A

A

A

Бүлэг: 1979

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 
 2019 оны 10 дугаар сарын 17–ны өдрийн

А/205 дугаар тушаалын хавсралт

Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага,

үйл ажиллагаа эрхлэх журам

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ журмаар газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдлаас ашигт малтмал ялган авах, баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, бусад эрх бүхий этгээдээс түүхий эд худалдан авч баяжуулах үйл  ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд хамаарна.

 

Хоёр. Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

2.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг:

2.1.1.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмыг баримтлан Улсын комисс томилох;

2.1.2 Баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авах.

2.1.3. Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих

2.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

2.2.1.Баяжуулах үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ  болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авч шийдвэрлэх;

2.3.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг:

2.3.1.Баяжуулах үйлдвэрийн байршил, талбайг зураг зүйн бүртгэлд бүртгэх;

2.3.2.Баяжуулах үйлдвэрт ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт,  дүгнэлт өгөх, техник, технологийн бодлогыг хэрэгжүүлэх;

2.3.3.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тайланг  Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авах, нэгтгэх;

2.4.Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

2.4.1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан улсын хяналтыг тавьж ажиллана.


ГУРАВ. БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллагаас томилсон Улсын комисс үйлдвэрийг хүлээж авсны дараа баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх;

3.2.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх;

3.3.Ашигт малтмал баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг хагас үйлдвэрлэлийн болон технологийн туршилтын үр дүнд тулгуурлан боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж хэлэлцүүлэх;

3.4.Баяжуулах үйлдвэрийн ажиллагсдын ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн байх;

3.5.Баяжуулах үйлдвэрийн эдэлбэр газар, ус ашиглах гэрээг холбогдох эрх бүхий этгээдтэй байгуулсан байх;

3.6.Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон тухайн жилийн тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

3.7.Энэ журмын 5.2-т заасны дагуу технологийн хөндлөнгийн хяналт, сорьцлолт хийлгэсэн тайланг тухайн жилийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны тайланд хавсаргах;

3.8.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд дараахь хууль, дүрэм, заавар, стандартыг баримталж ажиллана:

3.8.1.Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам;

3.8.2.Ашигт малтмалыг баяжуулах, ялгах бутлах ба хүдэр баяжмалыг бөөнцөглөх фабрикийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм;

3.8.3.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам;

3.8.4.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журам;

3.9.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр баяжуулах үйлдвэр, цехийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох;

3.10.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ашигт малтмал баяжуулах үйлдвэр, цехийн үйл ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдол, хүн, амьтан ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах;

3.11.Баяжуулах үйлдвэр, цехийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан нөлөөллийг тухай бүр бүртгэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг жил бүр гаргаж, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх;

3.12.Баяжуулах үйлдвэрт холбогдох хууль, тогтоомжийн дагуу олборлосон, гарал үүсэл нь тодорхой ашигт малтмалыг худалдан авч болох бөгөөд түүнийг тээвэрлэх автозам, төмөр зам гэх мэт бусад дэд бүтцийн асуудлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн байх;

3.13. Гарал үүсэл нь тодорхойгүй ашигт малтмалыг баяжуулахгүй байх;

3.14. Баяжуулах үйлдвэрт хэрэглэх химийн хорт болон аюултай бодисыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх, ашиглах болон устгахад Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах болон устгах журмыг баримтлах;

3.15.Хаягдлын аж ахуйн зураг төслийг тооцоо судалгааны үндсэн дээр боловсруулах бөгөөд энэ нь техник, эдийн засгийн үндэслэлийн салшгүй хэсэг байх.

3.16.Хаягдлын аж ахуйн зураг төсөлд тусгагдсан цэвэр, бохир усны нуур, цөөрмийг үүсгэхдээ холбогдох дүрэм, журам, стандартыг баримтлах;

3.17.Хэрэв гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах бол Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг мөрдөж ажиллах.

 

ДӨРӨВ. Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага

4.1.Баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжийг аймаг, нийслэлээс томилсон техникийн комисст хүлээлгэн өгч акт гаргуулсан байх;

4.2.Баяжуулах үйлдвэрийн техник, технологи нь орчин үеийн шаардлагад нийцсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй байх;

4.3.Агаар мандал, хөрс, усны чанарт нөлөөлөх хорт хий, химийн хорт болон аюултай бодисын агууламжийг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх;

4.4.Баяжмал дахь үндсэн болон дагалдах ашигт элемент бүрийн агуулгыг тодорхойлсон байх;

4.5.Баяжуулах үйлдвэрт шаардлагатай ус, цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийг бүрдүүлэх, холбогдох зөвшөөрлийг авч шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулсан байх;

4.6.Үйлдвэрийн гадаад орчин дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.6.1.Үйлдвэрийн хаяг, байршлын ерөнхий зургийг байршуулсан байх;

4.6.2.Зам, талбайг цардсан, анхааруулах болон мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэгтэй байх,

4.6.3.Тохижилт, эрүүл ахуйн шаардлага хангасан байх;

4.6.4.Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг түр хадгалах болон устгах, тусгайлан зассан цэг талбайтай байх;

4.6.5.Бүтээгдэхүүн, материал, химийн бодисыг зөөвөрлөх, ачиж буулгах зориулалтын цардсан зам, талбайтай байх;

4.6.6.Химийн бодис хадгалах зориулалтын агуулахтай байх.

4.7.Баяжуулах үйлдвэрийн ажлын байранд тавигдах шаардлага. Үүнд:

4.7.1.Ажлын байрны тодорхойлолттой байх;

4.7.2.Технологийн дамжлага бүр мэргэжлийн боловсон хүчнээр    хангагдсан байх;

4.7.3. Хүний нөөцийг мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалтад  хамруулсан байх;                                                                              

4.7.4.Баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгдсэн дүрэмд нийцсэн байх;

4.7.5.Үйлдвэрийн доторх дэвсгэр зураг, орц, гарцын схемийг байршуулсан байх;

 4.7.6.Ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх;

4.8.Баяжуулах үйлдвэр дээр дараах баримт бичгийг байлгана. Үүнд:

           4.8.1.Хуулийн этгээдийн гэрчилгээ (хуулбар);

           4.8.2.Химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл;

           4.8.3.Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл;

           4.8.4.Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн зураг төсөл;

4.8.5.Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө  болон тайлан,  сар, улирал, долоо хоногийн мэдээ;

           4.8.6.Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө;

           4.8.7.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ;

           4.8.8.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө;

           4.8.9.Газар ашиглах гэрээ;

           4.8.10.Ус ашиглах гэрээ;

           4.8.11.Цахилгаан ашиглах гэрээ;

           4.8.12.Хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ;

           4.8.13.Үйлдвэрийн үндсэн түүхий эдийг худалдан авах гэрээ, хэлцэл;

           4.8.14.Ажил гүйцэтгэх зааварчилга;

           4.8.15.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилга, сургалтын  бүртгэл;

           4.8.16.Баяжуулах үйлдвэрийн ажилчдын судалгаа (Мэргэжлийн  боловсон хүчин, орон нутгаас ажиллагсдын мэдээлэл);

          4.8.17.Төлөвлөгөөт хяналт, сорьцлолтын тайлан, хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэлийн тайлан.

           4.8.18.Баяжуулалтын технологийн хяналтын өдөр тутмын бүртгэл.

          4.9.Баяжуулах үйлдвэр нь технологийн заавартай байх бөгөөд 5 жил тутамд шинэчлэн үйлдвэр, хэсгийн эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулсан байх.

4.10.Тоног төхөөрөмжийн ашиглалтын паспортыг хөтлөх.

          4.11.Хаягдлын аж ахуйн хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

 

ТАВ. Баяжуулах үйлдвэрийн

технологийн хяналт, сорьцлолт

         5.1.Баяжуулах үйлдвэрийн технологийн хаягдлыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор технологийн дотоод хяналт сорьцлолтыг тогтмол хийнэ.

        5.2.Баяжуулах үйлдвэрийн алдагдал хаягдлыг тогтоох хөндлөнгийн технологийн хяналт сорьцлолтыг мэргэжлийн байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа хийж гүйцэтгүүлнэ.

 

ЗУРГАА. Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалыг баяжуулах талаарх зохицуулалт

          6.1.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч нь баяжуулах ашигт малтмалын гарал үүсэл, тоо хэмжээ, бичил уурхай эрхлэгч этгээдийн бүртгэлийг хөтөлнө.

          6.2.Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг гүйцээн баяжуулах зорилгоор борлуулснаас олсон орлогыг хэрхэн хуваарилах, захиран зарцуулах талаар ашигт малтмал нийлүүлсэн бичил уурхай эрхлэгч этгээдтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулна.

         6.3.Бичил уурхай эрхлэгч этгээд баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилга, дотоод журмыг дагаж мөрдөнө.

 

ДОЛОО. Баяжуулах үйлдвэрийг хаах

         7.1.Ашигт малтмалын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэрийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хаах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

         7.2.Баяжуулах үйлдвэр хаалт хийхдээ Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журмыг баримтлана.

 

НАЙМ. Хариуцлага

          8.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

-000-