A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 358 дугаар
тогтоолын хавсралт

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Зам, тээврийн хөгжлийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Зам, тээврийн хөгжлийн сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхлэх ажлын хүрээний асуудлаар сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, зам, тээврийн хяналтыг хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, сайдын төсвийн багцын төлөвлөлт, санхүүжилт,  салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, гадаад болон салбарын хамтын ажиллагааг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны З8 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Зам, тээврийн хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Авто замын тухай хууль;

-Автотээврийн тухай хууль;

-Төмөр замын тээврийн тухай хууль;

-Иргэний нисэхийн тухай хууль;

-Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль;

-Далай ашиглах тухай хууль;

-Усан замын тээврийн тухай хууль;

-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын туршлага, бүтцийн өөрчлөлтийн онол, арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, сургамж, мэдээллийг ашиглав.

1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т зам, тээврийн чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж, Зам, тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй, хариуцлагатай хандаж, салбарыг зөв зохистой удирдлага, зохицуулалтаар хангана. Зам, тээврийн хөгжлийн яам нь эрхэлсэн асуудлын чиглэлээр Засгийн газарт зөвлөх үүрэг, хариуцлага хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:

Зам, тээврийн хөгжлийн яамны стратегийн удирдлага, 

зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Зам, тээврийн хөгжлийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр болох яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ. Зам, тээврийн хөгжлийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Зам, тээврийн хөгжлийн яамны
             үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

Зам, тээврийн хөгжлийн яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх;

2.2.2. тээврийн дэвшилтэт технологи, тээвэр логистикийн тогтолцоог нэвтрүүлж, тээврийн үйлчилгээг хөгжүүлэх;

2.2.3. хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг шинэчилж, салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

2.2.4. салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх;

2.2.5. салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих;

2.2.6. салбарын боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээг бий болгох явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Зам, тээврийн хөгжлийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. Зам, тээврийн салбарын хөгжлийн нэгдсэн болон хүний нөөцийн бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, салбар хоорондын уялдаа холбоог хангах, үйл ажиллагааг зохицуулах, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын стандарт, норм, норматив, техник, технологи, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх,  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хөтөлбөр боловсруулах, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах; (Засгийн газрын 2022 оны 285 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.4.3. авто замын салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

2.4.4. авто тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

2.4.5. төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

2.4.6. иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

2.4.7. зам, тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Зам, тээврийн хөгжлийн яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. Зам, тээврийн салбарын нэгдсэн бодлого, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2. Яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага хоорондын болон эдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны холбогдох байгууллагын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах;

2.5.1.3. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хөтөлбөр боловсруулахад холбогдох байгууллагуудыг татан оролцуулах, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах; (Засгийн газрын 2022 оны 285 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.5.1.4. салбарын хүний нөөцийн бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулах, хүний нөөцийн сургалтыг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.6. салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох үйл ажиллагааг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.7. салбарын шинжлэх ухаан, техник, технологи, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, боловсронгуй болгох, нутагшуулах үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.8. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.1.9. салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, зохицуулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.1.10. салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;

2.5.1.11. тээврийн нэгдсэн ухаалаг системийг хөгжүүлэх, цахим үйлчилгээг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.12. зам, тээврийн салбарын аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.2.2. яамны хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

2.5.2.3. яамны хүний нөөцийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

2.5.2.4. салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль, эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө үзүүлэх;

2.5.2.5. гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь зохицуулах.

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. авто замын салбарын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг, даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, хяналт тавих;

2.5.3.2. авто замын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

2.5.3.3. авто замын салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангах;

2.5.3.4. авто замын барилга, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, технологийг шинэчлэх, авто замын засвар, ашиглалтын аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх;

2.5.3.5. авто замын засвар, арчлалтын төлөвлөгөө батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. автотээврийн салбарын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, хяналт тавих;

2.5.4.2. автотээврийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

2.5.4.3. авто үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;

2.5.4.4. автотээврийн салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангах;

2.5.4.5. эрэлтэд нийцсэн тогтвортой, хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, тээврийн нэгдсэн үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах.

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1. төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, хяналт тавих;

2.5.5.2. төмөр замын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

2.5.5.3. төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;

2.5.5.4. төмөр замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ, зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгож хөгжүүлэх;

2.5.5.5. далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, хяналт тавих;

2.5.5.6. далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

2.5.5.7. усан замын тээврийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэл хөтлөх, зохицуулах.

2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1. иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, хяналт тавих;

2.5.6.2. иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

2.5.6.3. агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, зохицуулах, удирдлагаар хангах;

2.5.6.4. иргэний нисэхийн тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;

2.5.6.5. нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангуулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах.

2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.5.7.1. зам, тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрт хяналт-шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

2.5.7.2. зам, тээврийн салбарын бодлого, төлөвлөлт, холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

2.5.7.3. яам, агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагаанд    хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах;

2.5.7.4. санхүү, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах,  эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудит хийх;

2.5.7.5. харьяа агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хууль тогтоомж, стандарт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна: 


Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагаа
(бизнес)-ны стратегийн загвар

 

Гурав. Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны бүтцийн
ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн
үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төржихгүй байх зарчим (яамны төрийн захиргааны албан хаагч нь сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх);

3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын       бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар (Загварт Засгийн газрын 2021 оны 14 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

Зам, тээврийн хөгжлийн яамны бүтэц нь дээрх зарчим болон үйл ажиллагаа (бизнес)-ны загварыг үндэслэн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна.         


Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны
бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

3.3.1. Бодлого, төлөвлөлтийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд зам, тээврийн салбарын нэгдсэн хөгжлийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хүний нөөцийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, салбар хоорондын уялдаа холбоог хангах үйл ажиллагааг зохицуулах, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын стандарт, норм, норматив, техник, технологи, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх,  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хөтөлбөр боловсруулах, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж ажиллана. (Засгийн газрын 2022 оны 285 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Үүний тулд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: зам, тээврийн салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хүний нөөцийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага хоорондын болон эдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны холбогдох байгууллагын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хөтөлбөр боловсруулахад гадны байгууллага, судлаачдыг татан оролцуулах, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах, Улсын Их Хурал болон Засгийн газартай харилцах, зам, тээврийн салбарын чиглэлээр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн зохион байгуулж удирдлагаар хангах, судалгаа, шинжилгээ, салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, статистик мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тээврийн ухаалаг нэгдсэн системийг хөгжүүлэх, цахим үйлчилгээг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах,  салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох үйл ажиллагааг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын шинжлэх ухаан, техник, технологийг хөгжүүлэх, боловсронгуй болгох, нутагшуулах үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, агаар, орчны, бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулахад санал өгөх, тайлагнах, бодлогын удирдамжаар хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, яам болон агентлаг, харьяа байгууллагуудын төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг  хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж, мэдээллийн технологи, стандартын нэгж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгж ажиллана. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 14 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)                                                                                                                                                                                                                                                             

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх ажлын хүрээний зам, тээврийн салбарын нэгдсэн бодлого, хөтөлбөр, төсөл, төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулж, түүнийг хэлэлцүүлэн батлуулах замаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх бодлого, үйлдвэрлэл, төсөв, хөрөнгө оруулалтын нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Үүний тулд энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж, ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан ажиллаж, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг бодлогын хувилбар, зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, нутгийн захиргааны байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг бодлогын удирдамж, хөрөнгө оруулалтын дэмжлэг, мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангаж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэлбэрээр     хэрэглэгч нь эрхлэх хүрээний байгууллага, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах байгууллага нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Үндэсний статистикийн хороо, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, газрууд, гадаад улс, олон улсын байгууллага, хандивлагч, хөрөнгө оруулагчид байна.

3.3.2. Төрийн захиргааны удирдлагын зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүргийг хүлээж ажиллана.

Энэ хүрээнд яамны удирдлага, албан хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, олон нийттэй харилцах, салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, зохицуулах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий мэргэшсэн албыг бүрдүүлж, яамны үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг хангахад чиглэгдэнэ.

Энэ нь яамны дотоод үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлж үр дүнгийн гэрээ байгуулах, түүний биелэлт, үр дүнг тооцох, яамны удирдлага, албан хаагчдын үйл ажиллагаанд эрх зүйн туслалцаа болон дотоод үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, байгууллагын соёл, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.

Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, архивын болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, газрууд, иргэд байна.

3.3.3. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд авто замын салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ хүрээнд авто замын салбарын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, авто замын барилга, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, технологийг шинэчлэх, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, стандарт, норм, нормативыг боловсруулах төлөвлөгөөг батлах, зохицуулах, авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, технологийг шинэчлэх, аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, засвар арчлалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, авто зам, замын байгууламжийн ашиглалт, аюулгүй байдлыг  дээшлүүлэх, авто замын салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд авто замын ашиглалт, засварын нэгж ажиллана.

Энэ нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг авто замын салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, орон нутагт авто замын бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажлын уялдаа холбоог хангах, салбарын техник, технологийг шинэчлэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппаратыг мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, харьяа байгууллага, авто замын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах       байгууллага нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, газрууд байна.

3.3.4. Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд автотээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ хүрээнд автотээврийн хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, орон нутагт автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажлын уялдаа холбоог хангах, улс, аймаг болон хот хоорондын тээврийн талаарх бодлого, салбарын техникийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, стандарт, норм, нормативыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, нэгдсэн удирдлагаар хангах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд зохицуулах, авто үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техникийн хяналт, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохион байгуулах, зохицуулах, автотээврийн салбарын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, автотээврийн салбарын үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд тээвэр зохион байгуулалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдаас автотээврийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.

Энэ нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг автотээврийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, орон нутагт автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажлын уялдаа холбоог хангах, улс, аймаг болон хот хоорондын тээврийн талаарх бодлого, салбарын техникийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, автотээврийн стандарт, норм, норматив, төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппаратыг мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, харьяа байгууллага, автотээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, иргэд байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэлбэрээр хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах      байгууллага нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, газрууд байна.

3.3.5. Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ үндсэн үүргийн хүрээнд төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, стандарт, норм, нормативыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулах, үйл ажиллагааг нь хэвийн явуулах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд зохицуулах, төмөр замын суурь бүтэц барих, засварлах, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, дохиолол, холбооны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, зурвас газрын ашиглалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, төмөр зам, далайн тээвэр, усан замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ, зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд төмөр замын тээврийн нэгж болон далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж ажиллана. (Засгийн газрын 2022 оны 284 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

Энэ нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг төмөр зам, далайн болон усан замын тээврийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, зарим объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх, төмөр замын тээврийн салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, яамны удирдлага, аппаратыг мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд энэ үйлчилгээг  шууд бус хэлбэрээр хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч, иргэд байна.  Энэ үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах     байгууллага нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд  байна.

3.3.6. Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 14 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Энэ үндсэн үүргийн хүрээнд иргэний нисэхийн салбарын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, стандарт, норм, нормативыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулах, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, зохицуулах, удирдлагаар хангах, иргэний нисэхийн тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангуулах, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдаас иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ.

Энэ нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг иргэний нисэхийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, аюулгүй ажиллагааг хангуулах, иргэний нисэхийн аюулгүй байдлын болон хялбаршуулах үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, тус салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын үйл ажиллагаанд хамаарах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, салбарын стандарт, дүрэм журам, төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, яамны удирдлага, аппарат, иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгжийг мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, харьяа агентлаг, байгууллага байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэлбэрээр хэрэглэгч нь бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна.  Энэ үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах байгууллага нь нь Сангийн яам, Батлан хамгаалах яам, иргэд, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, газрууд байна.

3.3.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд зам, тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ хүрээнд хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгавар, хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрт хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээнд тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, яам, харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, санхүү, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудит хийх, санхүүгийн хяналт шалгалт хийх, ажиллагсад, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, зам, тээврийн салбарын аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, стандарт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд зам, тээврийн хяналтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, санхүү, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалахад чиглэнэ.

Энэ нь салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэх, харьцуулан судлах, гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрсдэлийн удирдлагаар хангаж үнэн зөв, бодит мэдээллээр удирдлага, яамны аппарат, хэрэглэгч, иргэдийг хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь төмөр зам, авто зам, усан замын болон агаарын тээвэр, автотээврийн салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг нягтлан шалгаж, хяналт тавих, тус салбарын хууль тогтоомж, стандарт, норм, нормативын хэрэгжилтийг хангуулахад чиглэнэ. Энэ нь яамны бүрэн эрхийн хүрээнд Төрийн хяналт, шалгалтын тухай хууль болон салбарын холбогдох хуулийн дагуу салбарын хэмжээнд хяналт, шалгалт хийх, яам, Засгийн газрын агентлаг, байгууллагын хэмжээнд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангах, хяналт тавих, төмөр зам, авто зам, усан замын болон автотээврийн салбарын аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэлбэрээр хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд хамтран ажиллах байгууллага нь нутгийн захиргааны байгууллага, хяналтын бусад байгууллага, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам газрууд, иргэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна. 


-----о0о-----