шинжилгээ явуулдаг байгууллага, эрдэмтэн судлаачдын бүтээлээр үндэсний мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулж байх;
4.1.7. хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд бүх шатны боловсролын байгууллагаас гадна төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, эцэг, эх, иргэдийн үүрэг, оролцоог тодорхойлсон эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.1.8. хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод заасан хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлэх;
4.1.9. Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар нь хилийн чанадад байгаа монгол иргэдийг эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжлийн талаарх мэдээ, мэдээллээр тогтмол хангаж, тэдэнд эх орондоо эргэн ирэх хүсэл тэмүүллийг бий болгох.
4.2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншлын агуулга, арга зүйг тусган хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдэд ашиглаж байгаа сурах бичиг, сургалтын материал, хэрэглэгдэхүүн, гарын авлагад эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншлын агуулга, арга зүйг тусгах зорилго бүхий магадлан шинжлэх ажлын хэсэг байгуулан ажиллуулах;
4.2.2. эх оронч үзэл төлөвшүүлэх, аюулгүй амьдрах арга ухаан олгох, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаанд ашиглах хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг, сургалтын материал, хэрэглэгдэхүүн, гарын авлагыг боловсруулахдаа монгол хүний өвөрмөц онцлог, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, эх орноороо бахархах агуулгыг тусгах;
4.2.3. бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудын нас, сэтгэхүйн онцлог, нийтлэг болон тусгай хэрэгцээ шаардлагад нь тохирсон цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох агуулга болон арга зүйг тусгаж, хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид цэргийн түүх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох сургалтыг оруулах;
4.2.4. өмчийн хэлбэр харгалзахгүй их, дээд сургууль, коллежид “Цэргийн эрдмийн тэнхим” байгуулж, оюутан, суралцагчдыг сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болгох, шаардлагатай үед эх орноо хамгаалах цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах;
4.2.5. хүүхэд,залуучуудын насны онцлогийг харгалзан эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн заавал уншиж судлах түүх, соёл, урлаг, ардын аман зохиол, тоглоом наадгай, хэрэглэгдэхүүн, утга зохиолын бүтээлийн жагсаалт, ном, гарын авлага гаргаж, тэдгээрийг хэвлэн нийтлэх, олшруулж, зохих шатны боловсрол, соёлын байгууллагад олгож, айл өрхийн хэмжээнд ашиглах боломжийг хангах;
4.2.6. бүх шатны сургалтын байгууллагад өв соёлын бүтээлүүд дэх утга учир, холбогдлыг ойлгуулан, тайлбарлан таниулах сургалтыг зохион байгуулж хэвших;
4.2.7. эх орны үзэсгэлэнт байгаль, түүхэн газар орноор хүүхэд, залуучуудыг тойрон аялуулах хөдөлгөөн өрнүүлж, хэвшүүлэх, байгаль орчин, түүх, соёлын дурсгалын ач холбогдлыг ойлгуулж, хайрлах, арчлан хамгаалах ухамсар төлөвшлийг олгоход чиглүүлэх, тэднийг түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах үйл ажиллагаанд оролцуулах;
4.2.8. Монгол Улсын тусгаар тогтнол, эх орноо батлан хамгаалах, бүтээн байгуулалтад гарамгай үүрэг гүйцэтгэсэн, гавьяат үйлс бүтээсэн төр, цэрэг, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, цэрэг дайчдын амьдрал ахуйг харуулсан түүхэн үйл явдлын талаарх дурсгалын цогцолборыг байгуулж, хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх;
4.2.9. хүүхэд, залуучуудад түүх, соёл, монголын нүүдэлчин ахуй амьдрал, зан үйл, уламжлалыг таниулах ажлыг нийгэм, гэр бүл, боловсролын нэгдсэн тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлэх, соёл, урлагийн арга хэмжээ, үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтэд сурталчлах.
4.3. Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд бүх талын оролцоог хангаж, тэдний үйл ажиллагааг уялдуулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх хүрээнд улсын хэмжээний баяр наадам, тэмдэглэлт өдөр бүрийн онцлогт тохируулан монголчуудын өв соёл, уламжлалт ёс, зан үйл, ахуй, түүхэн бахархлыг сурталчлан зохион байгуулах агуулгыг тусгах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.3.2. эцэг, эх, гэр бүлийн зүгээс үр хүүхэддээ эх оронч үзэл төлөвшүүлэх үүрэг, зорилгын хүрээнд баримтлах арга зүйн зөвлөмж боловсруулж, сурталчлан таниулах;
4.3.3. бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн хүрээнд ахмад үеэ хүндэтгэх, үлгэрлэн дуурайх, тэдний улс орныхоо төлөө байгуулсан гавьяа, хөдөлмөр, зүтгэлийг сурталчлан, хувь хүн бүрийн оролцоо улс орны хөгжилд ямар чухал болохыг ойлгуулж, төрөлх эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлгээ, төлөвшлийг олгох ажлыг хамт олны дунд тогтмол зохион байгуулах;
4.3.4. бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний зүгээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
4.4. Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, ёс зүй, ухамсрыг төлөвшүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлан дэлгэрүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орныг батлан хамгаалах, эх орны бүтээн байгуулалтад гавьяат үйлс бүтээсэн баатарлаг өвөг дээдэс, цэрэг дайчид, хөдөлмөрийн алдартан, эрдэмтэн, урлаг, соёлын зүтгэлтнүүдийг алдаршуулах;
4.4.2. Монгол Улсын түүх, монгол ахуй, өв соёл, зан заншил, байгаль орчноо хайрлан хамгаалах агуулгатай уран сайхны болон баримтат, хүүхэлдэйн кино, дуу, хөгжим, бүжиг, жүжиг, утга зохиолын улсын уралдаан зохион байгуулж, судалгаа, шүүмж бичлэгийг хөхиүлэн дэмжиж, сурталчлах;
4.4.3. соёлын биет өв, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, дайн байлдаан, зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдын түүх, дурсамж, эд зүйлс, судалгаа шинжилгээний бүтээлүүдийг судлах, сэргээн засварлах, өвлөн үлдээх, олон нийтэд таниулан түгээх;
4.4.4. Монголын түүх, уламжлалт хууль цааз, монгол ахуй, ёс заншил, соёл, урлагийн салбарын судалгаа, шинжилгээний шилдэг бүтээл, туурвилын эмхэтгэл, цуврал гаргах ажлыг зохион байгуулах, нийтийн хүртээл болгох;
4.4.5. эх оронч үзэл, хүмүүжлийн талаар түүхэн эх сурвалжид тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, оюун санаа, ёс суртахуун, нийгмийн хэрэгцээнд нийцсэн бүтээл туурвих, зорилтот нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зохион байгуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтийн хүртээл болгох;
4.4.6. эх оронч үзэл, ёс зүй, ухамсрыг төлөвшүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлан дэлгэрүүлэх зорилготой радио, телевизийн нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучууд мэдээлэл олж авах тохиромжтой хэлбэрийг өргөжүүлэх.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
5.1. Хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:
5.1.1. I үе шат (2019-2022 он): Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх тогтолцоог бүрдүүлнэ;
5.1.2. II үе шат (2023-2024 он): Эхний шатны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, эх оронч үзлийг төлөвшүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.
Зургаа. Хөтөлбөрийн үр дүн
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
6.1.1. хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэх тогтолцоо боловсронгуй болно;
6.1.2. эх орон, тусгаар тогтнолоороо бахархах, хайрлан хамгаалах, хөгжүүлэх үйл хэрэгт хүүхэд, залуучуудын оролцоо нэмэгдэж, тэдний оюун санаа, ухамсарт эерэг хандлага төлөвшиж, бие бялдрын хөгжил сайжирна;
6.1.3. хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа харилцан уялдана;
6.1.4. монгол хүн бие биенээ хүндэтгэх, харилцан туслах, байгаль орчноо хайрлан хамгаалах нийгмийн орчин сайжирна.
Долоо. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
7.1. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№ |
Зорилт |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин |
Зорилтот түвшин |
Мэдээллийн эх сурвалж |
|
||||||
1. |
Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох |
Нутаг дэвсгэрийн онцлог, боломж, түүхэн уламжлалд тулгуурласан эх оронч үзлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлж, хөгжүүлэх дэд тогтолцооны өсөлт |
тоо |
9 |
30 |
Үндэсний статистикийн хорооноос сар, улирал, жил бүр эмхэтгэн гаргадаг “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” эмхэтгэл болон Боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгаалал болон эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн статистик мэдээ (цахим хуудас) |
2. |
Гэр бүлийн харилцаанд үндэсний соёл, зан заншил, удам судраа дээдлэн хүндлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эхчүүдийн үлгэр дуурайл, зөв хандлагыг дээшлүүлэх талаар зохион байгуулсан сургалт, уулзалтын хэмжээ |
тоо |
Жилдээ 2-оос доошгүй удаа |
Жилдээ 3-аас доошгүй удаа |
||
3. |
Айл өрх бүр угийн бичгийг хөтлөх талаар зохион байгуулсан арга зүйн сургалтад хамрагдсан өрхийн эзлэх жин |
хувь |
20 |
80-аас доошгүй хувь |
||
4. |
Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншлын агуулга, арга зүйг тусган хэрэгжүүлэх |
Эх оронч хүмүүжил, аюулгүй амьдрах арга ухаан олгох хичээлийн хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын эзлэх жин |
хувь |
50 |
100 |
Үндэсний статистикийн хорооноос сар, улирал, жил бүр эмхэтгэн гаргадаг “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” эмхэтгэл болон Боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгаалал болон эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн статистик мэдээ (цахим хуудас) |
5. |
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид цэрэгжлийн хичээлд хамрагдсан суралцагчид |
хувь |
20 |
100 |
||
6. |
Дунд, ахлах ангийн суралцагчдад эх оронч хүмүүжил, аюулгүй амьдрах ухаан олгож буй сургалтын талаар багш нарт зориулсан гарын авлага |
тоо |
2-оос доошгүй хичээлийн гарын авлага |
4-өөс доошгүй хичээлийн гарын авлага |
||
7. |
Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид байгуулсан Цэргийн эрдмийн тэнхим |
тоо |
5 |
25 |
||
8. |
Өсвөр үе, залуучуудын заавал уншиж судлах түүх, соёл, урлаг, утга зохиолын бүтээлийн жагсаалт гаргаж, тэдгээрийг хэвлэн нийтлэх, олшруулж, судлуулсан байдлын эзлэх жин |
хувь |
10 |
50 |
||
9. |
Эх орны байгалийн үзэсгэлэнт газар нутаг, түүхэн газар орноор өсвөр үе, залуучуудын дунд зохион байгуулсан тойрон аялал |
тоо |
Бүх шатны боловсролын байгууллага бүр жилд 1-ээс доошгүй удаа |
Бүх шатны боловсролын байгууллага бүр жилд 2-оос доошгүй удаа |
||
10. |
Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд бүх талын оролцоог хангаж, тэдний үйл ажиллагааг уялдуулах |
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын үүрэг, зорилт, чиглэлд тусгагдсан байдлын эзлэх жин |
хувь |
5 |
10 |
Үндэсний статистикийн хорооноос сар, улирал, жил бүр эмхэтгэн гаргадаг “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” эмхэтгэл болон Боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгаалал болон эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн статистик мэдээ (цахим хуудас) |
11. |
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох иргэний нийгмийн байгууллагууд |
тоо |
30-аас доошгүй |
100-аас доошгүй |
||
12. |
Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, ёс зүй, ухамсрыг төлөвшүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлан дэлгэрүүлэх |
Эх оронч үзэл, хүмүүжлийн сэдвээр зохион байгуулсан түүхэн агуулгатай кино, дуу, хөгжим, бүжиг, жүжиг, утга зохиолын улсын уралдаан |
тоо |
6 |
30 |
Үндэсний статистикийн хорооноос сар, улирал, жил бүр эмхэтгэн гаргадаг “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” эмхэтгэл болон Боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгаалал болон эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн статистик мэдээ (цахим хуудас) |
13. |
Монголын түүх, соёл, зан заншил, ёс суртахууны үнэт зүйлс, эх орны хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтыг өсвөр үе, залуучуудад ойлгуулан таниулж, өвлүүлэх талаар зохион байгуулсан сургалт, үйл ажиллагааны эзлэх жин |
хувь |
5 |
15 |
||
14. |
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орныг батлан хамгаалах, эх орны бүтээн байгуулалтад гавьяат үйлс бүтээсэн баатарлаг өвөг дээдэс, цэрэг дайчид, хөдөлмөрийн алдартан, эрдэмтэн, урлаг, соёлын зүтгэлтнүүдийг алдаршуулах бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн эзлэх жин (нэг өдөрт) |
хувь |
10 |
30 |
||
15. |
Эх оронч үзэл, хүмүүжлийн талаар бүх мэдээллийн хэрэгслийн зорилтот нэвтрүүлэг, хэлэлцүүлгийн эзлэх жин (нэг өдөрт) |
хувь |
5 |
30 |
|
Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
8.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
8.1.2. гадаадын зээл, тусламж;
8.1.3. бусад эх үүсвэр.
Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх
хяналт-шинжилгээ, үнэлгээ
9.1. Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
9.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
9.3. Шаардлагатай тохиолдолд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сараас доошгүй хугацааны дараа үр дүнд суурилсан явцын болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэж болно.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A