- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2019 оны 214 дүгээр
тогтоолын хавсралт
ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын дийлэнх нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан бөгөөд 2018 оны байдлаар уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 72 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, төсвийн орлогын 30 орчим хувийг тус тус бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 87 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, үүнээс 90 гаруй хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна.
2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 15.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 21 хувиар өсчээ.
Өнөөгийн байдлаар хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд ган туйван, ган бөмбөлөг, катодын зэс, зэс утас, цемент, шохой, тээврийн хэрэгсэл угсрах болон метал хийцийн зарим үйлдвэрүүд ажиллаж байгаа хэдий ч ихэнх үйлдвэрийн түүхий эд, сэлбэг, хэрэгсэл импортоос хараат, хүний нөөц дутагдалтай, борлуулалт муу, эргэлтийн хөрөнгө дутагдалтай, шинэ техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх боломж хомс, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болоогүй зэргээс дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн импортын бараатай өрсөлдөх боломж хязгаарлагдмал байна. Иймд дотоодын үйлдвэрлэлийн борлуулалтыг төрөөс бодлогоор дэмжих, зах зээлийг хамгаалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
Хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд шаардлагатай түүхий эдийн нөөц, түүний олборлолт, экспортын байдал, цаашдын хандлагыг авч үзвэл, 2017 оны байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 640 мянган тонн, “Оюутолгой” ХХК 800 гаруй мянган тонн зэсийн баяжмал олборлон экспортолсон байна. Оюутолгойн ордын гүний уурхай болон Цагаансуваргын зэсийн орд ашиглалтад орсноор зэсийн баяжмалын олборлолт, экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Цаашид зэсийн баяжмалын нөөцөд тулгуурлан баяжмалыг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цэвэр зэс экспортлогч орон болох боломж байна.
Монгол Улсын алтны олборлолт 2012 онд 2.8 тонн байсан бол 2017 онд 19.8 тонн болж, бараг 7 дахин, төмрийн баяжмалын үйлдвэрлэл 2017 онд 7.7 сая тонн, экспорт 6.3 сая тонн болж тус тус өссөн байна. Түүнчлэн уул уурхай болон барилгын салбарын үйлдвэрлэл эрчимтэй өсч, дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Цаашид төмрийн хүдрийн нөөцөд тулгуурлан дотоодын ган, ширмэн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, улмаар машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна.
Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байна. Манай улсын шатахууны хангамж гадаад эх үүсвэрээс бүрэн хамааралтай өнөө үед газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, хэрэгцээгээ хангахаар төлөвлөн ажиллаж байна.
Нүүрсний хувьд хүрэн нүүрсний арвин нөөцтэй, 2017 оны байдлаар геологийн нөөц 173.0 тэрбум тонн, үүнээс ашиглалтын нөөц 37.4 тэрбум тонн бүртгэгдээд байна. Нүүрсний арвин их нөөцөд тулгуурлан нүүрсийг гүн боловсруулах, нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх, химийн үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой бөгөөд энэ чиглэлээр томоохон төслүүд хэрэгжихээр байна.
Гэвч манай улсын хүнд үйлдвэрийн талаарх эрхзүй, татварын орчин, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт болон экспортод тодорхой асуудлууд тулгамдаж байна.
Хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, шинэ үйлдвэрүүдийг барьж байгуулах нь өндөр зардалтай, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт байдаг тул тус салбарт гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалтыг татах болон гадаадын хөнгөлөлттэй зээлд хамааруулах боломжийг бүрдүүлэх үүднээс Засгийн газраас санхүүгийн баталгаа гаргах, дотоодын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр дэмжих шаардлагатай байна.
Одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалт хангалтгүй, дотоодын зах зээлийг хамгаалах, дэмпингийн чанартай импортын эсрэг зохицуулалтын механизм бий болоогүй, дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх боломж хомс, Монгол Улсын хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын тээвэр, ложистикийн дэд бүтэц бий болоогүй байна.
Хүнд үйлдвэрт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах арга хэмжээ авч, хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа суурьшлын бүсүүдэд хөрөнгө оруулалтыг татах, тэдгээрийн дэд бүтцийн барилга байгууламжуудыг барьж байгуулахад төрөөс татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын худалдаанд импортлогч орноос тавьж байгаа тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх, хүнд үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан болно.
Хүнд үйлдвэрт эхний ээлжинд металлурги, машин байгууламж, газрын тос, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрийг хамруулах бөгөөд цаашид уран, цайр, жонш болон бусад төрлийн эрдсийг боловсруулах үйлдвэрлэлийг үе шаттайгаар байгуулж хөгжүүлэх бэлтгэлийг хангана.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцийн хөгжил, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан металлурги, машин байгууламж, газрын тос, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрийг байгуулж хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
2.2.1. хүнд үйлдвэрийн хөрөнгө оруулалт болон татварын таатай, тогтвортой эрхзүйн орчинг бий болгох;
2.2.2. гадаад улс орнуудтай хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах;
2.2.3. өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг байгуулах бэлтгэлийг хангах, алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах;
2.2.4. хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагалдах үйлдвэрүүдийн хамт хөгжүүлэх;
2.2.5. нүүрс гүн боловсруулах болон химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
2.2.6. газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж хөгжүүлэх;
2.2.7. үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
2.2.8. хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1. Хүнд үйлдвэрийн хөрөнгө оруулалт болон татварын таатай, тогтвортой эрхзүйн орчинг бий болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1. хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагааг уялдуулах, хүнд аж үйлдвэрлэл-худалдаа-хөрөнгө оруулалтын цогц бодлогыг дэмжихэд чиглэсэн Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах;
3.1.2. хүнд үйлдвэрийн салбарын боловсруулалтын түвшинг ахиулах, үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах;
3.1.3. хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийг барьж байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахад төр хувь эзэмших, баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлэх;
3.1.4. хүнд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад эргэлтийн хөрөнгийн бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор дотоод, гадаадын санхүүгийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх арга хэмжээ авах;
3.1.5. хүнд үйлдвэрийн салбарыг бүтээгдэхүүний зах зээл, эрэлт хэрэгцээ, түүхий эдийн нөөцтэй уялдуулж хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр холбогдох судалгааг хийх, энэ чиглэлээр гадаадын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
3.1.6. гадаад улс орнуудтай байгуулсан худалдаа, эдийн засгийн хэлэлцээрүүдэд хүнд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын худалдаанд импортлогч орноос тавьж байгаа тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах;
3.1.7. импортыг орлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр дотоодын үйлдвэрлэлийн худалдан авалтыг бодлогоор дэмжих, дотоодын зах зээлийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3.1.8. уул уурхай, хүнд үйлдвэрийн хөгжлийг дэмжих, чадавхыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн байгууллагуудын хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийн арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлэх, хамтран ажиллах;
3.1.9. хүнд үйлдвэрийн техник, технологийн аудитын механизмыг бий болгох.
3.2. Гадаад улс орнуудтай хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. өмнөд бүсийн уул уурхай, хүнд үйлдвэрийн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах;
3.2.2. Хэрлэн голд урсцын тохируулга хийж, түүнийг алсын зайд дамжуулан ашиглах болон газрын доорх усыг гадаргуугийн устай хослуулан ашиглах боломж нөхцөлийн талаар судалгаа хийж, боломжтой газруудад зураг төсөл зохиох, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх;
3.2.3. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам болон говийн бүсэд хэрэгжүүлэх авто замын төслүүдийг барьж байгуулах;
3.2.4. Тавантолгой болон Зүүн бүсийн нүүрсний ордыг түшиглэн үйлдвэрлэл, технологийн паркийг дэд бүтцийн хамт цогцоор нь байгуулж хөгжүүлэх.
3.3. Өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг байгуулах бэлтгэлийг хангах, алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1. Эрдэнэт болон Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангаж, зэс экспортлогч орон болох үндэс суурийг тавих;
3.3.2. хүхэрт хийг боловсруулж хүхэр гарган авах технологи болон нүүрсний давхаргын байгалийн хийг ашиглах судалгаа явуулах;
3.3.3. хүхрийн хүчлийг фосфоритын баяжмалд уусгаж, фосфорын бордоо гаргаж авах судалгаа хийх, туршилт явуулах;
3.3.4. зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах хүхэрт хий болон бусад дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг байгуулах, байгаль орчны сөрөг нөлөөг багасгах, техник технологийн оновчтой шийдлийг сонгож, хэрэгжүүлэх;
3.3.5. хүхрийн хүчлийг тээвэрлэх, экспортын зах зээлд хүргэх тээвэр-ложистикийн сүлжээг байгуулах;
3.3.6. катодын зэс үйлдвэрлэх шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах замаар цэвэр зэсийн үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх;
3.3.7. катодын зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, дотоодын болон гадаад зах зээлд борлуулах;
3.3.8. алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах;
3.3.9. молибденийн баяжмал боловсруулах үйлдвэр, хүхэрт натрийн үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээн хөгжүүлэх;
3.3.10. зэсийн баяжмал боловсруулах болон алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэрийг байгуулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх.
3.4. Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагалдах үйлдвэрүүдийн хамт хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1. ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар анхдагч хүдрийн экспортын хэмжээг үе шаттайгаар бууруулах;
3.4.2. төмрийн хүдрийг боловсруулах болон гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулах, техник технологийн түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авах;
3.4.3. ган туйван, ган бөмбөлөг, ган утас зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах;
3.4.4. Орхон болон Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах;
3.4.5. төр-хувийн хэвшлийн хамтарсан кокс, төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг байгуулахад дэмжлэг үзүүлэх.
3.5. Нүүрс гүн боловсруулах болон химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.5.1. гадаад зах зээлийн импортын хэрэгцээ, монгол орны дэд бүтцийн дамжин өнгөрүүлэх чадвар, хөрөнгө оруулалтын өгөөж зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан нүүрсний салбарын үйлдвэрлэл, экспортын хэмжээг эрс нэмэгдүүлж, бүс нутгийн нүүрсний томоохон экспортлогч орон болох нөхцөлийг бүрдүүлэх;
3.5.2. Тавантолгойн ордын нүүрсний олборлолт, боловсруулалтыг экспортод чиглэсэн иж бүрэн чиглэлээр хөгжүүлэх;
3.5.3. говийн болон зүүн бүсийн ордуудыг түшиглэн кокс химийн үйлдвэрийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, түүхий эдийн нөөц, шинж чанарт тулгуурлан хөгжүүлэх арга хэмжээг авах;
3.5.4. Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс-химийн үйлдвэрийг барьж байгуулах;
3.5.5. Нялга-Чойрын дүүргийн нүүрсний ордуудыг түшиглэн нүүрс хийжүүлэх үйлдвэрийг барьж байгуулах.
3.6. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.6.1. Дорноговь аймагт газрын тос боловсруулж, авто бензин, дизель түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулах;
3.6.2. газрын тосоор тогтвортой хангах, нөөц нэмэгдүүлэхэд чиглэсэн ашиглалтын үеийн хайгуулын ажлыг эрчимжүүлэх;
3.6.3. газрын тосны бүтээгдэхүүний бага оврын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих.
3.7. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.7.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх;
3.7.2. металл хийц, машин үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжин хөгжүүлэх;
3.7.3. хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинээр парк байгуулах асуудлыг судалж, эдийн засгийн тооцоо, үр өгөөжид үндэслэн дэд бүтцийн хамт цогцоор хөгжүүлэх;
3.7.4. хүнд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний сорилтын лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх;
3.7.5. хүнд үйлдвэрийг цогцоор хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай дэд бүтэц, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, эрчим хүчээр тасралтгүй хангахад дэмжлэг үзүүлэх;
3.7.6. хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хөгжлийн ажлыг эрчимжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ төрлийг бий болгох, технологийн түвшинг сайжруулах, инновацийг нэвтрүүлэх;
3.7.7. хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр боловсруулж батлуулах;
3.7.8. хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
3.8. Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.8.1. шинээр баригдах болон одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдэд шаардлагатай мэргэжлийн инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажиллах хүчний судалгааг гарган системтэй бэлтгэх арга хэмжээ авах;
3.8.2. инженер, техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, политехникийн коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах;
3.8.3. ажлын байран дахь болон зайны сургалтаар мэргэжилтэй ажилчдыг сургаж, бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;
3.8.4. боловсруулах үйлдвэрийн нарийн мэргэжлээр өндөр хөгжсөн оронд давтан сургах, туршлага судлуулах, чадавхжуулах;
3.8.5. салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр сургалтын баазыг шинэчлэх, бэхжүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
4.1. Хөтөлбөрийг 2019-2023 онд 5 жилийн хугацаанд дараахь үе шаттай хэрэгжүүлнэ.
4.1.1. I үе шат: 2019-2020 он;
4.1.2. II үе шат: 2021-2023 он.
Тав. Хөтөлбөрийн үр дүн
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
5.1.1. хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, экспортын худалдааны эрх зүй, хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн тогтвортой, таатай орчинг бүрдүүлнэ.
5.1.2. цэвэр зэс, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ.
5.1.3. газрын тосны бүтээгдэхүүн автобензин, дизель түлшний импорт буурч, гадаад худалдааны тэнцлийн орлого нэмэгдэнэ.
5.1.4. шинэ үйлдвэрүүд нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орно.
5.1.5. хүнд үйлдвэрийн салбараас улсын болон орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэж, бүс нутгийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна.
Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
6.1. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№ |
Зорилт |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин, он |
Зорилтот түвшин, он |
Мэдээллийн эх сурвалж |
|
2018 |
2023 |
||||||
1. |
Хүнд үйлдвэрийн эрх зүй, хөрөнгө оруулалт болон татварын таатай, тогтвортой орчинг бий болгох |
Шинээр боловсруулж батлуулах хуулийн тоо |
Хуулийн тоо |
- |
2 |
“Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн хөгжлийн бодлогын нөхцөл байдлын дүн шинжилгээ”-2018 |
|
2. |
Хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр гадаад улс орнуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг уялдуулах |
Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих |
Төслийн тоо |
2 |
4 |
“Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн хөгжлийн бодлогын нөхцөл байдлын дүн шинжилгээ”-2018 |
|
3.
|
Өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах бэлтгэлийг хангах, үйлдвэрийг байгуулах |
Катодын зэс /99,99% |
мян.тн |
15 |
25 |
“Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн хөгжлийн бодлогын нөхцөл байдлын дүн шинжилгээ”-2018 |
|
Зэс кабель утас |
тн |
200 |
500 |
||||
Цэвэршүүлсэн алт |
тн |
20 |
25 |
||||
4.
|
Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагалдах үйлдвэрүүдийн хамт хөгжүүлэх |
Ган бүтээгдэхүүн |
мян.тн |
70.0 |
550.0 |
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн судалгаа-2018 |
|
Ширмэн бүтээгдэхүүн |
мян.тн |
6.0 |
20.0 |
||||
5. |
Нүүрс гүн боловсруулах болон химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх |
Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс-химийн үйлдвэрийг барьж байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нялга-Чойрын дүүргийн нүүрсний ордуудыг түшиглэн нүүрснээс байгалийн нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулах бэлтгэл хангагдсан байна. |
“Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн хөгжлийн бодлогын нөхцөл байдлын дүн шинжилгээ”-2018 |
||||
6. |
Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, хөгжүүлэх |
Газрын тосны бүтээгдэхүүн |
мян.тн
|
- |
560.0 авто бензин |
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ |
|
- |
670.0 дизель түлш |
||||||
- |
107.0 тн шатдаг хий |
||||||
7. |
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх |
Шинээр байгуулагдах парк болон үйлдвэрийн тоо |
|
- |
5 том үйлдвэр, 5 үйлдвэр техникийн парк, тэдгээрийг дагалдах үйлдвэрүүд |
“Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн хөгжлийн бодлогын нөхцөл байдлын дүн шинжилгээ”-2018 |
|
8. |
Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, дадлагажуулах |
Ажлын байр (шинээр) |
|
- |
5000 |
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх
санхүүжилтийн эх үүсвэр
7.1. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.
7.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
7.1.2. гадаадын зээл, тусламж;
7.1.3 гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
7.1.4 концесс;
7.1.5. бусад эх үүсвэр.
Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ
8.1. Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.
8.2. Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
-----o0o-----
Текст томруулах
A
A
A