A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 274 дүгээр
   тогтоолын 2 дугаар хавсралт

 

ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН
ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-д заасны дагуу тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл (цаашид “эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл” гэх)-ийг хөтлөхөд энэ журмыг баримтална.

Хоёр. Эрхээ хязгаарлуулсан этгээдийн
    бүртгэл хөтлөх

2.1. Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.

2.2. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын                 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.3. Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө.

2.4. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ.

2.5. Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 (гурван) жил байна.

2.6. Захиалагч хуулийн 14.5-д заасны дагуу эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн тендерт оролцогчийн ирүүлсэн тендерээс татгалзана.


Гурав. Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг
    олон нийтэд мэдээлэх

3.1. Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ.

3.2. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж нь эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг тухай бүр шинэчилж, худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д олон нийтэд нээлттэй байршуулна.

 


-----о0о-----