A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ БОЛОН ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 316 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт

 

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨХ
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
БОЛОН ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ
ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх, ус бохирдуулсны төлбөр, нөхөн төлбөр ногдуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж
          ахуйн нэгж, байгууллагын жагсаалт,
          хөнгөлөлтийн хувь хэмжээ

2.1. Хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг дараахь аж ахуйн нэгж, байгууллага (цаашид “аж ахуйн нэгж, байгууллага” гэх)-ын хаягдал усны чанар нь Хүрээлэн байгаа орчин, усны чанар, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус, ерөнхий шаардлага MNS 6561:2015, Хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал ус, ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартаар тогтоосон норм, нормативыг хангасан тохиолдолд ус бохирдуулсны төлбөрөөс дор дурдсан хувь хэмжээгээр хөнгөлнө:

Аж ахуйн нэгж, байгууллага

Хөнгөлөлтийн

хувь хэмжээ

(хувиар)

1.

Хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг байгууллагууд

 

100

2.

Эрүүл мэндийн байгууллага:

Төсвөөс санхүүждэг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, клиник, амаржих газар, нийгмийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, сувилал, түргэн тусламжийн төв, сэргээн засах төв, тусгай эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, сувилахуйн төв

100

3.

Боловсролын байгууллага:

 Төсвөөс санхүүждэг ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн  сургалт, үйлдвэрлэлийн төв, политехникийн коллеж, хүрээлэн,  лаборатори, зохион бүтээх товчоо, туршилт-үйлдвэрлэл-үйлчилгээний бааз, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн  нэгдэл, улсын болон орон нутгийн музей, үндэсний номын сан

 

 

100

4.

Халамжийн байгууллага:

Төсвөөс санхүүждэг төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа улсын болон орон нутгийн асрамжийн газар

 

100

2.2. Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг Сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны албатай хамтран улирал бүр шинэчлэн гаргаж, харьяалах Татварын албанд хүргүүлнэ.

Гурав. Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн
             нэгж, байгууллагын хүлээх үүрэг

3.1. Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хаягдал усны сорьц авах хяналтын цэгийг тогтоох бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага бүр тогтоосон цэгт хаягдал усны сорьц авах хяналтын цэгийг “Байгаль орчин. Усны чанар. Дээжлэлт. 10-р хэсэг: Хаягдал уснаас дээжлэлт хийх удирдамж” MNS_ISO 5667-10:2001 стандартад нийцүүлэн байгуулна.  

3.2. Хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг байгууллага нь хаягдал усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Усны тухай хуулийн      25.2-т заасан байгаль орчны итгэмжлэгдсэн лабораториор (цаашид “байгаль орчны итгэмжлэгдсэн лаборатори” гэх) сар бүрийн 20-ны дотор тодорхойлуулж, улирал бүрийн дүнг тухайн улирлын дараа сарын 20-ны дотор харьяалах Сав газрын захиргаанд хүргүүлнэ.   

3.3. Төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага нь хаягдал усан дахь бохирдуулах бодисын агууламжийг байгаль орчны итгэмжлэгдсэн лабораториор жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор тодорхойлуулж, дүнг аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлнэ.

Дөрөв. Ус бохирдуулсны төлбөр,
            нөхөн төлбөр ногдуулах

4.1. Байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр энэ журмын 2.2-т заасан хөнгөлөх жагсаалтад орсон аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал усны чанар, найрлага нь стандартаар тогтоосон норм, нормативыг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд Сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба  энэ тухай мэдээллийг харьяа Татварын албанд хүргүүлнэ.

4.2. Энэ журмын 2.2-т заасан жагсаалтад хамаарах аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал усны чанар, найрлагад мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бөгөөд хаягдал усны чанар, найрлага стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд энэ тухай мэдээллийг харьяалах Сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд мэдэгдэнэ.

4.3. Энэ журмын 4.2-т заасан шалгалтаар хаягдал усны чанар, найрлага нь стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдсон аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн хяналтын байгууллага зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагад Усны тухай хуулийн 25.2-т заасны дагуу улсын байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг 2-5 дахин шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлж ногдуулна. 

4.4. Татварын алба нь энэ журмын 4.3-т заасан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тогтоосон ус бохирдуулсны төлбөр, нөхөн төлбөрийг ногдуулна.  

Тав. Бусад

5.1. Ус бохирдуулсны төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.

5.2. Энэ журмын хэрэгжилтийг хангуулах үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 


-----о0о-----