- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 05
дугаар тогтоолын хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавих, тэдний үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын стандартыг мөрдөж ажиллана.
1.3.Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Татварын хэлтэс, сумдын Засаг дарга нар зохион байгуулж хэрэгжүүлнэ.
Хоёр. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага
2.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дараах шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөл авсан нөхцөлд энэхүү үйл ажиллагааг эрхэлж болно.
2.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчийн хууль ёсны албан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, хэрэгжилтийг ханган ажиллана.
2.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх байгууллага нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу баригдсан барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, барааны чанар, аюулгүй байдал, технологи, ариун цэвэр эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байранд үйл ажиллагаа явуулна.
2.4.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь стандартын шаардлага хангасан, зөвшөөрөлд заагдсан агууламж бүхий бүтээгдэхүүнээр худалдаа, үйлчилгээг эрхлэн явуулна.
2.5.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нийгмийн даатгал төлдөг, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлөөр хангагдсан харилцааны өндөр соёлтой, мэргэжлийн үнэмлэхтэй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан, ажилтны нэр бүхий энгэрийн тэмдэг, иж бүрэн хувцастай байх бөгөөд “Хэрэглэгчээ дээдлэе” зарчмыг баримтлан ажиллана.
2.6.Орон сууцны зориулалтыг өөрчлөн ажил үйлчилгээ явуулахаар зориуд тохижуулсан, эсхүл анхны зориулалт нь үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөгдсөн худалдаа, үйлчилгээний газар нь оршин суугчдын 90 хувийн саналыг авсан байна.
2.7.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь кассын машин, барааны зураасан код унших тооцооны машинтай, үйлчилгээний хэсэгтээ галын дохиоллыг заавал байрлуулсан, дотор, гаднах орчныг хянах MNS6423:2013 стандартын шаардлагыг хангасан хяналтын шөнийн цагаар зураг авдаг, бичлэгийг 30 хоног хадгалдаг санах ойтой телекамертай байна.
2.8.Дундговь аймгийн Татварын хэлтэст бүртгэлтэй, татвар санхүүгийн тайлангаа цаг хугацаанд нь гаргаж хэвшсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж байна.
2.9.Үйл ажиллагаа явуулж буй обьектынхоо эргэн тойрны 50м газрын цэвэрлэгээ болон хотын тохижилт, соёлжилтод онцгой анхаарч ажилласан байна.
2.10.Байгууллага бүр өөрийн нэр, лого бүхий орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн гэрлэн хаяг, цагийн хуваарийг монгол хэл дээр, крилл үсгээр бичиж харагдахуйц байршуулж, гадна гэрэлтүүлгийг 10-20 м-т байгаа эд зүйл харагдах, бичлэгт орж байхаар шийдсэн байна.
2.11.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2 дугаар заалтыг болон өөрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль, дүрэм, журам, стандартын талаар хуулийн булан /1.0*1.2м хэмжээтэй/-д хуульд тусгагдсан холбогдох заалтууд, архи, согтууруулах ундаа байршуулж буй хэсгийн ард, зурагт хуудсыг харагдахуйц газарт байршуулсан байна.
2.12. Аймаг, сумын хэмжээнд согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон өдрүүд, цагуудад согтууруулах ундааны хэсгийг бүрэн хаах хэвлэмэл хөшигтэй, хөшгөн дээр Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, аймаг, сумын Засаг даргын захирамжийн холбогдох заалт, зөвлөмж, сэрэмжлүүлгийг үйлчлүүлэгчийн нүдэнд тод харагдахаар бичсэн байна.
2.13. Аймаг орон нутагт зөвшөөрөгдсөн согтууруулах ундааг шинжилгээний бичигтэй худалдаалах ба импортын архи согтууруулах ундааны гаалийн шинжилгээний бичгийг бүрэн бүрдүүлсэн байна.
2.14. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэх газрууд нь үйлчилгээний онцлогийг тусгасан дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.14.1. Согтууруулах ундаа худалдах газар
2.14.1.1.Согтууруулах ундаа худалдах газрууд нь “Худалдааны газар, түүний үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5021:2007
2.14.1.2.Согтууруулах ундаа худалдах газрын үйлчилгээний заалны талбайн хэмжээ 45 м.кв-аас дээш байх бөгөөд зориулалтын агуулах, ажиллагсдын амрах өрөөтэй байна.
2.14.1.3.Согтууруулах ундааны төрлийг бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ундаанаас тусад нь байрлуулсан байна.
2.14.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх “Зоогийн газар”
2.14.2.1.Зоогийн газар нь ариун цэврийн дүрмийн шаардлага хангахуйц хоол зөөх болон хэрэглэсэн аяга таваг зөөх урсгалтай, үйлдвэрлэлийн байр нь технологийн шаардлагад нийцсэн бэлтгэлийн өрөө, халуун болон хүйтэн боловсруулах цехтэй эсвэл зориулалтаар зохион байгуулагдсан ажлын байртай байна.
2.14.2.2..Зоогийн газар нь хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ “Хоолны газрын ангилал, зэрэглэл, ерөнхий шаардлага MNS 4946:2005” стандартыг чанд баримтлана.
2.14.2.3.Согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх газрын үйлчилгээний заал нь 50 м.кв-с дээш талбайтай үйлчилгээний газарт агаар оруулах, гаргах төхөөрөмжтэй, 28 хүн тутамд гарын угаагуур 1, эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 суултуур ногдохоор байна.
2.14.3..Согтууруулах ундаагаар үйлчлэх “Кафе”
2.14.3.1.Кафе нь энгийн байхаас гадна төрөлжсөн байж болно. Төрөлжсөн кафе нь нэрэндээ тохирсон дотоод, гадаад тохижилттой, өөрийн онцлогыг агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах үйлчилгээтэй байна.
2.14.3.2.Хүүхдэд зориулсанаас бусад төрөлжсөн кафед 18-аас дээшгүй градустай дарс, шар айргаар үйлчилнэ.
2.14.3.3.Кафе зөвхөн стандартын шинжилгээ, чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалан, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулна.
2.14.3.4.Кафе "Хоолны газрын ариун цэврийн дүрэм"-ийг баримтлан ажиллаж, цэвэрлэгээ, ариутгал устгалыг тогтмол хийж ажиллана.
2.14.4.Согтууруулах ундаагаар үйлчлэх “Баар”
2.14.4.1.Баар зөвхөн согтууруулах ундаагаар үйлчлэх, хэт чанга хөгжим тавих, нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, хэрүүл зодоон гаргах зэрэг үйлчилгээний дэг журам зөрчсөн зохисгүй байдал гаргахгүй байх зарчмыг хатуу баримтлана.
2.14.4.2.Баар нь хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ хоолны газрын ангилал, зэрэглэл, ерөнхий шаардлага MNS 4946:2005 стандартыг чанд баримтлана.
2.14.4.3.Бармены ажлын байр, угаалгын тосгуур, ус буцалгагч, хөргөгч, мөс бэлтгэгч, коктейль найруулагч, шилэн сав хэрэглэлийн тавиур зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
2.14.4.4.Хувь хүн, аж ахуйн нэгжээс стандартын бус, шинжилгээгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг хүлээн авч худалдаалахгүй байна.
2.14.4.5.Баар нь согтууруулах ундаа болон халуун хоол, зуушаар үйлчлэхээс гадна хүмүүсийн ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор караоке, шоу тоглолт, биеийн тамир, соёл урлагийн чиглэлийг сурталчлах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ажиллана.
Гурав. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлт
3.1.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг: Үүнд:
3.1.1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/
3.1.2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.1.3.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
3.1.4.Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилласан талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх
3.1.5.Бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь эрүүл, аюулгүйн бүхий л стандартын шаардлага хангаж бүтээгдэхүүн үйлчилгээ нь “Тохирлын гэрчилгээ”-ээр баталгаажсан байх
3.1.6.Татварын улсын байцаагчийн санал дүгнэлт, Татварын албаны тодорхойлолт, /Санхүүгийн тайлангаа баталгаажуулж, татвараа үнэн зөв тодорхойлон хуулийн хугацаанд төлдөг байх/
3.1.7.Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн худалдаа үйлчилгээний газарт хийгдсэн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн эрсдэлийн үнэлгээний хуулбар
Дөрөв. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
4.1.Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж нь холбогдох баримт материалаа бүрдүүлж тухайн сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлж, сумын Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хуулийн хугацаанд хянан саналаа аймгийн Засаг даргад ирүүлнэ.
4.2.Тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авсанаас хойш 21 хоногт багтаан шийдвэрлэх ба дахин нягтлан судлах шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно.
4.3.Нэг аж ахуйн нэгжийн нэр дээр 2-оос илүү цэгт тусгай зөвшөөрөл олгохгүй.
4.4.Тусгай зөвшөөрлийг олгохдоо Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс олгосон тохирлын гэрчилгээтэй, улсын стандартын шаардлагыг 90-100 хувь хангасан, мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдлийн үнэлгээгээр бага /<=29%/ эрсдэлтэй үнэлэгдсэн аливаа зөрчилгүй ажиллаж ирсэн аж ахуйн нэгжид хоёр жилийн хугацаатай олгоно.
4.5.Тусгай зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай олгож, гэрчилгээгээр баталгаажуулна. /Жич:Тусгай зөвшөөрлийг улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг аялал жуулчлалын газрууд 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зөвхөн тухайн үйлчилгээний газарт ашиглана./
4.6.Тусгай зөвшөөрлийн нормативыг хүн амын тоонд харьцуулан зөвхөн худалдаа эрхлэх зөвшөөрөл олгоход баримтална.
Тав. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
5.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
5.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгасан тохиолдолд аймгийн Засаг даргын захирамжаар тусгай зөвшөөрлийг 1 удаа сэргээх бөгөөд холбогдох хууль, тогтоомжийг дахин зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ба тухайн аж ахуйн нэгжид “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг дахин олгохгүй.
Зургаа. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах
6.1.Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс олгосон тохирлын гэрчилгээтэй, улсын стандартын шаардлагыг 90-100 хувь хангасан, мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдлийн үнэлгээгээр бага /<=29%/ эрсдэлтэй үнэлэгдсэн аливаа зөрчилгүй ажиллаж ирсэн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай сунгана.
6.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөл байдал илэрсэн болон энэхүү журмын 3-д тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллаж байсан талаарх мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллага болон орон нутгийн удирдлагын тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэнэ.
6.3.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хуулийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргасанаас хойш төрийн байгууллагын шийдвэр гаргах хүртэл аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулна.
Долоо. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
7.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлийг зөрчсөн.
7.2.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.9, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг зөрчсөн.
7.3.Татвар санхүүгийн тайлангаа цаг хугацаанд нь гаргаж хэвшээгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг бүрэн хэрэгжүүлээгүй.
7.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг бусдад бэлэглэсэн, барьцаалсан, худалдсан, түрээслүүлсэн, үүсгэн байгуулагчийн нэр өөрчлөгдсөн, бусдад шилжүүлсэн.
7.5.Онцгой, өндөржүүлсэн бэлэн байдал зарлах зэрэг нийтийг хамарсан захирамж, тушаал гарсан үед захирамжийн биелэлтийг зөрчсөн.
7.6.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх журам зөрчсөн тухай орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтын дүн, саналыг тус тус үндэслэнэ.
7.7.Энэхүү журмын шаардлагыг 2 удаа зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бөгөөд хуулийн хүрээнд ноцтой зөрчил дутагдал гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг хугацаанаас нь өмнө цуцлахгүй байх чиглэл баримтлах ба гаргасан зөрчил дутагдлаа зассан эсэх нь хугацаа сунгахад нөлөөлнө.
Найм. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавих хяналт, хамтын ажиллагаа
8.1.Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хүсэлтийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгээр хэлэлцүүлэн хуралдааны дүгнэлтийг Аймгийн Засаг даргад танилцуулан шийдвэрлүүлнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга захирамжаар батална.
8.2.Захирамжийг 3 хоногийн дотор Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Онцгой байдлын газар, сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх болон Вэб сайтад тавьж олон нийтэд мэдээлнэ.
8.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын хэрэгжилтэд аймгийн Засаг дарга, сум, багийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Татварын багц хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү журмаар олгосон эрх, хэмжээний хүрээнд хяналт тавина.
8.4.Сумдын Засаг дарга энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, орон нутагт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, үр дүнгийн талаарх мэдээллийг хагас жил тутамд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлнэ.
8.5.Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд энэхүү журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, аймгийн Засаг даргад хяналт шалгалтын талаарх дүн мэдээлэл, тэмдэгтийн хураамжийн тайланг хавсралт 3 дугаар маягтын дагуу гаргаж сумын татварын байцаагчтай тооцоо нийлж хагас бүтэн жилээр тайлагнаж тайланг дараа сарын 15-ны дотор Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлнэ.
8.6.Энэхүү журмын хэрэгжилтийг хангахад сумын Засаг дарга, мэргэжлийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хяналт тавихаас гадна хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ.
8.7.Эрх бүхий мэргэжлийн байгууллагууд нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хязгаарлах, хүнсний дэлгүүр, зоогийн газар, баар, кафе зэрэг газарт архи, согтууруулах ундаанаас өөр төрлийн үйлчилгээ үзүүлэхэд нь үүд хаалгыг цоожлох, хаах зэрэг хуулиар олгогдоогүй таслан сэргийлэх үйл ажиллагаа явуулах эрхээр хангагдахгүй.
8.8.Архинд донтогчдыг эмчлүүлэх, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэхтэй холбоотой ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж шийдвэрлэнэ.
Ес. Хариуцлага
9.1. Хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага нь Зөрчлийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
9.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой мэргэжлийн байгууллагын тодорхойлолт болон бусад мэдээллийг хууль бусаар гаргасан, хувийн ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг ирүүлсэн нь тогтоогдвол тухайн төрийн албан хаагчид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцуулах саналыг түүнийг удирдах албан тушаалтанд хүргүүлнэ.
9.3. Журмын хэрэгжилтэнд Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, сумдын Засаг дарга нар хяналт тавина.
Арав. Журам хүчин төгөлдөр болох
10.1. Энэхүү журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 -ын дагуу захиргааны хэм хэмжээний актаар бүртгэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A