A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 201 дүгээр
тогтоолын хавсралт

 

ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ
ХАМГААЛАХ, ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан аюулт үзэгдэл, осол болон олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл байдлын үед (цаашид “онцгой нөхцөл байдал” гэх) хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журмыг хэрэгжүүлэхэд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийг тус тус удирдлага болгоно.

Хоёр. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг
          хамгаалах удирдлага, зохион байгуулалт

2.1. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн бүх төрлийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдал, мөлжлөгөөс хамгаалуулах эрхийг хангахын тулд цаг алдалгүй тусламж, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, боловсролын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага нь нутгийн захиргааны байгууллага, цагдаа, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран  зохион байгуулна.

2.2. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх талаар энэ журмын 2.1-д заасан бүх байгууллага, алба улирал бүр харьяалах салбар, нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

2.3. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

       2.3.1. боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, онцгой байдал, цагдаа, нийгмийн халамж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, олон улсын, хүмүүнлэгийн болон дотоодын төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийг байгуулж ажиллуулах;

       2.3.2. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад орон байр, боловсрол, хоол тэжээл, ундны цэвэр ус, ариун цэвэр, зам, тээврийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын салбар дундын уялдаа холбоог хангах, хяналт тавих;
        2.3.3. онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламж, дэмжлэг, үзүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангах.

2.4. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

        2.4.1. гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах үзүүлэх асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

        2.4.2. онцгой байдлын үед төөрсөн, хаягдсан хүүхдийг эрэн хайх, авран хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулах.

2.5. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

       2.5.1. онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах бэлэн байдлын төлөвлөгөөтэй байх;

       2.5.2. онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн сурч боловсрох эрхийг хангаж, боловсролын үйлчилгээг тасалдуулахгүй байх;

       2.5.3. гамшгийн эрсдэлд өртсөн хүүхдийг байрлуулах, асрамжлах байр танхимаар хангах;

       2.5.4. хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх.

2.6. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

        2.6.1. онцгой нөхцөл байдлын үед эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх;

        2.6.2. онцгой нөхцөл байдлын үед орчны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай зохион байгуулах;

        2.6.3. шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг төлөвлөн, хэрэгжүүлэх;

        2.6.4. гамшгийн дараахь эрүүл ахуйн эрсдэлийг тодорхойлох, орчны ариун цэврийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээ авах.

2.7. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

        2.7.1. онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах үйлчилгээний зураглал, түргэвчилсэн үнэлгээний маягтыг батлан хэрэгжүүлэх;

        2.7.2. онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгааллын бэлэн байдлын төлөвлөгөөг жил бүр боловсруулан батлуулах, зардлыг төсөвт тусгах;

        2.7.3. хүүхэд хамгааллын салбар дундын бүлгээс гарсан шийдвэрийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийн үед хүүхэд хамгааллын чиглэлээр авах шуурхай арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлэх;

        2.7.4. хүүхэд гэр бүлээс тусгаарлагдах, бүх төрлийн хүчирхийлэл, дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах;

        2.7.5. аймаг, нийслэл, сум, дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, чадавхжуулах;

        2.7.6. хүүхдийн эрхийг хамгаалах, эрх нь зөрчигдсөн хүүхдэд хамгааллын үйлчилгээ, тусламж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

        2.7.7. онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөмж  боловсруулж тараах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, олон нийтэд сурталчлах.

2.8. Цагдаагийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

        2.8.1. онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

        2.8.2. хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалалтад авах, аюулгүй байдлыг хангах;

        2.8.3. нийтийн хэв журмыг хамгаалах, урьдчилан сэргийлэх.

2.9. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

        2.9.1. онцгой нөхцөл байдал үүссэн нутаг дэвсгэрт хүүхдийн эрхийг хамгаалах талаар үнэн бодит мэдээлэл, зураглал гаргах, анхдагч хэрэгцээг шуурхай үнэлэх, дээд шатны байгууллагыг мэдээллээр хангах;

        2.9.2. онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг хамгаалах байгууллагын бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

        2.9.3. хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн үүрэг гүйцэтгэх;

        2.9.4. хүүхэд гэр бүлээсээ тусгаарлагдахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах;

        2.9.5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх;

        2.9.6. эрх нь зөрчигдсөн, гэр бүлээсээ тусгаарлагдсан, хүчирхийлэл, дарамтад өртсөн хүүхдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;

        2.9.7. онцгой нөхцөл байдлын үед төөрсөн, хаягдсан гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх ажлыг зохион байгуулах;
        2.9.8. хүүхдийн эрх,  хамгааллын мэргэжилтнүүд (хамтарсан багийн гишүүд, багш, нийгмийн ажилтан, сайн дурын ажилтан)-ийн судалгаанд тулгуурлан тэднийг чадавхжуулах, онцгой нөхцөл байдлын үед дайчлан ажиллуулах.

2.10. Орон нутгийн онцгой байдлын хэлтэс, албад дараахь үүрэг хүлээнэ:

        2.10.1. хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

        2.10.2. онцгой нөхцөл байдлын үед орон нутгийн мэргэжлийн ангийг арга зүй, удирдлагаар хангаж ажиллах;

       2.10.3. хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг авран хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулах.

2.11. Нутгийн захиргааны байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

        2.11.1. орон нутгийн Засаг дарга онцгой нөхцөл байдлын үед мэргэжлийн ангийг удирдлага, арга зүйгээр хангах;

        2.11.2. онцгой нөхцөл байдлын үед  хүүхэд хамгаалахтай холбогдсон зардлыг орон нутгийн төсөвт тусгах.

2.12. Дотоодын хүмүүнлэгийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

       2.12.1. онцгой нөхцөл байдлын үед хүүхдэд анхан шатны тусламж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;

       2.12.2. онцгой нөхцөл байдлын үед хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх;

       2.12.3. онцгой нөхцөл байдлын үед ажиллах холбогдох байгууллага, мэргэжлийн ангид нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах;

       2.12.4. гамшиг, онцгой нөхцөл байдлын үед тусгаарлагдсан хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, холбон зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах.

Гурав. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах
       чиглэлээр үзүүлэх тусламж, дэмжлэг

3.1. Онцгой нөхцөл байдлын үед яаралтай тусламж үзүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд сайн дураар мөнгөн болон бусад тусламж, дэмжлэг үзүүлж болно.

3.2. Энэ журмын 3.1-д заасан тусламж, дэмжлэгийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 38.1-д заасан журмын дагуу зохион байгуулна.

3.3. Олон улсын хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээн зөвшөөрөх, хүлээн авах, хуваарилах, олгох асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн               39.4-т заасны дагуу зохион байгуулна.
3.4. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах зориулалт бүхий бараа, үйлчилгээ нь олон улсын хүмүүнлэгийн тусламжийн стандартыг хангасан байна.

Дөрөв. Бусад

4.1. Онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгаалахтай холбогдсон зардлыг тухайн байгууллага өөрөө хариуцах ба аймаг, нийслэл, сум, дүүргийн арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс,  улсын төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

4.2. Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

4.3. Энэ журмын хэрэгжилтэд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны Засаг дарга нар өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.

 


-----o0o-----