- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АГААРЫН ТЭЭВРИЙН ЗАЙЛШГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2019 оны 283 дугаар тогтоолын хавсралт
АГААРЫН ТЭЭВРИЙН ЗАЙЛШГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсад 1925 онд нисэх хүчин анх үүсч, улмаар батлан хамгаалах салбар болон улсын хөгжил, нийгмийн амьдралд бодитой хувь нэмрийг оруулсаар ирсэн бөгөөд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 272 дугаар тогтоолоор тээврийн нислэгийг эхлүүлэх бэлтгэлийг хангуулан, Иргэний агаарын тээврийн талаар ЗХУ-тай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар, Сайншандын нисэх онгоцны буудлын тоног төхөөрөмж, хэрэгсэл, ИЛ-14 онгоц 5-ыг хүлээн авснаар 15 аймгийн төвийг нийслэлтэй, 300 орчим сум, бригадын төвийг аймгийн төвтэй агаарын тээврээр холбож байжээ.
1980 оны эхэн үеэс 1990 он хүртэл иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагааны оргил үе байсан бөгөөд хот хооронд АН-24 онгоц 17, ачааны АН-26 онгоц 4, орон нутгийн тээвэрт АН-2 онгоц 24, авиахимийн ажилд АН-2 онгоц 20-ийг тус тус ашиглаж, жилд 820000 зорчигч тээвэрлэж, 2.0 сая гаруй га газарт авиахимийн ажил хийж байсан байна.
1990 оноос 2004 оныг хүртэл “МИАТ” ХК иргэдэд орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг бага тарифаар үзүүлж, жил бүр 2.0-3.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. 2004 онд АН-24 агаарын хөлгүүдийн ашиглалтын хугацаа дууссанаар Тосонцэнгэл, Цэцэрлэг, Булган, Тэшиг, Арвайхээр, Мандалговь, Баруун-Урт, Өндөрхаан чиглэлд нислэг зогссон байна. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 2 агаарын тээвэрлэгч 8 аймаг руу хуваарьт болон хуваарьт бус нислэг үйлдэж байна.
Өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого багатай манай орны хувьд иргэний агаарын тээвэр улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой бөгөөд алслагдсан бүс нутгийг холбох, иргэдийн суурьшил, орлогын түвшинг үл харгалзан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд агаарын тээвэр чухал шаардлагатай байгаа хэдий ч орон нутгийн агаарын тээврийг хөгжүүлэхэд дараахь асуудлууд тулгамдаж байна:
-орон нутагт агаарын тээврийн үйлчилгээний хүртээмж буурснаар иргэд богино хугацаанд Улаанбаатар хот руу ирж, очих, эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах боломж хангагдахгүй байна;
-агаарын хөлгийн нислэгийн зардал өндөр, зардлын дийлэнх хувь нь гадаад валютаар хийгддэгээс агаарын тээвэрлэгчид орон нутагт шинэ чиглэл нээх, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжгүй болж, хөрөнгө оруулагчдын хувьд орон нутгийн нислэгийн бизнес ашиггүй, өндөр өртөгтэй тул зорчигч урсгал багатай чиглэлд нислэг гүйцэтгэхээс зайлсхийж байна;
-орон нутгийн нислэгийн тийзний үнэ иргэдийн дундаж цалин хөлсний 50-70 орчим хувийг эзэлж байгаагаас нэн яаралтайгаас бусад тохиолдолд авто тээврийг сонгон үйлчлүүлж байна;
-Монгол Улсад ирэх зорчигч болон жуулчид орон нутаг руу шууд дамжин нисэх боломж хомс тул жуулчдын тоо нэмэгдэхгүй байх нэг хүчин зүйл болж байна;
-хүн амын дийлэнх хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, орон нутагт сийрэг суурьшсан, бүс нутгийн хөгжил муу манай орны хувьд орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг алслагдмал бүс нутгийн иргэдэд, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай, хүртээмжтэй байдлаар зохион байгуулах шаардлагатай байна;
-хуваарьт нислэг зогсох нь төрийн зайлшгүй үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх боломжгүй байдал үүсгэж байгаа тул зарим аймаг руу нөхөн олговортой нислэг үйлдэх, зорилтот бүлгийн иргэдэд нислэгийн тийзний хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна;
Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх болон төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх зорилтыг тус тус дэвшүүлсэн байна. Түүнчлэн Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.118-д “Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифыг бууруулна” гэж заасан нь “Агаарын тээврийн үйлчилгээний зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсруулах үндэслэл болж байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Алслагдсан аймаг руу хийх хуваарьт нислэгийн үйлчилгээг сэргээн тогтворжуулан иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж, төрөөс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгч эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
2.2.1. орон нутгийн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээнд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
2.2.2. орон нутгийн нислэгийг үе шаттайгаар сэргээн тогтворжуулах;
2.2.3. зорилтот бүлгийн иргэд (ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн, 18 хүртэлх насны хүүхэд) орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй үнээр зорчих тогтолцоо бүрдүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
3.1. Хөтөлбөрийг 2019-2023 оны хооронд дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
3.1.1. I үе шат-2019-2020 он;
3.1.2. II үе шат-2021-2023 он.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Орон нутгийн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээнд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. орон нутгийн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ, түүнд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
4.1.2. иргэний нисэхийн салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааг тодорхойлох;
4.1.3. орон нутгийн агаарын тээврийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
4.1.4. агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын дүрэм, журамд орон нутгийн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний зохицуулалтыг тусгах;
4.1.5. орон нутгийн нислэгийг зохих нөхөн олговор (татаас) олгох нөхцөлтэйгээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг бий болгох;
4.1.6. агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;
4.2. Орон нутгийн нислэгийг үе шаттайгаар сэргээн тогтворжуулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нислэгийн чиглэл, давтамж, эдийн засгийн тооцоо, судалгаанд үндэслэн агаарын тээвэрлэгчийн нислэгийн алдагдлыг тооцож, нөхөн олговрын хэмжээг тогтоох зохицуулалтыг бий болгох;
4.2.2. зорчигчийн тийзний үнийг тухайн орон нутгийн хүн амын худалдан авах чадварыг харгалзан уян хатан тогтоох;
4.2.3. орон нутгийн хүн амын суурьшил, байршлын онцлог, алслагдмал байдал, зорчигч болон жуулчдын эрэлт хэрэгцээнд үндэслэн нислэг зогссон, өрсөлдөх боломжгүй чиглэлд зохих нөхөн олговор олгох нөхцөлтэйгөөр нислэг гүйцэтгүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
4.2.4. орон нутгийн агаарын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих үүднээс нөхөн олговортой нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчийг ижил тэгш хамруулах нөхцөлийг бүрдүүлэх;
4.2.5. алслагдсан бүс, орон нутгийн нисэх буудлыг мэргэжлийн хүний нөөц, барилга, байгууламж, тоног төхөөрөмжөөр хангаж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавьж, бэлэн байдлыг хангах;
4.2.6. орон нутгийн нисэх буудал болон онцгой байдал, цагдаа, эмнэлэг, холбогдох бусад байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах.
4.3. Зорилтот бүлгийн иргэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй үнээр зорчих тогтолцоо бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй тийз олгох зохицуулалтыг бий болгох;
4.3.2. дотоодын агаарын тээвэрлэгчдийн орон нутгийн хуваарьт нислэг бүрийн тодорхой тооны суудлыг зорилтот бүлэгт зориулах журмыг баталж, мөрдүүлэх;
4.3.3. зорилтот бүлгийн иргэдэд олгох тийзний үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх нөхцөлийг бүрдүүлэх.
Тав. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
5.1.1. орон нутгийн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний эрх зүйн зохицуулалт бий болно;
5.1.2. агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ;
5.1.3. орон нутгийн агаарын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;
5.1.4. орон нутгийн агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний талаар эдийн засгийн зохицуулалтын дүрэм, журамтай болсон байна;
5.1.5. иргэд агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний талаарх мэдээлэлтэй болж, үйлчлүүлж хэвшинэ;
5.1.6. орон нутгийн хуваарьт нислэг тогтворжиж, агаарын тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ;
5.1.7. дотоодын агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдсэн байна;
5.1.8. зорилтот бүлгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хямд үнээр үзүүлэх боломж бүрдэнэ.
5.2. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№ |
Шалгуур үзүүлэлт |
Суурь түвшин (2018 он) |
Зорилтот түвшин (2020) |
Зорилтот түвшин (2023 он) |
1. |
Эрх зүйн акт |
1 |
2 |
4 |
2. |
Дотоодын агаарын тээвэрлэгчид олгосон нөхөн олговрын хэмжээ (төгрөг) |
431.0 сая |
2.1 тэрбум |
10.4 тэрбум |
3. |
Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг сурталчлан таниулсан аймгийн тоо |
0 |
4 |
10 |
4. |
Нислэг сэргээсэн чиглэлийн тийзний үнийн бууралтын хувь |
0 |
50 |
50 |
5. |
Зорилтот бүлгийн зорчигчийн тийзний үнийн бууралтын хувь |
0 |
80 |
80 |
6. |
Зорилтот бүлгийн зорчигчийн тоо |
0 |
7280 |
21840 |
7. |
Орон нутгийн нислэгийн чиглэлийн тоо |
8 |
12 |
12 |
8. |
Тогтмол нислэгтэй орон нутгийн нисэх буудлын тоо |
8 |
12 |
12 |
9. |
Орон нутгийн нислэгийн зорчигчийн тоо (уул уурхайн захиалгат нислэгийн зорчигчийн тоо хамаарахгүй) |
106149 |
137761 |
169373 |
10. |
Дунд оврын агаарын хөлгийн тоо |
7 |
8 |
10 |
11. |
Агаарын хөлгийн суудал ашиглалтын хувь |
50 |
60 |
75 |
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
6.1.2. иргэний нисэхийн ерөнхий газрын төсөв;
6.1.3. гадаад, дотоодын зээл, тусламж, төслийн санхүүжилт;
6.1.4. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ
7.1. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
7.2. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат бүрийн эцэст үр дүнгийн үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A