- Нүүр
- Сайдын тушаал
- САЙНЦАГААН СУМЫН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Дундговь
аймгийн Засаг даргын 2019 оны А/43, А/69 дугаар
хамтарсан тушаал, захирамжийн 2 дугаар хавсралт
САЙНЦАГААН СУМЫН АГААРЫН ЧАНАРЫГ
САЙЖРУУЛАХ БҮСЭД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь Сайнцагаан сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэ журмыг Сайнцагаан сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
1.3. Сайнцагаан сумын Засаг Даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын чанарын алба, багийн Засаг дарга нар хэрэгжилтийг хариуцан зохион байгуулна.
Хоёр. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам
2.1. Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүс:
2.1.1.Хамрах хүрээ: Энэ бүсэд 5, 6, 8, 9 дүгээр багийн Мандал, Айраг, Боржигон, Эрчим, Аривжих гэр хорооллын 2666 айл өрх, албан байгууллагууд хамаарна.
2.1.2.Онцлог: Сайнцагаан сумын агаарын бохирдол ихэсч, ялангуяа өвлийн улиралд 12 дугаар сараас, 2 дугаар сар хүртэл бохирдол хамгийн их байдаг боловч Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан тохиолдол бүртгэгдээгүй.
2.1.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
2.1.3.1.агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сумын Засаг даргаас зөвшөөрөл авах;
2.1.3.2.агаарын чанарын стандартад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан болон хийн халаагч төхөөрөмжийг үе шаттай хэрэглээнд нэвтрүүлэх;
2.1.3.3.байшин, барилгын дулаан алдагдлыг багасгах, дулаалгын аянг зохион байгуулах;
2.1.3.4.халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд бохирдлын нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
2.1.3.5.агаарын тухай хууль, дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыг хангах;
2.1.3.6.ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн дулааны эх үүсвэрт хяналт тавьж, халаалтын зууханд хаягдал дугуй, ажилласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт хаягдал зүйлс шатаахгүй байх;
2.1.3.7.агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд аймаг, сумаас зохион байгуулахтай холбоотой сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;
2.1.3.8.агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх;
2.1.3.9.хуулийн этгээд бүр орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох ажлыг зохион байгуулах;
2.1.3.10.байгууллага бүр энэхүү журмыг иргэн, олон нийтэд сурталчлан таниулах;
2.1.3.11.агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх;
2.1.3.12.гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэгт цуглуулах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх;
2.1.3.13.агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;
2.1.3.14.агаарын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, бүх шатны Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, хэсгийн ахлагчийн шаардлагыг биелүүлэх;
2.2. Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүс
2.2.1.Хамрах хүрээ: 7 дугаар багийн орон сууцны хорооллын 1066 айл өрх, албан байгууллагууд хамаарна.
2.2.2.Онцлог: Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсийн бохирдлын дам нөлөөлөлд өртдөг.
2.2.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
2.2.3.1.түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох;
2.2.3.2.зөвхөн стандартын шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж ашиглуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.2.3.3.агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх;
Гурав. Төрийн байгууллагуудын чиг үүрэг
3.1. Агаарын бохирдлын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага болон сумын Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
3.1.1.агаарын тухай хууль тогтоомж болон энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнгийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлж ажиллах;
3.1.2.иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг сайжруулах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон эцэг, эхчүүдэд зориулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт зохион байгуулах;
3.1.3.гэр, орон сууцны дулааны алдагдлыг бууруулахад чиглэсэн сургалт зохион байгуулах;
3.1.4.сум, багийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын газар агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах;
3.1.5.агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан байгуулж, хөтлөлт явуулах;
Дөрөв. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хориглох зүйл
4.1.Сайнцагаан сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч иргэн дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
4.1.1.айл өрх нь гэр, байшин, барилгын дулаан алдагдлыг багасгах, нэмэлт дулаалга хийх;
4.1.2.ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ эрхэлдэг тохиолдолд халаалтын зууханд хаягдал дугуй, ажилласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт хаягдал зүйлс шатаахгүй байх;
4.1.3.агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд аймаг, сумаас зохион байгуулахтай холбоотой сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;
4.1.4.агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх;
4.1.5.гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэгт цуглуулах;
4.1.6.агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;
4.1.7.агаарын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, бүх шатны Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, хэсгийн ахлагчийн шаардлагыг биелүүлэх;
Тав. Хяналт тавих
5.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон эрх бүхий албан тушаалтан /Агаарын чанарын мэргэжлийн алба, салбар алба болох аймгийн Агаарын чанарын албаны мэргэжилтнүүд, сум, багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нар/ хяналт тавина.
Зургаа. Хариуцлага
6.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A