- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧДӨД МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМ, ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
ТӨГСӨГЧДӨД МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМ, ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /цаашид “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага”гэх/-д албан болон албан бус хэлбэрээр суралцан мэргэжил, боловсрол эзэмшсэнийг нотолж мэргэжлийн диплом, мэргэжлийн боловсролын үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, /цаашид “диплом, үнэмлэх” гэх/ олгоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох мэргэжлийн диплом, үнэмлэх нь улсын бүртгэлийн дугаар, QR кодтой байна. Улсын бүртгэлийн дугаар нь есөн орон бүхий тоо байх бөгөөд эхний дөрвөн орон нь тухайн оныг, сүүлчийн таван орон нь тухайн жилийн төгсөгчдийн тоог илэрхийлсэн байна.
ХОЁР. Мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээний төрөл, ангилал
2.1. Техникийн боловсролын хөтөлбөрийн агуулга, багц цагийг бүрэн эзэмшсэн төгсөгчдөд Мэргэжлийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн диплом олгоно.
2.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцан мэргэжил эзэмшихийн зэрэгцээ бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд мэргэжлийн боловсролын үнэмлэхийг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран олгоно.
2.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцан тухайн мэргэжлийн агуулгыг бүрэн эзэмшсэн төгсөгч болон албан бус сургалтын хэлбэрээр мэргэжил эзэмшиж, үнэлгээнд тэнцсэн иргэнд Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн үнэмлэх олгоно.
2.4. Албан ба албан бус сургалтын хэлбэрийн мэргэжлийн тодорхой түвшний ур чадвар олгох сургалтад хамрагдаж, чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв олгоно.
ГУРАВ. Мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээний
захиалга авах, хэвлүүлэх
3.1 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхний захиалгыг тухайн хичээлийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.
3.2 Чадамжийн гэрчилгээний захиалгыг холбогдох журамд заасны дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвд албан бичгээр хүргүүлнэ.
3.3 Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхийг баталсан загвар, захиалсан тоогоор нууцлал бүхий үнэт цаасан дээр хэвлүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад олгох ажлыг зохион байгуулна.
3.4 Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зөвхөн мэргэжлийн боловсролын үнэмлэх олгох ажлыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан холбогдох журмыг баримтлан зохион байгуулна.
3.5 Диплом, үнэмлэх, гэрчилгээний үнэт цаас хэвлүүлэх зардлыг төгсөгч хариуцана.
ДӨРӨВ. Мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээнд бичилт хийх, баталгаажуулах
4.1. Мэргэжлийн диплом, үнэмлэхний бичилтийг тухайн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага хариуцан гүйцэтгэж, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв баталгаажуулж, Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
4.2. Мэргэжлийн диплом, үнэмлэхэд кирилл, монгол бичиг англи хэлээр товчилсон үг, үсэг хэрэглэхгүй, компьютерын программ ашиглан бичилт хийнэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэснээр үнэн зөв бичнэ.
4.3. Үнэлгээний баг баталгаажуулагчийн дүгнэлтийг үндэслэн Сургалтын албаны менежер нь тухайн боловсролын баримт бичиг, төгсөгчийн хувийн хэрэгт хичээлийн дүн, чадамжийн нэгжийн үнэлгээ, улсын шалгалтын дүнг тус тус тэмдэглэж, баталгаажуулсан байна.
4.4. Мэргэжлийн дипломд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэр, төгсөгчийн эцэг,/эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, төгссөн огноо, эзэмшсэн мэргэжлийн нэр, индекс, түвшин, дипломын улсын бүртгэлийн дугаар, судалсан хичээлийн нэр, багц цаг, сурлагын тоон ба үсгэн дүн, төгсөлтийн үнэлгээ, диплом хамгаалсан сэдэв, голч дүнг тэмдэглэж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирал, төгсөлтийн үнэлгээний багийн ахлагч гарын үсэг зурж, баталгаажуулна.
4.5. Мэргэжлийн үнэмлэхэд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэр, төгсөгчийн эцэг,/эх/-ийн нэр болон өөрийн нэр, регистрийн дугаар, суралцсан мэргэжлийн нэр, индекс, түвшин, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чадамжийн нэгжийн нэр, гүйцэтгэлийн хувь, чадамжтай, хараахан чадамж эзэмшээгүй гэсэн үсгэн тэмдэглэгээг тус тус бичиж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирал, төгсөлтийн үнэлгээний багийн ахлагч гарын үсэг зурж баталгаажуулна
4.6. Мэргэжлийн боловсролын үнэмлэхэд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэр, төгсөгчийн эцэг,/эх/-ийн нэр болон өөрийн нэр, регистрийн дугаар, суралцсан мэргэжлийн нэр, индекс, түвшин, ерөнхий эрдмийн хичээлийн гүйцэтгэлийн үнэлгээ, түвшин, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чадамжийн нэгжийн нэр, гүйцэтгэлийн хувь, чадамжтай, хараахан чадамж эзэмшээгүй гэсэн үсгэн тэмдэглэгээг тус тус бичиж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирал, төгсөлтийн үнэлгээний багийн ахлагч гарын үсэг зурж баталгаажуулна.
4.7. Чадамжийн гэрчилгээнд төгсөгчийн нэр, регистрийн дугаар, эцэг /эх/-ийн нэр, сургалтын байгууллагын нэр, мэргэжлийн нэр индекс, мэргэшлийн түвшин, эзэмшсэн чадамжийн нэгжийн жагсаалт, үнэлгээг бичиж, баталгаажуулалт гэсэн хэсэгт мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын захирал гарын үсэг зурж, баталгаажуулна.
ТАВ. Мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээг нөхөн олгох
5.1. Төгсөгч нь диплом, үнэмлэхийг нөхөн авахдаа дараах материалыг бүрдүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
Үүнд:
- Мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх болон мэргэжлийн боловсролын үнэмлэх нөхөн авах болсон шалтгааныг бичсэн хүсэлт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Иргэний хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нотлох баримтын хуулбар
- Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн нэгдсэн сангийн лавлагаа
- Диплом, үнэмлэх дахин авах иргэн энэхүү журмын 3.5-т заасан зардлыг 3 дахин нугалж төлнө.
5.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээрх бичиг баримтыг хянан үзэж мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхийг нөхөн олгоно.
5.3. Чадамжийн гэрчилгээг мэдээллийн нэгдсэн сангийн лавлагааг үндэслэн Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв нөхөн олгоно.
5.4. 2017 оноос хойш төгссөн төгсөгчид нөхөн авах баримт бичгийн лавлагааг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн мэдээллийн нэгдсэн сангаас авна.
5.5 2017 оноос өмнөх төгсөгчид Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас нөхөн авах баримт бичгийн лавлагааг авна.
5.6. Нөхөн олгосон баримт бичгийн нүүрэн талын баруун дээд хэсэгт "Нөхөн олгов" гэсэн бичилтийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж, баталгаажуулна.
5.7 Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв нь нөхөн олгосон баримт бичгийн мэдээллийг төгсөгч, иргэдийн мэдээллийн нэгдсэн санд байршуулна.
ЗУРГАА. Мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгосон тухай тайлан, мэдээ гаргах
6.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь улсын ба төгсөлтийн шалгалт дууссанаас хойш 21 хоногт багтаан диплом, үнэмлэх олгосон тухай тайланг "Б" маягт болон үнэлгээний нэгдсэн хуудсыг 2 хувь үйлдэн, 1 хувийг мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвд ирүүлэх ба үлдэх хувийг цаасан болон цахим хэлбэрээр архивлана.
6.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв нь чадамжийн гэрчилгээ олгосон тайлангийн нэг хувийг төгсөлтийн мэдээний хамт улиралд нэг удаа мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
6.3. Мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллага нь диплом, үнэмлэх олгосон мэдээллийг төгсөгч, иргэдийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж байршуулна.
ДОЛОО. Хяналт, хариуцлага
7.1. Диплом, үнэмлэх, гэрчилгээг хууль бусаар олгосон, хуурамчаар үйлдсэн, хүчингүй баримт бичгийг баталгаажуулсан тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.2. Бичилт нь засвартай диплом, үнэмлэхийг хүчингүйд тооцно. Диплом, үнэмлэхийг буруу бичсэн, засварласан тохиолдолд буруутай этгээд хэвлэсэн үнийн дүнг хоёр дахин нугалан төлнө.
-000-
Текст томруулах
A
A
A