- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн
А/187 дугаар тушаалын хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН
БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-д суралцагч элсүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү үлгэрчилсэн журмыг баримтална.
1.2. Сургалтын байгууллага нь энэхүү үлгэрчилсэн журмыг баримтлан элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
1.3. Энэхүү журмын зорилго нь иргэний хэрэгцээ, хүсэл, сонирхолд үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн мэдлэг ур чадвартай ажилтанг бэлтгэхэд оршино.
1.4. Сургалтын байгууллага нь өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад суралцагч элсүүлж мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгоно.
1.4.1. Өдрийн сургалтаар суралцагчдад сургалтын байгууллага болон үйлдвэрлэл дээр сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулалттайгаар мэргэжил олгоно.
1.4.2. Оройн сургалтаар насанд хүрэгч суралцагчдад зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгоно.
1.4.3. Хосмог сургалтаар ажил олгогчийн захиалгаар сургалтын байгууллага, үйлдвэрлэл дээр зохих хуваарийн дагуу мэргэжил, ур чадвар олгоно.
1.4.4. Хөдөлмөр эрхлэлтийн сургалтаар тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах зохих ур чадварыг богино хугацаанд олгоно.
ХОЁР. СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ,
ХЯНАЛТЫН ТООГ БАТЛУУЛАХ
2.1. Элсэлтийн саналыг бүс орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчийн захиалга, сургалтын байгууллагыг төрөлжүүлэх чиглэлийг үндэслэн жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад /хавсралт №1/ маягтын дагуу хүргүүлнэ.
2.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү үлгэрчилсэн журмын 2.1 дэх заалтыг үндэслэн сургалтын байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор элсэлтийн хяналтын тоог батална.
ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1. Элсэгч нь эзэмшсэн боловсрол, ур чадварын түвшин, хэрэгцээ, сонирхолын хүрээнд дараах түвшний сургалтад элсэж болно.
3.1.1. Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилийн сургалтад суурь боловсрол эзэмшсэн иргэн;
3.1.2. Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтад насанд хүрэгч иргэн;
3.1.3. Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтад тухайн мэргэжлээр мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтад сурч мэргэжил эзэмшсэн иргэн;
3.1.4. Техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн сургалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн;
3.1.5. Мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад тухайн ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөрөөс хамааран тодорхой чадамжийг эзэмших хүсэлтэй иргэн сургалтын байгууллагад элсэнэ.
3.2. Элсэгчдэд тавигдах шалгуурыг сургалтын байгууллага энэхүү үлгэрчилсэн журмыг үндэслэн мэргэжлийн онцлог, мэргэшлийн түвшнээс хамааран гаргана.
3.3. Сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2 дахь хэсгийг үндэслэн элсэгчийн үнэмлэх, шийдвэрийг зохих баримт бичгийн бүрдэлд оруулна.
ДӨРӨВ. ЭЛСЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА
4.1. Сургалтын байгууллага элсэлтийг доорх хугацаанд зохион байгуулна.
4.1.1. Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жил, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн ангийн элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;
4.1.2. Техникийн боловсрол эзэмшүүлэх 1.5 жилийн сургалтын элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө болон 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө;
4.1.3. Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг мэргэжлийн онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан уян хатан зохион байгуулах;
4.1.4. Мэргэжлийн сургалтын элсэлтийг хяналтын тоонд тусгахгүй бөгөөд нийгмийн түншлэгчид, ажил олгогчид, үйлдвэр аж ахуйн нэгжийн эрэлт, захиалгын дагуу сургалтын байгууллагын хүчин чадал, орчинд нийцүүлж элсэлтийн хугацааг уян хатан байдлаар зохицуулан зохион байгуулж болно.
4.2. Сургалтын байгууллага нь суралцагч элсүүлэх үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, элсэгчдэд тэгш боломж олгоно.
4.3. Сургалтын байгууллага ажил олгогч, мэргэжлийн холбоодыг элсэлтийн үйл ажиллагаанд оролцуулан ажиллана.
ТАВ. ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭ, ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ ХУГАЦАА, ХАРИУЦЛАГА
5.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь элсэгчдэд олгох суралцах эрхийн бичгийг батлагдсан хяналтын тоогоор захиалж, сургалтын байгууллага захиалгын дагуу үнэт цаасны газраас авч элсэгчдэд олгоно.
5.2. Сургалтын байгууллага элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгосон тайланг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.
5.3. Сургалтын байгууллагууд элсэлтийн явцын мэдээг 08 дугаар сарын 25-ны дотор, нэгтгэл мэдээг 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор маягт /хавсралт №2/-ын дагуу гарган Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.4. Элсэлтийн мэдээ болон шинээр элсэгчдийн албан ёсны статистик мэдээг зохих хугацаанд нь үнэн зөв гарган хүргүүлэх буюу буруу мэдээлсэн тохиолдолд Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.5. Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэлийг өөрчилж, хяналтын тоо хэтрүүлэн суралцагч элсүүлэн суралцуулсан тохиолдолд тухайн суралцагчид ногдох хувьсах зардал, тэтгэлгийг элсэлт зохион байгуулж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан хариуцна.
5.6. Элсэлттэй холбоотой гарсан санал гомдлыг сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс эрх, үүргийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.
---o0o---
Текст томруулах
A
A
A