- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2018 оны 178 дугаар
тогтоолын хавсралт
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ
БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Үндэсний их баяр наадам (цаашид “баяр наадам” гэх)-ын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Хороо (цаашид “Хороо” гэх)-ноос байгуулсан үндэсний бөхийн Салбар хороо (цаашид “Салбар” хороо гэх) зохион байгуулна.
1.3. Жаяг дэгийн баг (ерөнхий цэц, хөлийн цэц, гарын даа, засуул, тайлбарлагч, эмч, хаяавч, холбогч, зохион байгуулагч)-ийг Салбар хорооноос томилох Ерөнхий цэц удирдана.
Хоёр. Бөхийг бүртгэх, эрэмбэлэх
2.1. Салбар хорооноос томилогдсон гарын даа нар баяр наадам болохоос хоёр хоногийн өмнө бүртгэлийг эхэлж, баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана.
2.2. Үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулах бөгөөд барилдах бөх иргэний үнэмлэхтэй, цолтой бөх нь цолны үнэмлэхтэй өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
2.3. Энэхүү дүрмийн 2.1-д заасан хугацаанд бүртгүүлээгүй бөхийг нэмж бүртгэхгүй бөгөөд бүртгүүлсэн бөхчүүдийг цол болон амжилтаар нь эрэмбэлсэн жагсаалтыг Салбар хороо батална.
2.4. Бөхчүүдийг цол, амжилтаар нь дараахь байдлаар эрэмбэлэн бүртгэх бөгөөд баяр наадамд гоц мөргөх тооны бөх барилдуулахгүй:
2.4.1. ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь эрэмбэлэх бөгөөд энэ жишгээр начин цолны даваа хүртэл тооцоход амжилт нь ижил байвал хэн түрүүлж одоогийн цолоо хүртсэн хугацаагаар, энэхүү нөхцөл мөн ижил байвал доод цолыг хүртсэн хугацааг тус тус харгалзаж эрэмбэлнэ;
2.4.2. нэг өдөр адил даваагаар ижил цол авсан бөхчүүдээс өмнөх цолоо түрүүлж авсан нь, энэхүү нөхцөл нь ижил буюу өмнө нь цолгүй байсан бол тулгаж барилдуулах жагсаалтад бичигдсэн дарааллаар эрэмбэлнэ. Ийнхүү эрэмбэ тогтоох боломжгүй бол шодож эрэмбийг тогтооно.
Гурав. Бөхийг тулгаж барилдуулах, амлах
3.1. Бөхийн барилдааныг бөхчилсөн хэлбэрээр явуулах бөгөөд барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхийн цолны болон амжилтын эрэмбээр тулгаж, бусад даваанд дээрх эрэмбээр, дархан аварга цолтнууд цолны эрэмбээр ам авч барилдана.
3.2. Ижил цолтой бөхчүүд энэ дүрмийн 2.4.1, 2.4.2-т заасны дагуу тогтоосон эрэмбээр ам авна.
3.3. Улсын баяр наадамд аймаг, цэрэг, сумын цолтой бөх ам авахгүй.
3.4. Өмнөх давааны барилдаан дуусч, тухайн бөхийг ам авч барилдахаар зарласнаас хойш ам авах хугацаа 5 минутаас илүүгүй байна. Тогтоосон хугацаанд ам аваагүй бол цолны эрэмбээр дараагийн бөх авна.
Дөрөв. Бөхийн гараа
4.1. Барилдах бөх зохих асарт очиж зодоглох бөгөөд цол, амжилтын эрэмбэ, оноолтын дарааллаар асраас гарч өрж зогсон, гуяа гурав алгадан ёс үйлдээд засуул уруу дэвж очно. Зүүний магнайд хамгийн ахлах цол, эрэмбэтэй бөх, барууны магнайд удаах цол, эрэмбэтэй бөх гарах ба бусад бөх цол, амжилтынхаа эрэмбээр зүүн, баруун жигүүрт солбин гарна. Ам бөхчүүд угтуул бөхчүүдийн араас аманд очих дарааллаар гарна.
4.2. Зүүн талд гарсан бөх засуулынхаа зүүн мөрөн дээр, баруун талд гарсан бөх засуулынхаа баруун мөрөн дээр дарж, мөр солихгүйгээр засуулаа хагас тойрон өөрийн сүр жавхланг үзүүлэн дэлнэ.
4.3. Засуул нь бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэйгээр авч, “Тэр бөх хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн нэр, алдар цолыг дуудаж бөхөө тавихад бөх туг, сүлд, индрийн зүг дэвж очин шаваад ахлах цол, эрэмбэтэй бөхийн сонгосон талбайд барилдана.
Тав. Бөхийн барилдаан
5.1. Хоёр бөх барилдахаар өрснөөр барилдааны эхлэх цагийг тооцно.
5.2. Хэн урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардвал тэр бөхийг унасанд, нөгөөг давсанд тооцно.
5.3. Барилдааны явцад барьц тавилцуулах шаардлага гарвал засуулууд өөрсдийн бөхийн элэг бүс, гараас барих буюу тэврэн “тавилц” хэмээн тодоор хэлж барилдааныг зогсоох бөгөөд барилдааныг цааш үргэлжлүүлэхдээ барьц тавилцах үеийн барьц, байрлалыг хангана. Харин хоёр бөх санал нийлсэн тохиолдолд заавал анхны барьц, байрлалыг хангуулах шаардлагагүй.
5.4. Бөхийг дараахь тохиолдолд дахин барилдуулна:
5.4.1. хаялцах үед давж байгаа бөхийн элэг бүс алдуурах буюу тасарвал (унаж буй бөх хаяж байгаа бөхийн элэг бүсийг татаж тайлсан бол энэ заалт хамаарахгүй);
5.4.2. учраагаа ямар нэгэн саад болох зүйл үрүү түрж барьцанд хүрч, улмаар мэх хийх буюу тээглүүлж унагавал;
5.4.3. хайнцвал;
5.4.4. гутлын хүлэг, боолт, оймсны түрийнээс барьж унагавал;
5.4.5. гутлын өлмий дээр гишгэж, мэх хийн унагавал;
5.4.6. засуул барилдааныг түр зогсоох үед, мөн учраагаа өмсгөлөө засаж байхад болон барилдаан удааширсан үед барьц бариулж байхад мэх хийж унагавал.
5.5. Харин барьц булаацалдан барилдаан өрнөж байхад барилдаанаа зогсоож, учраа бөхийнхөө ирийг дарах зорилгоор өрөлтөө орхин өндийх, эргэн явахад нь мэх хийж унагавал дахин барилдуулахгүй.
5.6. Хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацааг дараахь байдлаар
тогтооно:
5.6.1. нэгээс гурвын даваа тус бүр 10 минут;
5.6.2. хоёроос долоогийн даваа тус бүр 15 минут;
5.6.3. наймаас арвын даваа тус бүр 30 минут.
5.7. Барилдааны үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг зогсоон, хөлийн цэц шодож дараахь барьцыг хоёр бөхөд ээлжлэн бариулж барилдуулах бөгөөд учраа бөхчүүд санал нийлсэн тохиолдолд барьцыг дараалахгүйгээр аль нэгийг сонгон бариулж болно:
5.7.1. сэнжигдэн элэг бүсдэх;
5.7.2. дан шуудагдах;
5.7.3. давхар шуудагдах.
5.8. Сонгосон барьцтай барилдааныг 3 минутаас илүү үргэлжлүүлэхгүй бөгөөд үүнээс өмнө барьц задарвал дараагийн барьцыг бариулж барилдуулна.
5.9. Шодсон барьцаас хаялцаагүй тохиолдолд дахин шодож, хожсон бөх нэг гараар учраа бөхийнхөө араар тойруулан зодогны алсын сүврэгнээс, нөгөө гараараа шуудагдан барих бөгөөд учраа бөх нь нэг гараараа суганы хонхорцгоос, нөгөө гараараа элэг бүсний хажуугаас тосч барина. Энэ үед хоёр бөхийн шанаа зөрсөн байх бөгөөд энэ барьцаас эс хаялцвал учраа бөхөд нь дээрх барьцыг бариулах замаар хаялцтал үргэлжлүүлнэ. Энэ барьцыг хаялцах барьц гэнэ.
5.10. Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд гарч ирээгүй бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно.
5.11. Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийтдээ 3 минутаас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг нь давсанд тооцно. Харин өрсөлдөгч бөх нь цээрээ зөрчин гэмтэл учруулсны улмаас учраа бөх дээрхээс илүү хугацаагаар эмчлүүлэхэд хүрвэл гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасч, эмчилгээтэй бөхийг давсанд тооцно.
Зургаа. Бөхийг цоллох ёсон
6.1. Баяр наадмын барилдааны гурав, тав, долоогийн даваанд зүүн, баруун талын тэргүүн болон дагавар магнайн бөхийн цолыг тогтсон уламжлал, баталсан зааврын дагуу нийтлэг гуншин, тухайн бөхийн өөрийн нь цол, чимгийг хэлж дуудна.
6.2. Нийтлэг гуншин нь ... “Манлайлан дэвэгч, мандан бадрах, маш гайхамшигт, өргөн цолоо дуудуулагч, өнө удаан жилийн баясгалант, олон түмэн ардынхаа дундаас онцгойрон шалгарч, шандас шөрмөс, хүч чадал бүрдэн төрсөн, цог залийг бадруулагч, энэ их баяр цэнгэлийн түгээмэл жавхланг бүрдүүлсэн” ... гэж байна.
6.3. Цолоо дуудуулж буй магнайн бөхийг дэлэхээс урьтан аль ч талын бөх дэлэхгүй бөгөөд ам бөхийн нэрийг дуудах үед амласан амлуулсан хоёр бөхөөс бусад бөх дэлэлтээ түр зогсооно.
6.4. Хоёр тал цоллож дуусмагц засуул нь бөхөө тавьж, бөхийнхөө хойноос цол чимгийг шогшоо дуудлагаар дуудан дагаж явна.
6.5. Барилдааны түрүү, үзүүрийн хоёр бөхийг барилдахаар гарахад хоёр талын бүх засуул магнайн засуулын араас ханаран хагас суусан байдалтай үлдэж, хүндэтгэл үйлдэнэ.
Долоо. Барилдааны дараахь ёс
7.1. Давсан бөх давснаа илэрхийлэн сүлд, туг, индрийн зүг дэвж ёслол үйлдээд нар зөв эргэн ирнэ.
7.2. Унасан бөх элэг бүсээ тайлан унаснаа зөвшөөрч, уламжлалын дагуу дүү цол, эрэмбэтэй бөх нь ахлах цол, эрэмбэтэй бөхийн баруун суган доогуур бөхийж, нар зөв тойрон гарч, бөхчүүд тахим өгөх, авах ёслолыг хүндэтгэлтэй үйлдэнэ. Залуу бөхчүүдийн унасан нь давсныхаа баруун суган доогуур дээрхийн адил тойрч тахим өгнө.
7.3. Засуул давсан бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэй өмсгөн бөхийнхөө цол, чимэг, нэр, давсныг дуудахад бөх сүлд, тугийг нар зөв тойрон дэвж, өмнө нь ирээд нар зөв эргэн, өөрийн талын асар (суудал)-т элэг бүсээ тайлахгүйгээр очно.
7.4. Тахим өгч авалцсаны дараа засуул унасан бөхийн малгайг гарт нь өгнө.
Найм. Бөхийн эрх, үүрэг
8.1. Бөх дараахь эрхтэй:
8.1.1. энэхүү дүрэмд заасны дагуу даваанд цол, амжилтынхаа эрэмбээр ам авах;
8.1.2. барилдааны үед гарсан аливаа асуудал, маргааныг засуул, хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх.
8.2. Бөх дараахь үүрэгтэй:
8.2.1. энэхүү барилдааны дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх;
8.2.2. малгай, зодог, шуудаг, гутал, хүлэг боолтоо бөхийн өмсгөлийн шаардлагад нийцүүлэн хийж хэрэглэх;
8.2.3. барилдаан эхлэхэд жагсан гарч, үзэгч олноо хүндэтгэн харилцах;
8.2.4. барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэн, барилдааны талбарт даруу төлөв, ёс жудагтай байх;
8.2.5. барилдааны шуурхай байдлыг ханган, дайчин шалмаг барилдах;
8.2.6. дараахь хориотой буюу буруу барьц барихгүй байх:
8.2.6.1. шуудагнаас цавчиж удаан барих;
8.2.6.2. элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах;
8.2.6.3. зодогны ар өврийн сэнжигийг нийлүүлэн атгах;
8.2.6.4. гутлын түрий, оймс, хүлэгнээс барих;
8.2.6.5. зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих.
8.2.7. Дараахь гэмтээх барьц барих, хөдөлгөөн хийхгүй байх:
8.2.7.1 цохиж халах (даллан цохих, шуугаар халах);
8.2.7.2 хоолой шахах;
8.2.7.3. зориуд мөргөх;
8.2.7.4. ямар нэг байдлаар алгадах, цохих;
8.2.7.5. өшиглөх, тийрэх;
8.2.7.6. унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх;
8.2.7.7. өвдөглөн барьц тавиулах;
8.2.7.8. хоёр гарыг давхар хөших;
8.2.7.9. сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших;
8.2.7.10. бусад хэлбэрээр үений эсрэг хөших;
8.2.7.11. өлмий дээр гишгэн, улмаар мэх хийн унагах.
Ес. Бөхөд хүлээлгэх хариуцлага
9.1. Дор дурдсан тохиолдолд хөлийн цэц дараахь шийдвэрийг гаргаж тухайн бөхөд хариуцлага хүлээлгэнэ:
9.1.1. тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохисон, нударсан тохиолдолд учраа бөхтэйгээ гар бариагүй, эсхүл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж авалцаагүй, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйгаагүй тохиолдолд тухайн бөхийн давааны бай шагналыг хасна.
9.2. Дараахь тохиолдолд хөлийн цэц бөхийг барилдаанаас хасч, учраа бөхийг давсанд тооцсон шийдвэр гаргана:
9.2.1. энэхүү дүрмийн 8.2.6, 8.2.7-д заасан хориотой буюу гэмтээх барьц барьсан нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд сануулга өгөх бөгөөд сануулснаас хойш, хоёр дахь удаагаа зөрчих, нэг дор хоёр зөрчлийг зэрэг гаргах;
9.2.2. нэгэнт ам авсан бөх амаа сольсон, өөрөөсөө хойно эрэмбэтэй бөхийг өмнөө ам авахыг зөвшөөрсөн буюу албадсан, тэрчлэн хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахсан;
9.2.3. хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах, олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргах;
9.2.4. бөхийн өмсгөлийн шаардлагыг зөрчсөн, элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саарахаар, алдуурч сулрахаар уясан тохиолдолд хөлийн цэц, засуулын шаардлагыг эс биелүүлэх;
9.2.5. хаялцах барьц барих, бариулахаас татгалзсан болон уг барьцыг бариулах үед элэг бүс, шуудагны уяаг суллах;
9.2.6. барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулсан тохиолдолд хөлийн цэц хоёр удаа сануулах бөгөөд дахин зөрчвөл бөхийг унасанд тооцон хасч, бай шагналыг олгохгүй байх.
9.3. Дор дурдсан тохиолдолд Салбар хороо дараахь шийдвэрийг гаргаж тухайн бөхөд хариуцлага хүлээлгэнэ:
9.3.1. хөлийн цэцийн шийдвэр гараагүй байхад засуулын гараас малгайгаа авах, туг тойрох зэргээр дүрмийн бус үйлдэл хийсэн бөхийн учраа бөхийг давсанд тооцож, зөрчил гаргасан бөхийн давааны бай шагналыг хасах шийдвэрийг хөлийн цэцийн саналыг үндэслэн гаргах;
9.3.2. хөлийн цэц болон засуулаас тавьсан шаардлагыг үл хүндэтгэн удаа дараа хориотой буюу буруу барьц барих, гэмтээх барьц барих, гэмтээх хөдөлгөөн хийх зэрэг үйлдэл гаргасан бөхийг барилдаанаас хасах;
9.3.3. наадамчин олон, баяр наадмаа үл хүндэтгэсэн, төрийн ёслол, зан уламжлалыг зөрчсөн үйлдэл хийсэн, учраа бөхөө санаатайгаар гэмтээсэн тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах;
9.3.4. хүч үзэн барилдалгүй бууж өгөх, буулгасан тохиолдолд хөлийн цэцийн саналыг үндэслэн хоёр бөхийн тухайн барилдааны бай шагналыг олгохгүй бөгөөд баяр наадамд барилдах эрхийг нэг удаа түдгэлзүүлэх;
9.3.5. сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
9.3.6. олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах.
Арав. Хөлийн цэц
10.1. Хөлийн цэцээр цэгц шударга, шаардлагатай, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөх, бөхийн зүтгэлтнээс сонгон Салбар хорооноос томилж гэрээ байгуулан ажиллуулна. Хөлийн цэц дараахь эрхтэй:
10.1.1. бөхийн өмсгөлийн шаардлагыг хангуулах;
10.1.2. цээрээ зөрчсөн бөх, гарын даа, хаяавч, засуул, тайлбарлагч, эмчид энэ дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх;
10.1.3. ам авах бөх хугацаандаа ирээгүй буюу бэлэн байгаагүй бол түүнийг 5 минут хүлээгээд дараагийн бөхөөр ам авахуулах зөвшөөрлийг Ерөнхий цэц ахлах гарын даад олгох;
10.1.4. хөлийн цэцийн шийдвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, мөн шийдвэр гарсан үед тахимаа өгөөгүй тохиолдолд тухайн бөхийн бай шагналыг хасч, учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрөх.
10.2. Хөлийн цэц дараахь үүрэгтэй:
10.2.1. барилдааныг зохион байгуулахдаа энэ дүрмийг чанд сахин биелүүлэх;
10.2.2. үүргээ биелүүлэх, дүрмээ зөрчихгүй байхыг бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид шаардан хангуулах;
10.2.3. будлиантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр хэлэлцэн шуурхай шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухай бүрд нь тайлбарлагчид хэлж, олон түмэнд мэдээлэх;
10.2.4. бөхчүүдийг тогтоосон хугацаанд ам авахуулах;
10.2.5. барилдааны үед гарсан зөрчил, түүнийг шийдсэн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаар саналаа Салбар хороонд албан ёсоор гаргах;
10.2.6. ерөнхий цэц жаяг дэгийн баг дахь эмчийг удирдан ажиллах бөгөөд эмч нь шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг хөнгөн шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн хувьд барилдах боломжгүй бөхөд магадлагаа олгох, барилдааны талбай, байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах.
10.3. Үүргээ хангалтгүй биелүүлсэн цэцэд Ерөнхий цэцийн саналыг үндэслэн Салбар хорооны шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй бөгөөд дараахь тохиолдолд цаашид цэцээр ажиллуулахгүй:
10.3.1. аливаа асуудлыг шийдэхдээ байгууллага, танил тал, нутаг усны явцуу үзэл гаргах;
10.3.2. асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөөрөнхийлж бөхчүүдийг маргалдуулах, үзэгчдийг чилээх;
Арваннэг. Засуул
11.1. Засуул дараахь эрхтэй:
11.1.1. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд засуулаар ажиллах, цол дуудах;
11.1.2. бөхийн өмсгөл шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалган засуулах, шаардлагатай тохиолдолд хөлийн цэцэд мэдүүлэн шийдвэрлүүлэх;
11.1.3. дүрмийн шаардлагыг биелүүлээгүй болон өмсгөл нь шаардлага хангаагүй бөхийг засахаас татгалзах;
11.1.4. үүргээ биелүүлээгүй, дүрмээ зөрчсөн бөхийн барилдааныг зогсоож, тухайн бөхийг барилдаанаас хасах саналыг хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх.
11.2. Засуул дараахь үүрэгтэй:
11.2.1. энэхүү барилдааны дүрмийг судлан мэдэж, дүрмийн шаардлагад
нийцүүлэн шударга ажиллах;
11.2.2. бөхийн цолыг энэхүү дүрмийн дагуу зөв дуудах;
11.2.3. бөхийн мэх, барилдааны ур чадварыг судлан мэдэж, засч буй бөхдөө барилдааны арга мэхийг зааж зөвлөх;
11.2.4. барилдааны явцад анхааралтай байж, зөв шийдвэр гаргах, элдэв будлиан маргаан гарвал бөхөө төлөөлж хөлийн цэцэд үнэн зөвөөр мэдүүлэх.
11.3. Дараахь тохиолдолд засуулд Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах шийтгэл хүлээлгэж, үүргээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл Салбар хорооноос баяр наадамд засуул хийх эрхийг хасна:
11.3.1. барилдааны шийдвэрлэх эгзэгтэй үед хүч нэмэн дэмжсэн байдлаар бөхөө түлхэх, алгадах, түших;
11.3.2. танил тал харах, нутаг усны явцуу үзэл, шударга бус хандлага гаргах;
11.3.3. маргаантай болсон барилдааны шийд гараагүй байхад бөхийн малгайг өмсүүлэх;
11.3.4. дүрэм зөрчсөн бөхтэй эвлэрэнгүй хандах;
11.3.5. бөхөд дүрмийн бус шаардлага тавих, бөх болон жаяг дэгийн багийн гишүүд, наадамчидтай зүй бус харилцах;
11.3.6. өөрийн засаагүй бөхийн барилдааны маргаанд хөндлөнгөөс оролцох.
Арванхоёр. Гарын даа
12.1. Баяр наадамд гарын даа ажиллах бөгөөд ахлагчтай байна. Гарын даагийн ахлагч нь хаяавч, холбогчийг удирдан ажиллана.
12.2. Гарын даа дараахь эрхтэй:
12.2.1. барилдааны товлосон цагаас өмнө ирж бүртгүүлсэн бөхчүүдийн ирцийн байдалд хяналт тавих;
12.2.2. угтуул бөхийн ам авсан байдалд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах;
12.2.3. бөхийн цолны үнэмлэхийг шаардлагатай үед үзэж шалгах, зөрчилтэй бол зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.
12.3. Гарын даа дараахь үүрэгтэй:
12.3.1. энэхүү барилдааны дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх;
12.3.2. барилдааны товлосон хугацаанаас өмнө ирж, бүртгэлийн дагуу оноолтыг хийх;
12.3.3. оноолт хийх, ам авахуулахдаа бөхчүүдийн цол, амжилтын эрэмбийг хатуу баримтлах;
12.3.4. ам авч байгаа бөхөд ам бөхчүүдийг нэр, цолоор нь тод хэлж танилцуулах бөгөөд энэ үүргийг гарын даагийн ахлагч гүйцэтгэх;
12.3.5. ам авах хугацаанд ирээгүй бөхийг хүлээхгүйгээр Ерөнхий цэцийн өгсөн албан ёсны зөвшөөрлийг үндэслэн дараагийн бөхөөр ам авахуулж амлах дарааллаасаа хоцорч ирсэн бөхийг тухайн үед нь ам авахуулах;
12.3.6. бөхийн оноолт, ам авсан байдлыг бөхийн тайлбарлагч нарт шуурхай хүргэх;
12.3.7. барилдааны дараа зохих баримт бичгийг эмхлэн бүрдүүлж, Салбар хороонд өгөх.
12.4. Энэхүү дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тохиолдолд гарын даа, хаяавчид Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллахгүй байх, ажилласны хөлсийг хасах шийтгэл хүлээлгэж үүргээ удаа дараа, эсхүл ноцтой зөрчвөл Салбар хорооноос гарын даагаар ажиллах эрхийг дараахь тохиолдолд хасна:
12.4.1. бөхийн цол, эрэмбийг санаатайгаар зөрчин оноолт хийх;
12.4.2. ам авахаар нэр сонсож буй бөхөд ам бөхчүүдийн нэрийг бүрэн сонсгохгүй, санаатайгаар нуун дарагдуулах, ам авч байгаа бөхөд зөвлөх нэрээр хэн нэгнийг амлуулахаар албадах, ятгах, бөхийн давсан унасан маргаанд оролцох, давсан унасан бөхийг буруу тэмдэглэх, давсан бөхийн нэрийг санаатайгаар нуун дарагдуулах.
Арвангурав. Тайлбарлагч
13.1. Тайлбарлагч үндэсний их баяр наадмаар бөхийн тайлбар хийнэ.
13.2. Тайлбарлагч дараахь эрхтэй:
13.2.1. тайлбар хийх техникийн шаардлага хангагдаагүй тохиолдолд бөхийн тайлбар хийхээс татгалзах;
13.2.2. барилдааны явцад бөх, засуул, түүнчлэн үзэгчдээс бөхийн барилдааны дүрэм, ёс жудгийг зөрчих тохиолдолд түүнийг засуулах зорилгоор анхааруулах;
13.2.3. зарлаж мэдээлэх зүйл албан ёсны бөгөөд хэл найруулгын хувьд зөв байхыг шаардах;
13.2.4. тухайн барилдаантай холбоотой хөтөлбөр, лавлагааг шаардах;
13.2.5. Салбар хороо болон Ерөнхий цэцийн зөвшөөрөөгүй зүйлийг хэлж зарлах, сурталчлахаас татгалзах.
13.3. Тайлбарлагч дараахь үүрэгтэй:
13.3.1. энэхүү барилдааны дүрмийг судлан мэдэж сахин, биелүүлэх;
13.3.2. радио, телевизийн нэвтрүүлэгчид тавигддаг мэргэжлийн шаардлагыг хангасан байх;
13.3.3. бөхийн нэр алдар, харьяалал, цол чимэг, амжилт, барилдааны ур чадвар, онцлог, тухайн барилдааны явцад хоёр бөхийн харилцан хийж байгаа мэхийн нэр, хувилбар, даац, үлдэц зэргийг үзэгч, сонсогч олонд элдэв нэмэр хачиргүйгээр үнэн зөв, уран яруу, ойлгомжтой тайлбарлах;
13.3.4. байгууллага, хувь хүнээс ирүүлсэн зарлал, мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн дагуу мэдээлэх, зарлах;
13.3.5. Монгол бөхийн талаарх мэдлэг, нэвтрүүлгийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
13.3.6. барилдааны явцад энэхүү дүрэм болон бусад холбогдох журмын тухай болон Монгол бөхийн ёс жудгийн тухай үзэгч, сонсогчдод товч тодорхой тайлбарлан таниулж байх;
13.3.7. тухайн барилдааны үеэр тайлбарлан таниулах баримт сэлтийг уншин судалж бэлдсэн байх.
13.4. Тайлбарлагч нь энэхүү дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тохиолдолд гарын даа, Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах шийтгэл хүлээлгэх бөгөөд үүргээ удаа дараа, эсхүл ноцтой зөрчвөл Салбар хорооноос баяр наадамд бөх тайлбарлагчаар ажиллах эрхийг дараахь тохиолдолд хасна:
13.4.1. барилдсан хоёр бөхийн хэн давсан нь тодорхой биш байхад давсан унасныг зарлах;
13.4.2. барилдаж буй бөхчүүдэд хандан мэх заах, зөвлөх, тэднийг хувь хүний хувьд ёжлох, шоглох, дөвийлгөн магтах;
13.4.3. бөхийн барилдааны талаарх маргаанд оролцох;
13.4.4. барилдааны үед улс төр, бизнесийн сурталчилгаа болон барилдаанд хамааралгүй бусад зүйлийг дур мэдэн ярих, мэдээлэх, зарлах;
13.4.5. зохих зөвшөөрөл, эрхгүй хүнд чанга яригч (микрофон) шилжүүлэх.
Арвандөрөв. Бөхөд цол, чимэг олгох
14.1. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан цолыг олгоно.
14.2. Баяр наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн улсын цолтой бөхчүүдэд дараахь чимгийг дэс дараалан олгоно:
14.2.1. тав давсан бөхөд: өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай;
14.2.2. зургаа давсан бөхөд: үнэн зоригт, цогт гарамгай, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, саруул шаламгай, өнөд амгалант, чин хүчит, идэвхт итгэлт, бат ерөөлт;
14.2.3. долоо давсан бөхөд: саруул сайжрах, хууринан шуугигч, өлзий бадрах, үлэмж хичээнгүй, онц бярдагч, бат нягт, чин зоригт, бахдам гарамгай, хичээнгүй нягт;
14.2.4. найм давсан бөхөд: үлэмж бадрах, бууршгүй хүчит, тод сонин, баатар зоригт, бат өлзийт, тонж гарамгай, нэн дуурсгалт, харилтгүй жавхлант, хэтэрхий хурц, өнөд төвшин;
14.2.5. ес давсан бөхөд: баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, тод сонин үзэсгэлэнт, олныг баясуулагч, бүхнээ дуурсгалт, үнэхээр бишрэлт, өнөд баясгалант, уламжлан дуурсах;
14.2.6. арав давсан бөхөд: хотлоорыг баясуулагч, харилтгүй үзэсгэлэнт, үлэмж хэтэрхий, тонж гарамгай жавхлант, аугаа хүчит бүхнээ сонсголонт.
14.3. Үндэсний их баяр наадмаар 16 хүртэлх насны хүүхдийн барилдааныг тусад нь явуулж болох бөгөөд энэхүү дүрмийг баримтлан барилдах бөгөөд түрүүлсэн хүүхдэд шонхор, үзүүрлэсэн хүүхдэд шандас цол олгоно.
Арвантав. Бусад зүйл
15.1. Баяр наадмын бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд заавал орно.
15.2. Сэргээшийн шинжилгээнд сорьц авах, хадгалах, шинжлүүлэх ажлыг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Хорооноос баталсан журмын дагуу Салбар хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран зохион байгуулна.
15.3. Бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг хөлийн цэцийн шийдвэрийг үндэслэн Салбар хороо шийдвэрлэнэ. Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд хандан эцэслэн шийдвэрлүүлнэ.
15.4. Үүргээ зөрчсөн, үл биелүүлсэн бөх, засуул, цэц, гарын даа, тайлбарлагчид хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг Салбар хороо барилдаан дууссанаас хойш 21 хоногийн дотор хуралдаж шийдвэрлэнэ.
15.5. Баяр наадмаар ажилласан жаяг дэгийн багийн гишүүдэд ажлын хөлс, барилдсан бөхчүүдэд бай шагналыг холбогдох журмын дагуу олгоно.
Текст томруулах
A
A
A