A

A

A

Бүлэг: 1979

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын

                                                                                                            2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар                                                                                                                     тушаалын хавсралт

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ, ХЯНАН ШАЛГАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь эргүүлийн чиглэлийн бүсийг тогтоох, хяналт тавих арга, хэлбэр, зам, замын байгууламж, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, зөрчлийг бүртгэж, шийдвэрлэх, зам тээврийн ослын газрыг хамгаалах, тээврийн хэрэгслийг дайчлах, албадан зогсоох, эрэн сурвалжлах, тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, замын хөдөлгөөнд хяналт тавихад хөтлөх бүртгэл, судалгаа хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэхүү журмыг дараах тохиолдолд баримтална:

            1.2.1.Цагдаагийн албан хаагч, олон нийтийн цагдаа /цаашид албан хаагч гэх/ замын хөдөлгөөнийг зохицуулах, хянан шалгах, үүрэг гүйцэтгэхэд;

            1.2.2.иргэн замын хөдөлгөөнд оролцох болон хуулийн этгээдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад;

            1.2.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийн 8.2.1, 8.2.2, 8.2.3, 8.2.4 дэх заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 27-37 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд цагдаагийн байгууллага буюу алба хаагч тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхэд;

            1.2.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4-д заасан үүргийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулахад.

1.3.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан хаагчид холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хоёр. Эргүүлийн чиглэлийн бүсийг тогтоох, хяналт тавих арга, хэлбэр

2.1.Эргүүлийн чиглэл нь дараах төрөлтэй байна:

2.1.1. үүрэг гүйцэтгүүлэхээр албан хаагчид хариуцуулсан тодорхой нутаг дэвсгэр;

2.1.2.замын хөдөлгөөнийг хянах байнгын болон зөөврийн хяналтын байр;

2.1.3.замын хөдөлгөөний зохицуулалт, хяналтын төв.

2.2.Эргүүлийн чиглэлийн бүсийг дараах байдлаар тогтооно:

            2.2.1. үүрэг гүйцэтгүүлэхээр албан хаагчид хариуцуулсан тодорхой нутаг дэвсгэрийн эргэн тойронд явганаар 200 метр хүртэл, суурин газарт мотоциклоор 5 км хүртэл, автомашинаар 15 км хүртэл зайд;

            2.2.2. байнгын болон зөөврийн хяналтын байрнаас явганаар 100 метр хүртэл, мотоциклоор 25 км хүртэл, автомашинаар 75 км хүртэл замд;

            2.2.3. замын хөдөлгөөний зохицуулалт, хяналтын төвд нэг алба хаагч 5 дэлгэц тутамд.

2.3.Албан хаагч замын хөдөлгөөнд хяналтыг биечлэн болон хяналтын төхөөрөмж ашиглаж, ил буюу далд хэлбэрээр хэрэгжүүлнэ.

 2.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтыг дараах чиглэлээр тавина:

            2.4.1.замын хөдөлгөөнд оролцогч болон тээврийн хэрэгсэлд;

            2.4.2.замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэлд;

            2.4.3.зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд.

2.5.Нутаг дэвсгэрийн хүн ам, тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөний нягтрал, онцлог, байдлыг харгалзан нийслэл болон орон нутгийн замын бүсчлэл, жилийн бүр зохион байгуулах нэгдсэн арга хэмжээг тусгасан ерөнхий төлөвлөгөөг цагдаагийн төв байгууллагын замын цагдаагийн асуудал эрхэлсэн нэгжийн дарга батална.

2.6.Энэ журмын 2.5 дахь хэсэгт заасан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, ашиглах техник, тусгай хэрэгсэл, ажиллах цагийг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, дээд шатны даргын гаргасан шийдвэрт нийцүүлэн тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжийн дарга батална.

2.7.Алба хаагч эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ дараах журмыг мөрдөж ажиллана:

2.7.1. эргүүлийн чиглэл, ажиллах хугацаа, цаг агаарын нөхцөлд тохируулан албаны дүрэмт болон хөдөлмөр хамгааллын хувцсыг нийслэлд Улаанбаатар цагдаагийн хүрээний даргын, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын даргын шийдвэр, холбогдох зааврын дагуу өмссөн байх;

2.7.2.албаны болон жолоодох эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, агсамжийг биедээ авсан байх;

Тайлбар: Агсамжид холбооны хэрэгсэл, дохиур, нэг бүрийн тусгай хэрэгсэл, шалгах төхөөрөмж хэвлэгч, хэвлэгчийн цаас, шаардлагатай хэвлэмэл маягт, харандаа, тэмдэглэлийн дэвтэр, будагч бодис буюу шохой, /офицер албан хаагч бол өнгийн бал, өнгийн харандаа, зайны хэмжигч/ зэрэг байна.

2.7.3.ажил, үүргээ эхлэхийн өмнө автомашин, мотоцикл, бусад техник, тусгай хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, хэвийн ажиллах боломжгүй бол шууд захирах даргад илтгэх, тухайн чиглэлд ажиллаж байсан алба хаагчаас албаны автомашин, мотоцикл, бусад техник, тусгай хэрэгслийг хүлээн авах тохиолдолд хүлээлцсэн тэмдэглэл үйлдэх;

2.7.4.богино долгионы холбооны хэрэгслээр хоорондоо харилцахдаа товч, тодорхой, албаны үг, хэллэг хэрэглэх;

2.7.5.шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэхдээ нэг цаг тутамд харьяалах ерөнхий жижүүрт нөхцөл байдлаа илтгэх;

2.7.6.автомашин болон техник, тусгай хэрэгслийг зааврын дагуу ашиглах, албан бичиг баримт, бүртгэл судалгааг бүрэн, зөв, эмх цэгцтэй хөтлөх;

2.7.7. бусад байгууллагын алба хаагчийн ажилд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах;

2.7.8.зэргэлдээ эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа болон бусад цагдаагийн алба хаагчтай холбооны хэрэгслээр шаардлагатай мэдээлэл солилцож хамтран ажиллах;

2.7.9.шаардлагатай тохиолдолд харьяалах нэгжийн ерөнхий жижүүрээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажиллаж, дүнг танилцуулах;

2.7.10.эргүүлийн чиглэлд зам тээврийн осол гарсан тохиолдолд хэргийн газарт шуурхай очиж, чиг үүрэг, чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг авах;

2.7.11.илрүүлсэн зөрчил, зам тээврийн осол, түүний шийдвэрлэлт, гүйцэтгэсэн үүрэг, замын хөдөлгөөний болон бусад нөхцөл байдлын талаар  шууд захирах дарга, ахлах зохицуулагч эсхүл ерөнхий жижүүрт биечлэн буюу холбоо, мэдээллийн хэрэгслээр илтгэх.

2.8.Үүрэг гүйцэтгэх алба хаагчид нэгжийн дарга, ахлах зохицуулагч эрүүгийн болон хэв журмын, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, тээврийн хэрэгсэл, эд зүйлсийн талаарх мэдээлэл, анхаарах асуудал, гүйцэтгэх үүргийн чиглэлийг танилцуулна.

2.9. Энэ журмын 2.7.1, 2.7.2 дахь хэсэгт заасан албаны болон хувийн бэлтгэлийг энэ журмын 2.8 дахь хэсэгт заасан албан тушаалтан шалгаж болно.

2.10. Шаардлагатай тохиолдолд ерөнхий жижүүр бүсийн эргүүлийг гэмт хэрэг үйлдэгдсэн газарт хамгаалалтад ажиллуулах, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор хуваарьт бүсээс бусад газарт түр хугацаагаар ажиллуулж болно. Энэ тохиолдолд хуваарийг баталсан албан тушаалтанд мэдэгдэж, түүний гүйцэтгэж байсан үүргийг өөр алба хаагчид хариуцуулах ажлыг зохион байгуулна.

2.11. Алба хаагчийг эргүүлийн чиглэлд томилсон албан тушаалтан түүний үүрэг гүйцэтгэсэн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, эргүүлийн чиглэлээс буух зөвшөөрөл олгоно.

2.12. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, нутаг дэвсгэрт эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндрэх зэрэг зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд хуваарьт зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэх, цагийн хуваарийг зөрчиж ажиллуулахгүй. Зайлшгүй шаардлагатай үед эргүүлийн чиглэлд хуваарилсан албан тушаалтан уг хуваарийг өөрчилж болох ба албан хаагчийн ажлын цагийн бүртгэлд энэ тухай тэмдэглэнэ.

2.13. Албан хаагчийн аюулгүй байдлыг хангах, албан үүрэгт харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь заалтад заасан эргүүлийн нэг чиглэлд 2-оос доошгүй албан хаагчийг ажиллуулна.

2.14.Замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулж болно:

            2.14.1. техник, хэрэгсэл ашиглан /түр тэмдэг, тэмдэглэл, хаалт, хашилт, гэрлэн дохио, телекамерын удирдлага бүхий нэгдсэн систем, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, чанга яригч хэрэгсэл зэрэг техник төхөөрөмжийн тусламжтайгаар/;

            2.14.2. биечлэн /Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу албан хаагч гар, дохиурын хөдөлгөөн, биеийн байрлалаар/.

2.15.Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшлийн зам, талбайд энэ журмын 2.14 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хийж болно.

2.16.Гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзвар, гарц, явган хүний гарц, төмөр замын гарам дээр дараах тохиолдолд замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулна:

2.16.1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн замын хөдөлгөөнд оролцоход;

2.16.2.замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал /зам, замын байгууламж эвдэрсэн, байгалийн гамшиг, гал түймэр, халдварт өвчин гэх мэт/ үүсэхэд;

2.16.3.эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад;

2.16.4. зам тээврийн осол, гэмт хэрэг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, байгалийн гамшиг, гал түймэр зэрэг шаардлагатай үед;

2.16.5. тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл буюу цуваа өнгөрөхөд.

2.17.Замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгсэл гэмтсэн, буруу, дутуу ажилласан, эсхүл зохицуулдаггүй уулзвар, гарц, явган хүний гарц, төмөр замын гарам дээр түгжрэл саатал үүссэн тохиолдолд биечлэн зохицуулж болох бөгөөд энэ тухайгаа нийслэлд замын хөдөлгөөн зохицуулах нэгжид, орон нутагт харьяалах ерөнхий жижүүрт мэдэгдэнэ.

2.18.Биечилсэн зохицуулалт хийхдээ шүглийн чимээгээр хөдөлгөөнд оролцогчдын анхаарлын өндөржүүлэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана.

2.19.Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд гэрэлтдэг дохиуртай, гэрэл ойлгогч бүхий хантаазтай байх бөгөөд бусад нөхцөлд дохиуртай, эсхүл цагаан өнгийн бээлийтэйгээр замын хөдөлгөөн зохицуулж болно.

2.20.Алба хаагч энэхүү журмын 2.16-д зааснаас бусад нөхцөлд замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулахыг хориглох бөгөөд замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж ажиллана.

2.21.Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө, удирдамжид эрүүгийн, хэв журмын нөхцөл, нийгэмд учруулах хор хөнөөл, хохирлын байдлаас шалтгаалан хариуцаж ажиллах албан тушаалтан, шаардагдах хүн хүч, техник хэрэгслийн тоо, хамрах хүрээ, хугацаа, хамгаалалт зохицуулалтын онцлог зэрэг шаардлагатай асуудлыг тусгана.

2.22.Хамгаалалтын чиглэл, хугацаа, хүн хүч зэрэг мэдээллийг цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан нэгж, ажилтан  дээд шатны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрсний дагуу иргэдэд мэдээлж болох ба бусад алба хаагч олон нийтэд мэдээлэл түгээхгүй.

2.23.Албан хаагч тээврийн хэрэгслийг зогсоож шалгахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална.

2.24.Энэ журмын 2.23 дахь хэсэгт заасны дагуу зогсоож шалгах болон  замын хөдөлгөөнд оролцогч, бусад этгээдтэй харилцахдаа дараах зааврыг мөрдөнө:

2.24.1.харилцааг эхлүүлэхдээ “Амрыг эрье, Би ... /албан тушаал, нэр, цолоо хэлэх/ ... байна.” гэх;

2.24.2. иргэн шаардсан тохиолдолд албаны үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гарт нь өгөхгүйгээр харуулж, хувийн дугаараа хэлэх;

2.24.3. бичиг баримтыг шалгахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасныг баримталж, цагдаагийн шалгах төхөөрөмж, мэдээллийн сангаас хайлт хийх;

2.24.4.тээврийн хэрэгслийг зогсоох болсон үндэслэл нотлогдоогүй, эсвэл зөрчилгүй болох нь тогтоогдвол даруй бичиг баримтыг буцааж өгөх;

2.24.5.тээврийн хэрэгслийг зогсоосон үндэслэл нотлогдсон тохиолдолд гаргасан зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн заалтыг танилцуулж, газар дээр нь   боломжтой бол зөрчлийг даруй шийдвэрлэн, жолоочид бичиг баримт, шийтгэлийн хуудсыг хэвлэж /бичиж/ өгөх;

2.24.6.зөрчлийг хуульд заасан эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, хууль, тогтоомжийг тайлбарлан өгөх;

2.24.7.энэ журмын 2.24.6-д заасан тайлбарыг үл зөвшөөрсөн  тохиолдолд дуу-дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баримтжуулж, тухайн шийдвэртэй холбоотой гомдлыг харъяалах аймаг, дүүргийн хяналтын прокурорт эсхүл эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажлын 5 өдрийн дотор гаргах эрхийг сануулан, харилцааг дуусгавар болгох;

2.24.8.зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдэд шилжүүлэх тохиолдолд зөрчлийн тухай тэмдэглэл, илтгэх хуудас бичих, хэрэв баримт бичиг, эд зүйл хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, эзэмшигч, эсхүл байлцсан хүний гарын үсэг эсхүл хурууны хээгээр, зөрчлийн холбогдогч байхгүй тохиолдолд дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулан ерөнхий жижүүр буюу шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд болон зөрчил гаргагчид өгөх;

2.24.9. жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдлээ хянах чадваргүй тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-д заасныг баримтлан, зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээ авах;

2.24.10.холбогдох хууль, тогтоомжийн дагуу авсан арга хэмжээг эсэргүүцсэн, довтолсон, зугтаасан, биед нь халдсан тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн “Тавдугаар бүлэг”-т заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх;

2.24.11.энэ журмын 2.24.10 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн үед харьяалах ерөнхий жижүүрт мэдэгдэн, тусламж, зааварчилгаа авах.

Гурав. Зам, замын байгууламж, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл,

тээврийн хэрэгсэлд хяналт тавих

3.1.Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн:

3.1.1.тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан, эсхүл хуурамч тэмдэглэгээ хийсэн байж болзошгүй;

3.1.2.улсын бүртгэлийн дугааргүй, хуурамч улсын бүртгэлийн дугаартай, улсын дугаарын тоо, үсэг бүдгэрч арилсан, улсын дугаарын харагдах байдлыг бууруулж байрлуулсан буюу өөрчилсөн байж болзошгүй;

3.1.3.тээврийн хэрэгслийн зориулалт, загварыг өөрчилсөн, угсарсан, эсхүл зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдаагүй буюу тэнцээгүй байж болзошгүй;

3.1.4.техникийн норм, дүрэм, стандартын шаардлага илт хангаагүй;

3.1.5.тусгай дуут болон гэрлэн дохио зөвшөөрөлгүй тавьж хэрэглэсэн байж болзошгүй, эсхүл хэрэглэх журмыг зөрчсөн;

3.1.6.Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 4 дүгээр хавсралтад заасан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй байж болзошгүй байдалд хяналт тавина.

3.2.Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн:

3.2.1.эвдэрсэн, гэмтсэн, хөдөлгөөнд оролцогчдод буруу мэдээлэл өгч байгаа эсэх;

3.2.2.цаг агаарын болон бусад шалтгаанаар үзэгдэх орчин хангалтгүй болсон, зорчих хэсэгт бохирдол, халтиргаа гулгаа үүссэн байдал;

3.2.3.илт буруу эсхүл хууль тогтоомжоор эрх олгогдоогүй иргэн, хуулийн этгээд зөвшөөрөлгүйгээр байрлуулсан эсэх;

3.2.4.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зам сэтэлсэн, орц, гарц гаргасан болон замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг халхлах зэргээр замын хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулах зүйлийг зам дээр буюу түүний ойролцоо байрлуулсан эсэх;

3.2.5.харанхуй үед замын гэрэлтүүлэг асахгүй, зорчих хэсэг, явган хүний зам дээрх худгийн таг байхгүй буюу эвдэрсэн зэргээр хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл үүссэн байдалд хяналт тавина.

3.3.Энэ журмын 3.1, 3.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн үед албан хаагч ажил, үүргийн хуваарьт заасан эрх хэмжээний дагуу шууд захирах албан тушаалтан, ерөнхий жижүүр, бусад эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэх, шилжүүлэх буюу шийтгэл оногдуулах аль тохирох арга хэмжээ авна.

3.4. Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгсэлд учирсан гэмтэл, зөрчил, байгалийн гамшиг зэрэг нөхцөл байдлын улмаас замын хөдөлгөөнд оролцогч хэвийн, аюулгүй зорчих боломжгүй гэж үзсэн хойшлуулшгүй тохиолдолд замын хөдөлгөөний чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах арга хэмжээг авч, энэ тухай харъяа цагдаагийн байгууллагын ерөнхий жижүүрт мэдэгдэнэ.

3.5.Энэ журмын 3.4 дахь мэдээллийг хүлээн авсан ерөнхий жижүүр нь замын хөдөлгөөнийг урсгал чиглэлийг өөрчлөх, хязгаарлах, хаах шийдвэр гаргуулахад шаардлагатай мэдээллийг холбогдох албан тушаалтанд танилцуулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх ажиллагааг зохион байгуулна.

Дөрөв. Зөрчлийг бүртгэж, шийдвэрлэх

4.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгж дараах зөрчлийг энэ журмын “Арав”-т заасан бүртгэл, судалгааны маягтын дагуу тус тус бүртгэнэ.

            4.1.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

            4.1.2.зам тээврийн осол үйлдсэн;

            4.1.3.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрх нь дуусгавар болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

            4.1.4.ашиглахыг хориглосон гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодсон;

            4.1.5.хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар заасан;

            4.1.6.шууд харъяалах байгууллагаас үүрэг болгосон бусад.

4.2. Албан хаагч илрүүлсэн зөрчлийг шийдвэрлэхдээ дараах ажиллагааг явуулна. Үүнд:

4.2.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.6, 6.8 дахь хэсэгт  заасны дагуу илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх;

4.2.2.Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр  хүн, тээврийн хэрэгслийг түр саатуулах.

4.3. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн ажил хариуцсан офицер албан тушаалтан, хэсгийн төлөөлөгч хариуцсан эргүүлийн чиглэлд гарсан зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бол хэргийн газарт хийсэн үзлэгийн дүнг үндэслэн дараах ажиллагааг хийнэ:

4.3.1.зөрчлийг хялбаршуулсан журмаар, эсхүл хэрэг бүртгэлтийн хэрэг нээж нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх;

4.3.2.шаардлагатай тохиолдолд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий байгууллагаар тогтоолгох, зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үйлдэл буюу Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг тодорхойлох;

4.3.3.зөрчил үйлдсэн буруутай хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах;

4.3.4.холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой арга хэмжээ /даатгалын тодорхойлолт гаргаж өгөх, шүүхэд нотлох баримтыг хуулбарлаж өгөх/-г хэрэгжүүлэх.

4.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль,  тогтоомжийг зөрчсөн үйлдлийг илрүүлэх, шийдвэрлэх, замын хөдөлгөөн зохицуулахдаа дэвшилтэт техник, технологийг ашиглаж болно.

Тав. Зам тээврийн ослын газрыг хамгаалах

5.1. Алба хаагч зам тээврийн ослын газарт очмогц дараах арга хэмжээг авч, харьяалах ерөнхий жижүүрт мэдэгдэн, түүний зааврын дагуу ажиллана:

5.1.1.гэмт үйлдлийг таслан зогсоох, хэрэв боломжгүй бол хууль хяналт, батлан хамгаалах чиг үүрэг бүхий бусад байгууллага, алба хаагчийн туслалцааг хүсэх;

5.1.2.ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, эсхүл эмчийн зааврын дагуу эмнэлгийн байгууллагад хүргүүлэх зэрэг холбогдох арга хэмжээг авч, энэ тухай ерөнхий жижүүрт мэдэгдэх;

5.1.3.ослын газрын үзлэг хийх хамгаалалтын бүс үүсгэн, хамгаалалтад авах;

5.1.4. хуульд заасан бусад.

5.2.Зам тээврийн ослын газрыг хамгаалахдаа бусад хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих боломжийг хангах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу замын хөдөлгөөний чиглэлийг түр өөрчилж, хааж болох ба энэ тухай харьяалах цагдаагийн байгууллагын ерөнхий жижүүрт мэдэгдэнэ.

5.3.Хэргийн газрыг бүхэлд нь буюу хамгаалалтын бүсийг тогтоон тээврийн хэрэгслийн тоормосны мөр, бусад нотлох баримтыг бүдгэрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор будагч бодис ашиглан тэмдэглэгээ хийж болно.

5.4.Зам тээврийн ослын газрын ойролцоо байгаа иргэдээс мэдээлэл, тухайн үйл явдлыг харсан хүний овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэн авч, жижүүрийн бүрэлдэхүүн, эсвэл шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд  өгнө.

5.5.Осолд холбогдогч хэргийн газраас зугтаасан тохиолдолд тухайн хүн,  тээврийн хэрэгсэл, жолоодож явсан этгээдийн талаарх мэдээлэл, зугтсан байж болох чиглэл, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өнгө, бусад содон шинж, тэмдгийг боломжтой хэлбэрээр тодруулан ерөнхий жижүүрт мэдэгдэж, хэргийн газарт очсон үзлэг хийх эрх бүхий албан тушаалтанд танилцуулна.

5.6.Ослын газарт үзлэг хийх үед болон үзлэг хийсний дараа замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулж хэвийн байдалд оруулна.

Зургаа. Тээврийн хэрэгслийг дайчлах

6.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг дайчилж болно.

6.2.Тээврийн хэрэгслийг дайчилсан тохиолдолд даруй харьяалах ерөнхий жижүүрт мэдэгдэж, бүртгүүлнэ.

6.3.Тээврийн хэрэгсэл дайчилсан тухай тэмдэглэл үйлдэх бөгөөд тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өмчлөгч, эзэмшигчийн тухай мэдээлэл, холбогдох утас, тээврийн хэрэгслийг ашигласан огноо, маршрут, зай, хугацааг тусгаж баталгаажуулна. Тэмдэглэлийг 2 хувь үйлдэж,  жолооч, шууд захирах даргад өгнө.

6.4.Тээврийн хэрэгслийг дайчилсан тохиолдолд холбогдох зардлыг Цагдаагийн байгууллага хариуцна.

Долоо. Тээврийн хэрэгслийг албадан зогсоох

7.1.Цагдаагийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тусгай хэрэгслийг хэрэглэж, тээврийн хэрэгслийг албадан зогсооно.

7.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсооход дугуйг хагалж хийг гаргах, дугуйн эргэлтийг сааруулах, дугуйг түгжиж хөдөлгөөнийг хязгаарлах зориулалт бүхий төхөөрөмж, албаны тоноглол бүхий тээврийн хэрэгслийг ашиглана.

7.3.Тээврийн хэрэгслийг дараах байдлаар албадан зогсооно:

7.3.1.тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэн очиж зогсох дохио өгч, хашиж хөдөлгөөнийг хязгаарлах;

7.3.2.дугуй хагалах зориулалттай багаж /зараа/-ийг зугатаж яваа чиглэлийг хааж тавих;

7.3.3.том оврын тээврийн хэрэгслээр саад хийх;

7.3.4.дугуйны эргэлтийг сааруулах, түгжих зориулалт бүхий төхөөрөмж ашиглан хөдөлгөөнийг хязгаарлах.

7.4.Цагдаагийн алба хаагч нь тээврийн хэрэгслийг албадан зогсоохдоо боломжтой бүх тохиолдолд зугтсан тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өнгө, явсан чиглэл, бусад шаардлагатай мэдээллийг харьяалах ерөнхий жижүүрт даруй мэдэгдэн, зааврын дагуу ажиллана.

7.5.Энэ журмын 7.4 дэх хэсэгт заасан мэдээллийг авсан ерөнхий жижүүр дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тээврийн хэрэгслийг албадан зогсоох ажлыг ажлыг зохион байгуулна.

7.6.Энэ журмын 7.3.3 дахь хэсэгт заасан саад тавихдаа бүхээгт нь буюу түүний тэвш, чиргүүл дээр жолооч, зорчигч байлгахыг хориглоно.

7.7.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох үед иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.

Найм. Тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах

8.1.Цагдаагийн байгууллага Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу  тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилна.

8.2.Эрх бүхий бусад этгээд тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах шийдвэрийг хойшлуулшгүй ажиллагаанаас бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад бичгээр шийдвэрийг ирүүлнэ.

8.3.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан эрэн сурвалжлах шийдвэрийг цахим санд бүртгэсэн бол бичгээр гаргасан шийдвэр ирүүлэхийг шаардахгүй.

8.4.Цагдаагийн төв байгууллагын дарга нийгэмд учрах хохирол, эрсдэл, аюулын зэрэглэлээс шалтгаалан эрэн сурвалжлах ажиллагааны зэрэглэл тогтоож болно.

8.5.Нийслэлд замын цагдаагийн нэгж, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын ерөнхий жижүүр тээврийн хэрэгсэл эрэн сурвалжилж байгаа мэдээллийг алба хаагчдад зарлах бөгөөд энэ журмын 8.2-д заасан шийдвэрт заасан мэдээллийг цахим санд бүртгэнэ.

8.6.Эрэн сурвалжлахаар зарлагдсан тээврийн хэрэгслийг илрүүлсэн цагдаагийн алба хаагч харьяалах ерөнхий жижүүрт мэдэгдэх бөгөөд ерөнхий жижүүрийн өгсөн зааврын дагуу ажиллана.

8.7.Эрэн сурвалжлахаар зарлагдаж, түр саатуулагдсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны зөвшөөрлөөр түр саатуулах хашаа /байр/-наас гаргана. Эрэн сурвалжилсан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-нд байлгах үеийн зардлыг буруутай этгээд хариуцна.

8.8.Тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилсантай холбоотой гомдол, хүсэлтийг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцна.

8.9.Цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэх явцдаа эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэлтэй адил төстэй тээврийн хэрэгслийг зогсоон марк, улсын дугаар, өнгө, арал, хөдөлгүүр, бүхээгний дугаар, ачаа, тээш, бусад баримт мэдээллийг цагдаагийн шалгах төхөөрөмж, бусад техник хэрэгсэл ашиглаж шалгана.

8.10.Эрэн сурвалжилж байсан тээврийн хэрэгслийг эзэнгүй орхигдсон үед олж тогтоосон цагдаагийн алба хаагч нь тухайн тээврийн хэрэгслийг хамгаалалтанд авах ба тээврийн хэрэгсэл олдсон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэгийн баг үзлэг хийсний дараа тухайн байрнаас хөдөлгөх, зөөж шилжүүлэх, түр саатуулах арга хэмжээ авна.

Ес. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах

9.1.Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтад заасан үүргийн хүрээнд түгжрэл саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглох гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цагийн талаарх саналаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.

9.2.Аймаг, нийслэл, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 9.1-д заасан саналыг хэлэлцэж, тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл  түр зогсоохыг хориглох гудамж, зам, түүний хамрах хүрээ, түр саатуулах хашаа /байр/-ны тоо, хашааны зогсоолын талбайн хэмжээг тогтоосон журам батлах бөгөөд аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь энэхүү шийдвэрийн дагуу тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулахад тавигдах шаардлагыг хангасан аж, ахуйн нэгж, байгууллагатай ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, түүнд дараах зүйлийг тусгана:

9.2.1.тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа, зохион байгуулалт, хориглох зүйл, төлбөрийн хэмжээ, жолооч, техникийн ажилтанд болон чирэгч, ачигч тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөөж шилжүүлсэн тухай мэдээлэл хүргэх, гомдол мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх;

9.2.2.тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үеийн аюулгүй ажиллагаа, зохион байгуулалт, хориглох зүйл, төлбөрийн хэмжээ, харуул хамгаалалт болон хашаанд тавигдах шаардлага, харуулын ээлжийг хүлээлцэх, тээврийн хэрэгслийг хүлээн авах, жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгөх ажиллагаа, тээврийн хэрэгсэл, түүний ачаа тээшний хадгалалттай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх, тээврийн хэрэгсэл битүүмжлэн хадгалсны төлбөр, бусад зүйлийг.

9.3.Тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах байгууллага нь өөрийн эзэмшлийн зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгсэлтэй байна. Зөөж шилжүүлэх үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор жолоочоос гадна техникийн ажилтан ажиллуулна.

9.4.Цагдаагийн байгууллага нь өөрийн харьяанд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх тусгай зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгсэл, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулж болох ба энэ тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтад заасан тухайн нутаг дэвсгэрт мөрдүүлэхээр тогтоосон төлбөрийн хэмжээг мөрдөнө.

9.5.Цагдаагийн байгууллага нь тээврийн хэрэгслийг түр саатуулсан, зөөж шилжүүлсэн тухай мэдээллийг лавлах утсаар авах боломжоор хангах, энэ тухай иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулах үед эзэмшигчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гар утасны дугаарт мессежээр мэдэгдэж болно.

9.6.Нийслэлд замын цагдаагийн нэгж, орон нутагт тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага тээврийн хэрэгсэл түр саатуулах, зөөж шилжүүлэх үйл ажиллагаанд өдөр тутмын хяналтыг тавьж ажиллана.

9.7.Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.4 дэх хэсэг, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх шийдвэрийг бичгээр буюу цахимаар гаргана.

9.8. Энэ журмын 9.7-д заасан “бичгээр шийдвэр гаргах” гэдэгт тухайн зөрчил гарсан газарт байгаа албан хаагч зөөж шилжүүлэх шийдвэр бичиж тээврийн хэрэгсэлд ил харагдахуйцаар байрлуулах эсхүл ачигч /чирэгч/ автомашины жолоочид гардуулж өгөхийг ойлгоно.

9.9.Энэ журмын 9.7-д заасан “цахимаар шийдвэр гаргах” гэдэгт тухайн тээврийн хэрэгслийн байгаа газарт албан хаагч байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн байрлал, орчныг бүрэн хамруулсан  зураг-дүрс бичлэгийг цахим төхөөрөмжөөр хүлээн авч, шийдвэрлэхийг ойлгоно.   

9.10.Эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдохгүй байгаа тээврийн хэрэгслийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор зөөж шилжүүлж болно.

9.11.Нийслэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан зөрчилтэй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ гэрээт цагдаагийн ажилтнаар зөрчил үйлдэгдсэн газар дээр нь  шийдвэр гаргуулж  болно.

9.12.Цагдаагийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан  үндэслэлээр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ дараах  үйл ажиллагааг явуулна:

9.12.1.тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх /ивүүр, татлага, бэхэлгээ хийх/ явцад  тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирвэл шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх;

9.12.2.энэ журмын 9.9-д заасан шийдвэрийн дагуу зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн хаягаар бэлэн бус хэлбэрээр шийтгэлийн хуудас хүргүүлэх;

9.12.3.албан хаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх шийдвэрийг бичгээр гаргасан тохиолдолд техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлмэгц тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар болон зөөж шилжүүлсэн шалтгаан, шийдвэрийг гаргасан албан тушаалтны нэр, хаана хүргэх талаарх мэдээллийг санд нэн даруй бүртгүүлэх.

9.13.Нийслэл болон аймгийн төвд тээврийн хэрэгслийг түр саатуулахдаа зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгсэл ашиглан зөөж шилжүүлнэ.

9.14.Зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгсэл байхгүй үед болон овор ихтэй, хүнд даацын тээврийн хэрэгслийг түр саатуулах, эсхүл зөрчил гаргагч хүсэлт гаргаж, албан хаагч өөрөө боломжтой гэж үзсэн  тохиолдолд тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх бүхий цагдаагийн алба хаагч жолоодож түр саатуулах хашаа /байр/-нд хүргэж болно.

9.15.Энэ  журмын 9.9-д заасан зураг-дүрс бичлэгийг замын хөдөлгөөний удирдлагын төвд  хүлээн авч, цагдаагийн эрх бүхий ажилтан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

            9.15.1.тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах;

            9.15.2.тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүйгээр бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах;

            9.15.3. энэ журмын 9.15.1, 9.15.2-д заасан аль нэг шийдвэрийг гаргахаас татгалзах.

9.16.Тусгай зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгслийн жолооч нь CE эсхүл С1Е ангилалтай тээврийн хэрэгслийг 3-аас доошгүй жил жолоодсон, дадлага, туршлагатай, мэргэшсэн жолооч байх бөгөөд цагдаагийн ажилтнаас тээврийн хэрэгсэл түр саатуулах, зөөж шилжүүлэх талаар бичгээр буюу цахим хэлбэрээр өгсөн шийдвэрийн дагуу техникийн ажилтны тусламжтайгаар дараах ажиллагааг хийнэ:

9.16.1.зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэх;

9.16.2.зөөж шилжүүлэх явцад тээврийн хэрэгсэл савж, гулсаж унахаас сэргийлж ивүүр, татлага, бэхэлгээ хэрэглэх;

9.16.3.зогсоолын тоормосыг дарсан, эсхүл хөдөлгүүрийн ачааллыг хүч дамжуулах ангиас салгагдаагүй тээврийн хэрэгслийг өргөж ачих болон нэмэлт дугуй хэрэглэх, харин зогсоолын тоормос дараагүй, хөдөлгүүрийн ачаалал хүч дамжуулах ангиас салгагдсан тээврийн хэрэгслийг хагас цоройлгон ачих байдлаар зөөж шилжүүлэх.

9.17.Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй.

9.18.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үед иргэн, байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна. Хохирлын асуудлыг гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.

9.19.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн, түр саатуулах хашаа /байр/-нд байсан хугацааны төлбөрийг буруутай этгээдээр төлүүлнэ. Хэрэв төлбөрийг хариуцвал зохих этгээд нас барсан тохиолдолд төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

9.20.Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-нд тээврийн хэрэгсэл, бусад эд зүйл битүүмжлэн хадгалах тохиолдолд уг хашаа /байр/ нь цагдаагийн байгууллагын өмчлөл, эзэмшилд байгаа бол төлбөрөөс чөлөөлж болох ба бусад байгууллагын эзэмшлийн түр саатуулах хашаа /байр/-нд битүүмжлэн хадгалах бол гэрээнд зааснаар зохицуулна.

9.21.Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гэрээгээр хариуцсан байгууллага энэхүү журамд заасныг баримтлаагүй бол гэрээг цуцлах үндэслэл болно.

9.22. Энэ журмын 9.12.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийг жолооч /эзэмшигч, өмчлөгч/-ид хүлээлгэн өгсөн,  эсхүл албан хаагчийн бичгээр буюу цахимаар өгсөн шийдвэргүйгээр зөөж шилжүүлсэн тохиолдолд  төлбөрөөс чөлөөлнө.

9.23.Гүйцэтгэх ажил болон гэмт хэрэгтэй тэмцэх хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа шүүх, прокурор, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тээврийн хэрэгслийг нийслэлд цагдаагийн хүрээний ёс журмын эргүүл хариуцсан нэгжийн даргын, орон нутагт тухайн аймаг, дүүргийн цагдаагийн байгууллагын даргын бичгээр өгсөн шийдвэрийн дагуу төлбөрөөс чөлөөлж болно.

9.24.Цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно.

9.25.Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан зөрчилтэй тээврийн хэрэгслийг 10 км-ээс хол зайд зөөж шилжүүлэхгүй.

9.26.Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ нь даатгалтай, харуул хамгаалалтын ажилтантай, ил болон битүү зогсоолын хүрэлцэхүйц талбайтай, хашаа нь тортой, галын аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах боломж бүхий камерын хяналтын системтэй, харанхуй үед үзэгдэх боломжийг хангасан гэрэлтүүлэгтэй, харуулын ажиллах нөхцөлийг хангасан ажлын байртай, холбоо, мэдээллийн хэрэгслээр тоноглогдсон байна.

9.27.Тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны харуул нь дараах журмыг мөрдөж ажиллана:

9.27.1.зөвхөн зориулалтын ачигч, чирэгч тээврийн хэрэгслээр зөөвөрлөн ирсэн, эсвэл цагдаагийн алба хаагчийн хүргэж ирсэн тээврийн хэрэгслийг хашаанд нэвтрүүлэх; 

9.27.2.тээврийн хэрэгслийг хүргэж ирсэн ажилтныг байлцуулан тээврийн хэрэгслийн гадна тал, ачаа, тээшийг үзлэгийн тэмдэглэлтэй тулгаж хүлээн авах ба энэ тухай дүрс бичлэгээр баримтжуулах;

9.27.3.тээврийн хэрэгслийн хаалга, шатахууны савны таг, тээшний хэсэг цоожгүй бол доторх эд зүйлс, нэмэлт тоноглол зэргийг шалгаж, тэмдэглэл хөтлөх;

9.27.4.тээврийн хэрэгслийн ачаа тээшинд түргэн муудаж чанараа алдах, хөлдөх хүнсний бүтээгдэхүүн, бараа материал илэрсэн тохиолдолд жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгөх, хэрэв жолооч /эзэмшигч, өмчлөгч/ байхгүй, эсхүл тэсэрч дэлбэрэх, мансууруулах бодис, галт зэвсэг, сум, ангийн мах, арьс зэрэг хуулиар хориглосон ачаа, бараа илэрсэн тохиолдолд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын ерөнхий жижүүр болон хашааны үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагын холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл хөтлөх;

9.27.5.ээлж хүлээлцэхдээ тухайн хашаа /байр/-нд тээврийн хэрэгсэл бүрийг анх хүлээн авсан тэмдэглэл, бүртгэлтэй тулгаж, гарын үсэг зурж баталгаажуулах;

9.27.6.Цагдаагийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний дүрэмд түр, эсхүл удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд түр саатуулагдсан тэврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгч, хашаанаас гаргах;

9.27.7.Энэхүү журмын 9.27.6-д зааснаас бусад тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын ерөнхий жижүүр, эсхүл гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тээврийн хэрэгслийг жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгч, хашаанаас гаргах.

9.28.Энэхүү журмын 9.27.4-д заасан мэдээллийг хүлээн авсан албан тушаалтан хуульд заасан холбогдох арга хэмжээг авч, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

9.29.Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-нд байлгах үеийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг нийслэлд замын цагдаагийн ажил хариуцсан нэгж, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, хэрэв зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гэрээгээр хариуцуулсан бол тухай байгууллага хариуцаж, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтныг томилон ажиллуулна.

9.30.Тээврийн хэрэгслийг техникийн оношлогоо, шинжилгээ хийлгэхээр түр саатуулах хашаа /байр/-наас авч гарах, буцааж хүлээн авахдаа энэхүү журмын 9.28-д заасныг баримтална.

9.31.Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-наас авч гарснаас хойш хохирол учирсан тухай гомдлыг хашаа /байр/-ны үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа байгууллага, аж ахуйн нэгж барагдуулах үүрэг хүлээхгүй.

Арав. Замын хөдөлгөөнд хяналт тавихад хөтлөх бүртгэл, судалгаа

10.1.Албан хаагч нь дараах бүртгэл, судалгааг хөтөлнө:

            10.1.1.хариуцсан нутаг дэвсгэрийн гудамж, зам, хил хязгаар, хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгслийг үзүүлсэн бүдүүвч зураг, судалгаа;

            10.1.2.тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон авто засварын газар, ил зогсоол, дулаан гарааш, сургууль, цэцэрлэгийн байршил, судалгаа;

            10.1.3.хариуцсан объект, чиглэлийн гудамж замд гарсан зам тээврийн осол, хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн бүртгэл, судалгаа;

            10.1.4.хариуцсан нутаг дэвсгэр дэх авто замын арчлалт, цэвэрлэгээг хариуцсан байгууллагын хуваарь, дэлгэрэнгүй судалгаа, бүртгэл;

            10.1.5.илрүүлсэн хэрэг, зөрчлийн бүртгэл;

            10.1.6.өргөдөл, гомдол, мэдээлэл, зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн бүртгэл;

            10.1.7.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан үүргээ биелүүлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өгсөн албан шаардлага, мэдэгдэл, түүнд хариу ирүүлсэн эсэх бүртгэл;

            10.1.8.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах чиглэлээр зохиосон ажлын бүртгэл;

            10.1.9.шууд харъяалах байгууллагаас үүрэг болгосон бусад.

 

 

-----ооо----