A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын

сайдын 2019 оны  А/118 дугаар тушаалын хавсралт

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ              

Нэг. Нийтлэг үндэслэл   

1.1.Хүүхдийн цэцэрлэг /цаашид “цэцэрлэг” гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүрэг, зарчим, бүтэц, зохион байгуулалт, бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, цэцэрлэгийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.  

1.2.Энэхүү дүрмийг өмчийн хэлбэр, цэцэрлэгийн хэв шинжээс үл хамааран сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага бүр дагаж мөрдөнө.  

1.3.Цэцэрлэг нь Монгол Улсын “Боловсролын тухай хууль”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”, бусад хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн болон бусад холбогдох төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Боловсролын газраас гаргасан тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана. 

1.4.Цэцэрлэг нь хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн, гэр бүлийн оролцоог хангасан асран хамгаалах, хүмүүжүүлж, хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаагаар бага насны хүүхдийн зүй ёсны хөгжлийг дэмжиж, насан туршийн боловсролын суурь чадвар эзэмшүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажиллана.

1.5.Цэцэрлэг нь үйл ажиллагаандаа хүүхдийн эрхийг дээдэлсэн, ил тод, нээлттэй, хамтын удирдлагын зарчмыг баримтална.

1.6.Цэцэрлэг нь энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэслэн өөрийн хэв шинж, үйл ажиллагааны онцлогийг тусгасан дүрэм боловсруулан мөрдөнө.

1.7.Цэцэрлэг нь байгууллагын үзэл баримтлал, хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг Цэцэрлэгийн зөвлөлөөр хэлэлцүүлж баталсан байна. 

1.8.Цэцэрлэг нь хуулийн этгээд бөгөөд тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. 

Хоёр.  Удирдлага, зохион байгуулалт      

2.1.Цэцэрлэгийн өөрийн удирдлагыг цэцэрлэгийн зөвлөл, захиргааны удирдлагыг эрхлэгч, мэргэжил, арга зүйн удирдлагыг заах аргын нэгдэл тус тус хэрэгжүүлнэ.

2.2.Цэцэрлэгийн зөвлөл нь цэцэрлэгийн зохион байгуулалт, дүрэм, журам, санхүү, хөрөнгө оруулалт, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажиллана. 

2.3.Цэцэрлэгийн эрхлэгч нь цэцэрлэгт багш, арга зүйчээр ажилласан туршлагатай байх ба Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, албан тушаалын тодорхойлолт, үр дүнгийн гэрээг удирдлага болгон ажиллана.

2.3.1.эрхлэгч нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана.

2.3.2.эрхлэгч нь авлигын эсрэг, хууль тогтоомжийг чанд мөрдөж, албан үүрэгтээ холбоо бүхий аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй хандана.  

2.4.Цэцэрлэгийн арга зүйч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг удирдлага болгон ажиллана.

2.4.1.арга зүйч нь заах аргын нэгдлийг удирдаж, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулахад багшид мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах, үр дүнг үнэлэх үүрэг хүлээнэ.

2.4.2.хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр гэр бүл, иргэн, байгууллагатай хамтран ажиллаж, мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

2.5.Цэцэрлэг нь сургалтын үйл ажиллагаагаа эцэг, эх, асран хамгаалагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтэд үндэслэн дараах хэлбэрүүдээр зохион байгуулж болно.

2.5.1.цэцэрлэг нь дэргэдээ болон сум, баг, хорооны нутаг дэвсгэрт салбар бүлэгтэй байж болох бөгөөд салбар бүлэг нь монгол үндэсний гэрт ажиллаж болно.

2.5.2.цэцэрлэг нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хүсэлтэд үндэслэн цэцэрлэгт түшиглэсэн салбар бүлгийг байгууллага дээр ажиллуулж болох ба цэцэрлэг, байгууллагын хооронд багш, ажилтны цалин хөлс, сургалтын орчин, урсгал болон тогтмол зардал зэргийг тусгасан гэрээ байгуулан ажиллана.

2.5.3.цэцэрлэг нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг төрийн бус өмчийн цэцэрлэгийн хүсэлтэд үндэслэн нэмэлт элсэлтээр шилжүүлэн сургаж болно. Холбогдох санхүүжилтийг төрийн өмчийн цэцэрлэгийн төсөвт тусгана.  

2.5.4.байгууллага, аж ахуйн нэгж өөрийн санхүүжилтээр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11-д заасны дагуу ажилтан, алба хаагч, оюутан суралцагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бие даасан цэцэрлэг байгуулан ажиллуулж болно.

2.6.Цэцэрлэгийн бага бүлгийг дунджаар 20, дунд, ахлах, бэлтгэл бүлгийг дунджаар 25, холимог бүлгийг дунджаар 20 хүүхэдтэй, яслийн бүлэгтэй бол дунджаар 15 хүүхэдтэйгээр зохион байгуулна. Цэцэрлэгийн бүлэг нь монгол үндэсний гэрт байрладаг бол 20-иос илүүгүй хүүхэдтэй байна.

2.7.Цэцэрлэгт хүүхдийг бүртгэх, элсүүлэх, шилжүүлэх, төгсгөх үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулна.

2.8.Цэцэрлэг нь хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургах тохиолдолд хүүхдийн хөгжлийн бэрхшээлд тохирсон ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.9.Цэцэрлэгт байгууллагын үйл ажиллагаа, төсөв, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхэд хамгаалал, хүнсний эрүүл ахуй, орчны аюулгүй байдалд үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий дотоод хяналтын баг ажиллуулж болно. 

2.10.Цэцэрлэг нь эцэг, эхийн зөвлөлтэй байна.

Гурав. Сургалтын үйл ажиллагаа, орчин  

3.1.Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан агуулга, стандартыг хэрэгжүүлнэ.

3.2.Цэцэрлэг нь “хүмүүжил” гэж бага насны хүүхэд ёс суртахууны үнэт зүйлийг чадвар, хандлага болгон эзэмших үйл явц, “төлөвшил” гэж хүүхдийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогц, “нийгэмшил” гэж хүн өөрийн хүмүүжил, төлөвшилд тулгуурлан нийгмийн соёлыг эзэмших үйл явц хэмээн тус тус үзэж сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ.   

3.3.Цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт тулгуурлан өөрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулж, үйл ажиллагааны төлөвлөгөө, өдрийн дэглэмд тусгаж хэрэгжүүлнэ.

3.4.Цэцэрлэгийн эрхлэгч нь ажлын цагт багтаан багш нарт дараа өдрийн хичээл, үйл ажиллагааг зохион байгуулахад бэлтгэх 1-2 цагийн зохицуулалт хийж өгнө.

3.5.Цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны тев байгууллага болон эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, эцэг, эх, асран хамгаалагчдын зөвшөөрөлгүйгээр сурган хүмүүжүүлэх судалгаа, туршилт явуулж болохгүй. 

3.6.Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэднийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх ажлыг эцэг, эх, асран хамгаалагчид, эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж болно.

3.7.Цэцэрлэг нь гадаад орчин, гэрэлтүүлэг, замын гарц, хурд сааруулагч, зогсоол зэргийг замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүрэн нийцүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байна.   

3.8.Цэцэрлэг нь бүлгийн анги танхимаас гадна “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт”-ын дагуу тоноглож, тохижуулсан ариун цэврийн өрөө, багшийн хөгжлийн төв, эцэг эхэд зөвлөгөө өгөх өрөө, хөгжим, биеийн тамирын заал, эрүүл мэндийн кабинет, ёс заншлын өргөө, эрхлэгч, арга зүйч, эмчийн өрөө, аж ахуйн өрөө, тоглоомын талбай, ногоон байгууламжтай байна.

3.9.Цэцэрлэгийн гадаад, дотоод орчин, цэвэр усны байгууламж, шат, хонгил, бие засах газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн онцлогт нийцсэн дэд бүтцийг байгуулсан байна.

3.10.Цэцэрлэг нь холбогдох мэргэжлийн байгууллагаас баталсан онцгой байдлын нөхцөлд ажиллах журамтай байна.

Дөрөв. Багш, бусад ажилтан, эцэг эх, асран хамгаалагч  

4.1.Багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаас гадна өдрийн дэглэмд тусгасан үйл ажиллагааны турш хүүхдэд хараа хяналт тавьж, гэмт халдлага, зам тээврийн осол, байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалан эцэг, эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллана.    

4.2.Цэцэрлэгт бага насны хүүхдийг хөгжүүлж, хүмүүжүүлэх чиглэлээр 3 кредит цагаас доошгүй хугацааны сургалтад хамрагдсан туслах багш ажиллах бөгөөд туслах багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана.

4.3.Эмч нь эрүүл мэндийн талаарх хууль тогтоомж, хөтөлбөр, стандартын хэрэгжилтийг зохион байгуулах, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний татан авалт, хадгалалт, боловсруулалт, амталгаа, түгээлтийн үеийн ариун цэвэр, эрүүл, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

4.4.Тогооч нь илчлэг, ариун цэвэр, технологийн горим, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан хоол, хүнсээр хүүхдэд үйлчлэх чиг үүргийг эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

4.5.Цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтан нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус боловсрол, насан туршийн боловсролын төвийн багш, удирдлага болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж ажиллана.

4.6.Эцэг, эх, асран хамгаалагч нь цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хүүхдийг гараас гарт хүлээн авч, хүлээлгэн өгч, гэр бүлийн орчинд хүүхэд хөгжүүлэх чадвар эзэмшин сургалтын таатай орчин бүрдүүлэхэд багшид дэмжлэг үзүүлнэ. 

Тав. Санхүүжилт  

5.1.Цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаа нь бие даасан байна. 

5.2.Цэцэрлэгийн эрхлэгч нь санхүүгийн үйл ажиллагааныхаа үр дүнг цэцэрлэгийн зөвлөл, хамт олон, эцэг, эхэд тайлагнана.

Зургаа. Бусад зүйл     

6.1.Энэхүү дүрмийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлагатай үед зохих арга хэмжээ аваагүй, удаа дараа зөрчил гаргасан нь тогтоогдвол өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэгийн холбогдох албан тушаалтанд хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.