A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны 11/01 дүгээр тогтоолын хавсралт

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2 Энэхүү журмыг аймгийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж байнга болон түр оршин суугч иргэн, харьяалалгүй хүн дагаж мөрдөнө.

1.3 Хуульд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд журамд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

Хоёр. Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх дахин боловсруулах

2.1. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулах, худалдан авах

2.1.1 Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан этгээд ангилсан хог хаягдлыг цуглуулах ажлыг зохион байгуулна. Гэрээнд цэгийн байршил, ажиллах цагийн хуваарь, гал, усны аюулгүй байдлыг хангах, түүнээс урьдчилан сэргийлэх, орчны тохижилт, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллах талаар тодорхой зааж өгнө.

2.1.2 Дахин боловсруулах боломжтой хог хаягдал (цаашид хоёрдогч түүхий эд гэх) худалдан авахдаа цэг байгуулах замаар болон явуулын машинаар үйлчилгээг зохион байгуулна.

2.1.3 Гэр хороололд хоёрдогч түүхий эд худалдаж авах цэгийг гудамжны эхэнд болон төгсгөлд гал, усны аюулгүй газарт, айл өрх, хашаанаас зайдуу байршилд байгуулна. Орон сууцны хороололд хоёрдогч түүхий эд цуглуулах явуулын машины үйлчилгээг нийтэд хүртээмжтэй байхаар төлөвлөнө.

2.1.4 Үйл ажиллагаа эхлүүлэхдээ ажилчдадаа хог хаягдлын талаарх сургалтад хамруулж, мэргэжлийн байгууллага, албан тушаалтнаас мэргэжил арга зүйн зөвлөмж, чиглэл авна.

2.2 Бусад хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх

2.2.1 Бусад хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сумдын тохижилт үйлчилгээ хариуцсан байгууллага, иргэн хариуцан зохион байгуулна.

2.2.2 Дээрх байгууллага хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн явуулна.

2.2.3 Айл өрхийн хог хаягдлыг баталсан графикийн дагуу тогтмол хугацаанд цуглуулж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэнэ.

2.2.4 Аж ахуйн нэгж, байгууллагын хогийг гэрээний дагуу тогтсон хугацаанд мөн дуудлагаар ачиж цуглуулан, хогийн төвлөрсөн цэгт хүргэнэ.

2.3 Энгийн хог хаягдлыг устгах, булшлах

2.3.1 Дахин боловсруулах боломжгүй бусад хог хаягдлыг цуглуулан тээвэрлэж буй байгууллага нь хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэж, байгальд халгүй аргаар булж устгана.

2.4 Хог хаягдлыг дахин боловсруулах

2.4.1 Хог хаягдлыгд дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгч эрх бүхий этгээд түүхий эд болох хог хаягдлыг өөрөө болон хог хаягдал цуглуулах эрх бүхий этгээдээр дамжуулан цуглуулж, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт техник технологоор боловсруулна.

2.4.2 Дахин боловсруулсан бүтээгдэхүүн нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчинд аюулгүй хүний хэрэгцээ шаардлагыг хангасан байна.

Гурав. Талуудын үүрэг

3.1 Аймгийн Засаг даргын хүлээх үүрэг

3.1.1 Хууль журмыг хэрэгжүүлэхэд нь сумдын Засаг даргын Тамгын газар болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ажиллана.

3.1.2 Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, журмыг шинэчлэх, хүчингүй болгох саналыг хүлээн авч шийвэрлүүлнэ.

3.2 Сумын Засаг даргын хүлээх үүрэг

3.2.1 Нутаг дэвсгэрийнхээ албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх өдөр, хуваарийг батална.

3.2.2 Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж, сонгон шалгаруулалт явуулж шалгарсан байгууллаг, аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулна.

3.2.3 Нутаг дэвсгэрийн айл, өрх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж хаях талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна.

3.2.4 Нутаг дэвсгэрийнхээ хог хаягдлыг ангилан ялгаж хаях, цуглуулах, устгах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг сумын төсөвт тусгуулна.

3.2.5 Анхан шатанд энгийн хог хаягдлыг ангилан ялгасан айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийг урамшуулах, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгуулна.

3.2.6 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хог хаягдлыг ангилан хаях, хадгалах сав байрлуулах, тэдгээрийг цуглуулах, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлнэ.

3.3 Багийн Засаг даргын хүлээх үүрэг:

3.3.1 Сумын Засаг даргын баталсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх өдөр, хуваарийн дагуу баг хорооны нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх хуваарийг баталж мөрдүүлнэ.

3.3.2 Нутаг дэвсгэрийн айл, өрх, иргэд, байгууллага, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг энэхүү журамд заасны дагуу ангилан ялгуулах арга хэмжээг зохион байгуулна.

3.3.3 Багийн оршин суугчид болон байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоог хамруулан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

3.3.4 Ангилсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагын хог тээвэрлэлтийн үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

3.4 Айл өрх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг

3.4.1 Эзэмшил газартаа хог ангилан ялгах зориулалтын сав байрлуулан ангилж хаях, тээвэрлэх нөхцлийг бүрдүүлнэ.

3.4.2.Орон сууцны айл өрх, дахин ашиглах боломжтой хог хаягдлаа байр, орцыг хариуцан ажилладаг жижүүрт эсвэл тухайн хоёрдогч түүхий эдийг цуглуулагч иргэн, аж ахуйн нэгж, харин бусад энгийн хог хаягдлаа байр, орцын нэгдсэн хогийн цэг, нэгдсэн цэггүй тохиолдолд тогтсон хугацаанд шууд хог тээврийн машинд, ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын сав, хүлээн авах тусгай цэгт батлагдсан өдөр, хуваарийн дагуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө.

3.4.3 Гэр хорооллын айл өрхүүд дахин ашиглах боломжтой хог хаягдал, бусад хог хаягдал гэж төрлөөр зориулалтын саванд хадгалах бөгөөд батлагдсан өдөр, хуваарийн дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, байгууллагад хүлээлгэн өгнө.

3.4.4 Байгууллага, аж ахуйн нэгжүүд дахин ашиглах боломжтой болон бусад хог хаягдал гэж 2 төрлөөр зориулалтын саванд хадгалах бөгөөд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагад батлагдсан өдөр, хуваарийн дагуу хүлээлгэж өгнө.

3.5 Хог хаягдал цуглуулах,тээвэрлэх эрх бүхий байгууллагын хүлээх үүрэг

3.5.1. Энгийн хог хаягдал цуглуулах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх байгууллага, аж ахуйн нэгж нь Төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн байна.

3.5.2 Сумын Засаг даргын баталсан өдөр, хуваарийн дагуу дахин ашиглах болон бусад хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрхэлнэ.

3.5.3 Үйл ажиллагаандаа холбогдох чиглэлээр гарсан хууль дүрэм, журам, стандартыг мөрдөж, хүрээлэн буй орчинг бохирдуулахгүй байх, бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар үйлчилгээг үзүүлнэ.

3.5.4 Цуглуулж, тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээ, бусад мэдээллийг улирал бүр гаргаж сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлнэ.

3.5.5 Хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах иргэн, аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байна.

Дөрөв. Хориглох үйл ажиллагаа

4.1 Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгалгүй хаях

4.2 Ангилсан болон бусад хог хаягдлыг зориулалтын хадгалах саванд байх тохиолдолд шатаах, ухаж тараах

4.3 Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх эрх бүхий иргэн, байгууллагаас өөр этгээд цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулах.

4.4 Хог хаягдлыг хүлээн авах цэгийг тусгайлан тогтоосон тохиолдолд хог хаягдал эзэмшигч нь хогоо зориулалтын бус газар, ил задгай хадгалах

4.5 Орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулахуйц газар хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгийг байгуулах

Тав. Хяналт тавих

5.1 Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн сумын Засаг дарга түүний Тамгын газар, багийн Засаг дарга хяналт тавина.

Зургаа. Урамшуулал

6.1 Хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгаж хэвшсэн, хог хаягдлыг дахин ашиглах шинэ санал санаачилгыг гаргасан, мөн хоёрдогч түүхий эдийг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулахад бусдад үлгэр дуурайл болсон айл өрх, иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, олон нийтэд сурталчлах, бүх талаар дэмжиж ажиллана.

6.2 Дээрх дэмжлэг, урамшууллын арга хэмжээг тухайн иргэн аж ахуйн нэгжийн хүсэлт, багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн сумын Засаг дарга олгоно

6.3 Монгол улсын Засгийн газрын 2015 оны 263 дугаар тогтоол /Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох/ журмыг мөрдлөг болгоно.

Долоо. Хүлээх хариуцлага

7.1 Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч, цагдаа, сум, багийн Засаг дарга Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.