A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 318 дугаар
тогтоолын хавсралт

 

ХӨРС ХАМГААЛАХ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ
БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Ерөнхий мэдээлэл

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын      2015 оны Засгийн газар хоорондын хуралдаан дээр дэлхийн үржил шимт хөрс хурдацтайгаар багасч, хүн төрөлхтний өсөн нэмэгдэж байгаа хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн        17 үндсэн зорилтын тэргүүлэх нэг асуудал болгосон.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Дэлхийн хүнсний аюулгүй байдал ба хүнс тэжээлийн салбарын нөхцөл байдал-2018” илтгэлд 2017 оны байдлаар өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо дэлхийд 821 саяд хүрсний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, хөрсний доройтол, усны хомсдлоос шууд хамааралтайг дурджээ.

Эдгээр шалтгааны улмаас Нэгдсэн Үндэсний Байгууллагаас                   2016-2025 оныг “Хүнс тэжээлийн арван жил”, Олон улсын Хөрс Судлалын Холбоо (IUSS)-ноос 2015-2024 оныг “Дэлхийн хөрсний арван жил” болгон зарлаж хөрсийг хамгаалах, тордон сайжруулах, ашиглалтын хэмнэлттэй горимд шилжих, хөрсний судалгааг нарийвчлан хийх зэрэг олон арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудад уриалсан.

Монгол Улсын нутаг дэвсгэр газар зүйн тогтцын хувьд далайн түвшнээс өндөрт өргөгдсөн, эх газрын эрс тэс ширүүн уур амьсгалтай, гадаргын хотгор гүдгэрийн ялгаа их, байгалийн олон бүс, бүслүүрт хуваагддагаас шалтгаалж экосистемийн үндсэн бүрэлдэхүүн болох хөрсөн бүрхэвчийн хувьд гарал үүсэл, хэв шинжийн тархалт нь харилцан адилгүй, хөнгөн механик бүрэлдэхүүнтэй, үржил шимт хөрсний нөөц багатай, ачаалал даах, байгалийн аясаар нөхөн сэргэх чадавх сул юм.

Сүүлийн жилүүдэд тариалангийн нийт талбайн хөрсний 61.4 хувь нь хүчтэй, 34.9 хувь нь дунд, 3.7 хувь нь сул элэгдэлд орж, үржил шимийн үзүүлэлт буурсан байна.

Монгол оронд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 14.6 сая га талбай байгаагаас 1.3 сая га талбай ашиглалтын, 13.3 сая га талбай хайгуулын зорилгоор ашиглаж байна.    

Уул уурхайн ашигт малтмал эрэх, хайх, олборлох зориулалтаар ашиглаж байгаа газрын нөхөн сэргээлтийг гүйцэтгэх, үнэлэх, хүлээн авах ажлын стандарт нэг мөр болж чадаагүй, нөхөн сэргээлтийг технологийн дагуу гүйцэтгэх мэргэжлийн хүний нөөц, техник материалын хангамж сул, техникийн болон биологийн нөхөн сэргээлт 40-60 хувь орчим байгаа бөгөөд эвдрэлд орсон хөрсийг нөхөн сэргээх асуудал хурц тавигдаж байгаа болно.

Авто замын эвдрэл болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас Улаанбаатар хот, 21 аймгийн төв, 330 сумын төв, багийн төв гээд суурин газрын хөрс ихээхэн хэмжээгээр талхлагдаж, элэгдэл, эвдрэлд орж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон байна. Мөн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад: Хром (Cr) 76.3 хувь, Хар тугалга (Pb) 71.1 хувь, Цайр (Zn) 80.3 хувь, Зэс (Cu) 65.8 хувь, Кадми (Cd) 48.7 хувь, Никель (Ni) 52.6 хувь тус тус их байна. Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтэрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь болсон байна.

Улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг байгаагаас Улаанбаатар хотод байдаг 6 цэгт 2017 онд 1.1 сая тн хог хаяжээ. Эдгээр нь нийт 125 мянган га талбай эзэлж байгаа бөгөөд жил тутам хог хаягдлын хэмжээ         500 мянган тн-оор нэмэгдэж байгаа зэрэг нь хөрс бохирдоход ихээр нөлөөлж байна.

Монгол Улсын хөрс судалгааны нэгдсэн арга зүй, стандарт, нормативын баримт бичгүүд хоцрогдсон уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн үеийн аж ахуй эрхлэлтийн нөхцөлд дасан зохицоогүй, хөрсний шинжилгээ, бохирдол, доройтлын хяналтын сүлжээгүйгээс зөвхөн тодорхой зориулалтаар цөөн хэдэн цэгт нэг удаа авсан дээжээр нийт нутаг дэвсгэрийн хөрсний чанарыг дүгнэж байгаа нь хөрсний эдийн засгийн үр ашгийг тооцох, хүний эрүүл мэндийг хамгаалах, экологийн нөхцөлийг сайжруулах шийдвэр гаргахад үндэслэл болж чадахгүй байна.

Хөрсний элэгдэл, үржил шимээ алдсанаас эдийн засагт мөн хохирол учирч байгаагийн жишээ бол 2017 оны байдлаар тариалангаас атаршаад байгаа         241 мянган га талбайн хөрсийг зөв ашиглаагүйгээс 110 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй 193 мянган тн үр тариа хураан авах боломжийг алджээ.

Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд шинээр боловсруулах болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийн жагсаалт”-ын 54-т “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэхээр заасныг үндэслэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсрууллаа.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго

Хөрсний доройтлыг бууруулах, хөрсийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, хөрс хамгаалах урт хугацааны тогтвортой менежментийг бий болгож хөрсний экологи-эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

      2.2.1. эрүүл хөрсийг хамгаалах, бохирдож доройтсон, үржил шимээ алдсан хөрсийг нөхөн сэргээх замаар орчны төлөв байдлыг сайжруулж хүн амын эрүүл мэндийг хамгаалах;

      2.2.2. хөрсийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг хангасан нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх;

      2.2.3. хөрсний доройтол төлөв байдлын арга зүй, стандартыг боловсронгуй болгож, сургалтын болон мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх;

      2.2.4. хөрсний чанарын болон экологи-эдийн засгийн үнэлгээг боловсронгуй болгох;

       2.2.5. хөрсийг зохистой ашиглах, хамгаалах, доройтлоос сэргийлэх талаарх сургалт сурталчилгааг эрчимжүүлж, олон талын оролцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Эрүүл хөрсийг хамгаалах, бохирдож доройтсон, үржил шимээ алдсан хөрсийг нөхөн сэргээж, ашиглах замаар орчны төлөв байдлыг сайжруулж хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.1.1. хими, биологийн болон бусад хорт бодисоор бохирдсон, доройтсон, үржил шимээ алдсан, хөрс бүхий нийт газрын 50 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, түүний 20 хүртэл хувийг бүрэн нөхөн сэргээж, дахин эргэлтэд оруулах;

      3.1.2. гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах хөтөлбөрт багтаагүй Нийслэлийн төвийн бүсийн гэр хорооллын 30 мянган айл өрхийг инженерийн дэд бүтцэд холбох;

      3.1.3. байгалийн нөлөөгөөр (салхи, усны) элэгдэж эвдэрсэн нуралтад өртөх эрсдэлтэй газарт бутлаг ургамал тариалах, бэлчээр хамгаалах фитомелиорац  хийх, хамгаалалтын ойн зурвас байгуулах замаар агро-ойн мелиорацийн  арга хэмжээг хэрэгжүүлэх;

      3.1.4. хөдөө аж ахуйн газрын хөрсний агрохими, бохирдол, хомсдлын экологийн судалгаанд тулгуурлан зураглал гаргаж агро химийн ажлын өгөгдлийн баазад үндэслэн эрдэс бордоо хэрэглэх, давсжилт, намагжилтаас сэргийлж хөрсний хүчиллэгийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан тариалангийн зориулалтаар газар ашиглаж, эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгч биелэлтэд хяналт тавих;

      3.1.5. тариалангийн талбайн ашиглалтын бүртгэлийг сайжруулж хөрс нь элэгдэж эвдэрч үржил шимээ алдсан нийт 30798.9 га талбайг тариалангийн талбайг эргэлтээс хасч, олон настаар нөхөн сэргээж, бэлчээрт шилжүүлэх ажлыг өргөтгөх;

      3.1.6. тариалангийн талбайн эргэлтийн системд уриншийн болон хөрсийг туйлдуулдаг таримал ургамлын эзлэх хувийг эрс бууруулж, олон наст болон бусад таримал тарихад бүх талын дэмжлэг үзүүлэх;

      3.1.7. байгалийн нөлөөгөөр (салхи, усны) элэгдэж, эвдэрч, талхлагдсан, элсний нүүлт, цөлжилтийн улмаас доройтсон бэлчээр, тариалангийн газрын тооллого, бүртгэлийг хийж олон наст ургамал тариалах, хашиж хамгаалах, ашиглалтаас чөлөөлөх замаар бэлчээрийн төлөв байдлын суурь судалгаатай харьцуулахад 15 хувийг буюу 100.000 га бэлчээрийг нөхөн сэргээж, газрыг эргэлтэд оруулах;

      3.1.8. хот, суурин газрын хог хаягдлын цэгүүдийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах арга хэмжээг төлөвлөн хог хаягдлыг бууруулах орон нутгийн хөтөлбөрүүдийн зорилтыг сайжруулах, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх;

      3.1.9. ашигт малтмал олборлосон газрын хөрсийг нөхөн сэргээх ажлын чанарыг дээшлүүлж байгалийн бүс, ашигт малтмалын төрөл, олборлолтын технологийг харгалзан ялгавартайгаар гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

      3.1.10. нийслэл, бусад томоохон хотуудад байрладаг бүх төрлийн зах, худалдааны төв түүний орчинд хамаарах хөрсний чанар, эрүүл ахуйн стандартыг шинэчлэн мөрдүүлж орчны хөрс, агаарын чанарт хяналт тавих суурин цэгийг байгуулж, үйл ажиллагааны зардлыг тухайн зах, худалдааны төвөөс санхүүжүүлэх журам батлах;

      3.1.11. нийслэл дэх худалдааны зах, төвүүдийн үйл ажиллагаанд хяналт-шалгалт хийж нөлөөллийн болон эрсдэлийн үнэлгээг тодорхойлон зах, худалдааны төвүүдийн тохижилтыг сайжруулах, нүүлгэн шилжүүлэх байршлын оновчтой шийдлийг сонгох;

      3.1.12. худалдааны зах, төв, гэр хороолол, хогийн цэг, цахилгаан станц, шатахуун түгээх станц орчмын хүнд, металл, өвчин үүсгэгч нянгаар бохирдсон газрыг физик болон биологийн аргаар цэвэршүүлэх, шаардлагатай тохиолдолд бохирдсон хөрсийг хуулж устгах арга хэмжээ авах;

      3.1.13. гэр хорооллын айл өрх, малын гаралтай түүхий эд авдаг цэгүүд, нян үүсэх бохирдолтой цэгүүдэд ариутгалыг тогтсон хугацаанд хийж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

      3.1.14. хот, аймгийн төвөөс алслагдсан болон гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон байршилд байгаа айлуудыг эко жорлон, соруулах зориулалт бүхий бохирын нэгдсэн хураагууртай болгох;

      3.1.15. байгаль орчин, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн өмнө тулгарч байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхдээ газар ашиглалт, хөрсний үржил шимийг тогтвортой хамгаалахад суурилсан техник технологийн шийдлийг сонгох;

      3.1.16. хөрсний бордооны үйлдвэрүүдийг өргөтгөж, шинээр нэмж байгуулах замаар хөрсийг бордох ажилд хэрэглэх бордооны үйлдвэрлэлийн хэмжээг 2023 онд 90.000 тн-д хүргэх.

3.2. Хөрсийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг хангасан нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.2.1. хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулж нөхөн сэргээх, ашиглах бодлогын хэрэгжилтийг нэгдмэл удирдлагаар хангахад чиглэсэн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид нэмж тусгах;

      3.2.2. газар, хөрстэй холбогдсон салбар, байгууллага хоорондын чиг үүргийн давхардлыг арилгах, яам, агентлаг, орон нутгийн удирдлагын хариуцлагыг дээшлүүлэх, салбар дундын уялдааг хангаж төсвийн болон бусад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үр дүнтэй болгох, газар, хөрсний мэдээллийн санг адил тэгш, хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

      3.2.3. хөрсний үнэт чанарт тулгуурлан газрын зохистой төлөвлөлт, хуваарилалтыг хийх, бохирдож доройтсон газар, хөрсийг нөхөн сэргээх, хөрс ашиглалтын технологийн горимыг мөрдөж, хамгаалалт, ашиглалтад тавих орон нутгийн төрийн байгууллагын хяналт, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга зүйн болон эрх зүйн орчныг сайжруулах;

      3.2.4. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын шинэтгэлийн үндэсний хорооны эрх, үүргийг хөрс хамгаалах чиглэлээр өргөтгөн хөрсний зэрэглэл, үнэлгээг тогтоох, хөрс хамгаалах ажлыг урамшуулах дүгнэлтийг орон нутгийн төрийн байгууллагад хүргүүлэх салбар дундын эрдэмтэд, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй орон тооны бус байнгын комисс байгуулж ажиллуулах;

      3.2.5. үндэсний хэмжээний аж үйлдвэрийн бүс, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зориулалтаар газрыг олгохдоо хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ, одоо болон ирээдүй үеийн хүнсний тогтвортой, тасралтгүй нөөцийг бүрдүүлэх ач холбогдлыг харгалзах талаар холбогдох хуульд тусгах;

      3.2.6. үржил шимт чанараараа бонитет -ийн дээд зэрэглэлд хамаарах хөрс бүхий газрыг улс, орон нутгийн нөөцөд авч агро үйлдвэрлэлээс бусад зориулалтаар ашиглахыг хориглох талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах;

      3.2.7. энэ хөтөлбөрийн 3.2.6-д зааснаас бусад зэрэглэлд хамаарах хөрс бүхий газрыг уул уурхай, үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар ашиглах тохиолдолд хөрсийг заавал хуулж, хадгалан дахин ашиглах талаар холбогдох хууль тогтоомж, стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах;

      3.2.8. газар, хөрсийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг урамшуулахад газрын төлбөрийн орлогын зохих хувийг зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
      3.2.9. ойн зурвас байгуулах, шимт бордоо хэрэглэх, хөрсөнд ээлтэй технологи нэвтрүүлэх зэргээр тариалангийн газрын хөрсний элэгдлийг бууруулж, үржил шимийг дээшлүүлсэн, үржил шим нь доройтож, атаршсан газрыг нөхөн сэргээн эргэлтэд оруулсан тохиолдолд газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, тухайн талбайг давуу эрхээр эзэмшүүлэх, өмчлүүлэх зэргээр тариалан эрхлэгчдийг урамшуулах тогтолцоог бий болгох;

      3.2.10. хөрсийг бордох, ойн зурвас байгуулах зэрэг хөрс хамгаалахад чиглэсэн арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх, тариалан эрхлэгчдэд техник төхөөрөмж, шимт бордоо, тарьц, суулгац, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох.

3.3. Хөрсний доройтол төлөв байдлын арга зүй, стандартыг боловсронгуй болгож, сургалтын болон мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.3.1. хөрсний судалгаа шинжилгээний нэгдсэн арга зүйд үндэслэн хөрсний ангилал, зэрэглэл үйлдвэрлэлд хэрэглэх аргачлалыг боловсруулж, батлуулах;

      3.3.2. ашиглалтын хэлбэрт нийцүүлэн хөрсний хайгуул-судалгаа, зураглалын ажлыг гүйцэтгэх, хөрсний шинж чанар болон төлөв байдлыг тодорхойлох, хөрсний дээжид лабораторийн задлан шинжилгээ хийх, хөрсний бохирдлын төрөл, зэрэглэлийг тогтоох;

      3.3.3. хөрсний агрохимийн судалгаа болон экологи-эдийн засгийн үнэлгээ, зураглалд суурилсан үндэсний хэмжээний хөрсний мониторингийн сүлжээ байгуулах;

      3.3.4. хөрсний төлөв байдал, ашиглалт, хамгаалалт, бохирдол, доройтлоос сэргийлэх, сөрөг үр дагаврыг арилгах санхүүжилттэй холбоотой статистик мэдээ, газар зүйн мэдээллийн системд тулгуурласан зурган болон тоон мэдээллийг Байгаль орчны мэдээллийн сан, түүний дэд сан болох “Хөрсний мэдээллийн сан”, “Орчны доройтол, бохирдлын мэдээллийн сан”-тай холбох, түүнчлэн салбар дундын хөрсний нэгдсэн мэдээллийн санг үүсгэн, үйл ажиллагааг үр дүнтэй болгох;

      3.3.5. дэлхийн хөрсний мэдээллийг шинэчлэх ажлын хүрээнд азийн орнуудын хөрсний мэдээллийн тогтолцоонд нэгдэж, бүс нутгийн хэмжээнд тоон болон зураглалын сан үүсгэхэд оролцох;

      3.3.6. хөрсний нөхөн сэргээлтийн үр дүнг тооцох шалгуур үзүүлэлттэй холбоотой үндэсний стандартыг шинээр боловсруулж, олон улсын жишиг стандартыг нутагшуулах;

      3.3.7. хөрсний стандартыг шинжилгээний, аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр ангилан системчлэх;

      3.3.8. Монгол орны хөрсний үржил шимийн төлөв байдал, нөөцийг тогтоох, зураглал шинээр хийх;

      3.3.9. хөрсний судалгаа, шинжилгээ хийдэг лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг сургах, орчин үеийн шаардлага хангасан багаж, тоног, төхөөрөмж, урвалж бодисоор хангах, арга зүйг сайжруулах, олон улсын жишигт нийцэхүйц хөрс судлалын лабораторитой болох удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

      3.3.10. төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хөрсний судалгаа, шинжилгээний лабораториудын чадавхыг орон нутгийн түвшинд дээшлүүлэх, хөрс хамгаалах техник технологийн шинэчлэл хийх;

      3.3.11. нэгдсэн төлөвлөгөө гарган хөрс судлах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн мэргэжилтнүүдийг монголын болон бусад улсын их, дээд сургуулиудад бэлтгэх;

      3.3.12. төрийн болон холбогдох төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг хөрс судлах, хамгаалах,  нөхөн сэргээх чиглэлээр тусгай хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулж,  2 жилд нэг удаа давтан сургах;

      3.3.13. хөрс судлалын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургалтын орчинг бүрдүүлэх шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах;

      3.3.14. хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар нөлөөллийн судалгааг хийж урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг тодорхойлж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн хөрсний бохирдлын түвшинг тогтоох;

3.4. Хөрсний чанарын болон экологи-эдийн засгийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.4.1. хөрсний чанар, ангиллаас хамаарсан экологи-эдийн засгийн мөнгөн үнэлгээг тогтоож газар болон эд хөрөнгийн татвар, төлбөр, түрээсийн хэмжээг тогтоох, газрын дуудлага худалдаа зохион байгуулах, хөрсөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээнд суурь болгон ашиглах;

      3.4.2. газрын үнэлгээний тойрог, суурь үнэлгээ, газрын төлбөр, түрээсийн хэмжээ, арилжааны үнийг хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг харгалзан тогтоож байх;

      3.4.3. хөрсний чанарын үнэлгээг тогтоох нэгдсэн арга зүй боловсруулах;

      3.4.4. хөрсний чанар, экологи-эдийн засгийн үнэлгээг боловсронгуй болгох чиглэлээр гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх;

      3.4.5. хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийн үнэлгээг хийж түүний алдагдлын байдал, нэмэгдүүлэх нөхцөлийг судалж доройтсон хөрсийг нөхөн сэргээх арга замыг илрүүлэх;

      3.4.6. газар ашиглалтын төрөл, хөрсний элэгдэл эвдрэлээс шалтгаалсан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад байгальд ээлтэй, дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололт, судалгаа шинжилгээний үр дүнд нэвтрүүлэх.

3.5. Хөрсийг зохистой ашиглах, хамгаалах, газрын доройтлоос сэргийлэх талаарх сургалт сурталчилгааг эрчимжүүлж, олон талын оролцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.5.1. 2015-2024 оныг “Дэлхийн хөрсний 10 жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл хөрсний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар иргэд, олон нийт, аж ахуй эрхлэгчдэд танин мэдүүлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр тогтмол сурталчлах;

      3.5.2. нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, ажилтнууд, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчид, иргэдэд газар, хөрсийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр бүсчилсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

      3.5.3. хөрсний бохирдол, газрын доройтлыг үүсгэж байгаа хүчин зүйл, хор уршиг, тэдгээрээс сэргийлэх, хөрсний үнэ цэнийг ойлгуулах, хог хаягдлыг төвлөрсөн цэгүүдэд хаядаг болгох талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд хүргэх ажлыг тогтмолжуулах;

      3.5.4. хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгаа иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урамшуулан дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;

      3.5.5. аж ахуй эрхлэгчид хөрсийг зохистой ашиглах, хамгаалах туршлага, мэдээллээ харилцан солилцох, судлах, технологийн болон эдийн засгийн мэдлэгээ сайжруулахад чиглэсэн олон талт сургалтыг зохион байгуулж, чадавхжуулах, мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлэх;

      3.5.6. хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын оролцоо, үйл ажиллагааг дэмжиж төр, хувийн хэвшил, иргэдийн үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх;

      3.5.7. хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхий, олон улс, бүс нутгийн байгууллага, мэргэжлийн холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэх, бусад улс орны туршлагыг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

4.1. Хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд дараахь 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
 
      4.1.1. I үе шат: 2019-2021 он;

      4.1.2. II үе шат  2022-2023 он.

Тав. Хөтөлбөрийн үр дүн

5.1. Хөтөлбөрийн үр дүн

      5.1.1. эрүүл хөрсийг хамгаалах, бохирдож доройтсон, үржил шимээ алдсан хөрсийг тордон сэргээснээр бохирдож доройтсон хөрсний 30 хувь, үүний дотор 100.000 га бэлчээрийг сэргээн эргэлтэд оруулна.

      5.1.2. хот, суурин газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийн 20 гаруй хувийг устгаж, 500 м3 бохирдсон, доройтсон хөрсийг цэвэрлэн хөрсний бохирдлоос шалтгаантай өвчлөлтийг 20 хувь бууруулна.

      5.1.3. хөрсийг хамгаалах эрх зүйн орчин сайжирч, салбар дундын уялдааг хангасан хөрсний удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.

      5.1.4. хөрсний судалгаа, шинжилгээний нэгдсэн арга зүйтэй болсноор хөрсний төлөв байдал, чанарын дүгнэлт үнэн зөв болж бохирдол, доройтлоос сэргийлэх, зохистой ашиглах арга технологийн сонголт тодорхой болно.

      5.1.5. хөрс судлалын чиглэлээр сургалтын орчин, нөхцөлийг сайжруулснаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтнүүдийн чадвар дээшилж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бодитой болно.

      5.1.6. хөрсийг байгалийн нөөцийн хувьд мөнгөн үнэлгээтэй болгож газрын арилжаа, төлбөр, тооцоо, хохирлын үнэлгээнд ашигласнаар хөрсний эдийн засгийн үр өгөөжийг бодитой дүгнэх, төсөвт оруулж байгаа хувь нэмрийг тооцох боломж бүрдэнэ.

      5.1.7. уул уурхай, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэд, хуулийн этгээд хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх, газрын доройтлыг бууруулах ач холбогдлыг танин мэдэж, гадаад улсын сайн туршлагаас суралцсанаар хөрс хамгаалагдаж, нөхөн сэргээх зардал буурна.

Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

6.1. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:

 

 

Хөтөлбөрийн

зорилго, зорилт

 

Шалгуур үзүүлэлт

Суурь

түвшин

2018 он

Зорилтот түвшин

Он

Үзүүлэлт

Үр нөлөө

Зорилго

Хөрсний нөөцийг зохистой

ашиглах,

хамгаалах, бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх,

нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

урт хугацааны тогтвортой менежментийг

бий болгон

нийгэм, эдийн засгийн

үр өгөөжийг

дээшлүүлэх

Бохирдож, доройтсон

хөрсний 30 хувь, үүний дотор 100.000 га бэлчээрийг

сэргээн эргэлтэд оруулна.

100%

2023

30 %

буурна.

Хөрсний бохирдлоос

шалтгаантай өвчлөлтийг

20 хувь бууруулна.

100%

2023

20%

буурна.

Хөрсийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах

эрх зүйн орчин бүрдэж,

салбар дундын уялдаа хангагдсан байна.

50%

2021

100%

бүрдэнэ.

Хөрсний бохирдол,

доройтлоос сэргийлэх техник технологийн шинэчлэлийг 30 хувьд хийнэ.

100%

2021

30%

 

Төрийн болон хувийн

хэвшлийн байгууллагын нийт

500 гаруй мэргэжилтнүүдийг

хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах

чиглэлээр сургалтад

хамруулна.

 

100%

 

2023

80%

хангагдана.

Хөрсний төсөвт оруулж байгаа эдийн засгийн үр өгөөжийг 100 хувь тооцох

боломж бүрдэнэ.

0%

2021

100%

ашиглана.

Бохирдож,  доройтсон хөрсийг нөхөн сэргээхэд зарцуулах

зардлын хэмжээ 5 хувь буурна.

0%

2023

5%

буурна.

Үр дүн

Зорилт

2.2.2

Эрүүл хөрсийг хамгаалах, бохирдож доройтсон, үржил шимээ алдсан хөрсийг тордон сэргээж дахин     ашиглах

замаар орчны төлөв байдлыг

сайжруулж хүн амын

эрүүл мэндийг хамгаалах

Хими, биологийн болон

бусад хорт бодисоор

бохирдсон, доройтсон, үржил шимээ алдсан, хөрс бүхий

газрын 50 хувийг орон

нутгийн тусгай

хамгаалалтад авч тэдгээрийн

20 хүртэл хувийг бүрэн

нөхөн сэргээж дахин

эргэлтэд оруулсан байна.

0%

 

2020

30%

2021

30%

2022

30%

2023

10%

Барилгажуулах төлөвлөлтөд ороогүй нийслэлийн төв ба

дунд бүсэд оршиж байгаа гэр

хорооллын 30 мянган өрхийг

дэд бүтцийн сүлжээнд

холбосон байна.

1%

Үлгэр

жишээ гудамж

2020

20%

2021

20%

2022

30%

2023

30%

Худалдааны зах, гэр

хороолол, хогийн цэг, цахилгаан станц, шатахуун түгээх станц орчмын хүнд металл, өвчин үүсгэгч

нянгаар бохирдсон 350 га

хөрсийг хуулж устгах

арга хэмжээ авна.

 

Хийгдээгүй

2021

50 га

2022

100 га

2023

200 га

Зорилт

2.2.3.

Хөрсийг ашиглах, хамгаалахтай

холбоотой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдлагын нэгдсэн тогтолцоог  бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх

Хөрс хамгаалах, нөхөн

сэргээх, зохистой ашиглах бодлогын хэрэгжилтийг

нэгдмэл удирдлагаар

хангахад чиглэсэн эрх зүйн нэмэлт өөрчлөлтийг

холбогдох хууль тогтоомжид оруулсан байна.

 

0

 

2020

Холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах

2021

Холбогдох хууль тогтоомжид

нэмэлт, өөрчлөлт оруулах

 

Хөрс хамгааллын асуудал хариуцсан чиг үүрэг бүхий боловсон хүчнээр аж

үйлдвэр, уул уурхай, газар тариалан эрчимтэй  хөгжиж байгаа орон нутгийн газар зохион байгуулалт, байгаль орчин, хөдөө аж ахуйн болон

мэргэжлийн  хяналтын төрийн ба  байгууллагууд хангагдсан байна.

 

Одоо

2 орон тоо

аймгуудын ХААГ-т

2020

42 орон тоо аймгуудын байгаль

орчин,

газрын

харилцааны

байгууллагад

2021

50 орон тоо

сумдад

2022

50 орон тоо

сумдад

 

Хөрсний үнэт чанарт

тулгуурлан газрын зохистой төлөвлөлт, хуваарилалтыг

хийх, бохирдож доройтсон хөрсийг нөхөн сэргээх, хөрс ашиглалтын технологийн

горимын мөрдөлт, ашиглалт, хамгаалалтын байдалд хяналт тавих арга зүй болон гарын авлагаар орон нутгийн

төрийн байгууллага

хангагдсан байна.

0%

2020

50 %

2021

50%

Зорилт

2.2.4.

Хөрсний

судалгаа, шинжилгээний

арга зүй, стандартыг сайжруулж,

сургалт болон

мэргэжлийн  байгууллагын чадавхыг

бэхжүүлэх

Хөрсний судалгаа

шинжилгээний нэгдсэн арга

зүй, аргачлалыг

боловсруулж хөрсний

ангилал, зэрэглэлийг баталгаажуулж нийгмийн хэрэгцээ, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

 

Байхгүй

 

 

 

2020

 

Боловс-руулалтын

ажлын

60%

2021

 

100 %

Хөрсний агрохимийн

судалгаа болон

экологи-эдийн засгийн

үнэлгээ, зураглалд

суурилсан

үндэсний хэмжээний

хөрсний мониторингийн

сүлжээ байгуулсан байна.

 

 

Байхгүй

 

2019

Сүлжээ байгуулах ажлын 10%

2020

40%

2021

40%

2022

10%

Хөрсний нөхөн сэргээлтийн

үр дүнг тооцох шалгуур

үзүүлэлттэй холбоотой

үндэсний одоо байгаа 48 стандартын 30-ыг

шинэчилсэн байна.

0%

2020

15%

2021

45%

2022

40%

Зорилт

2.2.5.

Хөрсний

чанарын болон

экологи-эдийн

засгийн үнэлгээг боловсронгуй

болгох

Хөрсний чанар, ангиллаас хамаарсан экологи-эдийн

засгийн мөнгөн үнэлгээг

тогтоосон байна.

0%

2019

10%

2020

90%

Хөрсний чанарын үнэлгээг

тогтоох нэгдсэн арга зүй боловсруулсан байна.

0%

2019

30%

2020

70%

Зорилт

2.2.6

Олон

нийтэд хөрсийг   зохистой

ашиглах, хамгаалах

сургалт сурталчилгааг эрчимжүүлж,

олон талын оролцоо,

гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх

Нутгийн удирдлагын

байгууллагын төлөөлөл,

ажилтнууд, үйлдвэрлэл,

аж ахуй эрхлэгчид, иргэдэд хөрсийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр бүсчилсэн

сургалт, сурталчилгааны

ажлыг зохион байгуулж

нийт 500 хүнд хөрсний

талаар мэдлэг эзэмшүүлсэн байна.

 

0%

2020

30%

2021

35%

2022

25%

2023

10%

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөрс хамгаалах чиглэлд

идэвх санаачилгатай

ажиллаж байгаа иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг

урамшуулан дэмжсэнээр

иргэд, олон нийтийн оролцоог

нэмэгдүүлсэн байна.

 

0%

2019

10%

2020

50%

 

2021

 

100%

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн
эх үүсвэр

7.1. Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, үйл ажиллагааг дараахь хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

      7.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

      7.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;

      7.1.3. иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт;

      7.1.4. бусад эх үүсвэр.

Найм. Хөтөлбөрийн удирдлага,
          зохион байгуулалт

8.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангана.

8.2. Төрийн захиргааны төв байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь салбарын, нутаг дэвсгэрийн болон байгууллагын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн жилийн төлөвлөгөө, төсөвт тусгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргах үүрэг хүлээнэ.

8.3. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах чиглэлийн төрийн бус байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийг хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцуулж, чадавхыг бэхжүүлэх сургалтуудад хамруулна.

Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

9.1. Газрын харилцаа, хөдөө аж ахуй болон геологи, уул уурхай, газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ хийж, 2 жил тутам үнэлэн, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д заасан хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

9.3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ хөтөлбөрийн 8.2-т заасан тайланг хянан үзэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

9.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
9.5. Хөтөлбөрийн явцын болон үр дүнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж нь холбогдох бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл болно.

 


-----о0о-----