A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны 9/07дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Орон нутгийн өөрийн өмчийн /цаашид өмчийн гэх/ эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4, 5 - д зааснаас бусад орон нутгийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж болно.

1.3.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг иргэн хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

1.4.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшигч, ашиглагч нь эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай Монгол улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд / цаашид түрээслэгч гэнэ / байна.

1.5.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь Орон нутгийн өмчийн газар болон орон нутгийн өмчит хуулийн этгээд / цаашид түрээслүүлэгч гэнэ / байна.

1.6.Түрээслүүлэгч нь орон нутгийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ Орон нутгийн өмчийн газар  болон холбогдох дээд байгууллагын зөвшөөрлийг авна.

1.7.Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг холбогдох хууль тогтоомж, энэхүү журам, журамд нийцүүлэн байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна.

1.8.Орон нутгийн өмчийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцөлийг түрээслүүлэгч, түрээслэгч харилцан тохиролцоно, Харин орон нутгийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээд түрээслэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна.

1.9.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол заавал Орон нутгийн өмчийн газрын   зөвшөөрөл авна.

1.10.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 53 дугаар тогтоолоор баталсан аргачлалыг дагаж мөрдөнө.

1.11.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг доод үнийг иргэн, аж ахуйн нэгж, холбогдох байгууллагын саналыг авч Аймгийн ИТХ-аар батлуулж мөрдөнө. 

ХОЁР. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ.

2.1.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулна.

2.2.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно.

2.3.Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Орон нутгийн өмчийн газраар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлнэ.  

2.4.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг түрээсэлж байгаа эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож тогтооно.

2.5.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг 100 хувь түрээслэгчийн дансанд төвлөрүүлнэ.

2.6.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэд түрээслүүлэгч хяналт тавина.

2.7.Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Орон нутгийн өмчийн газарт ирүүлж, түрээсийн гэрээг батлуулж байх үүрэгтэй.

2.8.Түрээслэгч нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцан чанар байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй бөгөөд Орон нутгийн өмчийн газрын  зөвшөөрөлгүй анхны зураг төслийн шийдэл, зориулалтыг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.

2.9.Хэрэв орон нутгийн өмчийн эд хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бол энэ тухай зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах, зохион байгуулах асуудлыг холбогдох дүрэм, журмыг баримтлан мөрдөнө.  

2.10.Тухайн үеийн орон нутгийн эдийн засгийн ашиг сонирхол, үйлдвэрлэл үйлчилгээний онцлог шинж байдалтай уялдан байгуулсан гэрээнд энэ журам үйлчлэхгүй. 

ГУРАВ. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ.

3.1.Түрээслэгч орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсвэл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг төлүүлнэ.

ДӨРӨВ. ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

4.1.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг Орон нутгийн өмчийн газар  шийдвэрлэнэ.

4.2.Түрээслэгч Орон нутгийн өмчийн газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны байгууллага болон шүүхээр шийдвэрлүүлнэ.