A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 312 дугаар
       тогтоолын 1 дүгээр хавсралт

АВТО ЗАМЫН САНД ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ,
ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ


Нэг. Ерөнхий зүйл

1.1. Авто замын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.15-д заасан улс, нийслэл, орон нутгийн авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино. 

1.2. Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих үйл ажиллагаанд Авто замын тухай, Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг баримтална.

1.3. Улс, нийслэл, орон нутгийн авто замын сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 27.1-д заасны дагуу Төрийн санд тус тус тусгай данстай байна.

Хоёр. Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэр,
        хөрөнгө төвлөрүүлэх

2.1. Улсын авто замын сан нь Авто замын тухай хуулийн 25.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 27.2, Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан эх үүсвэрээс, нийслэл, орон нутгийн авто замын сан нь Авто замын тухай хуулийн 25.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2. Авто замын сангийн тухайн жилийн төсвийг Төсвийн тухай хууль тогтоомж, түүнтэй холбогдсон журмын дагуу боловсруулна.

2.3. Улсын авто замын санд дараахь байдлаар хөрөнгө төвлөрүүлнэ:

       2.3.1. импортоор оруулж ирж байгаа автомашины онцгой албан татварын 20 хувийг тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд улсын авто замын сангийн тусгай дансанд;

       2.3.2. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өрийн удирдлагын тухай хууль тогтоомжид заасны дагуу олон улс, улсын чанартай авто замын болон тусгай зориулалтын авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагаанд зориулж авсан зээл, буцалтгүй тусламж, хандивын хөрөнгийг тухай бүр улсын авто замын сангийн тусгай дансанд;

      2.3.3. Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг тухай бүр улсын авто замын сангийн тусгай дансанд;
      2.3.4. олон улс, улсын чанартай авто зам болон тусгай зориулалтын авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаарх хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийг тухай бүр улсын авто замын сангийн тусгай дансанд;

      2.3.5. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын болон гадаад улсад бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх төлбөр, хураамжийг олон улсын гэрээнд заасан хувь, хэмжээгээр хагас болон бүтэн жилээр улсын авто замын сангийн тусгай дансанд;

      2.3.6. аймаг, нийслэлийн Засаг дарга олон улс, улсын чанартай авто замын зурвас газарт үйлчилгээ эрхэлсний төлбөр, хураамжийг хагас болон бүтэн жилээр улсын авто замын сангийн тусгай дансанд;

      2.3.7. тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээгээр улсын авто замын сангийн тусгай дансанд;

      2.3.8. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 27.2-т заасан улсын авто замын сангийн хөрөнгийн үлдэгдэлд тооцсон хүүгийн орлогыг Төрийн сангаас тухай бүр улсын авто замын сангийн тусгай дансанд.

2.4. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын авто замын санд төвлөрүүлэх хөрөнгийн саналыг зохих журмын дагуу боловсруулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.5. Нийслэл, орон нутгийн авто замын санд дараахь байдлаар хөрөнгө төвлөрүүлнэ:

      2.5.1. автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг аймаг, дүүргийн татварын албанаас тухай бүр нийслэл, орон нутгийн авто замын сангийн тусгай дансанд;

      2.5.2. орон нутгийн тухайн жилийн батлагдсан төсвөөс нийслэл, орон нутгийн авто замын санд хуваарилах хөрөнгийг тухай бүр нийслэл, орон нутгийн авто замын сангийн тусгай дансанд;

      2.5.3. Өрийн удирдлагын тухай хууль тогтоомжид заасны дагуу нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагаанд зориулж авсан зээл, буцалтгүй тусламж, хандивын хөрөнгийг тухай бүр нийслэл, орон нутгийн авто замын сангийн тусгай дансанд;

      2.5.4. нийслэл, орон нутгийн авто зам дээр замын хөдөлгөөний  аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаарх хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийг тухай бүр нийслэл, орон нутгийн авто замын сангийн тусгай дансанд;

      2.5.5. аймаг, нийслэлийн Засаг дарга нийслэл, орон нутгийн авто замын зогсоол ашигласны төлбөрийн орлогыг хагас, бүтэн жилээр нийслэл, орон нутгийн авто замын сангийн тусгай дансанд;
      2.5.6. аймаг, нийслэлийн Засаг дарга авто замын зурвас газарт үйлчилгээ эрхэлсэн болон хаяг, сурталчилгаа, мэдээлэл байрлуулсны төлбөрийн орлогыг хагас, бүтэн жилээр нийслэл, орон нутгийн авто замын сангийн тусгай дансанд.

2.6. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн жилийн орон нутгийн төсвөөс нийслэл, орон нутгийн авто замын санд хуваарилах хөрөнгийн хэмжээг тодорхойлон зохих журмын дагуу орон нутгийн төсөвт тусгуулна.

2.7. Нийслэл, орон нутгийн авто замын зурвас газар, зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг болон хаяг, сурталчилгаа, мэдээлэл байрлуулсны төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

Гурав. Авто замын сангийн хөрөнгийг
            захиран зарцуулах

3.1. Тухайн жилд захиран зарцуулахаар төлөвлөсөн улс, нийслэл, орон нутгийн авто замын сангийн хөрөнгийг тухайн жилийн төсвийн тухай хуульд болон нийслэл, орон нутгийн төсөвт тус тус тусган хэрэгжүүлнэ.

3.2. Авто замын сангийн хөрөнгийг Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус зориулалтын дагуу захиран зарцуулна.

3.3. Гэнэтийн хүчин зүйл буюу байгалийн гамшигт үзэгдэл, осол болсны улмаас авто зам, замын байгууламжид эвдрэл, гэмтэл үүссэний улмаас авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжгүй болсон тохиолдолд сэргээн засварлахад шаардагдах зардлыг авто замын сангийн тухайн жилийн төсвөөс тэргүүн ээлжинд санхүүжүүлнэ.

3.4. Авто зам, замын байгууламжийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн, орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий тоног, төхөөрөмжөөр тоноглох, шинэчлэн сайжруулахад зарцуулах зардлыг улсын авто замын сангаас санхүүжүүлнэ.

3.5. Авто замын сангийн тухайн жилийн төсвийг төлөвлөх, хуваарилахад дараахь зарчмыг баримтална:

      3.5.1. төсвийн 90-ээс багагүй хувийг Авто замын тухай хуулийн 24.3, 24.4-т тус тус заасан үйл ажиллагаанд;

      3.5.2. төсвийн 10 хүртэлх хувийг Авто замын тухай хуулийн 24.5-д заасан үйл ажиллагаанд.

3.6. Олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулж авсан гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хууль, холбогдох бусад журамд нийцүүлэн зарцуулна.

3.7. Авто замын сангийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад зориулалтаар  зарцуулахыг хориглоно.

Дөрөв. Авто замын сангийн төлөвлөлт, хяналт, тайлан

4.1. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга улс, нийслэл, орон нутгийн авто замын сангийн хөрөнгийг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнахтай холбогдсон үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн тус тус эрхлэн явуулна.

4.2. Авто замын сангийн орлого, зарцуулалтад тавих олон нийтийн хяналтыг зам хэрэглэгчид болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн Авто замын зөвлөл хэрэгжүүлнэ.

4.3. Энэ журмын 4.1-д заасан этгээд улс, нийслэл, орон нутгийн авто замын сангийн гүйцэтгэл, зарцуулалтын тайланг улирал, жилээр тус тус гаргах бөгөөд улирлын тайланг дараа сарын 15-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Авто замын зөвлөлд хүргүүлж тайлагнана.


Тав. Бусад

5.1. Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 


-----о0о-----