- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВИЙГ ТООЦОХ, ТӨЛБӨР НОГДУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ТӨЛӨХ ЖУРАМ (Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2019 оны 342 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВИЙГ
ТООЦОХ, ТӨЛБӨР НОГДУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ТӨЛӨХ ЖУРАМ
(Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахад энэ журмыг мөрдөнө.
Хоёр. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах
борлуулалтын үнэлгээг тооцох
2.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээг дараахь байдлаар тооцно:
2.1.1. тухайн сард дотоодын зах зээлд худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн;
2.1.2. тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;
2.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд худалдсан алт болон мөнгөний борлуулалтын үнэлгээг Монголбанкнаас тухайн өдөр зарласан үнийг баримтлан.
2.2. Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай бол нийтэд мэдээлсэн үнийн мэдээлэлд заасан агуулгын хувиас нэгж агуулгад ногдох үнэд үндэслэн хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно.
2.3. Дотоод зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно. Лаборатори нь Монгол Улсын, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байна.
2.4. Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно.
2.5. Гаалийн лаборатори нь энэ журмын 2.4-т заасан дүгнэлтийг гаргахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно.
2.6. Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно.
2.7. Энэ журамд заасны дагуу тооцсон борлуулалтын үнэлгээнээс тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах, хайлуулах, цэвэршүүлэх, тээвэрлэхтэй холбогдон гарах зардал болон аж ахуйн үйл ажиллагааны бусад зардлыг хасаж тооцохгүй.
Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөр ногдуулах
3.1. Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47.3-47.5 дахь хэсэгт заасан хувь, хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.
3.2. Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр тооцож ногдуулна.
3.3. Хувь хүн, хуулийн этгээд нь ашигт малтмалыг “уурхайн ам” (EXW) нөхцөлөөр оршин суугч бус этгээдэд худалдсан, худалдахаар ачуулсан тохиолдолд тухайн ашигт малтмалыг экспортлосонд тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1.2-т хэсэгт заасны дагуу тодорхойлно.
3.4. Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд борлуулах, эсхүл боловсруулалт хийж дотоод, гадаадын зах зээлд борлуулахад тухайн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим баримтлах бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч өмнөх шатанд ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.
3.5. Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч дамжуулан борлуулагч этгээдийн дамжуулан борлуулсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад анх борлуулсан этгээдийн тухайн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан тайлагнасан дүнг татварын төлбөрийн баримтаар баталгаажуулан бууруулж тооцно.
3.6. Олборлосон бүтээгдэхүүнээ өөрийн хэрэгцээнд ашигласан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсантай адилтгаж олборлогч этгээд нь тухайн бүтээгдэхүүнд энэ журмын 2.1.1-д заасны дагуу тодорхойлсон үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.
3.7. Эдэлбэр талбайд орших ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдоогүй ашигт малтмалыг өөр бусад этгээдэд худалдах, ашиглуулах замаар боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан нь түүнийг тухайн ашигт малтмалын нөөцөд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй.
3.8. Засгийн газрын тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг тухайн үнэ зарласан сарын өмнөх сард экспортлосон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад ашиглана.
Дөрөв. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг
төсөвт төлөх, тайлагнах
4.1. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээдээс бусад этгээд нь худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор улсын төсөвт төлнө.
4.2. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь худалдан авсан алт, мөнгөнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татвар төлөгчийн дугаарт үндэслэн энэ журмын 2.1.3-т заасан борлуулалтын үнэлгээнээс суутган авч, тухайн өдөрт багтаан төсөвт шилжүүлнэ.
4.3. Монголбанкнаас эрх олгосон арилжааны банк нь худалдан авсан алт, мөнгийг гадаад зах зээлд борлуулах тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд ногдох нэмэлт төлбөрийг энэ журмын 2.1.2-т заасан үнэлгээнээс тооцож Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан хувь, хэмжээгээр ногдуулан энэ журмын 4.1-д заасан хугацаанд төсөвт төлж, тайланг хуульд заасан хугацаанд гаргаж Татварын албанд тушаана.
4.4. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээдээс бусад ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Татварын албанаас баталсан маягт, түүний хавсралт мэдээний дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ.
4.4.1. Энэ журмын 4.4-т заасан хавсралт мэдээнд ашигт малтмалыг дамжуулан борлуулагч этгээдэд ашигт малтмал борлуулагч этгээдийн нэр, татвар төлөгчийн дугаар, тайлант хугацаа, тусгай зөвшөөрлийн дугаар, тус хоёр этгээдийн хооронд борлуулсан ашигт малтмалын нэр төрөл, агуулгын хувь, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөр ногдуулсан хувь, ногдуулсан татварын дүн, борлуулалтын цахим төлбөрийн баримтын мэдээллийг тусгана.
4.4.2. Хавсралт мэдээг ирүүлээгүй, үнэн зөв бөглөөгүй, мөн ирүүлсэн боловч анх борлуулагч этгээд тайлагнаагүй, тухайн ашигт малтмалыг дамжуулан борлуулаагүй өөрийн хэрэгцээнд ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг бууруулж ногдуулахгүй.
4.5. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ журмын 4.3-т заасны дагуу төсөвт шилжүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, мэдээг Татварын албанаас баталсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 20-ны өдрийн дотор тус албанд хүргүүлнэ.
4.6. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээдээс бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ. 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална.
Тав. Хяналт тавих
5.1. Тухайн сард экспортлосон ашигт малтмалын бүтээгдэхүүний мэдээг Гаалийн ерөнхий газар дараа сарын 5-ны өдрийн дотор Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газарт албан бичгээр болон цахимаар хүргүүлнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A