- Нүүр
- Сайдын тушаал
- СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн
А/506, А/266 дугаар хамтарсан тушаалын хавсралт
СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДЛЫГ ҮНЭЛЭХ,
ДҮГНЭХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшил, дадлын түвшин түүний ахиц өөрчлөлтийг үнэлж, дүгнэхэд энэхүү журмыг баримтална.
1.2 Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, стандарт, чанарын үнэлгээнд нийцсэн сургалтын явцын, чадамжийн нэгжийн, улирлын, төгсөлтийн үнэлгээ хийхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.3 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх, баталгаажуулах үйл ажиллагааг Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлнэ.
1.4 Политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн үнэлгээг хийх холбогдох журмаар зохицуулна.
ХОЁР. ҮНЭЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1 Боловсролын үнэлгээний стандартад нийцүүлэн үнэлгээний арга зүй, төрөл, хэлбэрийг уян хатан тогтоож, тухайн сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүнг илрүүлэхүйц, агуулгыг бүрэн хамруулсан байна.
2.2 Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/50 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ын 2.1-т тусгасан зарчим, 2.5-д тусгагдсан ерөнхий шалгуур, 5 дугаар зүйл тусгагдсан үнэлгээний орчныг тус тус баримтална.
2.3 Суралцагчийг үнэлж, дүгнэх шалгуурыг тухайн хичээлийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх суурь, сонгох хэсгийн агуулгын хүрээнд боловсруулж, үнэлгээний төрөл, арга хэлбэрийг зөв оновчтой сонгоно.
2.4 Мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн үнэлгээг чадамжаар/чадамжтай, хараахан чадамж эзэмшээгүй/, ерөнхий суурь хэсгийн хичээл, техникийн боловсрол олгох сургалтыг бүхэлд нь стандарт үнэлгээгээр үнэлнэ.
2.5 Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлын түвшин, түүний ахиц өөрчлөлтийг сургалтын явцын, чадамжийн нэгжийн, улирлын, төгсөлтийн үнэлгээний төрлөөр үнэлнэ.
2.5.1. “Явцын үнэлгээ” гэж ээлжит хичээлийн үеэр суралцагчийн эзэмшиж буй мэдлэг, ур чадвар, төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг тогтоох үйл явц;
2.5.2.“Чадамжийн нэгжийн үнэлгээ” гэж тухайн чадамжийн нэгжийн хүрээний мэдлэг, ур чадвар, хандлагыг цогцоор нь эзэмшсэн эсэхийг тогтоох, баталгаажуулах үйл явц;
2.5.3.“Улирлын үнэлгээ” гэж тухайн улиралд судалсан хичээлийн агуулгыг бүрэн эзэмшсэн эсэхийг тодорхойлох үйл явц;
2.5.4.“Төгсөлтийн үнэлгээ” гэж тухайн мэргэжил, мэргэшилд хамаарах хичээлийн агуулгын хүрээг цогцоор нь эзэмшсэн эсэхийг төгсөлтийн явцад тогтоох, баталгаажуулах үйл явц.
2.6 Техникийн боловсрол олгох сургалт нь 90-ээс доошгүй багц цагаар хэмжигдэх бөгөөд явцын үнэлгээ, улирлын үнэлгээ, төгсөлтийн үнэлгээний төрлийг хэрэгжүүлнэ.
2.7 Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалт 1230 цаг, 2.5-3 жилийн сургалт нь 3300-3980 доошгүй цагаар хэмжигдэх бөгөөд явцын үнэлгээ, чадамжийн нэгжийн үнэлгээ, төгсөлтийн үнэлгээний төрлийг хэрэгжүүлнэ.
2.8 Мэргэжлийн сургалтын үргэлжлэх хугацаа нь чадамжийн нэг буюу хэд хэдэн нэгжийг бүрэн эзэмшүүлбэл зохих хугацаагаар хэмжигдэх бөгөөд явцын үнэлгээ, чадамжийн нэгжийн үнэлгээний төрлийг хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд чадамжийн нэгжийн үнэлгээ нь төгсөлтийн үнэлгээ болно.
2.9 Энэхүү журмын 2.5–т заасан үнэлгээний төрлийг онолын, ур чадварын хэсгээс шалтгаалан үнэлгээний дараах 6 аргаас сонгон зохион байгуулна. Үүнд:
2.9.1. Мэдлэгийг системтэй бүрэн эзэмшсэн байдлыг хяналтын ажил, тест, илтгэл, реферат, тайлан, төсөл бичих, тооцоолох, эссэ, зохиомж найруулан бичих, аялалын маршрут зохиох, ажиглах, тайлбарлах, ярилцлага, маргаан, мэтгэлцээн хийх зэрэг аргаар онолын хэсгийг үнэлнэ.
2.9.2 Мэдлэгийг бүтээлчээр тодорхой нөхцөлд шилжүүлэн дадлагын ажил, сорил туршилт, үйлчилгээ, бүтээл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, даалгавар өгөх, төслийн ажил гүйцэтгүүлэх зэрэг аргаар ур чадварын хэсгийг үнэлнэ.
2.10. Сургалтын албанаас сургалтын чанарт дотоодын баталгаажуулалтыг улиралд нэг удаа хийнэ. Үнэлгээний төлөвлөгөөний дагуу стандарт, холбогдох журамд нийцүүлэн дотоодын үнэлгээ зохион байгуулагдсан эсэхийг хянах, дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг томилж дотоодын баталгаажуулалтыг хэрэгжүүлнэ.
2.11. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч шалгалт өгөх тохиолдолд тэдний хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон орчин бүрдүүлэх
2.12. Явцын үнэлгээний зохион байгуулалт:
2.12.1. Багш хичээлийн явцын үнэлгээг хийхдээ агуулгын аль хэсэгт суралцагч мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшиж чадахгүй байгааг шинжлэн тогтоож, гүйцэтгэлийн хувиар тооцож, нотолгоог бүрдүүлнэ.
2.12.2. Чадамжийн элементийг эзэмшүүлэх явцад болон төгсгөлд явцын үнэлгээг хийнэ. Элементийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу гүйцэтгэлд тохирсон ажилбарын хүрээнд мэргэжлийн багш ажлын даалгаврыг боловсруулна. Даалгаврын агуулгаас хамаарч үнэлгээний арга хэлбэрийг сонгоно.
2.12.3. Явцын ур чадварын үнэлгээнд шаардлагатай материал, багаж, хэрэгслийг хичээл заасан багш бэлтгэж, үнэлгээний орчныг бүрдүүлнэ.
2.13. Чадамжийн нэгжийн үнэлгээний зохион байгуулалт:
2.13.1. Тухайн чадамжийн нэгжийг судалж дууссаны дараа нэгжийн үнэлгээг зохион байгуулна. Чадамжийн нэгжийн элементийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хүрээнд гүйцэтгэлд тохирсон ажилбарын ажлын даалгавар болон онолын мэдлэг үнэлэх үнэлгээний материалыг мэргэжлийн багш боловсруулж, сургалтын менежер хянаж, баталгаажуулна.
2.13.2. Хөндлөнгийн үнэлгээний ажилтан оролцсон үнэлгээний баг чадамжийн нэгжийн үнэлгээг хийж, холбогдох тэнхим, сургалтын менежер хяналт тавина.
2.13.3. Чадамжийн нэгжийн үнэлгээнд “Хараахан чадамж эзэмшээгүй” (ХЧЭ) гэж үнэлэгдсэн сурагчдад агуулгыг бие даан нөхөж судлах боломж олгож, багш нар зөвлөн туслах төлөвлөгөөт хуваарийн дагуу сурагчдад дэмжлэг үзүүлнэ.
2.13.4. Чадамжийн нэгжийн үнэлгээний онолын болон ур чадварын дүнг журналд гүйцэтгэлийн хувь, чадамжтой, хараахан чадамж эзэмшээгүй гэсэн үнэлгээгээр тэмдэглэж, улирлын дүн гаргах суурь нөхцлийг бүрдүүлнэ.
2.13.5. Чадамжийн нэгжийн үнэлгээний төлөвлөгөө, удирдамжийн дагуу үнэлгээнд шаардлагатай түүхий эд материал, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүний зардлын тооцоог тухайн мэргэжлийн багш хийж, сургалтын байгууллага үнэлгээний орчныг бүрдүүлнэ.
2.14. Улирлын үнэлгээний зохион байгуулалт:
2.14.1. Улирлын үнэлгээ нь техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын стандарт, хөтөлбөрт нийцсэн, тухайн улиралд үзсэн хичээлийн агуулгыг бүрэн хамарсан байна.
2.14.2. Улирлын үнэлгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу улирлын төгсгөлд зохион байгуулна. Сургалтын албанаас сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрээр улирлын шалгалтын хуваарийг гаргаж, баталгаажуулан ажлын 2-оос доошгүй долоо хоногийн өмнө багш, суралцагчдад мэдээлнэ.
2.14.3. Улирлын үнэлгээний багийг захирлын тушаалаар байгуулна.
2.14.4. Улирлын үнэлгээний онолын мэдлэг шалгах материалыг сургалтын хөтөлбөрт үндэслэн холбогдох тэнхимийн мэргэжлийн багш 4-өөс доошгүй хувилбартайгаар боловсруулна. Сургалтын алба тухайн хувилбараас сонгож, шалгалтыг хуваарийн дагуу зохион байгуулна.
2.14.5. Үнэлгээний баг шалгалт эхлэхээс 1 хоногийн өмнө сонгосон шалгалтын материалын нууцлалыг алдагдуулахгүй хувилж, битүүмжилнэ.
2.14.6.Үнэлгээ явагдаж эхлэхээс 15 минутын өмнө шалгагч багш үнэлгээний танхимд сурагчдыг бүртгэж, суудал хуваарилан суулгаж, үнэлгээний дэгийг танилцуулан материалыг тараана.
2.14.7. Улирлын үнэлгээний материалыг мэргэжлийн багш засч, дүнг тухайн өдөрт нь мэдээлнэ.
2.14.8.Үнэлгээний багийн шийдвэрийн дагуу улирлын үнэлгээнд хүндэтгэх шалтгаанаар хамрагдаагүй болон хангалтгүй үнэлгээ авсан суралцагчийг 14 хоногийн дотор шалгалтын хуваарь гарган дахин үнэлгээнд хамруулна.
2.14.9.Суралцагчийн улирлын үнэлгээний дүнг сургалтын алба баталгаажуулан мэдээллийн нэгдсэн системд оруулна.
2.14.10.Улирлын үнэлгээний дүнд дүн-шинжилгээ хийх, тестийн сан бүрдүүлэх ажлыг сургалтын менежер, үнэлгээний баг хариуцан гүйцэтгэнэ.
Төгсөлтийн үнэлгээний зохион байгуулалт:
2.15.1.Төгсөлтийн үнэлгээ нь техникийн болон мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтын стандарт, хөтөлбөрт нийцсэн тухайн мэргэжлийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх суурь, сонгон судлах хичээлийн агуулгыг бүрэн хамарсан байна.
2.15.2.Төгсөлтийн үнэлгээнд улирлын болон чадамжийн нэгжийн үнэлгээнд тэнцсэн, техникийн болон мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтын стандарт, хөтөлбөрийн шаардлагыг хангасан суралцагч орно.
2.15.3.Төгсөлтийн үнэлгээний багийн бүрэлдэхүүн, удирдамжийг сургалтын байгууллага тухай бүр батлан удирдлага зохион байгуулалтаар хангана.
2.15.4. Үнэлгээний баг нь суралцагчдын даалгаврын гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтийн дагуу ажиглах, нэмэлт асуулт тавьж хариулт авах, гүйцэтгэлийн үр дүнд үзүүлэлт бүрээр үнэлгээ өгч дүнг нэгтгэнэ.
2.15.5. Сургалтын менежер, үнэлгээний баг материалыг хүлээлцэх, задлах, хувилах, үнэлгээний дүнг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
2.15.6. Үнэлгээний баг төгсөлтийн үнэлгээний явц, давуу болон сул тал, цаашид анхаарах асуудлын талаар дүгнэлт гаргана.
2.15.7. Мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа тохиолдолд бүх чадамжийн нэгж /хичээл-ийг эзэмшиж, “Чадамжтай/Хангалттай” гэж үнэлэгдсэн тохиолдолд төгсөлтийн үнэлгээнд орох эрхтэй.
2.15.8. Чадамжийн нэгж эзэмшихээр суралцаж байгаа тохиолдолд чадамжийн нэгжийн үнэлгээ нь төгсөлтийн үнэлгээ байна.
2.15.9. Төгсөлтийн үнэлгээ нь хөндлөнгийн байж болох бөгөөд энэ тохиолдолд сургалтын байгууллага, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулна. Үнэлгээнд дүнд дүн шинжилгээ хийх, тестийн сан бүрдүүлэх ажлыг Мэргэжлийн боловсрол үнэлгээний төв хариуцан гүйцэтгэнэ.
2.15.10. Хөндлөнгийн үнэлгээ хийгдэж байгаа үед сургалтын байгууллага суралцагчийн суралцсан хугацааны мэдээлэл бусад нотлох баримтыг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвд тогтоосон хугацаанд гаргаж хүргүүлнэ.
2.15.11. Энэхүү журамд тусгагдаагүй зохион байгуулалтын чанартай аливаа асуудлыг шалгалтын болон үнэлгээний удирдамжаар тухай бүр зохицуулна.
ГУРАВ. ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
3.1. Мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн үнэлгээг чадамжаар /чадамжтай, хараахан чадамж эзэмшээгүй/, үнэлгээгээр үнэлнэ.
3.2.Чадамжтай хараахан чадамж эзэмшээгүй гэсэн үнэлгээг Үнэлгээний хяналтын хуудсанд заагдсан гүйцэтгэлийн хувийг хэрхэн хангаж байгааг шалгуур болгон үзнэ.
ДӨРӨВ. ҮНЭЛГЭЭНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Сургалтын байгууллагын эрх, үүрэг:
4.1.1 Сургалтын байгууллагын эрх:
4.1.1.1.Үнэлгээний нэгдсэн төлөвлөгөө гаргаж баталгаажуулан оролцогч талуудад мэдээллийг бүрэн хүргэх;
4.1.1.2.Тодорхой үндэслэл, шалтгаанаар үнэлгээний төлөвлөгөөг бүхэлд нь буюу хэсэгчлэн өөрчлөлт хийж, зарлан мэдэгдэх;
4.1.1.3.Үнэлгээний багийг бүрдүүлж, үнэлгээний удирдамжийг батлах, зохион байгуулалтаар бүрэн хангах;
4.1.1.4.Үнэлгээтэй холбогдон гарсан аливаа санал, гомдлыг шийдвэрлэх;
4.1.1.5.Суралцагчийг тодорхой шалтгааны улмаас шалгалтанд оруулахгүй байх, шалгалтаас чөлөөлөх, шалгалтанд орох эрхийг сэргээх, дахин шалгалтыг зохион байгуулах.
4.1.2.Сургалтын байгууллагын үүрэг:
4.1.2.1.Үнэлгээг зохион байгуулах эрх олгосон гэрчилгээтэй байх; 4.1.2.2 Үнэлгээний болон баталгаажуулалтын ажилтантай байх;
4.1.2.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангасан анги, танхим, дадлагын газар, тоног төхөөрөмж, бүхий үнэлгээний орчныг бүрдүүлсэн байх;
4.1.2.4. Явцын, чадамжийн нэгжийн, улирлын үнэлгээг сургалтын байгууллага, төгсөлтийн үнэлгээг сургалтын байгууллага, хөндлөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах;
4.1.2.5.Үнэлгээг шууд хариуцан зохион байгуулах, явцад нь хяналт тавих, гүйцэтгэлийн үр дүнг тооцох, анализ дүгнэлт хийж түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллах.
4.2.Багшийн буюу үнэлгээний багийн гишүүний эрх, үүрэг
4.2.1.Багшийн буюу үнэлгээний багийн гишүүний эрх:
4.2.1.1.Сургалтын байгууллагын ёс зүйн дүрмийг баримтлах;
4.2.1.2.Үнэлгээг зохион байгуулах, оролцох тухай 3-5 хоногийн өмнө тухайн байгууллагад мэдэгдэж, үнэлгээ хийгдэх орчин, нөхцөлтэй танилцаж баталгаажуулах;
4.2.1.3. Суралцагчдын тэгш оролцоог хангах, шударга үнэлэх, бусадтай харьцуулахгүй байх, үнэлгээний явцад хувийн чанартай асуулт асуухгүй байх.
4.2.2.Багшийн буюу үнэлгээний багийн гишүүний үүрэг:
4.2.2.1. Сургалтын байгууллагын ёс зүйн дүрмийг баримтлах;
4.2.2.2.Үнэлгээг зохион байгуулах, оролцох тухай 3-5 хоногийн өмнө тухайн байгууллагад мэдэгдэж, үнэлгээ хийгдэх орчин, нөхцөлтэй танилцаж баталгаажуулах;
4.2.2.3.Суралцагчдын тэгш оролцоог хангах, шударга үнэлэх, бусадтай харьцуулахгүй байх, үнэлгээний явцад хувийн чанартай асуулт асуухгүй, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх;
4.2.2.4.Үнэлгээний журмыг баримтлах;
4.2.2.5 Үнэлгээний шийдвэрийг суралцагч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хүлээн авч, нягтлан шийдвэрлэх.
4.3. Суралцагчийн эрх, үүрэг
4.3.1.Суралцагчийн эрх:
4.3.1.1.Суралцагч нь сургалтын төлөвлөгөөний нийт цагийн 40 хувь ба түүнээс дээш цагт хүндэтгэх шалтгаан(өөрөө өвчлөх, ар гэрийн гачигдал тохиолдох)-ы улмаас хамрагдаагүй нь нотлогдсон тохиолдолд заавал эзэмших агуулгыг бие даан судалж, үнэлгээнд орох;
4.3.1.2.Мэдлэг, чадвар, хандлагаа үнэн зөв, бодитой шударгаар үнэлүүлэх;
4.3.1.3.Суралцагч үнэлгээний баг болон шалгагч багшийн тавьсан үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд сургалтын албанд гомдлыг бичгээр үнэлгээ зохион байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор гаргах.
4.3.2.Суралцагчийн үүрэг:
4.3.2.1.Үнэлгээний төлөвлөгөөтэй урьдчилан танилцаж, мэдээллийг мэргэжлийн багш, үнэлгээний багаас 3-аас доошгүй өдрийн өмнө авч бэлтгэл хангасан байх;
4.3.2.2.Өөртөө болон бусдад хохирол учруулах ёс зүйгүй үйлдэл гаргахгүй, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчихгүй байх;
4.3.2.3.Үнэлгээний явцад зөвшөөрөгдөөгүй эд зүйлс, хэрэгсэл ашиглахгүй бусдаас болон бичиж тэмдэглэсэн зүйлээс хуулахгүй;
4.3.2.4.Үнэлгээнд орохын өмнө мэргэжлийн багшаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг авч гарын үсэг зурсан байх.
ТАВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
5.1.Үнэлгээний журам зөрчсөн багш, ажилтанд хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулна.
5.2. Суралцагч үнэлгээний журам зөрчсөн тохиолдолд анхааруулга өгөх, шалгалтыг үргэлжлүүлэхгүй зогсоох хүртэл арга хэмжээ авна.
5.3. Албан ёсоор батлуулаагүй материалаар авсан шалгалтыг хүчингүйд тооцно.
5.4. Үнэлгээний явцад үнэлгээний багаас бусад хүн зохих ёсны зөвшөөрөлгүйгээр шалгалт авч буй ангид орох, суралцагчтай харилцах, садаа болох, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хориглоно.
ЗУРГАА. САНХҮҮЖИЛТ
6.1. Чадамжид суурилсан сургалтын ур чадварын үнэлгээнд шаардагдах түүхий эд материал, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүний зардлын тооцоог үндэслэн сургалтын байгууллага санхүүжилтыг шийдвэрлэнэ.
6.2. Үнэлгээний багийн гишүүдийн ажлын хөлсийг холбогдох журмыг үндэслэн тухайн сургалтын байгууллага тооцож олгоно.
6.3. Үнэлгээнд хангалтгүй үнэлэгдсэн суралцагчид дахин нэг удаа үнэлгээнд орох эрх олгох бөгөөд хоёр дахь удаагаа дахин үнэлгээнд орох шаардлагатай бол тухайн чадамжийн нэгжид болон тухайн хичээлийн багц цагт ноогдох төлбөрийг сургалтын байгууллагад төлнө.
ДОЛОО. САНАЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ
7.1. Суралцагчийн улирлын, чадамжийн нэгжийн голч дүнгийн талаар гаргасан маргааныг холбогдох тэнхимийн саналыг үндэслэн сургалтын алба шийдвэрлэнэ.
7.2.Суралцагч төгсөлтийн үнэлгээтэй холбоотой санал, гомдлыг үнэлгээ зохион байгуулсан өдөрт багтаан тухайн сургуулийн үнэлгээний багт гаргана. Төгсөлтийн үнэлгээний талаар иргэд, багш, суралцагчийн гаргасан гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийг үнэлгээний баг Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвд хүргүүлэх ба үнэлгээний төв ажлын 5 хоногт багтаан арга хэмжээ авч шийдвэрлэнэ.
7.3. Санал, гомдлын хариуг заасан хугацаанд багтаан мэдэгдэж, шийдвэрлэх үйл явц нь нээлттэй, ил тод, шударга байна.
НАЙМ. БУСАД
8.1. Энэхүү журамд тусгагдаагүй зохион байгуулалтын чанартай аливаа асуудлыг сургалтын байгуулага тухай бүр үнэлгээний удирдамжид тусган зохицуулна.
8.2. Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв нь салбарын сургалтын чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийж, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
8.3. Иргэн, хуулийн этгээд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх хөндлөнгийн шалгалт зохион байгуулахыг хориглоно.
- - - о О о - - -
Текст томруулах
A
A
A