A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ТӨРИЙН БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 220 дугаар
тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ТӨРИЙН БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ
ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, МЭДЭЭЛЛИЙН
САН БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн сан, мэдээлэл солилцох системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг иргэн, байгууллагад цахим хэлбэрээр хүргэхэд оршино.

1.2. Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэхэд энэ журмыг баримтална.

1.3. Энэ журамд заасан “мэдээллийн сан”-д улсын бүртгэлийн, хаягийн, газрын кадастрын болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.3-т заасан төрөлжсөн бүртгэлийн цахим мэдээллийн сан хамаарна.

1.4. Олон төрлийн мэдээллийн систем болон мэдээллийн сангийн эх үүсвэртэй холбогдон ажиллах чадвартай, нийтийн түлхүүрийн дэд бүтэцтэй холбогдсон, байгууллага хооронд цахим мэдээлэл солилцох зориулалт бүхий, аюулгүй байдлыг хангасан, Үндэсний дата төвд байрших “Хур” систем нь мэдээлэл солилцох систем байна.

Хоёр. Мэдээллийн санг бүрдүүлэх

2.1. Мэдээллийн санг холбогдох хууль тогтоомж, төрийн болон бусад байгууллагаас тогтоосон журмын дагуу бүрдүүлж, Үндэсний дата төвд байршуулна.

2.2. Улсын бүртгэлийн байгууллага нь улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллийг Үндэсний дата төвд байршуулна.

2.3. Төрийн болон бусад байгууллага энэ журмын 2.1-д заасны дагуу бүрдүүлсэн мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцаж, мэдээллийг тогтоосон хугацаанд шинэчилж байна.

2.4. Мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахад үүлэн тооцоолуур ашиглах тохиолдолд дэд бүтэц нь Үндэсний дата төвд байршина.

Гурав. Цахим хэлбэрээр мэдээлэл
         солилцох, ашиглах

3.1. Улсын бүртгэлийн байгууллага төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцоход хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл солилцох системээр дамжуулна.

3.2. Улсын бүртгэлийн цахим хэлбэрээр үзүүлэх үйлчилгээг Үндэсний дата төвд байршуулсан улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний системээр дамжуулан үзүүлнэ.

3.3. Энэ журмын 3.2-т заасан улсын бүртгэлийн цахим үйлчилгээний системд төрийн болон бусад байгууллага улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр нэвтэрч, ашиглана.

Дөрөв. Мэдээлэл солилцох системд
            холбогдох талуудын үүрэг

4.1. Улсын бүртгэлийн байгууллага дараахь үүрэгтэй:

      4.1.1. Үндэсний дата төвд байршуулсан улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллийг тогтмол шинэчлэх;

      4.1.2. улсын бүртгэлийн цахим үйлчилгээний системийн ашиглалтын бэлэн байдлыг хангах;

      4.1.3. энэ журмын 2.2-т заасан мэдээллийг шинэчлэх, өөрчлөлт хийх тохиолдолд Үндэсний дата төвд урьдчилан мэдэгдэх;

      4.1.4. цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх ажилтан, албан тушаалтанд тоон гарын үсэг ашиглуулах;

      4.1.5. улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ангилал, кодчиллын тухай мэдээллийг Үндэсний дата төвд жилд нэг удаа хүргүүлэх;

       4.1.6. энэ журмын 2.2-т заасан мэдээллийг төрийн болон бусад байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр ашиглуулах.

4.2. Тагнуулын байгууллага дараахь үүрэгтэй:

      4.2.1. мэдээлэл солилцох системээр дамжих цахим мэдээллийн  нууцлал, цахим мэдээлэл солилцох ажиллагааны нууцлал, аюулгүй байдлын нэгдсэн шаардлагыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих;

      4.2.2. мэдээлэл солилцох системийн мэдээлэл авсан түүхчилсэн бичлэгт хандах, хяналт тавих;

      4.2.3. мэдээлэл солилцох системд холбогдсон талуудад цахим мэдээлэл алдагдах, үрэгдэх эрсдэлийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

      4.2.4. цахим мэдээллийн сан, системийн аюулгүй байдлын талаар энэ журмын 4.2.1-д заасан шаардлагын дагуу зааварчилгаа өгөх.

4.3. Үндэсний дата төв дараахь үүрэгтэй:

      4.3.1. мэдээлэл солилцох системд холбогдох төрийн болон бусад байгууллагын техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох;

      4.3.2. мэдээлэл солилцох системээс мэдээлэл авсан түүхчилсэн бичлэг хөтлөх, статистик мэдээ гаргах, холбогдох талуудыг мэдээллээр хангах;

      4.3.3. мэдээлэл солилцох систем дэх төрийн байгууллагын цахим мэдээллийн нэр төрөл, тодорхойлолтыг мэдээлэх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлах;

      4.3.4. мэдээллийн сангийн мэдээллээс тухайн төрийн байгууллагын хуульд заасан бүрэн эрхэд хамаарах мэдээллийг ашиглуулах талаар гэрээ байгуулах;

      4.3.5. энэ журмын 4.3.4-т заасан гэрээнд үйлчилгээний нэр, төрөл, тухайн үйлчилгээг ашиглах байгууллагын нэр, цахим үйлчилгээнд хандах зэрэглэл, эрх бүхий ажилтны үүрэг, мэдээллийн сан, системийн ашиглалт, үйлчилгээний аюулгүй байдал, тогтвортой ажиллагааны нөхцөл, шаардлагыг тусгах;

      4.3.6. цахим хэлбэрээр мэдээлэл солилцох болон ашиглахад иргэн, эрх бүхий албан тушаалтан тоон гарын үсэг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх;

      4.3.7. цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, ашиглах талаар төрийн байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

      4.3.8. тус төвд байршуулсан мэдээлэл болон хуулбар мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах;

      4.3.9. мэдээлэл солилцох системийн хөгжүүлэлт, тогтвортой ажиллагааг хариуцан зохион байгуулах;

       4.3.10. төрийн болон бусад байгууллага хооронд байгуулсан гэрээг үндэслэн мэдээлэл солилцооны системээс цахим мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлэх.

4.4. Төрийн болон бусад байгууллага цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах талаар дараахь үүрэгтэй:

      4.4.1. мэдээллийн аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангах;

      4.4.2. мэдээллийн систем нь энэ журмын 4.3.1-д заасны дагуу тодорхойлсон техникийн нөхцөл, шаардлагыг хангасан байх;

      4.4.3. мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаарх дүрэм, журмыг мөрдөх;

      4.4.4. мэдээллийн аюулгүй байдалд аудитыг хоёр жил тутамд, эрсдэлийн үнэлгээг жилд нэгээс доошгүй удаа, шаардлагатай тохиолдолд тухай бүр хийх;

      4.4.5. Үндэсний дата төвд байршуулсан цахим мэдээллийн санг тогтмол шинэчилж, цахим архив үүсгэх;

      4.4.6. үйлчилгээний цахим системийн ашиглалтын бэлэн байдлыг хангах;

      4.4.7. мэдээлэл солилцох системд байршуулсан цахим мэдээллийн санд шинэчлэлт, өөрчлөлт, үйлчилгээ хийх тохиолдолд Үндэсний дата төвд урьдчилан мэдэгдэх;  

      4.4.8. төрийн байгууллага мэдээлэл солилцох системд өөрийн цахим мэдээллийн санг байршуулж, түүний ашиглалтын бэлэн байдлыг хангах;

      4.4.9. цахим хэлбэрээр үзүүлсэн үйлчилгээний түүхчилсэн бичлэг хөтлөх, статистик мэдээ гаргах;

      4.4.10. цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх ажилтан, албан тушаалтан тоон гарын үсэг ашиглах;

      4.4.11. мэдээллийн сангийн ангилал, кодчиллын тухай мэдээллийг Үндэсний дата төвд жилд нэг удаа хүргүүлэх.

Тав. Бусад зүйл

5.1. Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ журмын 1.3-т заасан  мэдээллийн санг бүрдүүлэхгүй.

5.2. Мэдээлэл солилцох системээс өөр хэлбэр, арга хэрэгсэл ашиглан  энэ журамд заасан мэдээлэл солилцохыг хориглоно.

5.3. Төрийн болон бусад байгууллагын ажилтан энэ журамд заасан цахим мэдээллийг албаны бус зориулалтаар ашиглах, хуулбарлах, бусдад дамжуулах, задруулахыг хориглоно.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


-----о0о-----