- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2019 оны 06 дугаар
тогтоолын нэгдүгээр хавсралт
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ,
ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ,
УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл.
1.1.Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, удирдлага болгон мөрдүүлэх үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Энэхүү журмыг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин суугч иргэн, малчин өрх харьяалалгүй хүн дагаж мөрдөнө.
1.3.Журмыг сумдын Засаг дарга, Мандалговь хотын Захирагчийн ажлын алба шууд хариуцан зохион байгуулж хэрэгжүүлнэ.
1.4. Журмаар зохицуулагдаагүй харилцааг “Хог хаягдлын тухай” хуулийг удирдлага болгон зохицуулна. Хуульд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд журамд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулна.
Хоёр. Энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах.
2.1.Хог хаягдал гаргагч бүр үүсгэсэн хог хаягдлаа ангилан зориулалтын саванд хийх.
2.2.Өөрийн эзэмшил, өмчлөлийн газартай зориулалтын ангилан ялгах хогийн сав байрлуулах.
2.3.Аж ахуйн нэгж, байгууллага бүр энгийн хог хаягдлыг ангилан ялгаж, савлах тээвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллах.
Гурав. Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх дахин боловсруулах
3.1. Хоёрдогч түүхий эдийг цуглуулах, худалдан авах:
3.1.1.Хоёрдогч түүхий эдийг цуглуулах ажлыг сумдын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан этгээд хүлээн авна. Гэрээнд цэгийн байршил, ажиллах цагийн хуваарь, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, гал, усны аюулгүй байдлыг хангах, түүнээс урьдчилан сэргийлэх, орчны тохижилт, ариун цэврийн талаар авах арга хэмжээнүүдийн талаар тодорхой зааж өгнө.
3.1.2.Хоёрдогч түүхий эдийг худалдан авахдаа цэг байгуулах замаар болон явуулын машинаар үйлчилгээг зохион байгуулна.
3.1.3.Хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгийг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулахуйц газар байгуулж үл болно.
3.1.4.Гэр хороололд хоёрдогч түүхий эд худалдаж авах цэгийг гудамжны эхэнд болон төгсгөлд гал, усны аюулгүй газарт, айл өрх, хашаанаас зайдуу байршилд байгуулна. Харин орон сууцны хороололд хоёрдогч түүхий эд цуглуулах явуулын машин үйлчилгээг нийтэд хүртээмжтэй байхаар зохион байгуулах.
3.1.5.Хоёрдогч түүхий эд худалдаж авах цэг нь өөр зүйл худалдах, худалдан авах эрх эдлэхгүй.
3.1.6.Хоёрдогч түүхий эд худалдаж авах цэгийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий байцаагч, тухайн сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга хяналт тавина.
3.1.7.Мэргэжлийн хяналтын газраас тухайн хоёрдогч түүхий эд худалдан авах цэгийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд үйл ажиллагааг нь холбогдох хууль, журмын дагуу зогсооно.
3.1.8.Хог хаягдлыг цуглуулах худалдан авахад шаардагдах бүх зардлыг энэ үйлчилгээг явуулах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага хариуцна.
3.1.9.Цуглуулсан хог хаягдлын нэр төрөл, тоо хэмжээг тухайн иргэн, аж ахуйн нэгж сумдын Засаг даргын тамгын газарт, хагас бүтэн жилээр гаргаж өгнө.
3.2. Хоёрдогч түүхий эдийн дахин боловсруулах:
3.2.1.Хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах иргэн, аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэсэн байна.
3.2.2.Хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулахдаа байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлж ажиллана.
3.2.3.Ажилчиддаа хог хаягдлын талаар сургалт хийх, мэргэжлийн байгууллага, албан тушаалтнаас мэргэжил арга зүйн зөвлөмж, чиглэл авах.
3.2.4.Хоёрдогч түүхий эд дахин боловсруулах үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газар, тухайн сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга хяналт тавина.
3.2.5.Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн хоёрдогч түүхий эд дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд үйл ажиллагааг нь холбогдох хууль, журмын дагуу зогсооно.
3.2.6.Дахин боловсруулан хоёрдогч түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээг тухайн иргэн, аж ахуйн нэгж сумдын Засаг даргын тамгын газарт хагас, бүтэн жилээр гаргаж өгнө.
3.3. Бусад хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх:
3.3.1.Сумдын Засаг дарга нар хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.
3.3.2.Гэрээ байгуулсан эрх бүхий иргэн, байгууллага хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг холбогдох стандартад нийцүүлэн явуулах.
3.3.3.Айл өрхийн хог хаягдлыг баталсан графикийн дагуу тогтмол хугацаанд тээвэрлэнэ.
3.3.4.Аж ахуйн нэгж, байгууллагын хогийг гэрээний дагуу тогтсон хугацаанд мөн дуудлагаар ачиж цуглуулан, хогийн төвлөрсөн цэгт хүргэнэ.
3.3.5.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэхдээ хүрээлэн буй орчин, хөрсийг бохирдуулахгүй байх арга хэмжээг авна.
3.4. Хог хаягдлыг устгах, булшлах:
3.4.1.Эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэн хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэж, холбогдох хууль, дүрэм, стандартын дагуу булж, устгана.
Дөрөв. Оролцогч талуудын хүлээх үүрэг.
4.1. Аймгийн Засаг даргын хүлээх үүрэг:
4.1.1. Хууль, журмыг хэрэгжүүлэхэд нь сумдын Засаг Даргын Тамгын Газар болон иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
4.1.2. Хог хаягдал ангилах, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэхэд нь сумдад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулна.
4.1.3. Журмын хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох.
4.2. Сумын Засаг даргын хүлээх үүрэг:
4.2.1. Нутаг дэвсгэрийнхээ албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх өдөр, хуваарийг батлах.
4.2.2. Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулан, сонгон шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавин ажиллах.
4.2.3.Нутаг дэвсгэрийнхээ айл өрх, байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж хаях талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, энэ журмын 6.1 дэх хэсэгт заасны дагуу урамшуулах.
4.2.4. Нутаг дэвсгэрийнхээ хог хаягдлыг ангилан ялгаж хаях, цуглуулах, устгах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг сумын төсөвтөө тусгаж санхүүжүүлэх.
4.2.5.Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хог хаягдлыг ангилан хаях, хадгалах, тэдгээрийг цуглуулах, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх.
4.3. Багийн Засаг даргын хүлээх үүрэг:
4.3.1.Сумын Засаг даргын баталсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх өдөр, хуваарийн дагуу графикийг гаргаж мөрдүүлнэ.
4.3.2.Нутаг дэвсгэрийн айл, өрх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг энэхүү журамд заасны дагуу ангилан ялгуулах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих.
4.3.3. Багийн оршин суугчид болон байгууллага аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоог хамруулан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.
4.3.4.Ангилсан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагын хог тээвэрлэлтийн график, хугацаа, давтамжид хяналт тавьж хамтран ажиллах.
4.3.5.Хоёрдогч түүхий эд худалдан авч буй цэгийн үйл ажиллагаанд хяналт тавих.
4.4. Айл өрх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг:
4.4.1. Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь үүсгэж буй энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр болон үйл ажиллагааны явцад дахин ашиглах, хүнсний хаягдал, үнс болон бусад гэсэн төрлөөр заавал ангилна.
4.4.2.Хог хаягдлыг цуглуулахдаа орон сууцны хороолол, гэр хороолол, байгууллага аж ахуйн нэгж гэж 3 төрлөөр ангилна. Үүнд:
А.Орон сууцны хороолол:
Орон сууцны айл өрх дахин ашиглах боломжтой хог хаягдлаа хоёрдогч түүхий эдийг цуглуулагч, иргэн аж ахуйн нэгж, харин бусад энгийн хог хаягдлыг байр, орцны нэгдсэн хогийн цэг, нэгдсэн хогийн цэггүй тохиолдолд тогтсон хугацаанд шууд хог тээврийн машинд, ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын сав, хүлээн авах тусгай цэгт батлагдсан өдөр, хуваарийн дагуу хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгнө.
Б. Гэр хороолол:
Дахин ашиглах боломжтой хог хаягдал бусад хог хаягдал гэсэн төрлөөр зориулалтын саванд хадгалах бөгөөд (ахуйн аюултай, эмнэлгийн хаягдлыг тусгай зориулалтын, хүлээн авах тусгай цэгт) батлагдсан өдөр, хуваарийн дагуу хог хаягдал цуглуулах тээвэрлэх эрх бүхий иргэн, байгууллагад хүлээлгэн өгнө.
В. Байгууллага, аж ахуйн нэгж:
Дахин ашиглах боломжтой болон бусад хог хаягдлыг зориулалтын саванд хадгалах бөгөөд, аюултай, эмнэлгийн болон барилгын хог хаягдлыг тусгай зориулалтын машин техникт зааврын дагуу хог хаягдал цуглуулах тээвэрлэх эрх бүхий иргэн, байгууллагад батлагдсан өдөр, хуваарийн дагуу хүлээлгэж өгнө.
4.5. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий байгууллагын хүлээх үүрэг:
4.5.1.Сумын Засаг даргын баталсан өдөр, хуваарийн дагуу дахин ашиглах болон бусад хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрхлэх. Үйл ажиллагаандаа холбогдох чиглэлээр гарсан хууль дүрэм, журам, Монгол Улсын стандартыг мөрдөж ажиллах.
4.5.2.Иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүйгээр, хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг сахин хөдөлгөөнд оролцож хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх.
4.5.3.Тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээ бусад мэдээллийг улирал бүр сумын Засаг дарга Тамгын газар, Мандалговь хотын Захирагчийн ажлын албанд гаргаж өгнө.
Тав. Хориглох зүйл, хүлээх хариуцлага
5.1.Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгалгүй хаях, шатаахыг хориглоно.
5.2.Ангилан ялгасан хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх эрх бүхий иргэн, байгууллагаас өөр этгээд цуглуулах, тээвэрлэхийг хориглоно.
5.3.Хог хаягдлыг зориулалтын бус газар, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, далан, шуудуунд ил задгай хаяхыг хориглоно.
5.4.Хог хаягдлын тухай хууль зөрчигчдөд Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Зургаа. Урамшуулал
6.1.Хог хаягдлын анхан шатанд ангилан ялгаж хэвшсэн, хог хаягдлыг дахин ашиглах шинэ санал санаачлага гаргасан, мөн хоёрдогч түүхий эдийг цуглуулах, тээвэрлэх дахин боловсруулахад бусдад үлгэр дуурайлал болсон айл өрх, иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, олон нийтэд сурталчлах, бүх талаар дэмжиж ажиллана.
6.2.Энэ журмын 6.1-д заасан дэмжлэг, урамшууллын арга хэмжээг тухайн иргэн аж ахуйн нэгжийн хүсэлт, багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна.
Текст томруулах
A
A
A