A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЛ БЭЛТГЭХ, ТУУВАРЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ҮЙЛДВЭРТ ХҮЛЭЭН АВАХ ҮЕИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ЖУРАМ
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын

      2019 оны А-234 дүгээр тушаалын хавсралт

МАЛ БЭЛТГЭХ, ТУУВАРЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ҮЙЛДВЭРТ ХҮЛЭЭН АВАХ

ҮЕИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Мах үйлдвэрлэх зорилгоор малыг орон нутгаас тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үед эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх, хорио цээрийн шаардлага хангуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах, малын гоц халдварт, халдварт өвчин тархах, өвчтэй мал бэлтгэх, тээвэрлэх, тууварлахаас сэргийлэхэд  энэ журмын зорилго оршино.

1.2. Энэ журмыг мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж   дагаж  мөрдөнө.

1.3. Энэхүү журмаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.14 дэх хэсэгт заасан харилцааг зохицуулна.

Хоёр. Мал бэлтгэлд тавих мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага

2.1. Мал бэлтгэлийг  тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт төвлөрсөн цэгт явуулна. Мал бэлтгэх төвлөрсөн цэгийг мал эмнэлгийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн харъяалах шатны засаг дарга тогтооно.

2.2. Сум, дүүргийн мал бэлтгэх төвлөрсөн цэгийг усны эх булаг, айл, мал болон  төмөр зам, олон улсын болон улсын чанартай авто замаас 500 метрээс доошгүй, хорио цээрийн арга хэмжээ  хэрэгжүүлэхэд тохиромжтой  газарт байгуулна.

2.3. Мал бэлтгэлийн ажлыг тухайн орон нутгийн байршил, газар зүйн онцлог, улирлын байдалтай уялдуулан зохион байгуулна.

2.4. Сүүлийн 6-12 сарын хугацаанд малын гоц халдварт болон зооноз халдварт өвчин оношлогдоогүй сум, орон нутгаас  малыг бэлтгэнэ.

2.5. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.3 дахь хэсгийн заалт, энэхүү журмын 2.4 дэх хэсгийн заалтын шаардлагыг тус тус хангасан, сүүлийн 28 хоногт ямар нэгэн антибиотик эмчилгээ, шимэгчийн эсрэг эм, дааврын бэлдмэл хэрэглэсэн малыг бэлтгэхгүй.

2.6. Бэлтгэж буй малыг бүртгэлжүүлж (малын төрөл, зүс, нас, хүйс, гарал үүсэл, эмчилгээ, тарилга зэрэг мэдээллийг агуулсан ээмэг, бичил чип суулгаж) мэдээллийн нэгдсэн цахим санд оруулж үйлдвэрт хүлээн авах эцсийн цэг хүртэл хянах боломжийг мал эмнэлгийн тасаг бүрдүүлсэн байна.

2.7. Махны үйлдвэрээс бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх бүх шатанд мэдээлэл нэг бүрчлэн цахим бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгдэх нөхцлийг үйлдвэрийн технологич бүрдүүлсэн байна.

2.8. Өвчний шинж тэмдэгтэй, сэжигтэй, туувар даахааргүй сульдаж доройтсон, хэт хөгширсөн, лабораторийн шинжилгээгээр халдварт өвчин оношлогдсон болон хээлтэй мал  бэлтгэхгүй.

2.9. Мах экспортлох зориулалтаар байгуулагдсан тусгаарласан аж ахуйд малыг оруулах бол дараах шаардлага хангасан байна.

2.9.1. Cүүлийн 6-12 сарын хугацаанд малын гоц халдварт болон зооноз өвчин гараагүй орон нутгаас бэлтгэсэн байх,

2.9.2.  Мал бэлтгэсэн орон нутгийн тархвар зүйн судалгаа, эмнэл зүйн үзлэг, ийлдсийн түүвэр шинжилгээгээр гоц халдварт болон зооноз өвчингүй болох нь нотлогдсон.

2.9.3. Тусгаарласан аж ахуйн гадна 14-21 хоногийн хорио цээрт оруулж импортлогч талын тавьсан шаардлагын дагуу  нэг бүрчлэн мал бүрээр шинжилгээнд хамруулж шинжилгээний дүнгээр сөрөг үр дүн үзүүлсэн малыг тусгаарласан аж ахуй руу малыг тээвэрлэнэ.  

2.10. Бэлтгэлийн малд импортлогч талын шаардлагын дагуу ям, бруцеллёз, сүрьеэ өвчний лабораторийн  шинжилгээг мал эмнэлгийн лаборатори хийж, халдварт өвчингүй болохыг тогтооно.

Гурав. Мал эмнэлгийн тасгийн  эрх, үүрэг

3.1. Тухайн орон нутагт мал бэлтгэх төвлөрсөн цэг байгуулах дүгнэлт санал гаргаж Засаг даргаар шийдвэрлүүлнэ.

3.2. Тухайн нутаг дэвсгэрийн малын халдварт өвчний голомт, тархалтын судалгааг үндэслэн бэлтгэлийн мал тууварлах, тээвэрлэх, дамжин өнгөрөх замын маршрут,  түр амраах цэгийн байршлыг тогтоолгох асуудлыг харъяалах шатны Засаг даргад хүргүүлнэ.

3.3. Үзлэг, шинжилгээгээр эрүүл болох нь тогтоогдсон, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан малд олгосон тодорхойлолтыг үндэслэн, цахим бүртгэлийн нэгдсэн санд бүртгэн тууварлах, тээвэрлэхийг зөвшөөрч мал эмнэлгийн гэрчилгээ олгоно.

3.4. Мал эмнэлгийн гэрчилгээ олгохдоо Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасныг үндэслэнэ.

3.4. Мал эмнэлгийн тасгийн болон хяналтын цэгийн мал эмнэлгийн улсын байцаагч мал, амьтны гэрчилгээ дээрх мэдээллийг тууварлаж тээвэрлэж байгаа мал, амьтны тоо толгой, им тамга, нас хүйс, зүсийг  нэгдсэн цахим санд оруулсан мэдээлэлтэй харьцуулан хяналт тавих бөгөөд хяналт тавьсан тухай мэдээллийг нэгдсэн цахим санд илгээнэ.

3.4. Эрүүл мэндийн үзлэгээр өвчний шинж тэмдэг, сэжиг илрээгүй малд ям, бруцеллёз, сүрьеэ өвчний шинжилгээг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, аймаг, нийслэлийн  мал эмнэлгийн газрын лабораториор хийлгэх ажлыг зохион байгуулна.

3.5.Бэлтгэлийн малд хийсэн үзлэг, шинжилгээгээр сэжигтэй гарсан, тарилга туулгалт хийгдээгүй малыг тусгаарлана.

Дөрөв. Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн  эрх, үүрэг

4.1. Бэлтгэлийн малд эрүүл мэндийн үзлэг хийж, бүртгэлжүүлнэ.

4.2. Үзлэг, шинжилгээгээр эрүүл болох нь тогтоогдсон, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан малыг тухайн орон нутгийн малын халдварт өвчний голомт, тархалтын судалгаа, эмийн хэрэглээг үндэслэн эрүүл мэндийн тодорхойлолт олгоно.

4.3. Бэлтгэлийн малын ээмэгний дугаар, нас, хүйсийг эрүүл мэндийн тодорхойлолтод хавсралтаар бүртгэж мал тууварлагч, тээвэрлэгч этгээдэд  мал нэг  бүрээр  хүлээлгэн өгөх буюу эсвэл нэгдсэн цахим санд нэвтэрсэн тохиолдолд системд бүртгэлийг нэг бүрчлэн оруулна.

4.4. Мал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд холбогдох зааврын дагуу мал эмнэлгийн үйлчилгээний нэгж халдваргүйтгэл хийж акт бичиж олгоно.

Тав. Бэлтгэлийн малыг  тууварлах, тээвэрлэхэд тавих шаардлага

5.1. Мал тээвэрлэх тээврийн хэрэгслийг тээвэрлэхийн өмнө механик цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийлгэж малд бэртэл гэмтэл учруулахгүй, тавлаг байдлыг хангасан байхаар тоноглосон байна.

5.2. Мал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд мал тээвэрлэхийн өмнө хийгдсэн цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгдсэн тухай баримт, явах маршрут заасан замын хуудас зэрэг дагалдаж явна. Мал эмнэлгийн улсын /ахлах/ байцаагч нь мал бүрийн шинжилгээний мэдээллийг цахимаар шалгаж баталгаажуулна.

5.3.Зориулалтын тээврийн хэрэгсэлд малын дэвсгэрийг зөвхөн нэг удаа тээвэрлэхэд ашиглана.

Зургаа. Хяналтын цэгийн улсын байцаагчийн эрх, үүрэг

6.1. Хяналтын цэгийн мал эмнэлгийн улсын байцаагч нь мал тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд бичиг баримтын үзлэг шалгалт хийж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн зөрчсөн тохиолдолд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6.2. Малыг тээвэрлэлтийн явцад хяналтын цэгийн мал эмнэлгийн улсын байцаагч уншигч төхөөрөмж ашиглан нэг бүрчлэн цахим хяналт тавих бөгөөд мэдээллийг нэгдсэн цахим сүлжээнд илгээнэ.

Долоо. Мал эмнэлгийн байгууллагын эрх, үүрэг

7.1. Мал эмнэлгийн байгууллага мах экспортлоход зориулж байгуулсан тусгаарласан аж ахуйд мал бэлтгэхэд дараахь үүрэгтэй оролцоно.

7.2. Мал эмнэлгийн байгууллага нь тусгаарласан аж ахуй байгуулах газар, бэлчээр, түүнд зориулан байгалийн хадлан бэлтгэх бүс нутагт сүүлийн 6-12 сар олон улсын худалдааны хоригт өвчин болон байгалийн голомтот өвчний халдваргүй болохыг тархвар зүй, эмнэл зүйн болон ийлдсийн шинжилгээний тандалтаар нотолж мэргэжлийн дүгнэлт гаргана.

7.3. Тусгаарласан аж ахуйн байгууламжийн зураг, төслийг хянах, зөвлөх, ашиглалтанд орохоос өмнө мал эмнэлэг, хорио цээрийн хянан магадлагаа хийнэ.

7.4. Мах экспортлоход зориулж мал бэлтгэх гоц халдварт өвчингүй аймаг, сум, бүс нутгийг тухай бүр тогтооно.

7.5. Мал бэлтгэх бүс нутагт олон улсын худалдааны хоригт халдварт өвчний тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулж, мах экспортлогч аж ахуйн нэгж болон импортлогч улсыг холбогдох мэдээллээр хангана.

7.6. Тусгаарласан аж ахуйд үйл ажиллагаа явуулах мал эмнэлгийн тасаг, шинжилгээ хийх мал эмнэлгийн лаборатори, гэрээт мал эмнэлгийг томилж ажиллуулах бөгөөд мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

7.7. Импортлогч улсын шаардлага, протоколоор баталгаажуулалт хийгдэх халдварт өвчний шинжилгээнд хамруулна.

7.8.Тусгаарласан аж ахуйд хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх, шинжилгээ, халдваргүйтгэл хийх, малын өтөг бууц, ахуйн хог хаягдал устгах, халдваргүйтгэх, өвчинтэй малыг устгах зааврууд болон малын өвс, тэжээл хүлээн авахад тавигдах мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага, гоц халдварт өвчингүй ч үйлдвэрт хүлээн авах шаардлага хангаагүй гологдол малыг тусгаарласан аж ахуйгаас гаргах, хэрэгцээлэх заавар зэргийг Улсын малын ерөнхий эмч батална.

Найм. Мал бэлтгэгч, тууварлагч, тээвэрлэгч этгээдийн эрх, үүрэг

8.1. Энэхүү журмын 2.4, 2.5, 2.6 дахь хэсэгт заасан шаардлага хангасан малыг бэлтгэнэ.

8.2. Мал экспортлох зорилгоор байгуулсан тусгаарласан аж ахуйд зориулж мал бэлтгэж байгаа хуулийн этгээд энэ журам болон ерөнхий малын эмчийн баталсан зааврыг мөрдлөг болгоно.

8.3. Мах  бэлтгэлийн зориулалтаар тууварлах, тээвэрлэх малд тухайн орон нутгийн үзлэг, шинжилгээ хийлгэж эрүүл мэндийн тодорхойлолт авч мал эмнэлгийн тасагт шилжилт хөдөлгөөн хийх бүртгэлд оруулж, мал эмнэлгийн гэрчилгээ авна.

8.4. Мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, бэлтгэлд тэнцсэн, мал эмнэлгийн гэрчилгээтэй малыг тууварлаж, тээвэрлэнэ.

8.5. Эрх бүхий байгууллагаас тогтоож өгсөн маршрутаар тууварлаж, тээвэрлэх бөгөөд тухайн орон нутгийн мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн улсын байцаагчийн зөвшөөрсөн газарт зайлшгүй шаардлагаар малыг түр амраах, буулгах, сэлгүүлэн ачиж болно.

8.6. Тээвэрлэлт, тууварлалтын явцад  малд  халдварт  өвчний шинж тэмдэг илэрсэн, олон мал адил шинж тэмдэгтэй гэнэт олноор өвчилсөн, хорогдсон тохиолдолд тээвэрлэх, тууварлах үйл ажиллагааг даруй зогсоож, мал эмнэлгийн тасагт 12 цагийн дотор мэдээлнэ.

8.7. Бэлтгэлийн малыг худалдан авснаас хойш мал төхөөрөх үйлдвэрт хүлээн авах хүртэл  бусдын малтай нийлүүлэх, өөр малаар солих, бусдад шилжүүлэх, маршрутын бус замаар тууварлах, тээвэрлэхийг хориглоно.

Ес. Бэлтгэлийн малыг   үйлдвэрт хүлээн авах

9.1. Иргэн, хуулийн этгээд малыг мал эмнэлгийн улсын байцаагчийн хяналтын дор  мал төхөөрөх  үйлдвэрт хүлээлгэн өгнө.

9.2. Мал эмнэлгийн улсын байцаагч  тээвэрлэж ирсэн мал нэг бүрийг холбогдох эрүүл мэндийн гэрчилгээ, бусад дагалдах бичиг баримт зэргийг мэдээллийн нэгдсэн цахим сангийн бүртгэлтэй харьцуулан шалгаж, ямар нэг зөрчилгүй тохиолдолд сүрэгт үзлэг хийж хүлээж авна.

9.3. Маршрутын бус замаар тээвэрлэсэн, дагалдах бичиг баримтгүй, эсвэл засвартай, дамжин өнгөрөх хяналтын цэгийн мал эмнэлгийн улсын байцаагчийн баталгаажуулалтгүй, нэгдсэн цахим санд мэдээллийг бүрэн гүйцэд бүртгээгүй, мал эмнэлгийн улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл сольсон эсвэл зөвшөөрөгдөөгүй цэгт буулгасан зэрэг зөрчил илэрсэн тохиолдолд үйлдвэрт малыг хүлээн авахаас татгалзаж, хорио цээрт оруулж толгой дараалан шинжилгээнд хамруулна.

9.4. “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх  техникийн зохицуулалт”-ын  хүрээнд үйлдвэрт мал хүлээн авах үеийн болон нядлахын өмнөх үзлэг хийнэ.

Арав. Журмыг  зөрчигчид хүлээлгэх  хариуцлага

10.1. Энэ журмын заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг хүлээлгэхгүйгээр бол мал эмнэлгийн улсын /ахлах/ байцаагч Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулна.