- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- АВТОМАТ КЛИРИНГ ХАУС СИСТЕМИЙН ДҮРЭМ
Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны А-128 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны
А-262 дугаар тушаалын хавсралт
АВТОМАТ КЛИРИНГ ХАУС
СИСТЕМИЙН ДҮРЭМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ дүрмийн зорилго нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5.1.5 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 12.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Автомат клиринг хаус (цаашид ACH систем гэх) системээр дамжуулан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шилжүүлэг хийх, тус системд оролцох эрхийг олгох, түдгэлзүүлэх, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.
1.2.ACH cистемийн үйл ажиллагаанд Иргэний хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Монголбанкнаас баталсан холбогдох бусад эрх зүйн баримт бичиг болон энэ дүрмийг мөрдлөг болгон ажиллана.
1.3.Оролцогч нь АСН системээр дамжих гүйлгээг төгрөгөөр гүйцэтгэнэ.
1.4.Оролцогч нь олон улсын санхүүгийн мэдээний ISO20022 стандартыг баримтална.
ХОЁР.АСН СИСТЕМ БА ТҮҮНИЙ ОРОЛЦОГЧ
2.1.ACH систем нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.28-д заасан мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хийх, тус хуулийн 5.1.4-д заасан дэд бүтэц юм.
2.2.Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв (цаашид ҮЦГТ гэх) нь АСН системийг хариуцан ажиллуулна.
2.3.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.7-д заасан этгээд нь АСН системд оролцож болно.
2.4.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.8-д заасан этгээд нь АСН системд шууд, 5.1.9-д заасан этгээд нь шууд бусаар оролцоно.
2.5.АСН системийг ашиглан гүйлгээ эхлүүлж байгаа оролцогчийг гүйлгээ илгээгч, хүлээн авч байгаа оролцогчийг гүйлгээ хүлээн авагч гэнэ.
2.6.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.10-д заасан хэрэглэгч нь АСН системийн оролцогчоос төлбөрийн үйлчилгээ авч болно.
2.7.АСН системийг ашиглан мөнгөн хөрөнгийг илгээж байгаа болон урьдчилан зөвшөөрсөн данснаас суутгуулж байгаа хэрэглэгчийг төлбөр гүйцэтгэгч, мөнгөн хөрөнгө хүлээн авч байгаа хэрэглэгчийг төлбөр хүлээн авагч гэнэ.
ГУРАВ.ГҮЙЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ТҮҮНИЙ МӨЧЛӨГ
3.1.АСН системийн гүйлгээ нь санхүүгийн болон санхүүгийн бус хэлбэртэй байна.
3.1.1.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.18-д заасан шилжүүлгийг АСН систем ашиглаж дамжуулахыг санхүүгийн гүйлгээ гэнэ.
3.1.2.Оролцогчийн үр дүнгийн тооцоололд нөлөөлөхгүй, мөнгөн дүнгээр үл илэрхийлэгдэх гүйлгээний цахим мэдээг АСН систем ашиглаж дамжуулахыг санхүүгийн бус гүйлгээ гэнэ.
3.2.АСН системийн гүйлгээ нь дебит, кредит гэсэн 2 төрөлтэй байна.
3.2.1.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.19-д заасан шилжүүлгийг АСН системээр дамжуулахыг кредит гүйлгээ гэнэ.
3.2.2.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.20-д заасан шилжүүлгийг АСН системээр дамжуулахыг дебит гүйлгээ гэнэ.
3.3.АСН системээр дамжуулах мэдээллийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан гүйлгээний цахим мэдээний бүтцийн дагуу гүйцэтгэнэ.
3.4.Төлбөр гүйцэтгэгчээс оролцогчид олгосон дебит гүйлгээний зөвшөөрлийн дагуу энэ дүрмийн 3.2.2-д заасан гүйлгээг хийнэ.
3.5.Гүйлгээний цахим мэдээг АСН системд хүлээн авч эхэлснээс хойш тодорхой хугацааны дараа тасалбар болгох хүртэлх хугацааг гүйлгээний мөчлөг гэнэ.
3.6.Гүйлгээний мөчлөгийн дараа үр дүнгийн тооцоолол боловсруулахад шаардагдах нөөцийг баталгаажуулах, тухайн гүйлгээний мөчлөгийн үр дүнгийн тооцооллыг боловсруулах, түүнийг оролцогчийн дансанд тусгах хугацааг төлбөр тооцооны мөчлөг гэнэ.
3.7.Бодит цагийн горимоор гүйлгээ дамжуулахад 2 дугаар хавсралтад заасны дагуу 24 цагт гүйлгээний мөчлөг хоёр байх ба 3 дугаар хавсралтад заасны дагуу үр дүнгийн төлбөр тооцоог дамжуулж, боловсруулна.
3.8.Багц гүйлгээнд 2 дугаар хавсралтад заасны дагуу 24 цагт гүйлгээний мөчлөг гурав байх ба 3 дугаар хавсралтад зааснаар үр дүнгийн төлбөр тооцоог дамжуулж, боловсруулна.
3.9.ҮЦГТ нь оролцогчид урьдчилан мэдэгдсэнээр гүйлгээний нэмэлт мөчлөг оруулж болно.
3.10.Гүйлгээг үр дүнгийн тооцоололд оруулж, төлбөр хүлээн авагчийн дансанд тусгах хугацааг гүйлгээний огноо гэнэ.
3.11.Гүйлгээ илгээгч нь гүйлгээний цахим мэдээг ACH системд илгээсэн хугацааг гүйлгээ илгээсэн огноо гэнэ.
3.12.ACH системээр дараах төрлийн санхүүгийн гүйлгээг боловсруулж, үр дүнгийн тооцооллыг хийнэ:
3.12.1.Кредит гүйлгээ;
3.12.2.Дебит гүйлгээ;
3.12.3.Бодит цагийн гүйлгээний буцаалтын баталгаажуулалт;
3.12.4.Буцаалтын гүйлгээ.
3.13.АСН системээр дараах төрлийн санхүүгийн бус гүйлгээг боловсруулна:
3.13.1.Буцаалтын мэдээ;
3.13.2.Гүйлгээний буцаалтын татгалзах хариу;
3.13.3.Лавлагаа;
3.13.4.Лавлагааны баталгаажуулалт;
3.13.5.Дансны нэгдсэн санд хэрэглэгчийн мэдээлэл оруулах, засварлах, устгах, лавлагаа авах цахим мэдээ;
3.13.6.Дебит гүйлгээ хийх зөвшөөрлийн санд мэдээлэл оруулах, засварлах, устгах, лавлагаа авах цахим мэдээ;
3.13.7.АСН системийн хэвийн үйл ажиллагааг хангах, тохиргоо өөрчлөх, системийн хэрэглэгчийг удирдах цахим мэдээ.
3.14.Энэ дүрмийн 3.1.1-д заасан гүйлгээний цахим мэдээг үүссэн байдлаас нь хамаарч дараах ангиллыг хийнэ:
3.14.1.Теллерээр хийгдсэн;
3.14.2.Интернет банкаар хийгдсэн;
3.14.3.Мобайл банкаар хийгдсэн;
3.14.4.Киоск, түүнтэй адилтгах төхөөрөмжөөр хийгдсэн;
3.14.5.Цахим хэтэвч, түүнтэй адилтгах төхөөрөмжөөр хийгдсэн;
3.14.6.Нягтлан бодох бүртгэл, түүнтэй адилтгах бусад системээр хийгдсэн;
3.14.7.Бусад.
3.15.Оролцогч нь дебит, кредит гүйлгээг энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан төрөл, зориулалтаар ангилах бөгөөд нэг буюу түүнээс дээш зориулалттай байж болно.
3.16.ҮЦГТ эсхүл оролцогч нь дебит, кредит гүйлгээг энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан шалтгаанаар буцаах эсхүл боловсруулахаас татгалзаж болно.
3.17.АСН систем нь гүйлгээний цахим мэдээ хүлээн авах, боловсруулах, үр дүнгийн төлбөр тооцоо хийх гүйлгээний мөчлөгтэй байна.
ДӨРӨВ.ҮЦГТ-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1.ҮЦГТ нь энэ дүрэмд заасны дагуу системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллана.
4.2.ҮЦГТ нь энэ дүрмийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зарчмыг баримтална.
4.3.ҮЦГТ нь дараах эрхтэй:
4.3.1.Монголбанкны үйлчилгээний хөлс, шимтгэлийн ерөнхий нөхцөл, Монголбанкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу хураамж, шимтгэлийг оролцогчоос авах.
4.3.2.Энэ дүрмийн 6 дугаар хавсралтад заасан “ACH системээр гүйлгээ дамжуулан гүйцэтгэх ажлын гэрээ”-г оролцогчтой байгуулж, мөрдлөг болгон ажиллах.
4.3.3.Оролцогчийн ACH системийг ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь түдгэлзүүлэх;
4.3.4.Залилангийн болон хулгайн гүйлгээний талаарх мэдээллийг оролцогчоос авах.
4.4.ҮЦГТ нь дараах үүрэгтэй:
4.4.1.Оролцогчийн үр дүнгийн тооцооллыг боловсруулж, хаалтын дүнг Банксүлжээ системд дамжуулах;
4.4.2.Оролцогчийн систем ACH системтэй нийцэж байгааг турших, баталгаажуулах, баталгаажуулалтын үндсэн дээр системд холбогдох эрхийгоролцогчид олгох;
4.4.3.ACH системийн үйл ажиллагааны нэгдсэн зарчмыг мөрдөх, оролцогчоор мөрдүүлэх;
4.4.4.Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;
4.4.5.ACH системээр хийгдсэн залилангийн болон хулгайн гүйлгээний мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, тус сангаас мэдээллийг хууль хэрэгжүүлэх байгууллагад өгөх боломжийг бий болгох;
4.4.6.Оролцогчийн гүйлгээний тайланг долоо хоног тутам гаргах, оролцогчийг тайлан мэдээгээр хангах;
4.4.7.Оролцогчийн тасралтгүй ажиллагааны тайланг долоо хоног тутам гаргах, олон нийтэд мэдээлэх;
4.4.8.ҮЦГТ-ийн ажилтнууд нь АСН системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 7 дугаар хавсралтад заасан утас, цахим шуудангаар оролцогчтой холбогдох, хамтран ажиллах.
ТАВ.ОРОЛЦОГЧИД ТАВИХ ШААРДЛАГА, ЭРХ, ҮҮРЭГ
5.1.АСH системийн оролцогч нь дараах хуулийн этгээд байж болно:
5.1.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
5.1.2.Банкны тухай хуулийн 6.1.3 дугаар заалтад дурдсан тусгай зөвшөөрөл эзэмшиж буй банк;
5.1.3.Хадгаламжийн даатгалын корпораци;
5.1.4.Ирээдүйн өв сан корпораци;
5.1.5.Арилжааны төлбөр тооцооны төв;
5.1.6.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв;
5.1.7.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд;
5.1.8.Өөрийн төлбөрийг илгээх, хүлээн авах зорилго бүхий хуулийн этгээд.
5.2.Энэ дүрмийн 5.1.1-ээс 5.1.6-д заасан оролцогч нь АСН системийн шууд оролцогч бөгөөд Монголбанк дахь өөрийн дансанд үр дүнгийн төлбөр тооцоо хийх зорилгоор барьцаа мөнгөн хөрөнгийг нөөц болгон байршуулна.
5.3.Энэ дүрмийн 5.1.7-оос 5.1.8-д заасан оролцогч нь зөвхөн шууд бус оролцогчоор холбогдоно.
5.4.Энэ дүрмийн 5.1.8-д заасан оролцогч нь АСН системийг ашиглан хэрэглэгчийн гүйлгээг илгээхгүй, хүлээн авахгүй.
5.5. Оролцогч дараах үүрэгтэй:
5.5.1.АСН системийн багц болон бодит цагийн горимийн нөөцийг Банксүлжээ системээр дамжуулан удирдах;
5.5.2.Банксүлжээ системээр үр дүнгийн төлбөр тооцоог хийх;
5.5.3.Нууцлалын токен хадгалалт, дамжуулалт, устгалт, түүний бүрэн бүтэн байдал, нууцлалыг хангах;
5.5.4.АСН систем рүү явуулж буй гүйлгээг 4 дүгээр хавсралтын дагуу үнэн зөв ангилж явуулах;
5.5.5.Оролцогч нь ҮЦГТ-өөс гаргасан нууцлал аюулгүй байдлын талаарх зөвлөмж, бодлогыг биелүүлэх;
5.5.6.Нөөцийг зөв зохистой удирдах;
5.5.7.Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай холбогдох хууль тогтоомж, байгууллагын заавар журмыг биелүүлэх;
5.5.8.Хэрэглэгчийн хүсэлтээр дансны нэгдсэн санд тухайн хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх, бүртгэгдсэн мэдээлэлд бодит цагийн горимоор өөрчлөлт оруулах;
5.5.9.Залилангийн болон хулгайн гүйлгээний талаарх мэдээллийг ҮЦГТ-д өгөх;
5.5.10.Хэрэглэгчийн хийсэн гүйлгээний тухай мэдээлэл хэрэглэгчдэд хүргэх үнэгүй суваг ажиллуулах (цахим шуудан, цахим хуудас гэх мэт)
5.5.11.Энэ дүрмийн 8 дугаар хавсралтад заасан шаардлагыг оролцогч хангаж ажиллах.
5.6.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.13-д заасан, шууд бус оролцогчтой энэ дүрмийн 5.8-д заасан гэрээг байгуулж, түүний төлбөр тооцоог өөрийн төлбөр тооцооны дансаар гүйцэтгэх этгээдийг төлбөр тооцооны төлөөлөгч гэнэ.
5.7.Шууд бус оролцогч нь өөрийн хийсэн гүйлгээний үр дүнгийн төлбөр тооцоог хийх зорилгоор барьцаа мөнгөн хөрөнгийг нөөц болгон төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулна.
5.8.Төлбөр тооцооны төлөөлөгч болон шууд бус оролцогчийн хооронд байгуулах баталгааны гэрээ нь дараах шаардлагыг хангасан байна:
5.8.1.АСН системээр хийгдсэн үр дүнгийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд төлбөр тооцооны төлөөлөгчийн данс ашиглах;
5.8.2.ACH системээр дамжуулах гүйлгээний төрлийг тусгах;
5.8.3.Үйлчилгээний хүү шимтгэлийг тохирох;
5.8.4.Гүйлгээний мөчлөгийн үр дүнгийн төлбөр тооцоо хийх нөөцийн хязгаарыг тодорхойлох;
5.8.5.Энэ дүрмийн 5.8.4-т заасан хязгаарт нийцүүлэн нөөцийн хэмжээ, хэлбэр, түүнийг байршуулах, хадгалуулах, захиран зарцуулах нөхцөлийг тодорхой заах.
5.9.Төлбөр тооцооны төлөөлөгч дараах эрхтэй:
5.9.1.Энэ дүрмийг биелүүлэхийг шууд бус оролцогчоос шаардах, татгалзсан тохиолдолд баталгааны гэрээг цуцлах;
5.9.2.Шууд бус оролцогчоос шимтгэл авах.
5.10.Төлбөр тооцооны төлөөлөгч дараах үүрэгтэй:
5.10.1.Шууд бус оролцогчийн үр дүнгийн төлбөр тооцоог түүний нэрийн өмнөөс Монголбанк дахь өөрийн харилцах дансаар дамжуулах;
5.10.2.Гүйлгээний мөчлөгийн нөөцийг шууд бус оролцогчийн нэрийн өмнөөс Монголбанк дахь өөрийн харилцах дансанд байршуулж, тусгаарлуулах.
ЗУРГАА.ОРОЛЦОГЧИЙН ЭРХИЙГ НЭЭХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХАСАХ
6.1.Энэ дүрмийн 5.1-т заасан этгээд нь АСН системд холбогдох мэдэгдлийг ҮЦГТ-д энэ дүрмийн 9 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу гаргана.
6.2.Мэдэгдэл гаргагч нь энэ дүрмийн шаардлагыг хангасан байдлыг ҮЦГТ-өөс шалгасны үндсэн дээр АСН систем рүү холбох эсэх шийдвэрийг ажлын 3 хоногийн дотор гаргана.
6.3.ҮЦГТ нь энэ дүрэмд нийцэхгүй дараах мэдэгдэл гаргасан этгээдийг АСН систем рүү холбохоос татгалзаж болно:
6.3.1.Үр дүнгийн төлбөр тооцоо хийх данс нээгээгүй эсхүл баталгааны гэрээ байгуулаагүй;
6.3.2.Техник болон програм хангамжын шаардлага хангаагүй;
6.3.3.Дүрмийг мөрдөж ажиллахаас татгалзсан.
6.4.ҮЦГТ нь оролцогчийн ACH системийг ашиглах эрхийг дараах тохиолдолд хэсэгчлэн болон бүрэн түдгэлзүүлж болно:
6.4.1.Оролцогч нь нөөцийн дутагдалд орсон;
6.4.2.Нөөцийн удирдлагыг хангах зорилгоор оролцогч нь энэ дүрмийн 10 дугаар хавсралтад заасны дагуу өөрийн оролцох эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн;
6.4.3.Оролцогчийн системд онцгой байдал тохиолдсон бөгөөд ACH системийн найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн;
6.4.4.Хэрэглэгчийн гүйлгээг удаа дараа саатуулсан;
6.4.5.Хэрэглэгчийн гүйлгээг удаа дараа буруу гүйцэтгэсэн нь тогтоогдсон;
6.4.6.Монголбанкнаас тавьсан шаардлагыг хангаагүй.
6.5.ҮЦГТ нь дараах тохиолдолд оролцогчийн ACH системийг ашиглах эрхийг хасна:
6.5.1.Оролцогч нь энэ дүрмийн 6.4-т заасан үйлдлийг давтан гаргасан;
6.5.2.Системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хэвийн түвшинд хангаагүй, системийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах Монголбанкны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан;
6.5.3.Дансны нэгдсэн сан дахь мэдээллийг зориулалтын дагуу ашиглаагүй эсхүл бусад гуравдагч этгээдэд гаргаж өгсөн;
6.5.4.Энэ дүрмийн 10 дугаар хавсралтад заасан маягтын дагуу хүсэлт ирүүлсэн.
6.6.ҮЦГТ нь дараах тохиолдолд шууд бус оролцогчийн ACH системийг ашиглах эрхийг хасах:
6.6.1.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Банкны тухай хууль болон холбогдох журмын дагуу авсан холбогдох зөвшөөрөл нь хүчингүй болсон;
6.6.2.Төлбөр тооцооны төлөөлөгчтэй байгуулсан төлбөр тооцооны данс ашиглах гэрээ нь хүчингүй болсон;
6.6.3.Төлбөр тооцооны төлөөлөгчийн төлбөр тооцооны данс хаагдсан.
ДОЛОО.ҮР ДҮНГИЙН ТООЦООЛОЛ, ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ
7.1.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.29-д заасны дагуу АСН систем нь оролцогчдын үр дүнгийн тооцооллыг хийнэ.
7.2.АCH болон Банксүлжээ системийг ашиглан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.31-д заасан үйл ажиллагааг гүйцэтгэхийг үр дүнгийн төлбөр тооцоо гэнэ.
7.3.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.30-д заасан үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг Монголбанкинд байршиж байгаа оролцогчийн болон төлбөр тооцооны төлөөлөгчийн дансанд тусгах бөгөөд тус дансыг энэ дүрмийн хүрээнд төлбөр тооцооны данс гэж ойлгоно.
7.4.Төлбөр тооцоо гүйцэтгэх зорилгоор оролцогчийн төлбөр тооцооны дансанд тусгаарласан эх үүсвэрийн нөөцийн хэмжээ, түүний өөрчлөлтийн талаар АСН болон Банксүлжээ систем хооронд солилцох цахим мэдээг нөөц баталгаажуулах мэдээ гэнэ.
7.5.Банксүлжээ систем, ҮЦГТ, оролцогч нь энэ дүрмийн 11 дүгээр хавсралтад заасны дагуу нөөцийн удирдлагыг хийнэ.
7.6.ҮЦГТ нь 12 дугаар хавсралтад заасан оролцогчийн кодоор үр дүнгийн тооцооллыг боловсруулж, Банксүлжээ систем рүү дамжуулна.
7.7.Оролцогч нь гүйлгээний мөчлөг эхлэхээс өмнө нөөцийг тогтоож болно. Гүйлгээ хийхэд нөөцийн хэмжээ хүрэлцэхгүй бол тухайн гүйлгээ эсхүл гүйлгээний мөчлөг дэх бүх гүйлгээг буцаах үндэслэл болно.
7.8.Оролцогч нь нөөцийг удирдах зорилгоор дараах үйлдлийг хийж болно:
7.8.1.Гүйлгээний мөчлөг эхлэхэд оролцогчийн тогтоосон нөөцийн хэмжээгээр Банксүлжээ систем дэх түүний мөнгөн хөрөнгийг барих;
7.8.2.Нөөц болгон царцаасан мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн тухайн оролцогчийн АСН систем дэх гүйлгээний үр дүнгийн төлбөр тооцоог хийх;
7.8.3.Банксүлжээ системд багц гүйлгээний горимоор гүйлгээ дамжуулахад шаардагдах нөөцийг ажлын өдөр эхлэх эсхүл мөчлөг эхлэхийн өмнө нэмэгдүүлж болно. АСН систем нь мөчлөг эхлэхэд Банксүлжээ систем рүү хандаж нөөцийн дүнг татаж үлдэгдлийн мэдээллийг авч болно.
7.8.4.Банксүлжээ системд бодит цагийн гүйлгээний горимоор гүйлгээ дамжуулахад шаардагдах нөөцийг ажлын өдөр эхлэх эсхүл тухай бүр нэмэгдүүлж болно. АСН систем нь Банксүлжээ систем рүү хандаж ажлын өдрийн 09 цаг 20 минутаас 16 цаг 20 минут хүртэлх хугацаанд 30 минут тутамд нөөцийг татаж үлдэгдлийн мэдээллийг авч болно.
7.1.Нөөцийг удирдахад дараах үйлдлийг хийхийг хориглоно.
7.1.1.ҮЦГТ болон оролцогч нь гүйлгээний мөчлөг дуусч үр дүнгийн төлбөр тооцоо хийх хүртэл нөөцийг чөлөөлөх;
7.1.2.Нөөцийг бусдад шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх.
НАЙМ.БАГЦ ГҮЙЛГЭЭНИЙ ГОРИМ
8.1.Кредит болон дебит багц гүйлгээг энэ дүрмийн 13 дугаар хавсралтад заасан гүйлгээний хязгаарлалтаар, 14 дүгээр хавсралтад заасан дарааллаар боловсруулна.
8.2.Нэг багц дахь гүйлгээ дараах шаардлагыг хангасан байна:
8.2.1.Гүйлгээний төрөл ижил байх;
8.2.2.Кредит гүйлгээний зориулалт ижил байх;
8.2.3.Дебит гүйлгээний огноо ижил байх;
8.2.4.Кредит гүйлгээний илгээх огноо ижил байх;
8.2.5.Кредит гүйлгээний тоо 10 (арав) -аас 10 000 (арван мянган) ширхэг хүртэл;
8.2.6.Дебит гүйлгээний тоо нь 10 (арав) -аас 10 000 (арван мянган) ширхэг хүртэл байх.
8.3.Оролцогч нь тухайн ажлын өдөр дуусгавар болсон тохиолдолд багц дахь кредит гүйлгээг бодит цагийн горимоор илгээж болно.
8.4.Багц дахь дебит гүйлгээний тоо 10 хүрэхгүй тохиолдолд оролцогчийн хүсэлтээр бодит цагийн горимоор илгээж болно.
8.5.Багц гүйлгээний горимоор кредит гүйлгээг дамжуулахад ҮЦГТ болон оролцогч нь дараах зарчмыг баримтална:
8.5.1.Гүйлгээ илгээгч нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан кредит гүйлгээ илгээх;
8.5.2.Гүйлгээ хүлээн авагч нь энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан шалтгаан үүссэн тохиолдолд санхүүгийн гүйлгээг буцаах;
8.5.3.ҮЦГТ нь энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан шалтгаан үүссэн тохиолдолд кредит гүйлгээг үр дүнгийн тооцоололд оруулахаас татгалзах;
8.5.4.Гүйлгээ илгээгч нь багцын гүйлгээний мөчлөг эхэлсэн үеэс ACH систем рүү гүйлгээг багц хэлбэрээр илгээнэ. Гүйлгээ илгээгчийн нөөцийн хэмжээ хангалттай байгаа тохиолдолд ҮЦГТ нь багцаар хүлээн авсан гүйлгээг төлбөр тооцооны мөчлөг дуусах үед хүлээн авагч руу дамжуулах;
8.5.5.Гүйлгээ хүлээн авагч нь ҮЦГТ-өөс багц кредит гүйлгээ хийх цахим мэдээг хүлээн авмагц, төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаарыг шалгаж, мөнгөн дүнг дансанд тусгах;
8.5.6.Гүйлгээ илгээгчийн байршуулсан нөөц нь тухайн мөчлөгт хийсэн гүйлгээний үр дүнгийн төлбөр тооцоо хийхэд хүрэлцэхгүй тохиолдолд дараагийн мөчлөгт шилжүүлж болох бөгөөд дараах байдлаар зохицуулна:
8.5.6.1. I мөчлөгийн багцын гүйлгээг II мөчлөгт шилжүүлэх;
8.5.6.2. II мөчлөгийн багцын гүйлгээг III мөчлөгт шилжүүлэх;
8.5.6.3. III мөчлөгийн багцын гүйлгээг буцаах.
8.5.7.Тухайн өдрийн багц гүйлгээний сүүлийн мөчлөгийн дараа илгээсэн багц гүйлгээг ҮЦГТ нь үр дүнгийн тооцоололд тусгахгүйгээр гүйлгээ илгээгчид буцаана.
8.6.Багц гүйлгээний горимоор дебит гүйлгээ дамжуулахад ҮЦГТ болон оролцогч нь дараах зарчмыг баримтална:
8.6.1.Гүйлгээ илгээгч нь гүйлгээний огнооноос ажлын 5 өдрийн өмнө илгээх;
8.6.2.ҮЦГТ нь оролцогчийн илгээж буй гүйлгээ нь дебит гүйлгээ хийх зөвшөөрлийн санд бүртгэгдсэн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр тухайн гүйлгээг хүлээн авагч руу илгээнэ.
8.6.3.Гүйлгээ илгээгч нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан дебит гүйлгээг илгээх;
8.6.4.Гүйлгээ хүлээн авагч нь энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан шалтгаан үүссэн тохиолдолд санхүүгийн гүйлгээг татгалзах (үр дүнгийн тооцоололд орохгүй);
8.6.5.Энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан шалтгаан үүссэн тохиолдолд ҮЦГТ нь татгалзсан гүйлгээг үр дүнгийн тооцоололд тусгахгүй ;
8.6.6.Гүйлгээ хүлээн авагч дебит гүйлгээг мөчлөгөөс өмнө хүлээн авсан байх ба ҮЦГТ дараа нь үр дүнгийн тооцооллыг гүйцэтгэж, үр дүнгийн тооцооллын мэдэгдлийн файлаар гүйлгээ илгээгч болон хүлээн авагчид тус дебит гүйлгээг тооцоололд орсон эсэхийг мэдэгдэнэ.
8.6.7.Гүйлгээ илгээгч нь ҮЦГТ-өөс багц дебит гүйлгээ хийх мэдээг хүлээн авч, төлбөр хүлээн авагчийн дансанд тусгах;
8.6.8.Хүлээн авагчийн нөөц нь дебит гүйлгээг хийхэд хүрэлцэхгүй тохиолдолд ҮЦГТ тухайн дебит гүйлгээг хийхээс татгалзах;
8.6.9.Гүйлгээ илгээгч нь төлбөр хүлээн авагчийн нэр дансны дугаарыг шалгасны дараа мөнгөн дүнг дансанд тусгах.
8.7.ҮЦГТ нь энэ дүрмийн 8.6.8-аас 8.6.9-д заасан үйл ажиллагаанаас үүдэлтэй санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцахгүй.
ЕС.БОДИТ ЦАГИЙН ГОРИМ
9.1.Оролцогч нь АСН системийн бодит цагийн горимоор гүйлгээг тухай бүрд дамжуулж болно.
9.2.ACH системийн бодит цагийн горимоор дамжих гүйлгээг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоосон энэ дүрмийн 13 дугаар хавсралтад заасан хязгаараар 14 дүгээр хавсралтад заасан дарааллаар боловсруулна.
9.3.Оролцогч нь бодит цагийн горимоор зөвхөн кредит гүйлгээ дамжуулна.
9.4.Бодит цагийн горимд дараах зарчмыг баримтална:
9.4.1. 24/7 горимоор гүйлгээ дамжуулах боломжтой байх;
9.4.2.Төлбөр гүйцэтгэгчийн данснаас төлбөрийн мөнгөн дүнг хасах, төлбөр хүлээн авагчийн дансанд гүйлгээний мөнгөн дүнг тусгах үйл ажиллагааг гүйлгээ илгээгч болон гүйлгээ хүлээн авагч нь ҮЦГТ-ийн гүйлгээний цахим мэдээний дагуу нэгэн зэрэг хийх;
9.4.3.Гүйлгээ хүлээн авагчийн нөөцийг нэмэгдүүлэх, гүйлгээ илгээгчийн нөөцийг хорогдуулах үйл ажиллагааг ҮЦГТ нь төлбөр хүлээн авагчийн дансанд гүйлгээний мөнгөн дүн тусах үед зэрэг гүйцэтгэх;
9.4.4.Гүйлгээ илгээгч нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан кредит гүйлгээ илгээх;
9.4.5.Энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан буцаалтын эсхүл татгалзах үндэслэл бүхий гүйлгээний хариунд үндэслэж хэрэглэгчийн дансанд нөлөөлөх;
9.4.6.ҮЦГТ нь энэ дүрмийн 5 дугаар хавсралтад заасан буцаалтын эсхүл татгалзах үндэслэл бүхий кредит гүйлгээг үр дүнгийн тооцоололд тусгахгүй;
9.4.7.Гүйлгээ хүлээн авагч нь төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаарыг шалгаж, ҮЦГТ-өөс амжилттай гэсэн хариу өгсний дараа мөнгөн дүнг дансанд тусгаж гүйлгээ амжилттай болсон тухай хариуг ҮЦГТ-д илгээнэ.
9.5.ҮЦГТ нь энэ дүрмийн 9.4.6-д заалтад заасан үйл ажиллагаанаас гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцахгүй.
АРАВ.ДАНСНЫ НЭГДСЭН САН
10.1.ҮЦГТ нь ACH системээр гүйлгээ хийх үйл ажиллагааг хялбарчлах, гүйлгээний алдааг багасгах зорилгоор дансны нэгдсэн санг хөтөлнө.
10.2.Оролцогч нь энэ дүрмийн 10.4 дахь заалтад заасан төлбөр хүлээн авагчийн мэдээллийг тухайн хэрэглэгчийн хүсэлтээр Дансны нэгдсэн санд бүртгүүлж, энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан цахим мэдээний бүтцийн дагуу хэрэглэгчийн мэдээллийг бүртгэнэ, нэмнэ, шинэчилнэ, устгана.
10.3.Гүйлгээний цахим мэдээнд төлбөр хүлээн авагчийн энэ дүрмийн 10.4.3-аас 10.4.6-д заасан дахин давтагдашгүй мэдээллийг ашигласан тохиолдолд гүйлгээ илгээгч нь тухайн мэдээллийг Дансны нэгдсэн санд байгаа эсэхийг шалгаж дараах үйлдлийг хийнэ:
10.3.1.Төлбөр хүлээн авагчийн дахин давтагдашгүй мэдээлэл дансны нэгдсэн санд бүртгэгдсэн бол:
10.3.1.1.Төлбөр хүлээн авагчийн банк дансны дугаарыг гүйлгээ илгээгчийн цахим гүйлгээний мэдээнд нэмэх;
10.3.1.2.Төлбөр хүлээн авагчийн Дансны нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллийн дагуу гүйлгээ хийх зөвшөөрөл авах;
10.3.1.3.Төлбөр гүйцэтгэгч зөвшөөрсөн тохиолдолд гүйлгээний цахим мэдээг ACH систем рүү илгээх.
10.3.1.4.Төлбөр гүйцэтгэгч зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн гүйлгээг цуцалж, төлбөр гүйцэтгэгчид мэдээлэх;
10.3.2.Энэ дүрмийн 10.4.3-аас 10.4.6-д заасан төлбөр хүлээн авагчийн дахин давтагдашгүй мэдээлэл Дансны нэгдсэн санд бүртгэгдээгүй бол төлбөр хүлээн авагчийн мэдээлэл байхгүй байгаа тухай төлбөр гүйцэтгэгчид мэдээлж гүйлгээг цуцална.
10.4.Хэрэглэгч нь өөрийн дараах мэдээллийг дансны нэгдсэн санд бүртгүүлж болно:
10.4.1.Дансны нэр;
10.4.2.Дансны дугаар;
10.4.3.Утасны дугаар;
10.4.2.Цахим шуудангийн хаяг;
10.4.3.Сошиал сүлжээний хэрэглэгчийн нэр;
10.4.4.Бусад дахин давтагдашгүй мэдээлэл.
10.5.Дансны нэгдсэн сангийн бүртгэлд энэ дүрмийн 10.4.1, 10.4.2-т заасан мэдээлэл заавал байна.
10.6.Дансны нэгдсэн санд бүртгүүлсэн энэ дүрмийн 10.4.3-аас 10.4.6-д заасан хэрэглэгчийн мэдээллүүд дахин давтагдашгүй байна.
10.7.Хэрэглэгч нь Дансны нэгдсэн санд алдаатай мэдээлэл бүртгүүлсэн эсхүл өөрчлөлтийг тухай бүр мэдэгдээгүйгээс үүдэн гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцна.
10.8.ҮЦГТ болон оролцогч нь Дансны нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллийг зөвхөн ACH системийн гүйлгээний мэдээллийг баталгаажуулах зорилгоор ашиглана.
10.9.ҮЦГТ нь энэ дүрмийн 10.3.1.3, 10.3.2-т заасан үйл ажиллагаанаас үүдэн гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцахгүй.
АРВАН НЭГ. ДЕБИТ ГҮЙЛГЭЭНИЙ ЗӨВШӨӨРЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ
11.1.ҮЦГТ нь дебит гүйлгээний зөвшөөрлийн сан хөтөлнө.
11.2.Дебит гүйлгээний зөвшөөрөл нь дараах мэдээллийг агуулсан байна:
11.2.1.Дахин давтагдашгүй зөвшөөрлийн дугаар;
11.2.2.Зөвшөөрөл олгосон огноо;
11.2.3.Дебит гүйлгээ хийх байгууллагын нэр;
11.2.4.Төлбөр гүйцэтгэгчийн банкны нэр;
11.2.5.Төлбөр гүйцэтгэгчийн дансны дугаар;
11.2.6.Гүйлгээ хийх давтамж;
11.2.7.Суутган авах мөнгөн дүнгийн дээд хязгаар;
11.2.8.Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа;
11.2.9.Төлбөр гүйцэтгэгчийн гарын үсэг;
11.2.10Төлбөр гүйцэтгэгчийн регистрийн дугаар эсхүл байгууллагын бүртгэлийн дугаар.
11.3.Төлбөр хүлээн авагч нь энэ дүрмийн 15 дугаар хавсралтад заасан маягтын дагуу төлбөр гүйцэтгэгчээс дебит гүйлгээ хийх зөвшөөрлийг хүлээн авч дебит гүйлгээ илгээж эхлэхээс 5-аас доошгүй ажлын өдрийн өмнө Дебит гүйлгээний зөвшөөрлийн санд бүртгүүлнэ.
11.4.Гүйлгээ хүлээн авагч нь энэ дүрмийн 15 дугаар хавсралтад заасан маягтыг үндэслэн 5-аас доошгүй ажлын өдөрт багтаан дебит гүйлгээний зөвшөөрлийг баталгаажуулна.
11.5.ҮЦГТ нь тус санг хөтлөхдөө дараах шалгуураар гүйлгээг шалгана:
11.5.1.Дебит гүйлгээний зөвшөөрлийн санд тухайн гүйлгээ бүртгэгдсэн эсэх;
11.5.2.Огноо таарч байгаа эсэх;
11.5.3.Гүйлгээ хийх давтамж таарч байгаа эсэх;
11.5.4.Гүйлгээний мөнгөн дүн таарч байгаа эсэх.
11.5.5.Энэ дүрмийн 11.5-д зүйлд заасан шалгуурыг хангаагүй тохиолдолд ҮЦГТ нь тухайн дебит гүйлгээг хийхээс татгалзана.
11.5.6.ҮЦГТ нь энэ дүрмийн 11.6-д заасан үйл ажиллагаанаас гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцахгүй.
АРВАН ХОЁР.ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА
12.1.ҮЦГТ болон оролцогч нь Монголбанкнаас баталсан холбогдох журмын дагуу АСН системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллана.
12.2.ҮЦГТ болон оролцогч нь засвар, үйлчилгээ хийх зорилгоор урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр АСН систем рүү гүйлгээ илгээх, дамжуулах, хүлээн авах үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн зогсоохыг төлөвлөгөөт зогсолт гэнэ.
12.3.АСН системийн үйл ажиллагаа 2 минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг гэнэтийн саатал гэнэ.
12.4.ҮЦГТ эсхүл оролцогчийн системд техникийн, сүлжээний, үйл ажиллагааны доголдол гарч улмаар АСН систем болон оролцогчийн систем нь тухайн өдөрт 2 цаг буюу түүнээс дээш хугацаанд гүйлгээ илгээгчийн болон хүлээн авагчийн гүйлгээний цахим мэдээ, үр дүнгийн тооцооллыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдлыг онцгой байдал гэнэ.
12.5.ҮЦГТ болон оролцогч нь системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах талаар баримтлах бодлого, техникийн стандартыг боловсруулж, журамлаж, техникийн дараах шаардлагыг тусгасан байна:
12.5.1.Техник, технологийн хувьд:
12.5.1.1.Нөөц төвтэй байх;
12.5.1.2.Үндсэн болон нөөц төвийн сүлжээний холболт, түүний хяналт;
12.5.1.3.Оролцогчийн үндсэн болон нөөц төвийг ҮЦГТ-ийн үндсэн болон нөөц төв рүү сүлжээний түвшинд холбох, түүний хяналт;
12.5.1.4.Системийн туршилтын хугацаа, хийх давтамж, туршилтын үр дүнд үндэслэн шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх ажиллагааны дараалалтай байх.
12.5.2.Үйл ажиллагааны хувьд:
12.5.2.1.24/7 горимоор хийх үйл ажиллагааны хяналт;
12.5.2.2.24/7 горимоор хэрэглэгчид үйлчлэх үйл ажиллагааг;
12.5.2.3.Нөөцийн дутагдалд орсон тохиолдолд дагаж ажиллах үйл ажиллагааны дарааллыг;
12.5.2.4.Орлон гүйцэтгэх хуваарь, түүнийг турших давтамж;
12.5.2.5.Системийн тасралтгүй ажиллагаа алдагдсан тохиолдолд гүйцэтгэх үйл ажиллагааны болон олон нийтэд мэдээлэх дараалал.
12.6.Системийн төлөвлөгөөт зогсолтын нийт хугацаа нэг сард 4 цагаас, гэнэтийн саатлын хугацаа нэг сард 0.1 хувиас тус тус илүүгүй байна.
12.7.ҮЦГТ болон оролцогч нь системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүднээс энэ дүрмийн 16 дугаар хавсралтад заасан зарчмыг онцгой байдлын үед баримтлан ажиллана.
12.8.ҮЦГТ эсхүл оролцогч нь системийн гэнэтийн тасралтаас хамаарч хэрэглэгчийн гүйлгээг хийх, хүлээн авах боломж алдагдаж, онцгой байдал зарлахад хүрсэн тохиолдолд олон нийтэд дараах мэдээллийг хүргэнэ:
12.8.1.Онцгой байдал гарсан шалтгаан;
12.8.2.Тасралт эхэлсэн огноо, цаг, минут;
12.8.3.Тасралт дуусах боломжит огноо, цаг, минут;
12.8.4.Гүйлгээ хийх боломжтой бусад суваг.
12.9.ҮЦГТ эсхүл оролцогч нь системийн төлөвлөгөөт зогсолт хийх тохиолдолд олон нийтэд ажлын 3 хоногийн өмнө дараах мэдээллийг хүргэнэ:
12.9.1.Төлөвлөгөөт зогсолт хийх горим, шалтгаан;
12.9.2.Зогсолт эхлэх огноо, цаг, минут;
12.9.3.Зогсолт дуусах огноо, цаг, минут;
12.9.4.Гүйлгээ хийх боломжтой бусад суваг.
АРВАН ГУРАВ. НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
13.1.Тоон гарын үсгийн мэдээлэл бүхий нууцлалын токен төхөөрөмжийг ашиглаж АСН систем рүү илгээх гүйлгээний цахим мэдээг нууцална.
13.2.ҮЦГТ болон оролцогч нь ACH систем рүү илгээсэн, хүлээн авсан мэдээллийн үнэн зөв, нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, тус системээр дамжин хийгдэж байгаа гүйлгээ болон бусад мэдээллийг Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 32.1 дэх заалтад зааснаас бусад тохиолдолд чандлан хадгална.
13.3.ҮЦГТ болон оролцогч нь ACH систем рүү илгээсэн, хүлээн авсан гүйлгээтэй холбоотой аливаа мэдээллийг Архивын тухай хуулийн дагуу хадгална.
13.4.ҮЦГТ болон оролцогч нь ACH систем рүү хийж буй хандалт болгоныг тоон гарын үсгээр баталгаажуулах бөгөөд тоон гарын үсгийн хэрэглээ, эрх, үүрэг, хариуцлагыг холбогдох журмаар зохицуулна.
13.5.ҮЦГТ болон оролцогч нь ACH системээр дамжуулсан гүйлгээ болон бусад мэдээллийг Банкны тухай хуулийн 7.2 дахь заалт, Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дахь заалт, Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дэх заалтын дагуу чандлан хадгална.
13.6.ҮЦГТ нь дараах мэдээллийг нийтэд мэдээлж болно:
13.6.1.ACH системээр дамжсан гүйлгээний нийт тоо, дүн зэрэг ерөнхий мэдээллийг;
13.6.2.ACH системийн талаарх тайлбарыг;
13.6.3.Оролцогч тус бүрийн техник болон програм хангамжийн тасралтгүй, найдвартай байдлын талаарх мэдээлэл.
АРВАН ДӨРӨВ.ГҮЙЛГЭЭНИЙ ХӨЛС, ШИМТГЭЛ
14.1.Монголбанк нь Хүснэгт 1-д заасан шимтгэлийг авч болно.
Хүснэгт 1.Хөлс, шимтгэл
Д/Д |
Хөлс, шимтгэл |
Тайлбар |
Шимтгэл авах хуваарь |
Төлөх оролцогч |
|
1 |
Бодит цагийн кредит гүйлгээ |
Энэ дүрмийн 3.14.1заасан кредит гүйлгээний цахим мэдээ бүрд тооцно |
Гүйлгээний мөчлөгийн эцэст |
Банксүлжээ |
Гүйлгээ илгээгч |
2 |
Багцын кредит гүйлгээ |
Багц дахь кредит гүйлгээ бүрд тооцно |
Гүйлгээний мөчлөгийн эцэст |
Гүйлгээний мөчлөгийн эцэст |
Гүйлгээ илгээгч |
3 |
Багцын дебит гүйлгээ |
Багц дахь дебит гүйлгээ бүрд тооцно |
Гүйлгээний мөчлөгийн эцэст |
Гүйлгээний мөчлөгийн эцэст |
Гүйлгээ илгээгч |
4 |
Нэр данс зөрсөн кредит гүйлгээ |
Төлбөр хүлээн авагчийн мэдээлэл дансны нэгдсэн санд бүртгэгдсэн эсэхээс үл хамааран гүйлгээ илгээгч нь дансны нэгдсэн сан ашиглаагүй тохиолдолд |
Дараа сарын эхний долоо хоногт |
АСН системийн дебит гүйлгээгээр |
Гүйлгээ илгээгч |
5 |
Нэр данс зөрсөн кредит гүйлгээ |
Төлбөр хүлээн авагчийн мэдээлэл дансны нэгдсэн санд бүртгэгдсэн эсэхээс үл хамааран гүйлгээ илгээгч нь дансны нэгдсэн сангийн мэдээллийг ашигласан тохиолдолд |
Дараа сарын эхний долоо хоногт |
АСН системийн дебит гүйлгээгээр |
Гүйлгээ хүлээн авагч |
6 |
Гүйлгээний мөчлөгийн нөөц хүрэлцэхгүйн улмаас буцаагдсан кредит гүйлгээ |
Буцаагдсан кредит гүйлгээ бүрд тооцно. |
Дараа сарын эхний долоо хоногт |
АСН системийн дебит гүйлгээгээр |
Гүйлгээ илгээгч
|
7 |
Гүйлгээ хийгдэх огнооноос хойш ҮЦГТ-д илгээгдсэн дебит гүйлгээ |
Илгээгдсэн гүйлгээ бүрд тооцно |
Дараа сарын эхний долоо хоногт |
АСН системийн дебит гүйлгээгээр |
Гүйлгээ илгээгч |
8 |
Гишүүнчлэлийн шимтгэл |
Сар бүрд тооцно |
Дараа сарын эхний долоо хоногт |
АСН системийн дебит гүйлгээгээр |
Оролцогч |
9 |
Элсэлтийн хөлс |
Тухай бүрд |
Дараа сарын эхний долоо хоногт |
Нэхэмжлэлийн дагуу |
Оролцогчоор элсэх хүсэлт гаргагч |
10 |
Маргаан шийдвэрлэх ажлын хэсгээр шийдвэрлүүлсэн хөлс |
Тухай бүрд |
Дараа сарын эхний долоо хоногт |
Нэхэмжлэлийн дагуу |
Маргаан үүсгэгч |
14.2.Монголбанк нь дор дурдсан буцаалтын болон алдаатай гүйлгээний шимтгэлийг гүйлгээ илгээгчээс авна:
14.2.1.Дансны мэдээллийн санд бүртгэгдсэн төлбөр хүлээн авагчийн мэдээллийг ашиглаагүйгээс төлбөр хүлээн авагчийн нэр, данс зөрж буцсан эсхүл буруу дансанд орсон кредит гүйлгээнд;
14.2.2.Тухайн өдрийн эцсийн багц гүйлгээний мөчлөг дууссаны дараа илгээсэн багц гүйлгээнд;
14.2.3.Гүйлгээний мөчлөгийн нөөц хүрэлцэхгүйн улмаас буцаасан кредит гүйлгээнд;
14.2.4.Гүйлгээний огнооноос хойш ҮЦГТ-д илгээсэн дебит гүйлгээнд.
14.3.Монголбанк нь дор дурдсан буцаалтын болон алдаатай гүйлгээний шимтгэлийг гүйлгээ хүлээн авагчаас авна:
14.3.1.Гүйлгээний мөчлөгийн нөөц хүрэлцээгүйн улмаас буцаасан дебит гүйлгээнд;
14.3.2.Дансны нэгдсэн санд төлбөр хүлээн авагчийн мэдээллийг бүртгүүлээгүй, буруу мэдээлэл бүртгүүлсэн, мэдээллийг шинэчлээгүйгээс төлбөр хүлээн авагчийн нэр, данс зөрж буцсан эсхүл буруу дансанд орсон кредит гүйлгээнд.
14.4.Энэ дүрмийн 14.2, 14.3-т заасан алдаатай, буцаалтын гүйлгээнээс үүсч болох хэрэглэгчийн санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
14.5.Оролцогч нь энэ дүрмийн 14.2, 14.3-т заасан гүйлгээний алдаа, буцаалтаас авсан шимтгэлийг хэрэглэгчээс суутгаж авахгүй.
14.6.Оролцогч нь тухайн шимтгэлийг хугацаандаа төлөөгүй, төлөхөөс татгалзсан тохиолдолд энэ нь тухайн оролцогчийн эрхийг ACH системээс түдгэлзүүлэх үндэслэл болно.
АРВАН ТАВ.МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ
15.1.Оролцогч хоорондын гүйлгээтэй холбоотой аливаа маргааныг оролцогчид харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
15.2.Оролцогчид харилцан тохиролцоонд хүрээгүй нөхцөлд АСН системд маргаан үүсгэнэ.
15.3.Маргаан шийдвэрлэх дараалал нь энэ дүрмийн 17 дугаар хавсралтад заасны дагуу хийгдэнэ.
15.4.Маргаан үүсгэх хугацаа нь эх гүйлгээ хийгдсэн өдрөөс хойш ажлын 45 хоног байх бөгөөд энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд оролцогч маргаан үүсгэхгүй байна[1].
15.5.Бодит цагийн горимоор дамжсан гүйлгээний маргааныг дараах байдлаар шийдвэрлэнэ:
15.5.1.Маргаан хариуцагч тал ACH системд үүссэн маргааныг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд тухайн маргаан дуусгавар болно.
15.5.2.Маргаан хариуцагч тал ACH системд үүссэн маргааныг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд залруулгын гүйлгээг үүсгэнэ.
15.5.3.Маргаан үүсгэгч тал 15.5.1 дугаар заалтыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд Маргаан шийдвэрлэх ажлын хэсэг (МШАХ)-т хүсэлт гаргаж болно.
15.5.4.Маргаан хариуцагч тал үүссэн маргаанд ажлын 10 хоногийн хугацаанд аливаа хариу үйлдэл хийгээгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр тухайн маргааныг МШАХ-т шилжүүлж болно1.
15.6.Багц гүйлгээний горимоор дамжсан гүйлгээний маргааныг дараах байдлаар шийдвэрлэнэ:
15.6.1.Маргаан хариуцагч тал ACH системд үүссэн маргааныг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд тухайн маргаан дуусгавар болно.
15.6.2.Маргаан хариуцагч тал ACH системд үүссэн маргааныг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд ACH систем 24 цагийн дотор залруулгын гүйлгээг автоматаар үүсгэнэ.
15.6.3.Маргаан үүсгэгч тал 15.6.1 дугаар заалтыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд МШАХ-т хүсэлт гаргаж болно.
15.6.4.Маргаан хариуцагч тал үүссэн маргаанд ажлын 10 хоногийн хугацаанд аливаа хариу үйлдэл хийгээгүй тохиолдолд ACH систем залруулгын гүйлгээг маргаан үүсгэгч талд автоматаар үүсгэнэ.
15.7.МШАХ нь ҮЦГТ-ийн дэргэд орон тооны бус байх бөгөөд шууд оролцогч бүр маргаан хариуцсан удирдах 1 ажилтныг гишүүнээр томилно.
15.8.Маргаан үүсгэгч, хариуцагч талууд аливаа маргааныг хүлээн зөвшөөрөөгүй, эсвэл маргааны хугацаа хэтэрсэн нөхцөлд МШАХ-т хүсэлт гаргаж, тухайн маргааныг шийдвэрлүүлнэ.
15.9.Маргаан үүсгэгч, хариуцагч талууд МШАХ-ийн хурлын гаргасан шийдвэрийн дагуу холбогдох залруулгын гүйлгээ үүсгэж, шийдвэрлэгдээгүй маргааныг хаана.
15.10.Маргаан үүсгэгч, хариуцагч аль нэг тал МШАХ-ийн хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
15.11.МШАХ-ийн хурлын бүрэлдэхүүнд шууд оролцогч талаас 3 гишүүн, ҮЦГТ-өөс 1 гишүүн, нийт 4 гишүүн байх бөгөөд дараах зарчмыг баримталж ажиллана:
15.11.1.МШАХ нь дундын цахим хаягтай байх бөгөөд түүнийгээ аливаа мэдээлэл солилцох албан ёсны хэрэгсэл болгон ашиглана.
15.11.2.МШАХ-ийн хурлын бүрэлдэхүүнд маргаан үүсгэгч, маргаан хариуцагч талтай холбоогүй этгээд байх бөгөөд дараах зарчмаар ажиллана:
Маргаан үүсгэгч, хариуцагч |
МШАХ-ийн хурлын бүрэлдэхүүн |
|||
А-Б банк |
В банк |
Г банк |
Д банк |
ҮЦГТ |
Б-В банк |
А банк |
Г банк |
Д банк |
ҮЦГТ |
В-Г банк |
А банк |
Б банк |
Д банк |
ҮЦГТ |
Г-Д банк |
А банк |
Б банк |
В банк |
ҮЦГТ |
15.11.3.ҮЦГТ нь МШАХ-т ирсэн хүсэлтэд үндэслэн МШАХ-ийн хурлыг сард 1 удаа товлон хуралдуулна.
15.11.4.МШАХ нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, журмыг баримтална.
15.11.5.Тухайн маргааныг шийдвэрлэхэд оролцож буй МШАХ-ийн хурлын гишүүдийн олонхын саналыг харгалзан үзнэ.
15.11.6.ҮЦГТ-өөс томилогдсон МШАХ-ийн гишүүн нь саналын эрхгүй байна.
15.11.7.Маргаан шийдвэрлэхэд оролцсон МШАХ-ийн гишүүдэд ажлын хөлс олгоно.
15.11.8.МШАХ нь гүйлгээний цахим мэдээ, мэдээллийн нууцлалыг хадгална.
15.11.9.МШАХ нь маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг баримтжуулж, эх хувийг ҮЦГТ-д хадгалуулна.
15.12.МШАХ-ийн хурлаар маргааныг шийдвэрлэхдээ дараах зарчмыг баримталж болно:
15.12.1.Гүйлгээ хүлээн авагч дараах тохиолдолд давуу эрх эдэлнэ:
15.12.1.1.Төлбөр хүлээн авагчийн мэдээллийг дансны нэгдсэн санд үнэн, зөв бүртгүүлж, төлбөр гүйцэтгэгч нь энэ мэдээллийг ашиглаж кредит гүйлгээ хийсэн;
15.12.1.2.Гүйлгээ илгээгч нь дансны нэгдсэн сан ашиглаагүй.
15.12.2.Оролцогч тал сүлжээний найдвартай, тасралтгүй ажиллагааг алдагдуулсан тохиолдолд:
15.12.2.1.Гүйлгээ илгээгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарсан тохиолдолд гүйлгээ хүлээн авагч давуу эрх эдэлнэ;
15.12.2.2.Гүйлгээ хүлээн авагчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарсан тохиолдолд гүйлгээ илгээгч давуу эрх эдэлнэ.
15.12.3.ҮЦГТ сүлжээний найдвартай, тасралтгүй ажиллагааг алдагдуулсан тохиолдолд хохирсон тал давуу эрх эдэлнэ.
15.13.АСН системд үүссэн, МШАХ-ээр хэлэлцэгдээгүй маргаан 3 сар буюу түүнээс дээш хугацаанд шийдвэрлэгдээгүй хугацаа хэтэрсэн, мөн 15.4-д заасан хугацаанаас хойш маргаан үүссэн тохиолдолд ҮЦГТ нь МШАХ-ийг хуралдуулж, оролцогчид анхааруулга хүргүүлнэ. Анхааруулгад тухайн маргааныг талууд харилцан тохиролцож, шийдвэрлэх хугацааг заасан байна.
15.14.Энэ дүрмийн 15.13-д заасан анхааруулгыг хүлээн аваагүй нөхцөлд 3 сар буюу түүнээс дээш хугацаа хэтэрсэн маргаантай гүйлгээний тоогоор маргаан үүсгэгч, хариуцагч аль буруутай талд МШАХ-ээр шийдвэрлүүлсний хөлстэй тэнцэхүйц мөнгөн дүнгийн торгууль, 15.4-д заасан хугацаанаас хойш үүссэн маргаантай гүйлгээний тоогоор маргаан үүсгэгч талд МШАХ-ээр шийдвэрлүүлсний хөлстэй тэнцэхүйц мөнгөн дүнгийн торгууль ногдуулна.
АРВАН ЗУРГАА.ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ
16.1.Төлбөр хүлээн авагчийн данснаас буцаалтын гүйлгээг зөвхөн тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ.
16.2.Оролцогч нь ACH системд хийсэн гүйлгээний талаарх мэдээлэл, санал, мэдээ, гомдол хүлээн авах үнэгүй суваг ажиллуулна. Оролцогч нь энэ сувгаар ирсэн санал, мэдээ, гомдлын хариуг ажлын 5 хоногийн дотор багтаан өгөх бөгөөд сувгийн үйл ажиллагааны нэгтгэсэн тайланг ҮЦГТ-д улирал тутамд хүргүүлнэ.
16.3.Оролцогч нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу АСН системээр хийсэн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг цахим шуудан гэх мэт үнэгүй сувгаар хүргэх боломжийг хангаж ажиллана.
16.4.Оролцогч нь хэрэглэгчийн гүйлгээ саатсан тохиолдолд хэрэглэгчид гарсан санхүүгийн болон санхүүгийн бус хохирлыг хариуцна. Барагдуулах хохирлын хэмжээг харилцан тохиролцох бөгөөд тохиролцох боломжгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
АРВАН ДОЛОО.ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
17.1.Энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Монголбанкнаас дараах арга хэмжээг авна:
17.1.1.Нөөцийн дутагдалд орсон, онцгой байдлын үед холбогдох арга хэмжээ аваагүй, АСН системийн эрх хаагдсан, түдгэлзүүлснээс хэрэглэгчийн гүйлгээг саатуулсан этгээдэд Төв банк (Монголбанкны) тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Банкны тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
17.1.2.ACH системээр дамжуулж буй төлбөр тооцоог энэ дүрэмд заасны дагуу гүйцэтгээгүй бол холбогдох этгээдэд Төв банк (Монголбанкны) тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Банкны тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
17.1.3.Монголбанкны Ерөнхийлөгчийн ACH системийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан шийдвэрийг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
17.2.Хэрэглэгч, оролцогч нь АСH системтэй холбоотой санал, хүсэлтээ Монголбанкинд ирүүлж болно.
АРВАН НАЙМ.ХАВСРАЛТУУД
Хавсралт 1.Гүйлгээний цахим мэдээний бүтэц
Хавсралт 2.Гүйлгээний мөчлөгийн хуваарь
Хавсралт 3.Төлбөр тооцооны мөчлөгийн хуваарь
Хавсралт 4.Гүйлгээний зориулалт
Хавсралт 5.Гүйлгээ буцаах, татгалзах шалтгаан
Хавсралт 6.АCH системээр гүйлгээ дамжуулан гүйцэтгэх ажлын гэрээ
Хавсралт 7.АСН систем хариуцсан ажилтнуудын мэдээлэл
Хавсралт 8.Оролцогчид тавигдах шаардлага
Хавсралт 9.Оролцогч бүртгэх маягт
Хавсралт 10.Оролцогчийн эрхийг хаах, түдгэлзүүлэх
Хавсралт 11.Нөөцийн удирдлага, түүнийг баталгаажуулах
Хавсралт 12.Оролцогчийн код
Хавсралт 13.Гүйлгээний хязгаарлалт
Хавсралт 14.Гүйлгээ боловсруулах дараалал
Хавсралт 15.Дебит гүйлгээний зөвшөөрлийн маягт
Хавсралт 16.Онцгой байдлын үед ажиллах зарчим
Хавсралт 17.Маргаан шийдвэрлэх зарчим
Хавсралт 1-17 ЭНДЭЭС ТАТАЖ АВАХ
[1] Тус үйлдлийг системээс зохицуулахгүй тул энэхүү заалтыг баримтална.
Текст томруулах
A
A
A