- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДИПЛОМАТ АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ
Засгийн газрын 2019 оны 272 дугаар
тогтоолын хавсралт
ДИПЛОМАТ АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Дипломат ажилтны үйл ажиллагаанд баримтлах зарчим, энэ хүрээнд дагаж мөрдөх ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг тогтоох, ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн тухай мэдээлэл, гомдлыг хянан шийдвэрлэх, ёс зүйн болон сахилгын зөрчилд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг энэ дүрмээр зохицуулна.
1.2. Энэ дүрэм нь төрийн албаны болон дипломат албаны хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасны үндсэн дээр гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэх)-д болон Дипломат төлөөлөгчийн газар (цаашид “ДТГ” гэх)-т дипломат албан тушаал эрхэлж байгаа, дипломат ажилтны тангараг өргөсөн дипломат ажилтанд үйлчилнэ.
1.3. Төрийн албаны болон дипломат албаны хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасны үндсэн дээр яам, ДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч болон үйлчилгээ, техникийн ажилтанд энэ дүрэм нэгэн адил үйлчилнэ.
1.4. Энэ дүрмийн 1.2, 1.3-т заасан ажилтан, албан хаагч төрийн албаны болон дипломат албаны хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг үүргээ биелүүлж, хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхаас гадна мөн дүрмээр тогтоосон ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг мөрдөж, зөрчсөн тохиолдолд ёс зүйн болон сахилгын хариуцлага хүлээнэ.
1.5. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжийн захирал, дэд захирал, дарга (цаашид хамтад нь “яамны удирдах албан тушаалтан” гэх), ДТГ-ын тэргүүн энэ дүрмээр тогтоосон ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг манлайлан мөрдөж, ажилтан, албан хаагчдаас мөрдөж ажиллахыг шаардах, хяналт тавих, энэ дүрэм хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд ёс зүйн болон сахилгын хариуцлага хүлээнэ.
1.6. Энэ дүрэмд заасан “гэр бүлийн гишүүн” гэдэгт энэ дүрмийн 1.2, 1.3-т заасан ажилтан, албан хаагчийн эхнэр, эсхүл нөхөр, суугаа орны хууль тогтоомжоор гэр бүлийн гишүүн гэж зөвшөөрөгдсөн насны төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд, гэрлэгчдийн эцэг, эх, ах, эгч, дүү хамаарна.
Хоёр. Дипломат ажилтны үйл ажиллагаанд баримтлах зарчим
2.1. Дипломат ажилтан нь албан тушаалын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор тогтоосон дараахь зарчмыг үйл ажиллагаандаа баримтална:
2.1.1. хууль дээдлэх;
2.1.2. ард түмэнд үйлчлэх;
2.1.3. төрийн болон дипломат албаны эрх ашгийг нэн тэргүүнд тавих;
2.1.4. захирах, захирагдах ёсыг баримтлах;
2.1.5. ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
2.1.6. төрийн болон албаны, хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах;
2.1.7. улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх.
Гурав. Дипломат ажилтны ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ
3.1. Энэ дүрмийн 2.1.1-2.1.7-д заасан зарчмын хүрээнд дипломат ажилтан үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, баримтлах дор дурдсан соёл, зан үйл, дэг журам, сахилга, шаардлага (үйлдэл, эс үйлдэхүй)-ыг дипломат ажилтны ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ гэнэ.
3.2. Дипломат ажилтан энэ дүрмийн 2.1.1-д заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд дараахь хэм хэмжээг баримтална:
3.2.1. төрийн болон дипломат албаны үйл ажиллагаанд үзэл бодол, зан үйл, үг, үйлдлээрээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэх;
3.2.2. хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийн мэдлэгтэй байх;
3.2.3. боловсруулсан болон хянасан баримт бичгийн төсөл, баталсан болон албажуулсан баримт бичиг нь хуулийн үндэслэлтэй, албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцсэн байх;
3.2.4. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Төрийн албаны тухай хууль, Дипломат албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дипломат албаны хэмжээнд дагаж мөрдөх дүрэм, журмаар тогтоосон дипломат ажилтны үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйл, ёс зүйн болон сахилгын хэм хэмжээний талаар бүрэн мэдлэгтэй байж, дагаж мөрдөх, зөрчсөн тохиолдолд ёс зүйн болон сахилгын хариуцлага хүлээх чадвартай байх;
3.2.5. яам, ДТГ-ын удирдах албан тушаалтан болон харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, шийдвэр нь хууль бус гэж үзсэн тохиолдолд яаманд ажиллаж байгаа дипломат ажилтан Төрийн нарийн бичгийн даргад, ДТГ-т ажиллаж байгаа дипломат ажилтан яамны чиглэлийн газрын захиралд саналаа тавьж шийдвэрлүүлэх;
3.2.6. жендэрийн болон бусад бүх төрлийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үүсгэхээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн үйлдлээс ангид байх.
3.3. Дипломат ажилтан энэ дүрмийн 2.1.2-т заасан ард түмэнд үйлчлэх зарчмын хүрээнд дараахь хэм хэмжээг баримтална:
3.3.1. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, хуулийн этгээд (цаашид хамтад нь “үйлчлүүлэгч” гэх)-д төрийн болон консулын үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн мэдлэгтэй байх;
3.3.2. үйлчлүүлэгчид үйлчилгээ хэрхэн авах талаар зөвлөгөө өгөх;
3.3.3. төрийн болон консулын үйлчилгээ үзүүлсний төлөө, эсхүл үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзах замаар үйлчлүүлэгчээс хууль тогтоомжийн дагуу тогтоосноос бусад нэмэлт хураамж, төлбөр, хөлс, бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авахгүй, шаардахгүй, бусад хангамж эдлэхгүй байх;
3.3.4. холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоосон хугацаа, стандарт, шаардлагад нийцүүлэн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх;
3.3.5. үйлчлүүлэгчтэй эелдэг соёлтой, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, буруу үг хэллэг хэрэглэхгүй, бүдүүлэг зан авир гаргахгүй байх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохыг цээрлэх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;
3.3.6. харьяа дээд шатны албан тушаалтны зөвшөөрсөн болон үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоос бусад тохиолдолд үйлчилгээний тогтсон цагаар ажлын байраа орхиж явахгүй байх, үйлчлүүлэгчийг шалтгаангүйгээр хүлээлгэж, цагийг нь үрэхгүй байх;
3.3.7. ДТГ-т ажиллах хугацаандаа иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн хууль ёсны эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Консулын харилцааны тухай Венийн конвенц, олон улсын бусад гэрээ, суугаа улсын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд хамгаалж ажиллах;
3.3.8. үйлчлүүлэгчээс гаргасан өргөдөл, гомдлыг хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд нь судлан, хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий хариу өгөх;
3.3.9. үйлчлүүлэгчээс гаргасан санал, өргөдөл, гомдлын дагуу ажил үүргийн гүйцэтгэлээ сайжруулах хариу үйлдэл хийх, энэ тухайгаа харьяа дээд шатны албан тушаалтан болон үйлчлүүлэгчид мэдээлэх.
3.4. Дипломат ажилтан энэ дүрмийн 2.1.3-т заасан төрийн болон дипломат албаны эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмын хүрээнд дараахь хэм хэмжээг баримтална:
3.4.1. өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн болон дипломат албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;
3.4.2. яам, ДТГ-ын зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэхгүй, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх;
3.4.3. гадаад улсад албан томилолтоор ажиллахдаа Монгол Улсын төрийн байгуулал, байгууламж болон төрийн өндөр албан тушаалтны эсрэг агуулга бүхий үг хэлэхгүй, ярилцлага өгөхгүй, ийм утгатай материал хэвлэлд өгөхгүй, нийтлүүлэхгүй, бусдаас уг үйл ажиллагааг явуулахыг үйлдэл, эс үйлдэхүйгээр шаардахгүй байх;
3.4.4. яамнаас ДТГ-т өгсөн үүрэг, даалгавар, чиглэлийг хэрэгжүүлж ажиллах, гүйцэтгэсэн ажлын талаар тогтоосон хугацаанд нь хариу мэдэгдэх;
3.4.5. консулын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоос бусад төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг аливаа хэлбэрээр бусдад дамжуулах, албаны баримт бичгийг зориулалтын бусаар болон хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах, санаатайгаар устгахыг хориглох;
3.4.6. хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд томилсон аливаа дипломат албан тушаал (ажлын байр)-д ажиллахад бэлэн байх, томилогдсон тохиолдолд томилсон хугацаанд очих;
3.4.7. албан тушаал, ажлын байр өөрчлөгдөх тухай бүрт хариуцсан ажлын холбогдолтой бүх баримт бичиг, компьютерт хадгалагдаж буй мэдээлэл, цахим шуудан зэргийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хүлээлцэж, энэ тухай тэмдэглэл үйлдэх;
3.4.8. ДТГ-т ажиллах томилолтын хугацаа дуусгавар болсон, эсхүл энэ дүрмийн дагуу ёс зүйн болон сахилгын шийтгэл хүлээсэн үндэслэлээр яамнаас эгүүлэн татсан хугацаанд эх орондоо бүрмөсөн буцаж ирэх;
3.4.9. албан үүргээ хэрэгжүүлэх хүрээнд өөрийн мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх;
3.4.10. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдгээрийн гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх;
3.4.11. гадаад улсад албан томилолтоор ажиллахдаа эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан удирдамж болон дипломат ёслолын журмыг баримтлах;
3.4.12. ДТГ-т ажиллах хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон гадаад улсад албан томилолтоор ажиллахдаа мөрийтэй тоглоом (казино) тоглохгүй, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх;
3.4.13. харьяа дээд шатны албан тушаалтанд хүндэтгэн үзэх шалтгаанаа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд ажилдаа цагтаа ирэх, ажил таслахгүй байх;
3.4.14. ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, харьяа дээд шатны албан тушаалтанд хүндэтгэн үзэх шалтгаанаа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд ажлын цагаар ажлын байраа орхиж явахгүй байх;
3.4.15. ажлын цагаар бусдын ажлын байр, ажиллах орчинд зөвшөөрөлгүй нэвтрэх, саад болох, шалтгаангүйгээр ажлыг нь тасалдуулахгүй байх;
3.4.16. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа албаны зохистой хувцас өмсөж, этгээд байдлаар хувцаслахгүй байх;
3.4.17. албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээнээс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхгүй, нэвтрүүлэхгүй байх;
3.4.18. яам, ДТГ-ын ажлын байрны зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахгүй байх;
3.4.19. дипломат болон албан паспорт эзэмших, ашиглах, хадгалах журмыг мөрдөх, яаманд ажиллах хугацаандаа өөрийн болон гэр бүлийн гишүүний зохих ангиллын паспортыг Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн ажилтанд, ДТГ-д ажиллах хугацаандаа тухайн ДТГ-ын тэргүүнд хадгалуулж байх;
3.4.20. суугаа болон хавсран суугаа улсаас өөр улс болон эх орондоо албан болон хувийн хэргээр зорчих тохиолдолд ДТГ-ын тэргүүн нар Төрийн нарийн бичгийн даргад, ДТГ-ын бусад ажилтан тэргүүнтэйгээ зөвшилцөн Төрийн захиргааны удирдлагын газарт урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчих;
3.4.21. ДТГ-т ажиллах хугацаандаа өөрөө болон гэр бүлийн гишүүн нь Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Консулын харилцааны тухай Венийн конвенц, бусад олон улсын гэрээ, суугаа улсын холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх, зөрчсөн тохиолдолд энэ тухайгаа тухайн ДТГ-ын тэргүүнд үнэн зөв мэдэгдэх, зөрчлийн улмаас үүссэн торгууль, төлбөрийг төлж барагдуулах, эдгээртэй адилтгах санхүүгийн бусад үүргийг биелүүлэх;
3.4.22. Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой аливаа үйлдэл гаргахгүй байх, дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглахгүй байх, энэ хүрээнд:
3.4.22.1. дипломат ажилтан болон гэр бүлийн гишүүн нь тамхи болон бусад бараа бүтээгдэхүүнийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор олон улсын хил, гаалиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээгээр нэвтрүүлэх буюу нэвтрүүлэхийг завдах, тээвэрлэх, хууль бусаар худалдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх;
3.4.22.2. дипломат ажилтан болон гэр бүлийн гишүүн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис (хар тамхи)-ыг хууль бусаар олж авах, бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, олон улсын хил, гаалиар нэвтрүүлэх буюу нэвтрүүлэхийг завдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх;
3.4.22.3. дипломат ажилтан болон гэр бүлийн гишүүн нь дипломат болон албан паспорт эзэмших, ашиглах, хадгалах журмыг зөрчих, дипломат дугаар бүхий автомашин, дипломат элчийн зар, дипломат ачаа тээшийн хэвлэмэл хуудас, байгууллагын хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг зэргийг ашиг хонжоо олох зорилгоор хууль бусаар ашиглах, бусдад дамжуулах, ашиглуулах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх болон эдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхгүй байх, энэ төрлийн ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх.
3.5. Дипломат ажилтан энэ дүрмийн 2.1.4-т заасан захирах, захирагдах ёсыг баримтлах зарчмын хүрээнд дараахь хэм хэмжээг баримтална:
3.5.1. өөрийн удирдлагад ажилладаг ажилтан, албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргээрээ манлайлан үлгэрлэж, мэргэшсэн удирдлагаар хангах;
3.5.2. хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх;
3.5.3. хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг зохицуулах;
3.5.4. өөрийн удирдлагад ажилладаг ажилтныг дарамтлах, эрхшээлдээ байлгах, айлган сүрдүүлэх, хясан боогдуулах буюу хавчин гадуурхах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулахгүй байх;
3.5.5. өөрийн удирдлагад болон хамт ажилладаг ажилтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль тогтоомжид нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардахгүй байх;
3.5.6. өөрийн удирдлагад болон хамт ажилладаг ажилтантай эелдэг соёлтой, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, буруу үг хэллэг хэрэглэхгүй, бүдүүлэг зан авир гаргахгүй байх, тэдгээрийн хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг нь эрхэмлэж, гутаан доромжлохгүй байх;
3.5.7. яам, ДТГ-ын удирдах албан тушаалтан болон харьяа дээд шатны албан тушаалтнаас гаргасан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь, эсхүл тогтоосон хугацаанд нь мэргэжлийн өндөр түвшинд чанартай биелүүлэх;
3.5.8. яам, ДТГ-ын удирдах албан тушаалтан болон харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;
3.5.9. албаны ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд үйлдэл, эс үйлдэхүйгээр саад учруулахгүй байх;
3.6. Дипломат ажилтан энэ дүрмийн 2.1.5-д заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмын хүрээнд дараахь хэм хэмжээг баримтална:
3.6.1. ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх;
3.6.2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хүлээсэн үүрэг, уг хуулиар тавигдсан хориглолт, хязгаарлалтыг мөрдөн ажиллах;
3.6.3. Монгол Улсын олон улсын гэрээ, гадаад улсын болон олон улсын байгууллагын шугамаар харилцан тохиролцсон албан томилолт, мөн яам, ДТГ-ын удирдах албан тушаалтан болон харьяа дээд шатны албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд, байгууллагын зардлаар гадаад, дотоодод зорчихгүй байх;
3.6.4. яам, ДТГ-ын удирдах албан тушаалтан болон харьяа дээд шатны албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт нь хамааралгүй ажлаар дотоод, гадаад улсад албан томилолтоор ажиллахгүй байх;
3.6.5. гадаад улсын төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах тухайгаа мэдсэн даруйдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр авах;
3.6.6. гадаад улсын төрийн байгууллагын албан хаагчтай хувийн хэргээр уулзах тохиолдолд яаманд ажиллах хугацаандаа Төрийн захиргааны удирдлагын газрын нууц хамгаалах ажилтанд, ДТГ-т ажиллах хугацаандаа тухайн ДТГ-ын тэргүүнд тухай бүр урьдчилан бичгээр мэдэгдэж байх;
3.6.7. албан тушаалын байдлаа ашиглан өөрийн удирдлагад болон хамт ажилладаг, эсхүл үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг ажилтнаар албан үүрэгтэй нь холбоогүй хувийн ашиг сонирхолд нийцсэн ажил, үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус шаардлага тавих, өөртөө буюу бусдад ашиг хонжоо олох үйлдэл, эс үйлдэхүй хийлгэхээр дарамт, шахалт үзүүлэхгүй байх;
3.6.8. дипломат албан тушаал, цол дэвших, ДТГ-т томилогдох, томилолтын хугацаа сунгах ажиллагаанд хувийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулах зорилгоор яамны удирдах албан тушаалтанд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, болон улс төрийн удирдах албан тушаалтнаар дарамт, шахалт үзүүлэхгүй, аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байх;
3.6.9. хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн хангалтгүй үнэлгээ авсан, эсхүл ёс зүйн болон сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн хугацаанд аливаа шагнал, урамшуулалд өөрөө болон бусдаар уламжлуулан өөрийгөө нэр дэвшүүлэхгүй байх;
3.6.10. яамны нэг газар, нэгжид хамаарал бүхий этгээдтэй хамт ажиллах нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд энэ тухайгаа Төрийн нарийн бичгийн даргад урьдчилан бичгээр мэдэгдэж шийдвэрлүүлэх;
3.6.11. ДТГ-ын тэргүүн өөрийн эхнэр, эсхүл нөхрийг тухайн ДТГ-т нягтлан бодогчоор ажиллуулахгүй байх;
3.6.12. өөрийн болон эхнэр, эсхүл нөхөр, суугаа орны хууль тогтоомжоор гэр бүлийн гишүүн гэж зөвшөөрөгдсөн насны төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийн иргэний харьяалалд өөрчлөлт орсон, эсхүл байнга оршин суугчийн эрх зүйн статустайгаар гадаад улсад оршин суух болсон тохиолдолд энэ тухайгаа Төрийн нарийн бичгийн даргад тухай бүр бичгээр үнэн зөв мэдүүлэх;
3.6.13. яам, ДТГ-ын өмч хөрөнгө болох эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг хувьдаа завшихгүй, бусдад ийм боломж олгохгүй байх;
3.6.14. яам, ДТГ-ын өмч хөрөнгө болох эд хөрөнгө (үүнд гар утас, зөөврийн компьютер хамаарна), техник хэрэгсэл, автомашин болон орон сууцыг зөв, гамтай, цэвэр нямбай байдлаар ашиглах, зохих журам, норматив хэмжээний хүрээнд хувийн хэрэгцээнд ашиглах, шаардлагатай тохиолдолд учирсан хохирлыг барагдуулах;
3.6.15. албаны харилцаанд зөвхөн тухайн ажилтанд зориулан үүсгэсэн яам, ДТГ-ын албан ёсны цахим шуудангийн хаяг ашиглах, ашиглалтын явцад харилцсан албаны бүх цахим шууданг устгахгүй байх, өөр ажилд томилогдсон тохиолдолд дараагийн ажилтанд хүлээлгэн өгөх;
3.6.16. хувийн facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээний хаягт яамны бэлгэдлийг ашиглахгүй байх, хүлээн зөвшөөрөхүйц хэм хэмжээнд албаны мэдээллийг байршуулах, түгээх;
3.6.17. яам, ДТГ-ын удирдах албан тушаалтан болон харьяа дээд шатны албан тушаалтанд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр төрийн болон дипломат бодлого, үйл ажиллагаа, улс төр, худалдаа, эдийн засаг, нийгмийн аливаа асуудлаар ном, товхимол, нийтлэл хэвлэн нийтлүүлэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, ярилцлага өгөх;
3.6.18. энэ дүрмийн 3.4.20-д заасны дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр суугаа улсаас өөр улс болон эх орондоо хувийн хэргээр зорчихдоо зардлаа өөрөө хариуцах;
3.6.19. албан тушаалын тодорхойлолтын шаардлагад тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангаж буй эсэхийг нотлох баримт бичгийг бүрэн, үнэн зөвөөр бүрдүүлж өгөх;
3.6.20. тогтоосон журмыг зөрчиж бэлэг, дурсгалын зүйл авахгүй байх, яам, ДТГ-ын удирдах албан тушаалтан болон харьяа дээд шатны албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага, дотоодын улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа шагнал, өргөмжлөл, авахгүй байх.
3.7. Дипломат ажилтан энэ дүрмийн 2.1.6-д заасан төрийн болон албаны, хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах зарчмын хүрээнд дараахь хэм хэмжээг баримтална:
3.7.1. төрийн болон албаны, хувь хүний нууцын хууль тогтоомжийн мэдлэгтэй байж, хэрэгжүүлж ажиллах;
3.7.2. албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдсан нууцыг хадгалах, задруулахгүй байх, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх.
3.8. Дипломат ажилтан энэ дүрмийн 2.1.7-д заасан улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчмын хүрээнд дараахь хэм хэмжээг баримтална:
3.8.1. дипломат алба хаших хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй байж, нөлөөлөлд автахгүй төвийг сахих;
3.8.2. төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй, мэдээ, мэдээлэл тараахгүй, ажил хаялт зохион байгуулахгүй байх;
3.8.3. хэрэв улс төрийн намын гишүүн бол дипломат албан тушаалд томилогдохоос өмнө намын гишүүнээс түдгэлзэж, энэ тухайгаа Төрийн захиргааны удирдлагын газарт болон харьяалах намдаа албан ёсоор бичгээр мэдэгдэх, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний сонгуульт албан тушаалд томилогдох бол томилогдохоос өмнө дипломат албан тушаалаас холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөөлөгдсөн байх;
3.8.4. хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, хувийн facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар хувийн байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхгүй байх;
3.8.5. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх.
Дөрөв. Дипломат ажилтны ёс зүйн хэм хэмжээг
зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага
4.1. Энэ дүрмийн 3.2.1-3.2.5, 3.3.1, 3.3.2, 3.3.4-3.3.9, 3.4.1, 3.4.4, 3.4.9, 3.4.10, 3.4.12-3.4.16, 3.4.18-3.4.20, 3.5.1-3.5.8, 3.6.1, 3.6.3-3.6.6, 3.6.10, 3.6.12-3.6.18, 3.8.5-д заасан хэм хэмжээг дипломат ажилтны ёс зүйн хэмжээ гэж үзнэ.
4.2. Энэ дүрмийн 4.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэх бөгөөд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн дипломат ажилтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь ёс зүйн шийтгэл ногдуулна:
4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох;
4.2.2. сануулах.
4.3. Энэ дүрмийн 4.2.1, 4.2.2-т заасан ёс зүйн шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.
4.4. Дипломат ажилтан энэ дүрмийн 3.4.13, 3.4.14-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд ажлын цагийг бүрэн ашиглаагүй хугацааны цалин хөлсийг суутган тооцож болно.
4.5. Дипломат ажилтан энэ дүрмийн 4.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлдээ дүгнэлт хийж, дипломат албан тушаалаас сайн дураараа буюу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж болох бөгөөд ийнхүү чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.
4.6. Ёс зүйн шийтгэл хүлээсэн дипломат ажилтан зөрчлийн улмаас Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд учруулсан хохирол (биет бус), үйлчлүүлэгч, яам, ДТГ-т учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.
4.7. Энэ дүрмийн 4.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн шийтгэл ногдуулж болохгүй.
4.8. Дипломат ажилтан ёс зүйн шийтгэл хүлээлгэсэн өдрөөс хойш 6 сарын дотор ёс зүйн шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.
4.9. Ёс зүйн шийтгэлтэйд тооцогдох хугацаандаа дахин ёс зүйн зөрчил үйлдсэн бол энэ нь тухайн дипломат ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх, ДТГ-т ажиллаж байгаа дипломат ажилтныг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах үндэслэл болно.
4.10. Дипломат ажилтанд ёс зүйн шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг өөрт нь танилцуулж, хувийн хэрэгт нь хадгалах бөгөөд яам, ДТГ-ын нийт албан хаагчдад цахим шуудангаар мэдээлнэ.
Тав. Дипломат ажилтны сахилгын хэм хэмжээг
зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага
5.1. Энэ дүрмийн 3.2.6, 3.3.3, 3.4.2, 3.4.3, 3.4.5-3.4.8, 3.4.11, 3.4.17, 3.4.21, 3.4.22.1-3.4.22.3, 3.5.9, 3.6.2, 3.6.7-3.6.9, 3.6.11, 3.6.19, 3.6.20, 3.7.1, 3.7.2, 3.8.1-3.8.4-т заасан хэм хэмжээг дипломат ажилтны сахилгын хэм хэмжээ гэж үзнэ.
5.2. Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн, мөн энэ дүрмийн 5.1-д заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэх бөгөөд сахилгын хэм хэмжээг зөрчсөн дипломат ажилтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл ногдуулна:
5.2.1. сануулах;
5.2.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
5.2.3. дипломат албан тушаал, цол, зэрэг дэв бууруулах, хураах буюу хүчингүй болгох;
5.2.4. дипломат албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;
5.2.5. дипломат албанаас халах.
5.3. Энэ дүрмийн 5.2.1-5.2.5-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.
5.4. Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан үндэслэлээс гадна дараахь тохиолдолд дипломат ажилтанд энэ дүрмийн 5.2.4, 5.2.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулна:
5.4.1. энэ дүрмийн 3.3.3-т заасныг зөрчиж, үйлчлүүлэгчээс хууль тогтоомжоор тогтоосноос бусад нэмэлт хураамж, төлбөр, хөлс, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл шаардаж авсан, хууль бус бусад хангамж эдэлсэн;
5.4.2. энэ дүрмийн 3.4.5-т заасныг зөрчиж, албаны баримт бичгийг санаатайгаар устгасан;
5.4.3. энэ дүрмийн 3.4.13-т заасныг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш өдөр ажил тасалсан;
5.4.4. энэ дүрмийн 3.4.22.1-3.4.22.3-т заасныг дипломат ажилтан, түүний гэр бүлийн гишүүн зөрчсөн талаар гадаад улсын эрх бүхий байгууллагаас яам, ДТГ-т албан ёсоор мэдэгдсэн, эсхүл энэ дүрэмд заасны дагуу тогтоогдсон;
5.4.5. энэ дүрмийн 3.2.6-д заасныг зөрчиж, бусдад бэлгийн дарамт үзүүлсэн.
5.5. Энэ дүрмийн 5.2.4, 5.2.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулах зөрчил үйлдсэн байж болзошгүй ДТГ-т ажиллаж байгаа дипломат ажилтныг тухайн зөрчлийг эцэслэн шийдвэрлэх хүртэл, эсхүл зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол тухайн хэргийг эрх бүхий байгууллага эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн ажилтныг эгүүлэн татаж, дипломат албан тушаалаас нь түдгэлзүүлж болно. Энэ тохиолдолд тухайн ажилтан түр хугацаагаар эгүүлэн татсантай холбогдон гарах зардлыг өөрөө хариуцна.
5.6. Энэ дүрмийн 5.5-д заасны дагуу түр хугацаагаар эгүүлэн татагдсан дипломат ажилтан 5.2.4, 5.2.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулах зөрчил, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь энэхүү дүрмийн дагуу, эсхүл шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол түүнийг эгүүлэн татсан, гэр бүлийн гишүүн буцан ирэхтэй холбогдон гарах бүх зардлыг өөрөө хариуцна.
5.7. Энэ дүрмийн 5.5-д заасны дагуу түр хугацаагаар эгүүлэн татагдсан дипломат ажилтан 5.2.4, 5.2.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулах зөрчил, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй бол тухайн дипломат ажилтанд учирсан хохирлыг улсын төсвөөс нөхөн олгоно.
5.8. Энэ дүрмийн 5.1-д заасан сахилгын хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.
5.9. Дипломат ажилтан сахилгын шийтгэл хүлээлгэсэн өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
5.10. Сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаандаа дахин ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан нь ДТГ-т ажиллаж байгаа дипломат ажилтныг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах үндэслэл болно.
5.11. Дипломат ажилтан энэ дүрмийн 5.1-д заасан сахилгын хэм хэмжээг зөрчсөн нь энэ дүрмийн дагуу тогтоогдсон бол тухайн ажилтныг томилсон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулна.
5.12. Элчин сайд, Байнгын төлөөлөгч, Ерөнхий консулд энэ дүрмийн 3.4.22.1-3.4.22.3-т заасан зөрчлийг үйлдсэний улмаас 5.2.4, 5.2.5-д заасан сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагатай тохиолдолд яам түүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж, сахилгын шийтгэл ногдуулах саналыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
5.13. Элчин сайд, Байнгын төлөөлөгч, Ерөнхий консул сахилгын бусад хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд энэ дүрмийн 5.2.1-5.2.3-т заасан сахилгын шийтгэлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар ногдуулна.
5.14. ДТГ-ын тэргүүн энэ дүрмээр тогтоосон ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг зөрчсөн төвийн томилолттой дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтанд томилсон эрх бүхий албан тушаалтан эрх шилжүүлснээс бусад тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй.
5.15. Дипломат ажилтан энэ дүрмийн 3.4.22.1-3.4.22.3-т заасныг зөрчиж, дүрмийн 5.2.4, 5.2.5-д заасан сахилгын шийтгэл хүлээсэн бол Дипломат албаны тухай хууль болон холбогдох журмын дагуу яам, ДТГ-ын төсвөөс олгосон дараахь зардал хангамж, түүнчлэн төрд учруулсан бусад хохирлыг тухайн ажилтнаар нөхөн төлүүлнэ:
5.15.1. Монгол Улсын болон дипломат албаны нэр хүндэд учруулсан (биет бус) хохирол;
5.15.2. дипломат ажилтан болон түүний гэр бүлийн гишүүн томилогдсон улсад очсон унааны болон зам, хоногийн зардал, ачаа, тээшний тээврийн хөлс, дамжин өнгөрөх хотод байрласан зочид буудлын зардал;
5.15.3. суугаа улсад ажиллах хугацаанд олгосон орон сууцны түрээсийн болон бусад төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн төлбөр;
5.15.4. суугаа улсад ажиллах хугацаанд олгосон цалин хөлс, дипломат ажилтан гэр бүлийн гишүүний хамт ээлжийн амралтаараа эх орондоо ирж амрахад олгосон ирэх, буцах унааны зардал.
5.16. Дипломат ажилтанд энэ дүрмийн 5.2.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнийг дипломат албанд дахин авахаас татгалзах үндэслэл болно.
5.17. Дипломат ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнийг захиргааны, эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
5.18. Дипломат ажилтан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн албаны зөвлөл, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.
5.19. Дипломат ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг өөрт нь танилцуулж, хувийн хэрэгт нь хадгалах бөгөөд яам, ДТГ-ын нийт албан хаагчдад цахим шуудангаар мэдээлнэ.
Зургаа. Дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ
зөрчсөн тухай мэдээллийг хүлээж авах, шалгаж шийдвэрлэх
6.1. Дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн тухай үйлчлүүлэгч (төрийн албан хаагчийг оролцуулан), энэ дүрмийн 1.2, 1.3-т заасан ажилтан, албан хаагч, тэдгээрийн гэр бүлийн гишүүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн, мөн эрх бүхий байгууллагын болон яамны дотооод хяналт, шалгалтаар илэрсэн үндэслэл бүхий мэдээ, баримт (цаашид хамтад нь “мэдээлэл” гэх) нь шалгалт явуулах үндэслэл болно.
6.2. Энэ дүрмийн 4.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг дипломат ажилтан зөрчсөн талаарх мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэх үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл ажиллана.
6.3. Энэ дүрмийн 5.1-д заасан сахилгын хэм хэмжээг дипломат ажилтан зөрчсөн талаарх мэдээллийг яамны хуулийн асуудал хариуцсан нэгж, нэгж байхгүй бол хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авч, үндэслэлийг шалган, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүй тухай, эсхүл сахилгын шийтгэл ногдуулах тухай санал, дүгнэлтийн аль нэгийг гаргаж, сахилгын шийтгэл ногдуулах бол хүлээлгэх хариуцлагын талаарх саналаа тухайн дипломат ажилтныг томилсон энэ дүрмийн 5.11-д заасан албан тушаалтанд танилцуулна.
6.4. Энэ дүрмийн 6.3-т заасан санал, дүгнэлтийг үндэслэн тухайн дипломат ажилтныг томилсон энэ дүрмийн 5.11-д заасан албан тушаалтан холбогдох шийдвэр гаргах, эсхүл шаардлагатай гэж үзвэл дурдсан санал, дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж болно.
6.5. ДТГ-т ажиллаж байгаа дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн талаарх мэдээллийг тухайн ДТГ нийт ажилтны хурлаар хэлэлцэн, ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэх талаарх тодорхой дүгнэлт, саналаа Ёс зүйн зөвлөлд, эсхүл сахилгын хариуцлага хүлээлгэх эсэх талаарх тодорхой дүгнэлт, саналаа холбогдох материалын хамт (мэдээлэл, зөрчилд холбогдсон ажилтны тайлбар, зөвлөгөөний тэмдэглэл, бусад нотлох баримт) Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлнэ.
6.6. Дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн талаарх мэдээллийг яамны yoszui@mfa.gov.mn хаягаар цахимаар, 92262222 дугаарын утсаар, мөн яам, ДТГ-ын бичиг хэрэгт бичгээр тус тус хүлээн авна. Мэдээллийг ДТГ-ын цахим шуудангаар мөн авч болно.
6.7. Дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд гарч байгаа эсэхийг яамны хэвлэл мэдээлэл хариуцсан нэгж, нэгж байхгүй бол хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн тогтмол хянах бөгөөд үндэслэл бүхий мэдээллийг Ёс зүйн зөвлөл, эсхүл Төрийн захиргааны удирдлагын газарт мэдэгдэнэ.
6.8. Мэдээлэл гаргагч нь мэдээлэлд ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг зөрчсөн ажилтны нэр, албан тушаал, гаргасан зөрчлийн талаар дурдаж, өөрийн овог, нэр, оршин суугаа газар буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар болон цахим шуудангийн хаягийн талаарх мэдээллийг заавал тусгана.
6.9. Мэдээллийг шалган шийдвэрлэх явцад дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн талаарх мэдээлэл нь бусдыг гүтгэх зорилготой байвал уг зөрчлийг хянан шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
6.10. Шаардлагатай тохиолдолд мэдээлэл гаргагчийн хувийн мэдээллийг нууцалж болно.
6.11. Дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн талаар мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд мэдээллийг шалган шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаж болно.
6.12. Дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн талаар мэдээллийг шалгах шийдвэрлэхдээ хариуцлага хүлээлгэх эсэх үндэслэлийг тогтоох дараахь ажиллагааг хийнэ:
6.12.1. мэдээлэлд холбогдсон дипломат ажилтан болон мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх, нэмэлт мэдээлэл, нотлох баримт, материал, баримт бичиг авах;
6.12.2. шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах;
6.12.3. харьяалах нэгж, ДТГ-ын удирдлага, ажилтнуудтай уулзаж, эсхүл цахимаар холбогдож шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах;
6.12.4. мэдээлэл гаргагч, мэдээлэлд холбогдсон дипломат ажилтан болон шаардлагатай тохиолдолд бусад оролцогчийг тухайн мэдээллийг хэлэлцэх хуралдаанд оролцуулах, тайлбар сонсох, асуулт тавьж, хариулт авах.
6.13. Дипломат ажилтан сахилгын хэм хэмжээ зөрчсөн талаарх мэдээллийг энэ дүрмийн 6.3, 6.4, 6.5-т заасны дагуу шалган шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.
Долоо. Ёс зүйн зөвлөл
7.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ёс зүйн зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд гишүүнийг сонгон шалгаруулах, ажиллах журмыг батална.
7.2. Ёс зүйн зөвлөлийг яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгжийн удирдлага ахлах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд яамны ахлах албан тушаалтан, эмэгтэй ажилтны төлөөлөл, хуулийн болон консулын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмадын хорооны гишүүн, хүний эрхийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.
7.3. Ёс зүйн зөвлөлийн гишүүнээр ажиллах яамны албан хаагчийг санал хураалтын зарчмаар сонгоно.
7.4. Ёс зүйн зөвлөлийн гишүүнийг гурван жилийн хугацаагаар томилно.
7.5. Ёс зүйн зөвлөл нь энэ дүрмийн 4.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг дипломат ажилтан зөрчсөн талаарх мэдээллийг энэ дүрэм, зөвлөлийн ажиллах журмын дагуу шалгаж шийдвэрлэх бөгөөд мэдээллийг гишүүдийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан зөрчил гаргасан дипломат ажилтанд энэ дүрмийн 4.2.1, 4.2.2-т заасан хариуцлагын аль нэгийг хүлээлгэх тогтоол гаргана.
7.6. Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор энэ дүрмийн 4.2.1-д заасан ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд уучлал гуйх хэлбэрийг тодорхойлсон байна.
7.7. Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг мэдээлэл гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.
7.8. Ёс зүйн зөвлөлийн тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдээлэл гаргагч, дипломат ажилтан Төрийн албаны зөвлөлийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд гомдол гаргаж болно.
Найм. Бусад
8.1. Дипломат ажилтан ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг зөрчиж болзошгүй эсэх талаар эргэлзээ үүсвэл Ёс зүйн зөвлөл, эсхүл яамны хуулийн асуудал хариуцсан нэгж, нэгж байхгүй хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж зөвлөгөө авч болно. Ёс зүйн зөвлөл, эсхүл мэргэжилтний зөвлөгөө нь зөвлөмжийн шинжтэй бөгөөд дипломат ажилтныг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
8.2. Ёс зүйн болон сахилгын хэм хэмжээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь захиргааны зөрчлийн, эсхүл гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A