- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГАД ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ШАЛГУУР
Гаалийн ерөнхий газрын даргын
2019 оны А/128 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГАД ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ШАЛГУУР
Нэг. Үндэслэл
1.1.Гаалийн хяналтад байгаа улс хооронд болон дотоодод дамжуулан өнгөрүүлэх барааг гаалийн байгууллагын итгэмжлэгдсэн тээвэрлэгч тээвэрлэнэ.
1.2.Гаалийн байгууллагын тогтоосон шалгуурыг хангаж, гаалийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд гаалийн байгууллагатай хамтран ажиллах тээвэрлэгч байгуулагад гаалийн итгэмжлэл олгоно.
Хоёр. Тээвэрлэгчид итгэмжлэл олгох шалгуур
2.1.Тээвэрлэлтийн 2-оос доошгүй жилийн туршлагатай, дараах шалгуурыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад итгэмжлэл олгоно. Үүнд:
2.1.1.автозамаар тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд автотээврийн хэрэгсэл нь техникийн стандартын шаардлага хангасан, Монгол улсын бүртгэлд бүртгэгдэж улсын дугаар авсан, тээвэрлэгчийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байх;
2.1.2.Монгол Улсын MNS 5346:2017 стандарт хангасан, ачаа тээвэрлэлтийн стандартыг мөрддөг талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;
2.1.3.тээврийн хэрэгсэл нь гаалийн байгууллагын битүүмжлэл, тэмдэглэгээ тавих боломжтой байх;
2.1.4.тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардагдах барааг тээвэрлэх тохиолдолд тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх;
2.1.5.гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг тээвэрлэх явцад эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татвар хураамжийг төлж барагдуулах санхүүгийн чадавхитай болохыг сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлангаар нотолж, албан бичгээр батагаажуулсан байх;
2.1.6.тээвэрлэгч байгууллага нь сүүлийн хоёр жилийн байдлаар гаалийн байгууллагын зөрчлийн санд бүртгэгдээгүй байх;
2.1.7.гаалийн байгууллагаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах боломжийг бүрдүүлэх зорилгоор тээвэрлэгч байгууллага нь тээврийн хэрэгсэл бүрт тээврийн хэрэгслийн байршлыг тогтоох систем /GPS/, цахим ломбо зэргийг байрлуулах;
2.1.8.барааг тээвэрлэх явцад бараанд үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ачаа тээвэрлэлтийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх.
2.1.9.Тээвэрлэгч байгууллага нь жолооч бүртэй хамтран ажиллах тухай гэрээ байгуулах.
2.2.Гаалийн итгэмжлэл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлж, энэ тушаалын Хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Бүрдүүлсэн бичиг баримтын жагсаалт”-ыг бөглөж, гаалийн удирдах төв байгууллагад ирүүлнэ. Үүнд:
2.2.1.тээвэрлэлт гүйцэтгэх чиглэл, тээвэрлэх барааны нэр төрлийг тусгасан итгэмжлэл хүссэн өргөдөл;
2.2.2.тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгасан тээвэрлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ;
2.2.3.гаалийн итгэмжлэл олгоход 2.1-д заасан шалгуурыг хангаж байгааг нотолсон баримт бичиг;
2.2.4.ачаа тээвэрлэх талаар өөр аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ;
2.2.5.тээврийн хэрэгслийг 4 талаас (эгц урд, ард болон хажуу 2 талаас) нь авсан өнгөт зургийн эх хувь болон файл;
2.2.6.энэ тушаалын Гуравдугаар хавсралтаар батлагдсан хүснэгтийн дагуу автотээврийн хэрэгслийн жагсаалтыг Word, Excel хүснэгтээр гаргасан файл;
2.2.7.энэ шалгуурын 2.1.1, 2.1.3, 2.1.4-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэх талаар харьяалах гаалийн байгууллагын тодорхойлолт;
2.2.8.тээвэрлэгч байгууллагын танилцуулга;
2.2.9.автотээврийн үндэсний төвтэй байгуулсан “Улс хооронд ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийн дагуу олгодог Зорчих зөвшөөрлийн бичиг /С зөвшөөрөл/-ийн хуулбар;
2.2.10.татварын өр авлагагүй болохыг нотлох татварын байгууллагын тодорхойлолт.
2.3.Тээвэрлэгч байгууллагад итгэмжлэл олгох, хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
2.4.Гаалийн итгэмжлэлийн хугацаа 3 жил хүртэл байна.
2.5.Автозамаар тээвэр хийхээр гаалийн итгэмжлэл авсан тээвэрлэгчийн тээврийн хэрэгсэл бүрт дараах шаардлага хангасан “Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч”-ийн товчлол “ГИТ” таних тэмдэг байрлуулна;
2.5.1.энэ шалгуурын Дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан таних тэмдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй, 14 х 7 см харьцаатай, цэнхэр өнгийн дэвсгэр дээр хөх өнгөөр “ГИТ” гэж бичсэн байх бөгөөд зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг байх;
2.5.2.таних тэмдгийн ар талд: Тээвэрлэгч байгууллагын нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын бүртгэлийн дугаар, олгосон болон дуусах огноо бичигдсэн байх.
2.6.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч гаалийн хяналтад тээвэрлэсэн бараа, илгээсэн болон хүргэсэн гаалийн хяналтын бүсийн код, ачааны манифестын дугаар, тээврийн хэрэгслийн дугаар зэрэг мэдээлэл агуулсан бүртгэлийг цахимаар эсхүл цаасаар хөтөлж, харьяалах гаалийн газарт улирал бүр хүргүүлнэ.
2.7.Гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч тээвэрлэлтийн чиглэл, тээвэрлэх барааны нэр төрөл нэмэх, өөрчлөх тохиолдолд 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7-д заасан шалгуурыг хангаж, 2.2.1, 2.2.4, 2.2.7, 2.2.9-т заасан бичиг баримтыг бүрдүүлж, гаалийн удирдах төв байгууллагад хүсэлт гаргана.
2.8.Хүсэлт, бичиг баримтыг гаалийн удирдах төв байгууллагын асуудал хариуцсан нэгж хянаж, шаардлага хангасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
2.9.Гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч тээврийн хэрэгсэл нэмэх тохиолдолд 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.7-д заасан шалгуурыг хангаж, 2.2.1, 2.2.5, 2.2.6, 2.2.9-т заасан бичиг баримтын бүрдүүлж, гаалийн удирдах төв байгууллагад хүсэлт гаргана.
2.10.Хүсэлт, бичиг баримтыг гаалийн удирдах төв байгууллагын асуудал хариуцсан нэгж хянаж, шаардлага хангасан тохиолдолд нэгжийн даргын зөвшөөрлийг үндэслэн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч CAIS системийн “карго” програмын “тээвэр” цэсний тээврийн хэрэгслийн санд бүртгэнэ.
2.11.Гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч итгэмжлэлийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.
2.12.Гаалийн газар, хороо тээвэрлэгч байгууллагатай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд сунгаж болно.
Гурав.Гаалийн итгэмжлэлийн хугацаа сунгах, хүчингүй болгох
3.1.Итгэмжлэгдсэн тээвэрлэгч нь итгэмжлэл хүчинтэй байх хугацаанд холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, гаалийн байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан бол итгэмжлэлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө албан бичгээр гаалийн удирдах төв байгууллагын асуудал хариуцсан нэгжид гаргана.
3.2.Хугацаа сунгах хүсэлт гаргахдаа энэ шалгуурын 2.1-д заасан шалгуурыг хангаж, 2.2.1, 2.2.3, 2.2.6, 2.2.7, 2.2.9-т заасан бичиг баримтын бүрдүүлж өгнө.
3.3.Итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн үйл ажиллагаа, хууль сахилтын түвшинг шалгаж, энэ шалгуурын 3.4.2, 3.4.3, 3.4.4, 3.4.5-т заасан нөхцөл илрээгүй тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар хугацааг сунгана.
3.4.Итгэмжлэлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно.
3.4.1.тээвэрлэгч итгэмжлэлийг хүчингүй болгох хүсэлт гаргасан;
3.4.2.тээвэрлэгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан, энэ шалгуурын 3.1-д заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй;
3.4.3.тээвэрлэгч байгууллага нь гаалийн болон холбогдох хууль тогтоомжийн зөрчлийг 2 ба түүнээс дээш гаргасан;
3.4.4.энэ журмын 2.1-т заасан шалгуурыг хангахгүй болсон;
3.4.5.хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, компанийн 10 хувь ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч, санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, хуулийн зөвлөх нь сүүлийн хоёр жилд гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн.
3.5.Тээвэрлэгч итгэмжлэлийг хүчингүй болгох хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар хүчингүй болгоно.
3.6.Гаалийн итгэмжлэл нь хүчингүй болсон аж ахуйн нэгж, байгууллага шийдвэр гарсан өдрөөс хойш 1 жилийн дараа итгэмжлэл авах хүсэлт гаргаж болно.
Текст томруулах
A
A
A