A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2019 оны 210 дугаар тогтоолын хавсралт

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОЖ,

ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийг урьдчилан тооцох, үнэлэх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Хорооноос тогтоож, түүний биелэлтэд хяналт тавихад оршино.

1.2.Банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх, хяналт тавин удирдах зорилгоор Хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээс гадна бусад хэм хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулж, дотооддоо мөрдүүлж болно.

ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ

2.1. Банк бус санхүүгийн байгууллага нь дараах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллана.

2.1.1. өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт;

2.1.2. төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт;

2.1.3. актив хөрөнгийн төвлөрлийн үзүүлэлт;

2.1.4. гадаад валютын ханшийн эрсдэлийн үзүүлэлт;

2.1.5. бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн үзүүлэлт;

2.1.6. үндсэн хөрөнгийн үзүүлэлт.

2.2.Гадаад валютын арилжаа дагнан эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагуудад 2.1.3, 2.1.4 болон 7.1.1-д заасан харьцаа үзүүлэлтүүд хамаарахгүй.

2.3. Итгэлцлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагуудад 7.1.1-д заасан харьцаа үзүүлэлт хамаарахгүй.

2.4. Хөрөнгө /актив/-ийн өгөөжийг тооцохдоо тайлант үеийн татварын дараах цэвэр ашгийг нийт активын дундаж /өмнөх оны мөн үеийн актив дүн дээр тайлант үеийн активын дүнг нэмж дундчилсан дүн/-тай, өөрийн хөрөнгийн өгөөжийг тооцохдоо тайлант үеийн татварын дараах цэвэр ашгийг өөрийн хөрөнгийн дундаж /өмнө оны мөн үеийн өөрийн хөрөнгө дээр тайлант үеийн өөрийн хөрөнгийг нэмж дундчилсан дүн/-тай харьцуулах замаар тус тус тооцно.

ГУРАВ.ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ХҮРЭЛЦЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА

3.1. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт нь банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэлцэхүйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй байгаа эсэхийг тодорхойлсон үнэлгээг илэрхийлэх ба дараах зохистой харьцааг үндэслэн тодорхойлно.

3.1.1. нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг эрсдэлээр жигнэсэн нийт активд харьцуулсан харьцаа нь 10 хувиас доошгүй;

3.1.2. өөрийн хөрөнгийг эрсдэлээр жигнэсэн нийт активд харьцуулсан харьцаа нь 20 хувиас доошгүй;

3.1.3. нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг нийт активд харьцуулсан харьцаа нь 10 хувиас доошгүй;

3.2. Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө дараах бүрэлдэхүүнтэй байна.

3.2.1. энгийн хувьцаа;

3.2.2. халаасны хувьцаа;

3.2.3. энгийн хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал;

3.2.4. цэвэр ашгаас байгуулсан нөөцийн сан;

3.2.5. хуримтлагдсан ашиг, алдагдал;

3.2.6. хандивын капитал.

3.3. Хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө дараах бүрэлдэхүүнтэй байна.

3.3.1. давуу эрхтэй хувьцаа;

3.3.2. давуу эрхтэй хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал;

3.3.3. дахин үнэлгээний нэмэгдэл;

3.3.4. нийгмийн хөгжлийн сан;

3.3.5. дахин үнэлгээний сан;

3.3.6. хоёрдогч өглөг.

3.4. Банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн нийлбэрээр тооцно.

3.5. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг тооцохдоо өөрийн хөрөнгийн дүнг дараах байдлаар тохируулсан байна.

3.5.1. хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дүн нь нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дүнгээс хэтрэхгүй байх, хэтэрсэн дүнг өөрийн хөрөнгийн дүнгээс хасах;

3.5.2. татан буугдсан тохиолдолд хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөнд хамрагдах хоёрдогч өглөгийг барагдуулах дараалал нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах;

3.5.3. зайны болон газар дээрх хяналт, шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдалтай холбоотой залруулгын гүйлгээг зохих дансанд бүртгэж, өөрийн хөрөнгийг хорогдуулах буюу нэмэгдүүлэн бодит дүнг гаргах.

3.6. Эрсдэлээр жигнэсэн нийт актив дараах бүрэлдэхүүнтэй байна.

3.6.1. эрсдэлээр жигнэсэн актив;

3.6.2. эрсдэлээр жигнэсэн бусдын өмнө  хүлээж болзошгүй үүрэг;

3.6.3. гадаад валютын ханшийн жигнэсэн актив;                 

3.6.4. үйл ажиллагааны эрсдэлээр жигнэсэн актив

3.7. Эрсдэлээр жигнэсэн нийт активын дүнг тооцохдоо тэнцлийн актив, тэнцлийн гадуурх хүлээж болзошгүй үүргийн дүнг энэ журмын 1 дүгээр хавсралтад тусгасан эрсдэлийн хувиар үржүүлж гаргах бөгөөд дараах зарчмыг баримтална.

3.7.1. гадаадын банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хадгаламж, харилцахын эрсдэлийн хувь хэмжээг Стандарт энд Пурс (Standard & Poors), Мууди (Moody’s), Фич (Fitch) зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл тогтоох байгууллагаас тогтоосон рейтингийг ашиглан дараах хүснэгтийг үндэслэн тооцно.

Стандарт энд Пурс

ААА/АА-

А+/А-

ВВВ+/ВВВ-

ВВ+/В-

В- бага

Рейтинггүй банк

Фич

Мууди

Ааа/Аа3

А1/А3

Ваа1/Ваа3

Ва1/В3

В- бага

Урт хугацаат авлага

(3 сараас дээш)

20%

50%

50%

100%

150%

100%

Богино хугацаат авлага (3 сараас доош )

20%

20%

20%

50%

150%

100%

3.7.2. гадаад валютын ханшийн эрсдэлээс хүлээж болзошгүй алдагдлыг тооцохдоо тэнцлийн гадаад валютын активын үлдэгдэл, тэнцлийн гадуур бүртгэлтэй байгаа гэрээ, хэлцлээр үүсэж болзошгүй гадаад валютын авлагын нийлбэрээс тэнцлийн гадаад валютын пассивын үлдэгдэл, тэнцлийн гадуур бүртгэлтэй байгаа гэрээ, хэлцлээр үүсэж болзошгүй гадаад валютын өглөгийн нийлбэрийг хасч тооцно.

3.7.3. үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд сүүлийн 3 жилийн татварын өмнөх эерэг ашгийн дунджийн 15 хувийг өөрийн хөрөнгийн шаардлагын урвуугаар үржүүлэн нэмнэ.

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТҮРГЭН ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРЫН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА

4.1. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг харилцагчийн анхны шаардлагаар буцаан олгох чадварыг илэрхийлэх бөгөөд түргэн борлогдох активын дүнг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн дүнд харьцуулж тооцох бөгөөд төгрөг, гадаад валют болон тэдгээрийн нийлбэр дүнгээр тус тус тодорхойлно. Энэхүү зохистой  харьцаа нь 8 хувиас доошгүй байна.

4.2. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг тооцохдоо дараах байдлаар тохируулна.

4.2.1. түргэн борлогдох активыг касс дахь бэлэн мөнгө, банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хадгаламж, харилцах дансны үлдэгдэл, Засгийн газрын үнэт цаасны нийлбэрээр;

4.2.2. бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг нийт өр төлбөрийн дүнгээс 1 жилээс дээш урт хугацаат өр төлбөрийг хасаж тооцно.

4.3. Зөвхөн өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг тооцох шаардлагагүй буюу хангаж ажилласан гэж үзнэ.

ТАВ. АКТИВ ХӨРӨНГИЙН ТӨВЛӨРЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА

5.1. Актив хөрөнгийн төвлөрлийн үзүүлэлт нь тухайн активыг нэг этгээдэд их хэмжээгээр төвлөрүүлснээр хүү, төлбөрийг эргүүлэн төлж чадахгүйд хүрэх, улмаар банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн чадвар муудахаас урьдчилан сэргийлэх зорилготой ба дараах зохистой харьцааг тооцно.

5.1.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.1-13.3-д заасны дагуу дараах зохистой харьцаа:

5.1.1.а. нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтрэхгүй;

5.1.1.б. банк бус санхүүгийн байгууллагын гаргасан төлбөрийн баталгааны нийт дүн өөрийн хөрөнгийн 70 хувиас хэтрэхгүй;

5.1.1.в. банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон банк бус санхүүгийн байгууллагын холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, төлбөрийн баталгааны дээд хэмжээ нь өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 25 хувиас хэтрэхгүй;

5.1.2. банк бус санхүүгийн байгууллагын худалдан авах үнэт цаасны эзэмшлийн нийт дүн нь өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтрэхгүй;

5.1.2.а. Монголын хөрөнгийн биржийн “I”, “II”ангилалын компанийн хувьцаанд хөрөнгө оруулж болох ба худалдан авсан компанийн хувьцааны нийт дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дүнгийн 20 хувиас дээшгүй;

5.1.2.б. компанийн өрийн бичиг худалдан авах нийт дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй;

5.1.2.в. бусад үнэт цаас худалдан авах нийт дүн нь өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй.

5.2. Хөрөнгө /актив/-ийн эрсдэлийн сангийн зохистой харьцаа буюу зээл, үнэт цаас, хүлээж болзошгүй үүрэг, бусад активын эрсдэлийн санг “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу тооцож байгуулна.

5.3. Банк бус санхүүгийн байгууллага нь үйл ажиллагааны цар хүрээ, онцлог, эрсдэлийг харгалзан энэхүү журмын 2.1-д зааснаас гадна нэмэлт зохистой харьцааг тогтоон, мөрдүүлж болно.

ЗУРГАА. ГАДААД ВАЛЮТЫН ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА

6.1. Гадаад валютын ханшийн эрсдэлийн үзүүлэлт нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш хэлбэлзэхэд алдагдал хүлээх эрсдэлийг илэрхийлэх ба гадаад валютын актив пассивын зохистой харьцаа нь нийт болон нэгж валютын хувьд өөрийн хөрөнгийн +/-40 хувиас хэтрэхгүй.

6.2. Гадаад валютын эрсдэлийг тэнцлийн болон тэнцлийн гадуурх дансанд бүртгэлтэй нийт гадаад валютын актив, пассивын зөрүүг өөрийн хөрөнгөнд харьцуулан тооцно.

6.3. Гадаад актив дараах бүрэлдэхүүнтэй байна.

6.3.1. гадаад валютын харилцах, хадгаламж, касс дахь бэлэн валют;

6.3.2. гадаад валютаар илэрхийлэгдсэн зээл, түүнтэй адилтган тооцох актив;

6.3.3. бусад актив.

6.4. Гадаад пассив дараах бүрэлдэхүүнтэй байна.

6.4.1. гадаад валютаар илэрхийлэгдсэн итгэлцлийн үйлчилгээний өглөг;

6.4.2. бусдаас авсан зээл;

6.4.3. төслийн зээл;

6.4.4. гаргасан өрийн бичиг;

6.4.5. бусад өглөг.

6.5. Тэнцлийн гадуурх дансны үлдэгдэлд гадаад валютаар гаргасан бүх төрлийн төлбөрийн баталгаанууд хамаарна.

6.6. Гадаад валютаар илэрхийлэгдэх актив хөрөнгөгүй, гадаад валютаар бусдаас санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлээгүй банк бус санхүүгийн байгууллагын хувьд дээрх үзүүлэлтийг тооцох шаардлагагүй буюу хангаж ажилласан гэж үзнэ.

ДОЛОО. БУСДААС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА

7.1. Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт нь бусдаас татан төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, эрсдэлийг бууруулах зорилготой ба дараах зохистой харьцааг тооцно.

7.1.1. итгэлцлийн үйлчилгээний өглөгийг өөрийн хөрөнгөнд харьцуулсан харьцаа нь 80 хувиас хэтрэхгүй;

7.1.2 гаргасан өрийн бичгийг өөрийн хөрөнгөнд харьцуулсан харьцаа нь 50 хувиас хэтрэхгүй. Хувьцаат компани нь өрийн бичгийг гаргахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хэрэгжүүлнэ.

НАЙМ. ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА

8.1. Үндсэн хөрөнгийн зохистой харьцааг цэвэршүүлсэн үндсэн хөрөнгийн дүнг нийт хөрөнгөнд харьцуулж тооцох бөгөөд энэхүү зохистой харьцаа нь 15 хувиас хэтрэхгүй байна.

ЕС. МЭДЭЭ, ТАЙЛАН

9.1. Банк бус санхүүгийн байгууллага нь дараах зохистой харьцааны тайланг улирал бүр гаргаж, дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Хороонд бичгээр болон цахимаар ирүүлнэ.

9.1.1. өөрийн хөрөнгө, нийт эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцааны тайлан /хавсралт 1/;

9.1.2. төлбөр түргэн гүйцэтгэх чадварын тайлан /хавсралт 2/;

9.1.3. гадаад валютын ханшийн эрсдэлийн тайлан /хавсралт 3/;

9.1.4. активын эрсдэлийн сангийн хүрэлцээ, хангамжийн судалгааны тайлан /хавсралт 4/;

9.1.5. 40 том зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгийн тайлан /хавсралт 5/,

9.1.6. хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгийн тайлан /хавсралт 6/;

9.1.7. ипотекийн зээлийн тайлан /хавсралт 7/;

9.1.8. үнэт цаасны төвлөрлийн тайлан /хавсралт 8/;

9.1.9. банк, санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөр, бусад эх үүсвэрээс татсан зээлийн тайлан /хавсралт 9/,

9.1.10. өрийн бичгийн тайлан /хавсралт 10/;

9.1.11. хөрөнгө, эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааны тайлан /хавсралт 11/;

9.1.12. тэнцлийн гадуур бүртгэлтэй хүлээж болзошгүй үүрэг, төлбөрийн баталгааны судалгааны тайлан /хавсралт 12/;

9.1.13. зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн нэгдсэн тайлан /хавсралт 13/.

9.2. Банк бус санхүүгийн байгууллага нь дараах мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд цахимаар ирүүлнэ.

9.2.1. зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны мэдээ /хавсралт 14/;           

9.2.2. итгэлцлийн үйлчилгээний төвлөрлийн мэдээ /хавсралт 15/;

9.2.3. цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний мэдээ /хавсралт 16/;

9.2.4. сар тутмын валют арилжааны мэдээ /хавсралт 17/.

9.3. Энэ журмын 9.1, 9.2-т заасан тайлан мэдээг санхүүгийн тайлангийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, өссөн дүнгээр тайлагнана.

АРАВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

10.1. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтэд Хороо сар, улирал тутам хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгалт хийнэ.

10.2. Энэ журмын 2.1 дэх заасан зохистой харьцаа алдагдсан нөхцөлд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан арга хэмжээг авна.

10.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.