A

A

A

Бүлэг: 1979

Үндэсний хөгжлийн газрын даргын 2021 оны А-41 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

 

Үндэсний хөгжлийн газрын даргын 2019 оны 158 дугаар тушаалын хавсралт.

ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, хөгжлийн бодлогыг уялдуулан зохицуулах Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан /Цаашид “Мэдээллийн нэгдсэн сан” гэх/-г бүрдүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.2-6.5-д заасан урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн уялдааг хангах, тухайн салбарын бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнө хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг нэгтгэх, олон нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэхэд мэдээллийн нэгдсэн сангийн зорилго, ач холбогдол оршино.

1.3.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нэр томъёог тус тус хэрэглэнэ.

1.4.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, сангийн удирдлага, зохион байгуулалт, журмын хэрэгжилт, хяналтыг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

ХОЁР.МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ

2.1.Мэдээллийн нэгдсэн сан нь Монгол улсын хууль тогтоомжоор нууцад хамруулснаас бусад дараах мэдээллээс бүрдэнэ. Үүнд:

2.1.1.хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.2–6.5 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төрлийн дагуух мэдээллийн сан;

2.1.2.аж үйлдвэрийн мэдээллийн сан;

2.1.3.судалгаа, шинжилгээний баримт бичгийн сан;

2.1.3.1.“хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын 9.3-д заасан нөхцөл байдлын дүн шинжилгээ;

2.1.3.2.“хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын 9.12-т заасан нөлөөллийн урьдчилсан үнэлгээ;

2.1.3.3.хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл, батлагдсан хувилбар;

 2.1.3.4.байгаль орчны стратегийн үнэлгээ;

2.1.4.орон нутгийн хөгжлийн индекс;

2.1.5.төсвийн нэгдсэн санд гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн мэдээллийн сан;

2.1.6.өөр холбогдох мэдээллийн сангууд.

ГУРАВ.МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ БҮРДҮҮЛЭЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1.Мэдээллийн нэгдсэн сангийн төлөвлөлт, үйл ажиллагаа, гүйцэтгэл үнэлгээ, сайжруулалт, тогтвортой ажиллагааг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газар эрхлэн хариуцна.

3.2.Төрийн болон захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэгч байна.

3.3.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэдээллийн нэгдсэн санд байршуулах энэхүү журмын 2.1.1-2.1.4-д заасан мэдээллийг хүлээн авах, солилцох хуваарийг батлах бөгөөд мэдээллийг ирүүлэх хугацаа бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааг тайлагнах хугацаатай ижил байна.

3.4.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг боловсруулах, бүрдүүлэх, мэдээлэл байршуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, нууцлал болон мэдээлэл түгээх үйл ажиллагаанд MNS 5140:2011, MNS 5552:2005, MNS ISO 17799:2007, MNS ISO/IEC 27001:209; MNS ISO/IEC 13335-1:2009 зэрэг холбогдох стандарт шаардлагыг мөрдөн ажиллана.

3.5.Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх мэдээллийн төрөл, түүнд тавигдах шаардлагыг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлж, мэдээллийн нэгдсэн санд байршуулах зөвшөөрөл олгоно.

3.6.Мэдээллийн нэгдсэн сангийн тогтвортой үйл ажиллагааг хариуцах ажилтныг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан томилж, чөлөөлнө.

3.7.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийн хяналт, баталгаажуулалтад процессийн алдаа гарвал холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримтална.

3.8.Мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл батлагдсан бодлогын баримт бичигтэй зөрсөн тохиолдолд батлагдсан бодлогын баримт бичгийг эх сурвалж болгоно.

ДӨРӨВ.МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ АШИГЛАХ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ

4.1.Мэдээллийн нэгдсэн санг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, төрийн болон захиргааны бүх шатны байгууллага хөгжлийн бодлого, төлөвлөлт, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор албан ажлын хэрэгцээнд ашиглана.

4.2.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг солилцохдоо хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн цахим мэдээлэл солилцооны систем болон цаасан хэлбэрээр дамжуулна.

4.3.Мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл ирүүлэхдээ тухайн мэдээллийг ирүүлэх эрх бүхий байгууллагыг төлөөлөх албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдгийг дарж баталгаажуулна. Мэдээллийн үнэн зөвийг мэдээлэл ирүүлсэн байгууллага хариуцна.

4.4.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд ашиглах талаар холбогдох этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай хуулиудад хориглосноос бусад мэдээллийг ашиглуулах эсэхийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэнэ.

4.5.Мэдээллийн нэгдсэн сан нь төрийн цахим мэдээлэл солилцооны системтэй олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг хангах, хэвлэн нийтлэх, олон нийтэд сурталчлах талаар иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн үндсэн дээр цахим хэлбэрээр холбогдож ажиллана.

4.6.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ажилтан нь жил бүрийн эцэст тухайн жилийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, мэдээлэл солилцооны талаарх мэдээллийг эмхтгэж, холбогдох албан тушаалтанд танилцуулна.

4.7.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл солилцооны системд холбогдох техникийн нөхцөл, ажиллах орчны стандартын шаардлагыг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох байгууллагатай хамтран батална.

4.8.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад зорилгоор ашиглах, мэдээлэл солилцохгүй.

ТАВ.МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ АШИГЛАХ ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ЭРХ ОЛГОХ

5.1.Энэхүү журмын 4.1, 4.6-д заасан этгээд Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ашиглах үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон хүсэлтийг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүсэлт гаргана.

5.2.Мэдээллийн нэгдсэн сангаас мэдээлэл авах хүсэлт нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан мэдээлэл ашиглах гэрээг энэ журмын 3.5-д заасан нэгж байгуулна.

5.3.Энэ журмын 5.2-д заасан гэрээнд дараах асуудлыг тусгана:

5.3.1.мэдээллийн үйлчилгээний хүрээ;

5.3.2.мэдээллийн үйлчилгээний нэр, төрөл;

5.3.3ашиглалтын зориулалт;

5.3.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлага;

5.3.5.мэдээллийн нэгдсэн сан, системийн ашиглалт, үйлчилгээний аюулгүй байдал, тогтвортой ажиллагааны нөхцөл, шаардлага;

5.3.6.мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрхийг эзэмшигчийн тоо, албан тушаал, овог нэр,нууц үг;

5.3.7.гэрээний төлбөр, нөхцөл;

5.3.8.эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, хязгаарлах нөхцөл;

5.3.9.гэрээний хүчинтэй байх хугацаа.

ЗУРГАА.МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА

6.1.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, өгөгдлийн нууцлал, аюулгүй байдал, системийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллана.

6.2.Мэдээллийн нэгдсэн сан нь цахим халдлага, мэдээлэл алдагдахаас хамгаалагдсан байх ёстой ба холбогдох хууль, стандартыг мөрдөж, холбогдох байгууллагатай хамтран ажиллана.

6.3.Байгалийн гамшигт эрсдэл, галын аюул, усны үер, нийтийг хамарсан үймээн самуун зэрэг давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлээс Мэдээллийн нэгдсэн санг хамгаалах менежментийг Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

6.4.Энэхүү журмыг зөрчин Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг хууль бусаар ашигласан, түгээсэн болон хуурамч мэдээлэл өгсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ДОЛОО.САНХҮҮЖИЛТ

7.1.Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, эрхлэн хөтлөх, удирдах, мэдээллийн болон техникийн нөхцөлийг хэвийн хангах, хадгалах, хамгаалах, нууцлалын найдвартай байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдох зардлыг дараах эх үүсвэрээр тус тус санхүүжүүлнэ. Үүнд:

7.1.1.улсын төсөв;

7.1.2.холбогдох төсөл, хөтөлбөр.

НАЙМ.БУСАД

8.1.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн нэгдсэн санг хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үйл ажиллагаанд төрийн болон бүх шатны захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй.