- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (AFRICAN SWINE FEVER)
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
10 дугаар сарын 21-ний өдрийн А/187 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (AFRICAN SWINE FEVER)
НЭГ.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ.
1.1.Зорилго: Гахайн африкийн мялзан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга
хэмжээг оновчтой, шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэхүү зааврын зорилго оршино. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.6-д, тэмцэх арга хэмжээг мөн хуулийн 4.1.7-д заасан утгаар тус тус ойлгоно.
1.2.Хамрах хүрээ: Гахайн африкийн мялзан (ГАМ) өвчнөөр тайван бус бүс нутаг,
тус өвчин бүртгэгдсэн аж ахуй, гахай маллагч, гахай бүхий иргэд тус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү зааврыг ашиглана. Зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, гахай маллагч, гахай бүхий иргэн, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага дагаж мөрдөнө.
1.3.Өвчний тодорхойлолт: Гахайн төрөл, зүйл, вирусын хоруу чанараас эмнэл зүйн шинж тэмдэгийн илрэл, гахайн үхлийн төвшин хамаарах ба өндөр халуурч, тэжээлийн дуршилгүй болох, гахайн шийр, сүүл, чих, хоншоорын арьс хөхрөх, хамар, нүднээс гоождос гарах, арьс, дотор эрхтний цус харвалтаар илэрдэг тэжээвэр болон зэрлэг гахайд өндөр халдварлалт бүхий вирусын гаралтай хил даван халдварладаг өвчин.
ГАМ нь хүний эрүүл мэндэд ямар нэг эрсдэлгүй. ДМАЭМБ-ын “Газрын амьтны оношлуур, вакцины заавар”-т зааснаар заавал мэдээлэх өвчний жагсаалтад багтдаг.
1.4.Үүсгэгч: ГАМ-гийн үүсгэгч Asfaviridae овгийн ДНХ агуулсан Asfivirus вирус. Илрэх
эмнэл зүйн шинж тэмдэг нь гахайн сонгомол мялзангийн эмнэл зүйн шинж тэмдэгтэй ойролцоо хэдий ч үүсгэгчийн хувьд хоорондоо хамааралгүй.
1.5.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Үүсгэгч нь гадны хүчин зүйлд нэн тэсвэртэй, газрын
хөрс, сэг зэмд 4 сар, гахайн мах, баас, байр, намаг балчиг, чийгтэй газарт 6 сар орчим халдварлуулах идэвхээ хадгална. Цус, үрийн шингэн, эдэд удаан хугацаанд амьд байдаг. Ялангуяа халдвар авсан түүхий болон дутуу болгосон гахайн гаралтай бүтээгдэхүүн халдвар дамжуулах ихээхэн эрсдэлтэй. Үүсгэгч нь бага хэмд тэсвэртэй, харин өндөр хэмд тухайлбал: 560С хэмд 70 минут, 600С хэмд 20 минутад идэвхээ алдана. pH 3.9-өөс бага 11.5-аас их орчинд вирус идэвхгүйжнэ. +4 хэмд цусанд 18 сар, хөлдүү маханд 1000 өдөр, загсаасан маханд 110 өдөр, бохирлогдсон гахайн байранд 1 сарын хугацаанд халдварлуулах идэвхээ хадгална
Химийн бодисоос эфир, хлорформд мэдрэмтгий. Содын гидроксидын (8/1000) уусмал, 2.3%-ийн хлорын уусмал, Формалин (3/1000)-ы уусмал, 3%-ийн орто фенилперолын уусмалд тус тус 30 минутад идэвхгүйжнэ.
1.6.Өвчний тархварзүйн онцлог. Тэжээвэр болон зэрлэг гахайн хооронд
үүсгэгчийн цикл эргэлдэнэ. Өвчин хэт цочмог, цочмог, архаг хэлбэрээр илэрнэ. Өвчний нууц үе ихэнхдээ 4-19 хоног байдаг. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гахай өвчлөөд эдгэрсэн тохиолдолд 3–10 сарын хугацаанд тээгч болох ба маш ховор тохиолдоно.
1.7.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчилсөн болон үхсэн гахайн гадаад,
дотоод шүүрэл, эд, цус, энзоотик бус нутгийн тээгч тэжээвэр болон зэрлэг гахай халдварын эх үүсвэр болдог. Хүрээлэн байгаа орчин, гахайн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тогтолцоо, зөөгч шавж, хүний үйл ажиллагаа, тэжээвэр болон зэрлэг гахайн шилжилт хөдөлгөөн зэргээс ГАМ өвчний тархвар зүй хамаардаг. Халдвар авсан зэрлэг болон тэжээвэр гахай шууд хавьталд орох (шууд), үүсгэгчээр бохирлогдсон материал (хүнсний хаягдал, тэжээл, үлдэгдлээр тэжээх), биологийн дамжуулагч (ornithodoros төрлийн хачиг), хашаа, хороо, хэрэглэсэн хувцас, тээврийн хэрэгсэл, эдлэл (шууд бус)-ээр халдвар дамжина. ГАМ өвчний халдвар авсан гахайн мах, гулууз, дотор эрхтэн нь халдвар тараах нөхцөл болно.
1.8.Эмнэл зүйн шинж тэмдэг. Хэт цочмог хэлбэрийн үед эмнэл зүйн шинж тэмдэг
бараг үзүүлэхгүйгээр гэнэт олноор үхнэ. Цочмог хэлбэрийн үед өндөр халуурах, номойрох, тэжээлийн дуршил буурах, дуршилгүй болох, тэнцвэрээ алдах, амь тэмцэх, дулааны зохицуулга алдагдсанаас ихэвчлэн бага насны гахай байрны нэг хэсэгт олноор бөөгнөрөх, арьсны цусархаг үрэвсэл, цэгэн цус харвалт болох (хөл, хэвлий, чихний арьсанд улайлт үүсэх, хөхрөх), хээлтэй мэгж хээл хаях, арьс хөхрөх, бөөлжих, чацга алдах, нүдний салст бүрхүүл үрэвсэж нуух гоожих, чих улайж хөхөрсөн, зарим тохиолдолд цусархаг шүүдэс гоожих зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, 6-13 (дээд тал нь 20) хоногийн дотор үхдэг. Цочмог явцтай, үжилт хэлбэр ихээр тохиолдоно. Цочмог хэлбэрийн үед үхлийн төвшин 100%-д хүрдэг. Цочмог болон архаг хэлбэр нь вирусын хоруу чанараас шалтгаалах ба эмнэл зүйн шинж тэмдэг сулавтар илэрч, хэт цочмог хэлбэрийн үеэс удаан үргэлжилнэ. Үхлийн төвшин бага хэдий ч 30-70 хувийн хооронд хэлбэлзэнэ. Архаг хэлбэрээр өвчилсөн үед турах, сэлгээтэй халуурах, амьсгалын дутагдалд орох, арьс шархлах, үе үрэвсэх эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ.
1.9.Бие бүтцийн эмгэг хувирал: Уушигны завсрын эдийн нэвчдсэн үрэвсэл, хэлтэнцэр хооронд болон цээжний хөндийд усан хаван үүссэн байна. Зүрхний тосгуур хэсэгт болон үнхэлцгэнд голомтот цус харвалт олноор үүсч, үнхэлцэгний хөндийд шингэн ихээр хуримтлагдана. Дэлүү хэвийн хэмжээнээс 2 дахин томорч, хар хүрэн болсон байх бөгөөд биелэг байдал алдагдаж, нугалахад хялбар цуурна. Ходоод-элэгний тунгалагийн зангилаа томорч, цус ихдэлтийн улмаас хүрэн улаан болно. Гахайн сонгомол мялзантай адил бөөрний холтослог давхаргын гадаргад цэгэн харвалт үүсэхээс гадна зарим тохиолдолд голомтолсон цус ихдэлтийн болон бөөгнөрлийн улмаас хар хүрэн болсон байна. Бөөрний тэвшинд голомтот цус харвалт ихээр үүссэн байна. Чацархайн тунгалагийн зангилаа томорч, цус ихдэлтийн улмаас нэлэнхүйдээ хар хүрэн өнгөтэй болсон байна. Гахайн давсагны салст бүрхүүлд цэгэн цус харвалт үүссэн байна.
ХОЁР.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ.
2.1.Оношилгоо. ДМАЭМБ-ын “Газрын амьтны оношилгоо, вакцины заавар”-ын 3.8.1-д заасны дагуу ГАМ өвчний тархвар зүйн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувирал зэргийг үндэслэж урьдчилсан онош тогтоон, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. ГАМ өвчтэй, эсвэл өвчний сэжигтэй тохиолдолд Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан дээж авах, бэлтгэх, хадгалах, илгээх журам (МЭЕГ-2018)-ын дагуу дээж авч улсын мал эмнэлгийн лабораторид оношийг баталгаажуулна. Голомттой бүс нутагт ийлдэс судлалын шинжилгээний дүнгээс гадна үүсгэгч, үүсгэгчийн генийн хэсэг илрүүлэх аргуудаас сонгон, оношийг баталгаажуулна.
ГАМ өвчнийг ПГУ, Бодит хугацааны ПГУ, вирус өсгөвөрлөх ба ЕЛИЗА шинжилгээний аргуудыг ашиглан шинжилнэ. Үүсгэгчийн гарал үүслийг генийн дараалал тогтоох шинжилгээгээр тогтооно. Оношлох, тандах, баталгаажуулах шинжилгээнд ГАМ өвчний дэлхийн эсхүл бүсийн лавлагааны лабораторийн зохион бүтээсэн, зөвлөсөн оношлуурыг хэрэглэнэ.
2.2.Онош баталгаажуулах: Олон улсын эсвэл бүсийн лавлагаа лабораторид сорьц
илгээж, лабораторийн оношилгооны үр дүнг баталгаажуулна.
2.3.Ялгаварлан оношилгоо: Гахайн сонгомол мялзан, гахайн үржил, амьсгалын замын хам шинж, ёлом, иж балнад, ауески, цусан халдвар, гахайн гастроэнтерит, цусан суулга өвчнөөс ялгаварлан оношилно.
2.4.Эмчилгээ: Байхгүй
2.5.Хязгаарлалтын дэглэм: ГАМ өвчний сэжигтэй тохиолдол илэрмэгц өвчний тархвар зүй, эмнэл зүйн шинж тэмдэгийг үндэслэн лабораторид илгээсэн сорьцны хариуг хүлээлгүйгээр өвчний сэжиг бүхий өрх, аж ахуйд хязгаарлалт хийнэ.
2.6.Хорио цээрийн дэглэм тогтоон тэмцэх: ГАМ өвчин нь хорио цээрийн дэглэм
тогтоох өвчний ангилалд хамаарна. ГАМ өвчний онош баталгаажсан хот айл, ферм, аж ахуй, бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, өвчинтэй тэмцэх арга хэмжээг “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам (ЗГ-2018-266)”1 болон энэхүү заавар, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгийг баримтлан хэрэгжүүлнэ.
2.6.1.Оношилгоо хүлээгдэх шаардлага үүссэн бол тархвар зүйн байдал, эмнэл зүйн
шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувиралд үндэслэсэн мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр Ерөнхий малын эмч шийдвэр гаргаж, тэмцэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлнэ.
2.6.2.Хорио цээрийн дэглэмийн үед голомтын бүсийн хилийн заагийг байршил, гахайн аж ахуй, гахай бүхий өрхийн тоо, халдвар дамжих эрсдэлийг харгалзан өвчний голомтоос 20 км хүртэл нутаг дэвсгэрийг хамруулан тогтооно.
2.6.3.Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн бүс, өвчний голомт, голомтод байгаа аж
ахуй, фермийн байршил, тоо, халдваргүйтгэлийн болон хорио цээрийн нэвтрэх цэг, зам харилцаа, худаг уст цэгийг багтаасан тархвар зүйн зураглал үйлдэнэ.
2.6.4.Дэглэмийн хугацаанд голомтын болон сэжигтэй бүсээс амьд гахай, гахайн гаралтай бүтээгдэхүүн, тэжээл, ялгадас гаргах, худалдаалах, сүрэг сэлбэх, нүүлгэн шилжүүлэх болон ажиллагсад, тээврийн хэрэгсэлийг аж ахуй хооронд дамжуулахыг хориглоно.
2.6.5.Халдвар дамжуулах эрсдэлт хүчин зүйлсийг үнэлж, эрсдэлийг бууруулна. Голомт, сэжигтэй бүсийн аж ахуй, фермд ГАМ өвчин, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, зөвлөмж өгнө.
2.6.6.Өвчний голомтод ажиллаж байгаа малын эмч тархвар зүйн судалгаа хийж, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувирлыг баримтжуулж, гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл өдөр бүр хөтөлнө.
2.6.7.Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж Мал, амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны заавар (МЭЕГ-2018А/52-Х1)1 болон Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн арга хэмжээний заавар (МЭЕГ-2018А/52-Х2)1-ыг тус тус баримтлан зохион байгуулна.
2.6.8.Өрхийн гахайн аж ахуй болон цөөн тооны гахайтай хагас байран маллагаа бүхий аж ахуйд ГАМ бүртгэгдсэн үед бүх гахайг даруй устгана.
2.6.9.Хаалттай аж ахуйд ГАМ өвчин бүртгэгдсэн бол тухайн аж ахуйн биохамгаалал, биоаюулгүй байдлаас шалтгаалан тухайн байрны бүх гахайг устгах ба 21 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтооно.
2.6.10.Хорио цээрийн дэглэм тогтоосон аж ахуй, өрхийн өвчилсөн, үхсэн сүүлийн гахайг устгаснаас хойш 21 хоногийн дараа эцсийн халдваргүйтгэл хийж, мал эмнэлгийн байгууллагын саналыг үндэслэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр дэглэм бууруулна.
2.6.11.Гахайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь шинжилгээгээр өвчний холбогдолтой нь тогтоогдсон тохиолдолд устгалын цэгт нүх ухаж шатаах, булшлах аргаар устгана.
2.6.12.Өвчтэй гахайн бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах ба хашаа, байр,
ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг халдваргүйтгэнэ.
2.6.13.Хязгаарлалтын дэглэмийн хугацаанд идэвхтэй, идэвхгүй тандалт хийж, үр дүнг дэглэмийг цуцлахад үндэслэнэ.
2.6.14.Халдварын голомтод зайлшгүй шаардлагаар устгасан гахайн нөхөн төлбөрийг эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
2.7.Тандалт. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ГАМ өвчнийг улсын хэмжээнд тандах төлөвлөгөөг жил бүрийн эхний улиралд баталж, аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллага болон мал эмнэлгийн сүлжээ лаборатори хамтран хэрэгжүүлнэ.
2.7.1.ГАМ өвчнийг эрт илрүүлэх, өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг
цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс эрсдэлтэй, эрүүл бүс нутгийн тэжээвэр болон зэрлэг гахайд идэвхтэй тандалтыг тархвар зүйн аргачлалын дагуу хийж, дүн, дүгнэлт мэдээг харьяалах дээд шатны мал эмнэлгийн байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
2.7.2.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага хөрш улс, аймаг, сумаас өвчин нэвтрэх эрсдэлийн үнэлгээг улирал тутам хийж, халдвар дамжих боломжит замыг хяналтад авах, биет болон газар зүйн хориг саадыг ашиглан эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.
2.8.Өвчтэй гахайг устгах: ГАМ өвчнөөр өвчилсөн болон өвчлөл бүртгэгдсэн аж ахуй, өрхийн гахайг 100% устгана.
2.9.Голомтын бүсэд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд тавих шаардлагад ДМАЭМБ-ын “Газрын амьтны эрүүл мэндийн код”-ын 15.1-д заасан зөвлөмжийг баримтална.
2.10.Импортын гахай, гахайн гаралтай бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:
2.10.1.ГАМ өвчнөөр тайван болон тайван бус орноос гахай тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлохдоо ДМАЭМБ-ын “Газрын амьтны эрүүл мэндийн код”-ын 15.1.10-15.1.21-д заасан зөвлөмжийг үндэслэн экспортлогч болон импортлогч орны мал эмнэлгийн эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан амьд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар тавигдсан шаардлага нөхцөлийг мөрдөнө.
2.10.2.Гахай импортлохын өмнө экспортлогч орны ГАМ өвчний тархвар зүйн байдалд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хийсэн эрсдэлийн дүн шинжилгээ, үнэлгээнд тулгуурлан импортын зөвшөөрөл олгоно. Импортын гахайг 30 хоногийн хугацаанд хорио цээрийн хяналтад байлгаж, шинжилгээнд хамруулна.
ГУРАВ.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:
3.1.Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ:
3.1.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг ГАМ өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, халдвар дамжих зам, биохамгааллын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн байцаагч, гахайн аж ахуй эрхлэгчдэд түгээх ба удирдлага, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр тэднийг хангана.
3.1.2.Ферм, аж ахуй, өрх нь уг өвчний сэжиг, шинж тэмдэг ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгуулагад 12 цагийн дотор мэдэгдэнэ.
3.1.3.Ферм, аж ахуй, өрх нь мал, амьтан маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ хашаа, байр, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг заавар (МЭЕГ-2018-А52 -Х)1-ын холбогдох заалтыг дагаж хэрэгжүүлнэ.
3.2.Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ:
3.2.1.Вакцин байхгүй.
3.2.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллага улсын гоц халдварт өвчний бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу тэмцэх арга хэмжээнд шаардлагатай зүйлсийг тооцон, Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн зохих нөөц бүрдүүлж, тайван үед шинэчлэн ашиглана.
3.2.3.Идэвхгүй тандалт буюу шинж тэмдэгт суурилсан тандалтын мэдээллийг тогтмол цуглуулж, дүн шинжилгээ хийнэ.
ДӨРӨВ.ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, САНЖҮҮЖИЛТ.
4.1.Тархвар зүйн судалгаанд суурилсан төлөвлөлт:
4.1.1.Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, өвчин гарсан нутгийн малчид, гахай маллагч, гахай өмчлөгч иргэд, орон нутгийн удирдлагатай хамтран тухайн жил ГАМ өвчин гарсан цаг уур, бэлчээрийн нөхцөл, санхүүжилт зэрэг өвчний дэгдэлт, тархалтад нөлөөлөх хүчин зүйлд оролцооны аргаар тандалт судалгаа хийж өвчин гарсан шалтгаан, тэмцэх, сэргийлэх ажлын үр дүнгийн талаар дүгнэлт гаргана.
4.1.2.Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг боловсруулж Засаг даргаар батлуулсан дараах төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн зардлыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага хянаж нэгтгэн жил бүрийн 2-р улиралд багтаан аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ. Үүнд:
а.Тархвар зүйн судалгааны дүгнэлтийг үндэслэн боловсруулсан ГАМ өвчнөөс сэргийлэх, гарсан үед тэмцэх ажлын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал,
б.Бүс, нутаг дэвсгэрийнхээ хүрээнд ГАМ өвчнөөр тайван, эрүүл бүсийн хөтөлбөр, төсөл, бэлэн байдлын дэд төлөвлөгөө хийнэ.
в.Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөтэй байна.
4.2.Санхүүжилт: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” тогтоолын (ЗГ-2018-255)1 дагуу ГАМ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ
Текст томруулах
A
A
A