A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ БҮРДҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

                            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Үндэсний статистикийн

хорооны даргын хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

 

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ҮНДЭСНИЙ  БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ

БҮРДҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол Улсын малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг / цаашид ”нэгдсэн сан” гэх / бүрдүүлэх, баяжуулах, баталгаажуулах дамжуулах, тайлагнах, нууцлал хамгааллыг мөрдөхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр.  Нэгдсэн сангийн бүрдэл

            2.1.Нэгдсэн сан нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн болон бусад байгууллагын мэдээллийн дэд сан тэдгээрийн биет ба биет бус хөрөнгөөс бүрдэнэ.

2.2.Биет мэдээллийн хөрөнгөнд компьютер, хэвлэгч, сүлжээний системийн суурин болон зөөврийн төхөөрөмж, хэвлэсэн баримт бичиг, гарын авлагыг хамааруулна.

2.3.Биет бус мэдээллийн хөрөнгөнд нэгдсэн сангийн лицензтэй программ хангамж, тэдгээрийг хөгжүүлэх хэрэгсэл, өгөгдлийн сан, файл, боловсруулалтын мэдээ, цахим гарын үсэг, цаасан болон электрон архивын баримт бичгийг хамааруулна.

2.4.Нэгдсэн сангийн мэдээлэл нь нийтэд зориулсан мэдээлэл, байгууллагын нээлттэй мэдээлэл, итгэмжлэгдсэн дотоод мэдээлэл, нууц мэдээлэл гэсэн ангилалтай байна.

2.4.1.Нийтэд зориулсан мэдээлэлд аймаг, нийслэлийн нэгтгэсэн мэдээлэлд ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй, нууцлах шаардлагагүй, зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд байгууллагад ямар нэгэн хохирол учруулахгүй, хувилах хадгалах дамжуулахад шаардлага тавигдахгүй мэдээлэл хамаарах ба нийтэд зориулсан мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулна.

2.4.2.Байгууллагын нээлттэй мэдээлэлд зөвхөн байгууллага дотроо ашиглах, ангиллын зэрэглэлээр хаягласан,  хувилж, олшруулж, тараахад хязгаарлалтгүй, гаднын хандалтаас хамгаалагдсан мэдээлэл хамаарна.

2.4.3.Итгэмжлэгдсэн дотоод мэдээлэлд хязгаарлагдмал эрхтэйгээр хандах, хувилан хуулбарлахыг зөвшөөрсөн мэдээлэл хамаарна.

2.4.4.Итгэмжлэгдсэн дотоод мэдээллийг хувилах, хуулбарлахыг хүссэн тохиолдолд малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга зөвшөөрөл олгож, хууль, тогтоомжид заасны дагуу мэдээллийг олгоно.

2.4.5.Нууц мэдээлэлд гаднын хандалт, халдалтаас хамгаалагдсан электрон хэлбэрээр хадгалахад нууц үгтэйгээр кодлогддог тусгай хаягтай зөвхөн, эрх бүхий албан тушаалтан нууц үг ашиглан нэвтэрдэг, зөөврийн төхөөрөмжид хуулбарлах, хувилахыг хориглосон,  мэдээлэл хамаарна.

 

Гурав.  Нэгдсэн сангийн өгөгдөл хүлээн авах, баяжуулах, хадгалах

3.1.Нэгдсэн санд дараах этгээд болон холбогдох дэд сангаас шаардлагатай мэдээллийг хүлээн авна. Үүнд:

3.1.1 малчин өрхийн болон малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн тухай мэдээлэл;

3.1.2 Малын генетик нөөцийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж;

3.1.3 сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг;

                      3.1.4.аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын малын генетик нөөцийн бүртгэл хариуцсан нэгж;

3.1.5.Малын генетик нөөцийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан байгууллага;

            3.1.6.малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан холбогдох байгууллага;

3.1.7.стандарт хэмжилзүйн, улсын бүртгэлийн, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн болон статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

3.1.8 бүх шатны мал эмнэлгийн байгууллагын холбогдох бүтцийн нэгж;                                  

3.1.9 холбогдох мэргэжлийн холбоод,  төрийн бус байгууллага;

3.1.10 бусад.

3.2.Нэгдсэн санд 3.1.1, 3.1.2- д заасан этгээдээс мэдээллийг авч тухай бүр программд үнэн зөв оруулах, баяжуулах, нэгтгэх, аймаг, нийслэлийн нэгдсэн санд хүргүүлэх, дамжуулах асуудлыг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн малын генетик нөөцийн бүртгэл хариуцсан албан тушаалтан гүйцэтгэнэ.

3.3 Бүх шатны бүртгэгч нар нэгдсэн сангийн баяжилт хийж, мэдээлэл хүлээн авах, боловсруулах, нэгтгэх, баталгаажуулан хадгалахын зэрэгцээ мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавьж ажиллана.

3.4 Мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал болон уялдаа холбоо, өгөгдлүүдийн магадлалд алдаа илэрсэн нөхцөлд тодруулга, залруулга хийж гүйцэтгэх.

3.5 Нэгдсэн сан нь дэд сангуудтай мэдээлэл солилцох нөхцөлийг хангасан байхаас гадна салбарын бусад мэдээллийн сантай мэдээлэл солилцох боломжтой байна.

3.6 Малын генетик нөөцийн бүртгэл хариуцсан албан тушаалтан шаардлагатай тохиолдолд энэхүү журамд заасан дэд сангуудаас нэмэлт мэдээллийг авч болно.

3.7 Малын генетик нөөцийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан үнэлгээтэй холбогдсон бусад тайлан, бүртгэл мэдээллийг тухайн шатны байгууллага, албан тушаалтан хариуцаж үр дүнг нэгдсэн санд хүргүүлнэ.

3.8 Нэгдсэн сангийн мэдээллийн хадгалалт, хамгаалалт, ашиглах үйл ажиллагаанд “Архивын тухай хууль”-ийг мөрдлөг болгоно. 

3.9 Нэгдсэн сангийн мэдээллийг зэрэглэл, төрлөөр нь ангилан хаяглах ба мэдээллийн ангилал, агуулгыг цаасан баримтын эхний хуудсанд, зөөгч төхөөрөмжийн гадна талд бичин архивлаж байна.

Дөрөв. Нэгдсэн сангийн мэдээллийг ашиглах, баталгаажуулах, дамжуулах

4.1 Нэгдсэн сангийн мэдээллийг Малын генетик нөөцийн тухай хуулийн 8.1- д заасан зориулалтаар тус хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийг бүрдүүлэхэд ашиглана.

4.2 Нэгдсэн сангийн мэдээллийг 2.4-д заасан ангиллаар ашиглана.

4.3 Нэгдсэн сангийн мэдээллийг Малын генетик нөөцийн төлөв байдлын тайланг гаргахад ашиглаж болно.

4.4 Шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хэрэглэгчдэд лавлагаа, тодорхойлолт, баталгаа, мэдээлэл хүргэх ажлыг нэгдсэн сангаас гүйцэтгэнэ.

4.5 Нэгдсэн сангаас олгох холбогдох лавлагаа, тодорхойлолт, баталгааг холбогдох хууль, тогтоомж журмын хүрээнд олгоно.

4.6 Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг болон энэ журмын 3.1-т заасан холбогдох этгээдээс ирүүлсэн мэдээллийг тухай бүр баталгаажуулах, нэгдсэн санд хүргүүлэх асуудлыг 3.1.4-д заасан нэгж хариуцна.

4.7 Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага болон энэ журмын 3.1-т заасан холбогдох этгээдээс ирүүлсэн мэдээллийг тухай бүр нэгтгэн баталгаажуулж үндэсний нэгдсэн сан бүрдүүлэх асуудлыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох бүтцийн нэгж хариуцан гүйцэтгэнэ. 

4.8 Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг нь сар бүрийн 5-ны өдөр, аймаг, нийслэлийн Мал үржлийн алба нь сар бүрийн 8-ны өдөр өмнөх сарынхаа мэдээллийг нэгдсэн санд хүргүүлнэ.

4.9 Дэд сангуудаас ирүүлсэн мэдээллээс шаардлагатай мэдээг дамжуулах тохиолдолд тоон гарын үсгээр баталгаажуулж бусад байгууллагад хүргүүлнэ.

4.10 Малын шилжилт хөдөлгөөний болон  алдуул малтай холбоотой бүртгэл, мэдээллийг тухайн тохиолдолд бүртгэсэн бүрт ирүүлэх ба энэхүү журмын 4.7-д заасан хугацаа хамаарахгүй.

 

Тав. Нэгдсэн сангийн программ хангамж, сүлжээний нууцлал, хамгаалал

5.1 Нэгдсэн сангийн программ хангамжийг боловсруулах, хөгжүүлэх, ашиглахад дараахь шаардлагыг тавина.

            5.1.1 Нэгдсэн сангийн программ хангамжийг бүтцийн дагуу  гүйцэтгэгч, захиалагчтай зөвшилцсөн ашиглахад хялбар загвар дизайнтай хийж гүйцэтгэнэ.

            5.1.2 Программын хөгжүүлэлтийг босоо ба хөндлөнгөөр өргөтгөх, бусад дэвшилтэд технологтой холбох боломжтой байх.

            5.1.3 Нэгдсэн сангийн бүтцийг босоо ба хөндлөнгөөр өргөтгөх тохиолдолд бүтцэд орсон өөрчлөлтийг тухай бүр нэмж байх.

5.2 Нэгдсэн сангийн  өгөгдлүүдийг хайлт хийхэд хялбар болгож, дор дурдсанаар төрөлжүүлнэ. Үүнд:

5.2.1 засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн код;

5.2.2 бүртгэлийн огноо;

5.2.3 эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлийн код;

5.2.4 малчин өрхийн код, нэр, малчны регистрийн дугаар;

5.2.5 мал бүхий өрхийн дугаар;

5.2.6 хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар;

5.2.7 малын хувийн дугаар, нас, хүйс;

            5.2.8 малын төрөл, зүйл,  үүлдэр, омгийн код;

            5.2.9 бусад.

5.3.Нэгдсэн сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтад дараах шаардлагыг тавина:

5.3.1.мэдээллийн аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангасан байх;

5.3.2.нэгдсэн сангийн нөөцийг тогтмол шинэчилж, архив үүсгэсэн байх;

5.3.3.нэгдсэн сангийн систем, сүлжээнд холбогдох техник, хэрэгслийг бусад сүлжээнд холбохгүй байх;  

5.3.4.нэгдсэн сангийн системийн цаг нь Үндэсний дата төвийн цагийн системтэй ижил тохируулгатай байх;

5.3.5.сүлжээний компьютер, программд зөвшөөрөгдсөн гарцаар нэвтэрдэг байх;

            5.3.6.цахим шуудангаар файл дамжуулахад шифрлэх, технологийг ашигладаг байх.

5.4.Нэгдсэн сангийн программ хариуцсан болон системийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцын баталгаа гаргаж, нэвтрэх эрх авна.

5.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн нэгдсэн сангийн бүртгэл, мэдээлэл хариуцсан албан тушаалтан Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцын баталгаа гаргаж, малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох бүтцийн албан тушаалтнаас нууцын нэвтрэх эрх, холбогдох зааварчилгааг авна.

5.6 Энэхүү журмын 5.4-д заасан албан тушаалтан ажлаас түр болон бүр мөсөн чөлөөлөгдөх, хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд нэгдсэн сангийн системд нэвтрэх нэр, кодыг хүчингүй болгоно.

            5.7.Систем, сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа, хөгжүүлэлт, шинэчлэлийг асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох албан тушаалтан хариуцна.

            5.8.Нэгдсэн сангийн мэдээллийг нууцлах, ашиглах, хадгалах хугацаа дууссан бол Архивын тухай хуулийн дагуу файл, цаасан баримт, хуучин CD зэргийг удирдлагын зөвшөөрлийн үндсэн дээр ажлын хэсэг гаран устгана.

5.9.Нэгдсэн сангийн сервер, хамгаалалтын төхөөрөмж, компьютерын сүлжээ болон цахилгаан хангамжийн тасралтгүй ажиллагаа, орчны температур чийгшлийн тогтвортой байдлыг “Үндэсний дата төв” хангана.

5.10.Нэгдсэн сангийн программын боловсруулалт, хөгжүүлэлтийг үндэсний мэдээлэл технологийн мэргэжлийн этгээдээр хууль, тогтоомжид нийцүүлж гүйцэтгүүлнэ.

5.11.Нэгдсэн сангийн нөөц сервер нь “Үндэсний дата төв”-д байрших ба мэдээллийн санд шинэчлэл, хөгжүүлэлт, өөрчлөлт хийх бүрт энэ журмын 3.4-д заасан бүтцийн нэгж “Үндэсний дата төв”-д мэдэгдэж, бүртгүүлнэ. 

 

Зургаа. Бусад

6.1.Нэгдсэн сангийн үйл ажиллагаанд шаардагдах техник хэрэгсэл, программ хангамж, сүлжээ, тэдгээрийн үйлчилгээний зардлыг улсын төсөв, гадаадын төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтээр гаргана.

6.2.Энэхүү журмын хэрэгжилтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн  холбогдох байгууллагууд тус тус дотоод хяналт тавина.

6.3.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

 

… oOo …