- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Давст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2019 оны А/04 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт
СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ
ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл, зорилго
Журмын зорилго нь:
1.1.Бэлчээр ашиглалтыг тухайн орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, хариуцлагажуулахад эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах дадлыг төлөвшүүлэхтэй холбогдон нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч-малчин хариуцна.
Хамрах хүрээ:
1.3.Торхилог, Хандгайт багийн малчин өрх, тавиул болон мал бүхий өрхийн мал
Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх
2.1. Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараахь зарчмыг баримтална:
2.1.1. Бэлчээрийн экологийн чадавхид суурилах;
2.1.2. Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах:
2.1.3. Бэлчээрийн төлөв байдал чанарт хяналт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөн хэрэгжүүлэх:
2.1.4. Мал бүхий өрхийн малыг тухайн маллаж байгаа өрхөд оруулан тооцох:
2.2. Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид “бэлчээр ашиглалтын төлөвлөгөө” гэх) нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.2.1. Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэсэн байх;
2.2.2. Бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх;
2.2.3. Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;
2.2.4. Бэлчээр дэх уст цэг, хужир бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх.
2.3. Бэлчээр ашиглалтын чиглэлээр жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэхдээ дор дурдсан зохицуулалтыг баримтална.
2.3.1. Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, БИНХурлаар хэлэлцүүлнэ.
2.3.2. БИНХурлаар батлагдсан бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний үндэс болно.
2.3.3. Хонин толгой тутмаас бэлчээр ашигласны төлбөрийг малчидтай гэрээ байгуулах замаар зохицуулна.
2.3.4. Тухайн жилд өнжөөж, чөлөөлөх болон отрын бүс нутгийг сумын Засаг даргад өргөн мэдүүлснээр ИТХ шийдвэрлэнэ.
2.4. Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сумын Засаг дарга тогтооно.
2.5. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг сумын бэлчээр хариуцсан мэргэжилтэн боловсруулж, сумын Засаг дарга батална.
2.6. Бэлчээрийн газар олголтын төлөвлөгөөний төслийг газрын даамал холбогдох багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, саналыг тусган Газрын тухай хуулийн 20.1.2-т заасны дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
2.7. Сумын Засаг дарга бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг үндэслэн бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол, гэрээгээр малчдад хэсэг, бүлэг (цаашид “БАХ” гэх)-ээр ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулна.
2.8. Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улс, донор байгууллагын төсөл хэрэгжүүлэгч нэгж нь бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай хамтран ажиллаж болно.
Гурав. Бэлчээрийн даац тооцох
3.1.Багийн Засаг дарга харъяалах багийн бэлчээрийн даацад үндэслэн дараахь тооцооллыг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн олонхийн саналаар батлан, сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Үүнд:
3.1.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 6.2-т заасан итгэлцүүрээр хонин толгойд шилжүүлж тухайн багийн бэлчээр нутагт өвөлжих, хаваржих малын тооны дээд хязгаарыг дараахь аргачлалаар тогтоох:
3.2.Тавиул малыг тухайн маллаж байгаа малчин өрхийн малын тоонд оруулж тооцно.
3.3. Энэ журмын 3.1-д заасан тооцоололд дараахь мэдээллийг хавсаргана:
3.3.1. малчин өрхийн нийт гишүүдэд ногдох малын тооноос хэтэрсэн мал бүхий малчдын нэрс;
3.3.2. энэ журмын 1.2-т заасан зардлыг бэлчээрийн даацаас илүү гарсан малын (хонин толгойд шилжүүлсэн) тоогоор тооцож гаргасан мөнгөн дүн;
Дөрөв. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Сумын Хөдөө аж ахуйн тасаг дараахь эрх үүрэг хэрэгжүүлнэ:
4.1.1. БАХ-ын гишүүн-малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, бэлчээрийг зөв ашиглах мэдлэг олгох, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах;
4.1.2. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналыг харгалзан тухайн багийн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
4.1.3. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах;
4.1.4. Фото мониторингийн дүнд тулгуурлан тухайн жилд малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэхэд чиглэсэн сүргийн зохистой бүтэц, харьцаа, шилэн сонголт, чанар болон мал аж ахуйг үр ашигтай эрхлэн явуулах талаар зөвлөмж гаргах.
4.2. Сумын Цаг уурын өртөө дараахь эрх үүрэг хэрэгжүүлнэ:
4.2.1. Тухайн баг, сумын саналыг үндэслэн фотомониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
4.2.2. Сум, багийн түвшинд бэлчээрийн даацыг тогтоон, өвөлжиж, хаваржих боломжит малын тоог тодорхойлсон дүнгийн хамт жил бүрийн 09 дүгээр сарын 10-наас 20-ны дотор сум, багийн Засаг даргад хүргүүлэх;
4.2.3. Боломжтой тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлөх генератор байршлуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах.
4.3. Газрын даамал дараахь эрх үүрэг хэрэгжүүлнэ:
4.3.1. Сумын нийт бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулж, сум, багийн холбогдох албан тушаалтныг тухайн мэдээллээр хангах;
4.3.2. Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
4.3.3. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахад шаардагдах хавсралт, зурган мэдээлэл гаргах, бэлчээр ашиглалтын гэрээг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, гэрээний хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;
4.3.4. Өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;
4.3.5. Сумын хилийн маргаантай байгаа асуудлыг судлан санал боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх;
4.3.6. Бэлчээр ашиглагчдын хэсгийн улирлын бэлчээр бүр дээр фотомониторингийн цэг байгуулж жил бүрийн 8 дугаар сард багтаан ашиглалтын үр нөлөөг хянах фотомониторингийн мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулж улсын хэмжээний нэгдсэн санд оруулах, шийдвэр гаргагчид болон холбогдох албан тушаалтан, малчдыг мэдээллээр хангах.
4.4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь эрх үүрэг хэрэгжүүлнэ:
4.4.1. Сумын хэмжээнд хэрэгжүүлэх “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ыг баталж, мөрдүүлэх;
4.4.2. Журмын хэрэгжилтэнд хяналт тавих.
4.5. Багийн Иргэдийн Нийтийн Хурал дараахь эрх үүрэг хэрэгжүүлнэ:
4.5.1.Энэ журам болон тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих, хэрэгжилтийн тайланг хэлэлцэх;
4.5.2. Жил бүрийн 06 дугаар сарын 01-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн, дараа жил хийх ажлыг төлөвлөх;
4.5.3 Багийн ИНХ-аар сангийн хөрөнгөд хяналт тавих зөвлөл байгуулах
4.6. Сумын Засаг дарга дараахь эрх үүрэг хэрэгжүүлнэ:
4.6.1. Сумын бэлчээр менежментийн төлөвлөгөө боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
4.6.2. Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг үндэслэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу БАХ-т бэлчээрийг болзол, гэрээгээр ашиглуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага, үр дүнг тооцож ажиллах;
4.6.3. Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийн үр дүнд үндэслэх;
4.6.4. Энэ журмыг мөрдөн ажиллаж байгаа баг, малчин өрх, БАХ-д давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх;
4.6.5. Гэрээнд заасны дагуу малын тоог бэлчээрийн даацад тохируулах нөхцөлийг удаа дараа хангаж байгаа БАХ-ыг Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-дзаасан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог “Ногоон гэрчилгээ” олгуулахаар холбогдох байгууллагад уламжлах;
4.6.6. Гол, горхи, булаг, шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх арга хэмжээг авах;
4.6.7. Сумын бэлчээрийн даац хүрэлцээтэй жил өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа малчин өрхтэй байгуулсан гэрээгээр тохирсон төлбөрийг Бэлчээрийн санд оруулсны дараагаар бэлчээр нутгийг зааж өгөн нэвтрүүлэх;
4.6.8. Өмнөх жилийн гэрээний үүргээ биелүүлсний дараа буюу энэ журмын 1.2-т заасан зардлыг Бэлчээрийн санд төвлөрүүлснийг үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг сунгах.
4.6.9 Газрын тухай хуулийн 52.8-д заасныг баримтлан гантай, эсхүл өвөлжилт хүндэрсэн багаас бэлчээрийн даац хүрэлцээтэй багийн нутаг дэвсгэрт айл өрх, мал сүргийг тухайн багийн Засаг даргатай зөвшилцөн оруулах шийдвэр гаргах;
4.7 Дараахь саналыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлнэ:
4.7.1. Тухайн багийн бэлчээр нутагт фотомониторингийн судалгаа хийж болох оновчтой цэгийг нэмж тогтоох;
4.7.2. Ургац муу бэлчээрт үүлэнд зориудаар нөлөөлөх генератор байрлуулах.
4.7.3 Энэ журам болон бэлчээрийн сангийн журмыг хэрэгжүүлэхэд бусдыг манлайлан оролцдог малчдыг урамшуулан алдаршуулах:
4.8. Багийн Засаг дарга дараахь эрх үүрэг хэрэгжүүлнэ:
4.8.1. Багийн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам болон багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
4.8.2. Энэ журам, тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, БАХ-тай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хянах;
4.8.3. Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу энэ журмын 1.2-т заасан зардлыг хурааж, энэ журмын 6.1-д заасан Бэлчээрийн сан (цаашид “Бэлчээрийн сан” гэх)-д төвлөрүүлэх;
4.8.4. Тухайн жилд Бэлчээрийн санд хуримтлагдсан хөрөнгөөр санхүүжүүлэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх,
4.8.5. Бэлчээрийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг багийн Иргэдийн Нийтийн Хуралд тайлагнах
Тав. Бэлчээрийг ашиглуулах
5.1. Иргэний хуулийн 481.1-т заасан бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл буюу БАХ-ийн зохион байгуулалтад орсон малчдад сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол, гэрээ (цаашид “бэлчээр ашиглалтын гэрээ” гэх)-ээр ашиглуулна.
5.2. БАХ, түүний гишүүн малчин дараахь эрхийг эдэлнэ:
5.2.1. Бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох;
5.2.2. Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих;
5.2.3. Тухайн баг, сумын нутаг дэвсгэрийн 50-аас доошгүй хувь нь гантай, зудтай байсан нь тогтоогдсон нөхцөлд нийт малчин өрхийг бэлчээр ашиглалтын төлбөрөөс чөлөөлнө;
5.2.4. Газрын тухай хуулийн 52.2-ийг үндэслэн сумын засаг дарга малчдын бүлэг нөхөрлөлтэй гэрээ байгуулах замаар мөнгөн төлбөр авч болно.
5.3 БАХ, түүний гишүүн малчин бэлчээр ашиглахтай холбогдсон дараахь үүргийг хүлээнэ:
5.3.1. Бэлчээрийг өнжөөж, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гаргасан Засаг даргын шийдвэрийг дагаж биелүүлэх;
5.3.2. Малчдын бүлэг, нөхөрлөл, БАХ зэрэг хамт олны зохион байгуулалтанд нэгдэж бэлчээр ашиглах үйл ажиллагаанд оролцоно.
5.3.3. Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх;
5.3.4. Бэлчээр ашиглалтын гэрээгээр тохирсны дагуу энэ журмын 1.2-т заасан зардлыг тухайн оны 06 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлж барагдуулах;
5.3.5. Өөр баг, сум, аймгаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх;
5.3.6. Өөр аймаг сумын малчдад өвөлжөө, хаваржаа, хонго бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх;
5.3.7. Малаас чөлөөлсөн бэлчээрт заасан хугацаанд мал оруулахгүй байх;
5.3.8. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх;
5.3.9. Бэлчээрт хог хаягдал, хортой зүйлс, шавхай бууц, сэг зэмээр хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх;
5.3.10. Зуслан намаржаа болон бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгаснаас өөр газар дур мэдэн өвөлжөө, хаваржаа барихгүй байх;
5.3.11. Бэлчээрийн даацаас илүү гарсан малыг тухайн жилийн мал тооллого хүртэлх хугацаанд зах зээлд борлуулах, цөөн тооны мал бүхий малчин өрхөд хөлсөөр маллуулан дэмжих, бэлчээрийн даац бүхий өөр аймаг сумдын нутагт отроор явах;
5.3.12. Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг хашихгүй байх.
5.3.13 Нийтээр ашиглах нөөц бэлчээр бүхий уст цэгийг малчид дундын хэрэгцээнд ашиглана.
5.3.14 Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт байгаа малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх;
5.3.15 Бэлчээрийн журам зөрчсэн иргэн, ААН байгууллагыг хариуцлага тооцоход баримтжуулсан байна.
Зургаа. Бэлчээрийн сан
6.1. Бэлчээрийн сангийн хөрөнгийг тухайн багийн Засаг даргын дэргэдэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 28.8-т заасан мөнгөн хөрөнгийн санд төвлөрүүлнэ.
6.2. Багийн бэлчээрийн санг сумын бэлчээр ашиглагчдын холбоонд баг бүрийн тусгай тохиргоотой шилэн данс хэлбэрээр байршуулж болно.
6.3. Бэлчээрийн сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
6.3.1. Энэ журмын 1.2-т заасан зардал;
6.3.2. Мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгө;
6.3.3. Бэлчээрийн санд аймаг, орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилсан тухайн багаас хуримтлагдсан хөрөнгийн хэмжээтэй тэнцэх хэмжээний хөрөнгө;
6.3.4. Энэ журмын 4.6.2-д заасны дагуу тавиул болон мал бүхий өрхийн оруулсан малын хонин толгой тутамд гэрээгээр тохирсон мөнгөн төлбөр;
6.3.5. Хандив, тусламж, бусад эх үүсвэр.
6.4. Бэлчээрийн сангийн хөрөнгийг дараахь үйл ажиллагаанд зарцуулна:
6.4.1. Доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа (бусад малчдыг эрх ашгийг хөндөхгүйгээр);
6.4.2. Ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв цөөрөм, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх;
6.4.3. Хадлан тэжээлийн жижиг оврын техник худалдан авах, багийн хэмжээнд ашиглах өвс, тэжээлийннөөц бүрдүүлэх;
6.4.4. Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, булгийн эх хашиж хамгаалах, тохижуулах;
6.4.5. Бэлчээрт үүлэнд зориудаар нөлөөлөх зорилгоор генератор суурилуулах, түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх /түлш авах, үүлэнд зориудаар нөлөөлөх/,
6.4.6. Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий нийтээр ашиглах бэлчээрийг зүй зохистой ашиглах, мод бут, сөөг тариалах
6.4.7. Гэрээт бэлчээр дээрх амьтан ургамал хамгаалах, ,
6.4.8. Бэлчээр дэх худаг, уст цэгийг засварлах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх
6.4.9Орон нутгийн онцлогт тохирсон баталгаажсан үүлдэр, омгийн үржлийн мал худалдан авч үндсэн сайжруулагчаар ашиглах
6.4.10 Өөр аймаг сумд отроор яваа малчин өрхөд шаардлагатай бол сангаас дэмжлэг үзүүлэх
6.4.11 Хариуцлагажуулах журмаа баримтлан бэлчээрээ хамгаалдаг, бусдын эрх ашиг хөндөөгүй, нөхөн сэргээх, тариалах ажилд идэвхи санаачлагатай оролцдог малчдаа урамшуулах
6.4.12 Ардын зан заншил, уламжлалт арга технологи ашиглах үед
6.4.13 Өөр аймаг, сумын нутагт 3 дээш сар отор нүүдэл хийсэн малчдыг бэлчээр ашигласны хураамжаас чөлөөлнө.
6.5. Бэлчээрийн сангийн хөрөнгийг дараах эрх бүхий этгээд гүйлгээ хийнэ
6.5.1 Багийн ИНХ-ын шийдвэрийг үндэслэн багийн засаг дарга 1-р гарын үсэг , сумын ЗДТГ-ын нягтлан бодогч 2-р гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж баталгаажна .
Долоо. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх
7.1. Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
7.2. Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл заалтаар зохицуулна.
Найм. Хариуцлага хүлээлгэх, өөрчлөлт оруулах
8.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчилийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль , байгаль орчныг хамгаалах тухай хууль , Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
8.2. Багийн иргэдийн нийтийн хурлаас дэмжигдсэн саналыг Сумын ИТХ-д Засаг дарга хэлэлцүүлж өөрчлөлт оруулна.
Текст томруулах
A
A
A