- Нүүр
- Сайдын тушаал
- БИЕИЙН ТАМИРЫН АРГА ЗҮЙЧИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/319,А/176 дугаар хамтарсан тушаалын хавсралт
БИЕИЙН ТАМИРЫН АРГА ЗҮЙЧИД МЭРГЭЖЛИЙН
ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Биеийн тамирын арга зүйчийн мэдлэг мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор давтан сургах, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгох ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Биеийн тамирын арга зүйч нь мэргэжлийн I, II, III гэсэн зэрэгтэй байна. Биеийн тамирын арга зүйчийн ажилласан жил, ажлын үр дүн, сургалтад хамрагдсан байдлыг үнэлж, мэргэжлийн зэрэг олгоно.
1.3. Биеийн тамирын арга зүйчийн мэргэжлийн зэрэг олгохтой холбогдсон баримт бичгийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдээллийн цахим санд байршуулж, архивын нэгж болгон хадгална.
1.4. Мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, арга зүйчдийн талаар хэлэлцэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид Зөвлөл гэх/-тэй байна.
Хоёр. Мэргэжлийн зэрэг олгоход тавигдах шалгуур:
2.1. Мэргэжлийн зэрэг горилогч нь биеийн тамир, спортын багш дасгалжуулагчийн чиглэлээр бакалавр боловсролтой байх ба мэргэжлийн зэргийг алгасаж олгохгүй.
2.1.1. “III” зэрэг горилогч нь 4 ба түүнээс дээш жил ажилласан, үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр сүүлийн 2 жил дараалан 80-100 хувь үнэлүүлсэн, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж 12 кредит цуглуулсан байх;
2.1.2. “II” зэрэг горилогч нь “III” зэрэг хүртсэнээс хойш 4 жил ажилласан, үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр сүүлийн 2 жил дараалан 80-100 хувь үнэлүүлсэн, тухайн шатны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж 10 кредит цуглуулсан байх;
2.1.3. “I” зэрэг горилогч нь “II” зэрэг хүртсэнээс хойш 4 жил ажилласан, үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр сүүлийн 2 жил дараалан 80-100 хувь үнэлүүлсэн, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж 8 кредит цуглуулсан байх;
2.2. Биеийн тамирын арга зүйч нь 4 жилээс дээш хугацаагаар биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлээгүй бол мэргэжлийн зэрэг нь хүчингүйд тооцогдоно.
Гурав. Мэргэжлийн зэрэг горилох хүсэлт гаргах, олгох
3.1. Зэрэг горилогч нь дараах баримт бичгийг бүрдүүлж, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.1.1. Мэргэжлийн зэрэг горилж буй хүсэлт /өргөдөл/;
3.1.2. Мэргэжлийн дипломын баталгаажсан хуулбар;
3.1.3. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний баталгаажсан хуулбар;
3.1.4. Ажил байдлын тодорхойлолт;
3.1.5. Энэ журмын 5.1-т заасан үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийн дагуу гаргаж, сүүлийн 2 жилд авсан үнэлгээ;
3.1.6. Ажилд орсон тушаалын хуулбар;
3.2. Зөвлөл нь мэргэжлийн зэрэг горилох хүсэлтийг судалж, дүгнэлт гаргана. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дүгнэлт, зэрэг олгох биеийн тамирын арга зүйчдийн мэдээллийг Биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд уламжилна.
3.3. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгоно.
Дөрөв. Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл
4.1. Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус Зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
4.2. Зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй байна.
4.2.1. Биеийн тамирын арга зүйчийн жилийн үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийн дагуух сүүлийн 2 жилийн үнэлгээг хэлэлцэн дүгнэлт гаргах;
4.2.2. Мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэж биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулах;
4.2.3. Биеийн тамирын арга зүйчийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион явуулах сургалтын байгууллага, багшийг сонгох шалгуур үзүүлэлтийг хэлэлцэн дүгнэлт гаргах;
4.2.4. Мэргэжил дээшлүүлэх сургалтын товыг сургалт эхлэх өдрөөс 90 хоногийн өмнө зарлах;
4.3. Журмын 4.2.1-4.2.4-т заасан зөвлөлийн дүгнэлтийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрээр баталгаажуулна.
4.4. Зөвлөлийн шийдвэр нь гишүүдийн 51 дээш хувийн ирцтэйгээр хүчинтэй байх ба хуралд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн дүгнэлтэд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар баталгаажна.
Тав. Биеийн тамирын арга зүйчийн үйл ажиллагааг үнэлэх үзүүлэлт
5.1. Ажил олгогч байгууллага нь Биеийн тамирын арга зүйчийн ажлын гүйцэтгэлийг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэнэ.
5.1.1. Нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулсан байдал, түүнд хамрагчдын хүрээг өргөжүүлсэн үзүүлэлтэд 40 хүртэлх оноо,
5.1.2. Бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилд хамрагчдын хүрээг өргөжүүлсэн байдал, иргэдийн бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилын үнэлгээний чанарын хувийг нэмэгдүүлсэн үзүүлэлтэд 40 хүртэлх оноо
5.1.3. Мэдлэг, хандлага, чадвар эзэмшүүлэх сургалт, сурталчилгааг зорилтот бүлгийн дунд хүртээмжтэй зохион байгуулсан үзүүлэлтэд 20 хүртэлх оноо
5.2. Аж ахуй, нэгж, байгууллага, Зэвсэгт хүчин, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь биеийн тамирын арга зүйчийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээр үнэлж дүгнэнэ.
5.3. Биеийн тамирын арга зүйчийн ажлын гүйцэтгэлийн дундаж оноог харгалзан дараах байдлаар үнэлнэ.
90-100 оноо “ Маш сайн”
80-89 оноо “ Хангалттай сайн”
70-79 оноо “ Сайн”
60-69 оноо “ Дундаж”
31-59 оноо “ Дунджаас доогуур”
0-30 оноо “ Хангалтгүй”
5.4. Биеийн тамирын арга зүйч нь ажлын үнэлгээгээр 79-өөс дээш буюу “Хангалттай сайн” үнэлгээ авах нь мэргэжлийн зэрэг авах үндэслэл болно.
---о0о---
Текст томруулах
A
A
A