- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ҮХРИЙН АРЬС ТОВРУУТАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (A-25, LSD- LUMPY SKIN DISEASE)
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
10 дугаар сарын 21-ний өдрийн А/187 дугаар
тушаалын гуравдугаар хавсралт
ҮХРИЙН АРЬС ТОВРУУТАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (A-25, LSD- LUMPY SKIN DISEASE)
НЭГ.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг оновчтой, шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад энэхүү зааврын зорилго оршино.
1.2.Хамрах хүрээ: Үхрийн арьс товруутах өвчин гаднаас нэвтрэх, тархахаас урьдчилан сэргийлэх, өвчин бүртгэгдсэн тохиолдолд хот айл, ферм, бүс нутагт энэ өвчинтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү зааврыг ашиглана. Зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллагын малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, малчин, мал өмчлөгч, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага дагаж мөрдөнө.
1.3.Тодорхойлолт: Үхрийг арьс товруутах (цаашид ҮАТ гэх) өвчин нь үхрийн тунгалагийн тогтолцоог гэмтээж арьсан доорх эслэгт хаван, арьсан дээр гүвдрүү, зангилаа үүсгэдэг, үе үе өндөр халуурах, нүд, амьсгал, тэжээл боловсруулах эрхтний салст бүрхүүлийн үрэвслийн шинжээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм. Энэ өвчин хил даван халдварладаг гоц халдварт өвчин учир малын гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг үүсгэж эдийн засгийн ихээхэн хохирол учруулна.
1.4.Үүсгэгч: ҮАТ өвчнийг Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн ДНХ агуулсан вирус (цаашид үүсгэгч гэх) үүсгэнэ. ҮАТ өвчний вирус (LSDV), хонины цэцэг өвчний вирус (SPV), ямааны цэцэг өвчний вирус (GPV) нь хэлбэр зүй, ийлдэс судлалын хувьд ялгарах каприпокс төрлийн вирусүүд юм.
1.5.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Гадаад орчны температур, очны pН-аас хамаарч үүсгэгчийн тэсвэрлэх чанар нь өөрчлөгдөнө. Тухайлбал, 550C хэмд байлгахад 2 цаг, 650C хэмд 30 минут тэсвэрлэнэ. Үүсгэгч вирус хасах 800C хэмд хөлдөөж хадгалсан арьсны гүвдрүүнд 10 жил хүртэл, 40С-д 6 сар амьд байна. Арьс товруутах өвчний вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа хатсан таванд вирус удаан хугацаагаар амьдарна. ҮАТ өвчин үүсгэгч вирус нь арьсны үхжсэн зангилаанд 33 хоног, хогжруунд 35 хоног, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байна. Гадаад орчны гэрэл, харанхуйд удаан хугацаагаар хадгалагдана.
1.6.Өвчний тархвар зүйн онцлог: Одоогоор манай улсад ҮАТ өвчний тохиолдол гараагүй боловч хөрш ОХУ, БНХАУ-д бүртгэгдээд байгаа учир эрсдэлтэй улс орноос үхэр, хөврөл үр хяналтгүй импортлох, бэлчээрийн малын чөлөөтэй шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, бэлчээр, усны дундын хэрэглээ, мал эмнэлгийн хяналтгүй сүрэг сэлбэлт, үржлийн ажил, үйлчилгээ зэрэг нь энэ өвчний дэгдэлт, тархалтад нөлөөлөх гол хүчин зүйл бөгөөд мал, амьтны шилжилт хөдөлгөөн, экспорт, ипортыг Мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор хийх нь уг өвчин хил дамжин халдварлах эрсдлээс урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ болно.
1.7.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Ил шинж тэмдэгтэй эсвэл далд өвчтэй үхэр, тэдгээрийн нуух, нус, шүлс, сүү, арьсны товруу, үрийн шингэн, бүх л шүүрэл, амьсгалтай хамт ялгарах вирус нь халдварын эх үүсвэр болно. Шууд хавьтлаар халдварлахаас гадна вирус агуулсан шүлс, бохирлогдсон тэжээл, ус, арьсны товруу, халдвартай малын цус, үе хөлтнөөр халдвар дамжина. Баттай тогтоогоогүй ч шумуул, ялаа (Culex mirificens, Aedes natrionus, Stomoxys calcitrans, Biomyia fasciata) өвчний халдварыг дамжуулахад гол үүрэгтэй байж болзошгүй гэж үздэг.
1.8.Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 7-28 хоног байна. Өвчилсөн үхэр 41.50С хүрч халуурна, нулимс гоожно, амны хөндий болон хэлний үрэвслийн улмаас тэжээл усандаа дүргүй болж хөдөлгөөн нь удааширна. Халдвар авснаас хойш 7-19 хоногт арьсан дээр товруу зангилаа үүсч бүтэн биеэр ялангуяа толгой, хүзүү, хэвлий, цавь, дэлэн зэрэг арьсны нимгэн хэсгээр гарах нь энэ өвчний хамгийн онцлог шинж тэмдэг юм. Арьсанд үүссэн товруу 2-5 см хүртэл томорч хавагнах ба энэ нь хоёр долоо хоногт арьсны бүх давхаргыг хамран үхжинэ. Хүндрэлийн улмаас арьсанд үүссэн шархны ормоор гүн хонхор үлдэнэ. Дэлэн хөх үрэвсэж, арьс үхжсэнээс сүүний гарц буурна. Төмсөгний үрэвсэл, хатинхайрлын улмаас бух түр зуур эсвэл бүр мөсөн үргүйднэ. Амьсгалын замын үрэвсэлтэй холбоотойгоор уушиг үрэвсэнэ. Уушигны үрэвсэл их хэмжээг хамарч болох ба хүндэрч уушигны хатгалгаа болно. Нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэнэ. ҮАТ өвчтэй үнээнээс халдвартай тугал төрөх, хээл хаясан үнээний зулбадасны арьс гүвдрүүтсэн байх нь тохиолдоно.
1.9.Бие бүтцийн эмгэг хувирал: Арьсны бүх давхарга, арьсан доорх эдийг хамарсан зангилаа үүснэ, цус харвалт, хаван, судасны үрэвсэл, үхжил ажиглагдана. Тунгалгийн зангилаа томорч орчиндоо тунгалаг төст шингэн нэвчүүлнэ, хавагнана. Ам, хамрын хөндий, хэл, залгиур, мөгөөрсөн хоолой, төвөнхийн хавхлага, тэжээл боловсруулах бүх замын салст бүрхүүлд үхжилт үрэвсэл үүснэ. Уушиг хавагнана, хэлтэнцэрт голомтолсон хувиралтууд үүснэ. Хүндэрсэн тохиолдлын үед цээжний голтын тунгалгийн зангилаа томорч, гялтан хальс үрэвсэнэ. Үеийн шар усан бүрхүүл, шөрмөсний гэр үрэвсэнэ.
ХОЁР.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
2.1.Оношилгоо: Тархвар зүй, эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувирал, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн оношилно. Лабораторийн шинжилгээгээр эцэслэн оношилсон тохиолдолд тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
ҮАТ өвчний лабораторийн оношийг улсын мал эмнэлгийн лаборатори тогтоож өвчний шинэ дэгдэлт бүрийн оношийг бүсийн эсвэл дэлхийн лавлагаа лабораторид сорьцилгээж шинжлүүлэх замаар баталгаажуулах, үүсгэгчийн гарал үүсэл, удамшлын бусад мэдээллийг харьцуулан судлах ажлыг хэрэгжүүлнэ.
2.2.Лабораторийн оношилгоо:
2.2.1.Оношилгоонд ДМАЭМБ-ын “Газрын амьтны өвчний оношилгоо, вакцины заавар”-ыг баримтлан вирус ялган авах, ПГУ, эмгэг эд судлалын шинжилгээний аргыг ашиглана. Ийлдсийн дээжинд ҮАТ өвчин үүсгэгчийн эсрэгбием илрүүлж оношлох ЕЛИЗА шинжилгээ хийхээс гадна энэ аргаар дархлаажуулалтын дараа үүссэн эсрэгбиемийн төвшинг вакцин тарьсны дараах 20 хоногоос эхлээд наад зах нь 7 сарын турш хянаж болно.
2.2.3.Лабораторид сорьцавч хүргүүлэхдээ Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан сорьцавах, бэлтгэх, хадгалах, илгээх журам (МЭЕГ 2019)1-ыг баримтална.
2.2.4.Өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт багтаан саармагжуулах эсрэг бием үүсэхээс өмнө вирус өсгөвөрлөх, вирус саармагжуулах урвалд зориулан сорьцавна. Дараа нь Полимеразын гинжин урвал, ЕЛИЗА шинжилгээнд зориулсан сорьцавна.
2.2.5.Өвчний эхэн үед вирусын үжлийн шатанд цусны бүлэгнүүлээгүй дээжнээс вирус өсгөвөрлөнө. Арьсны зангилаа, тунгалагийн зангилаанаас амьд эдийн сорьц авч ПГУ, вирус өсгөвөрлөх, вирус саармагжуулах урвалд ашиглана.
2.2.6.Эмгэг хувиралтай болон түүний орчмын эдийг эсийн эмгэг судлалын шинжилгээнд явуулна. Вирус ялгах, эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээнд авсан эд, цус, ийлдэсний ээжийг хүйтэн хэлхээний нөхцөлд хадгалж, лабораторид илгээнэ. Дээжийг хөргүүргүй нөхцөлд удаан тээвэрлэх бол эдийн дээжийг ердийнхөөс том хэмжээтэй авах бөгөөд тээвэрлэх орчинд 10% глицерол нэмнэ. Лабораторид дээжийн гол хэсгийг вирус ялгахад ашиглана. Өвчний цочмог болон эдгэрлийн шатанд байгаа амьтны ийлдэс авч хөлдөөнө.
2.3.Ялгаварлан оношлох:
2.3.1.ҮАТ өвчний хүнд хэлбэрийн үед илрэх шинж тэмдэг нь өвөрмөц, тод учир оношлоход хялбар. Харин хөнгөн хэлбэр нь арьсны эмгэгшлээр илрэх зарим өвчнүүдтэй андуурагдаж болох тул Үхрийн херпес вируст маммелит (Үхрийн херпес вирус II), Үхрийн амны гүвдрүүт үрэвсэл (Парапоксвирус), Үхрийн хуурамч цэцэг (Парапоксвирус), үхрийн цэцэгийн вирус (Ортопоксвирус), Дерматофилоз, Шавж, хачигт хазуулах, Безноитиоз, Үхрийн мялзан, Демодекоз, Арьсны гуурын халдвар, Гэрэлд хэт мэдрэг болох, Загатнагч булцуу үүсэх, Арьсны сүрьеэ, Онхоцеркоз зэрэг өвчнүүдээс ялгаварлан оношилно.
2.4.Эмчилгээ: Өвөрмөц эмчилгээний арга одоогоор боловсрогдоогүй.
Хоёрдогч халдвараар хүндрэх үед нянгийн эсрэг өргөн хүрээтэй, уртасгасан үйлчлэлтэй, Монгол улсын малын эмийн бүртгэлтэй антибиотикийг сонгон зааврынх нь дагуу хэрэглэнэ. Антибиотикийг олгох, хэрэглэхдээ мал, амьтны эмийг жороор олгох журмыг баримтална. Эмнэл зүйн үзлэгийн дүнгээс хамааруулан шинж тэмдэгийн бусад эмчилгээ хийнэ. Өвчтэй малын тэжээллэг, арчилгааг сайжруулна.
2.5.Хорио цээрийн дэглэм тогтоон өвчинтэй тэмцэх: Үхрийн арьс товруутах өвчин нь хорио цээрийн дэглэм тогтоож тэмцэх өвчинд ангилагдана.
2.5.1.ҮАТ өвчний онош тогтоогдож лабораторийн шинжилгээгээр баталгаажсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож өвчинтэй тэмцэх арга хэмжээг “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам (ЗГ-2018-266)”1 болон энэхүү заавар, эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгийг баримтлан хэрэгжүүлнэ.
2.5.2.Энэ өвчнөөр өвчилсөн үхрийг зайлшгүй шаардлагаар устгах шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргасан тохиолдолд Мал амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны заавар (МЭЕГ-2018-А/52-Х1)1-ын дагуу устгалыг зохион байгуулахаас гадна Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн заавар (ХХААХҮЯ-2010-А/67)1-ыг баримтлан халдваргүйтгэлийг хэрэгжүүлнэ.
2.5.3.Хорио цээрийн дэглэмийг тухайн голомтод хамгийн сүүлийн үхэрт өвчний шинж тэмдэг арилснаас хойш 21 хоног өнгөрөхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хорио цээр тогтоосон этгээдийн шийдвэрээр дэглэмийг бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжүүлнэ. Хязгаарлалтын дэглэм нь хорио цээрийн дэглэмийг цуцалснаас хойш 14 хоног үргэлжилнэ.
ГУРАВ.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ:
ҮАТ өвчин Монгол улсад бүртгэгдээгүй ч хил даван халдварладаг гоц халдварт өвчин учраас түүнийг нэвтрэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
3.1.1.Импортын хяналт: Монгол улсад мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор импортлох үржлийн үхэрт тавих эрүүл мэнд, хорио цээрийн хяналтыг ДМАЭМБ-ын “Газрын амьтны эрүүл мэндийн код”-ын дагуу хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь энэ өвчин нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үндсэн арга болно.
3.1.2.Үхэр, түүний хөврөл үр, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир импортлохын өмнө, хэрэв холбогдох хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзвэл эрсдэлийн задлан шинжилгээ хийсний дараа мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас импортын мэдэгдэл олгоно.
3.1.3.ҮАТ өвчнөөр тайван бус, халдвартай улс орноос ямарч үүлдрийн үхэр импортлоход мал эмнэлгийн эрх бүхий байгууллага дараах шаардлагыг хангасан мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ бүхий үхрийг импортолно. Үүнд: импортлох үхэр нь
а.Ачигдах өдөр нь хийсэн эмнэл зүйн үзлэгээр ҮАТ өвний эмнэл зүйн шинж илрээгүй,
б.Ачигдахаас наад зах нь 60 хоногийн өмнө ҮАТ өвчин гараагүй аж ахуйд маллагдаж байсан,
в.Ачигдахаас наад зах нь 60 хоногоос 1 жилийн өмнө ҮАТ өвчнөөс сэргийлэх вакцинаар үйлдвэрлэгчийн зааврын дагуу таригдсан, дархлаажуулсны дараа наад зах нь 30 хоногт шинжлэхэд эсрэгбием илэрсэн,
г.Ачигдахаас наад зах нь 28 хоногийн өмнө хорио цээрийн байгууламжид байсан, энэ хугацаанд хийсэн ҮАТ өвчний эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээний дүн сөрөг байсан байх шаардлагатай.
3.1.4.Үхрийн хөврөл үр, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир импортлохдоо ҮАТ өвчнөөр тайван улс орноос, хэрэв ҮАТ өвчнөөр тайван бус улс орноос импортлох бол ҮАТ өвчний үүсгэгчийг бүрэн устгаж чадах боловсруулалт хийсний дараа импортолно.
3.1.5.ҮАТ өвчний илрэх шинж тэмдэг, хадвар дамжих зам, биохамгааллын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж малын эмч, мал эмнэлгийн байцаагч, малчид, мал бүхий иргэдэд түгээх, өвчний сэжиг, шинж тэмдэг ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгуулагад 12 цагийн дотор мэдэгдэхийг малчид, мал бүхий иргэдэд сайтар ойлгуулна.
3.2. Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ:
3.2.1.Монгол улсад ҮАТ өвчин нэвтрэх, дэгдэх, тархах өндөр эрсдэлтэйг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтоож эрсдэлтэй бүс нутгийн үхрийг дархлаажуулах шийдвэр гаргасан тохиолдолд ҮАТ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэнэ.
3.2.2.Хэрэглэх вакцин нь Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэлтэй, тухайн үед оношлогдсон ҮАТ өвчний вирусын эсрэг дархлаа тогтоож чадах, идэвх, аюулгүй байдлын хувьд “Газрын амьтны өвчний оношилгоо, вакцины заавар”-т заасан шаардлагыг хангасан байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг төлөвлөгөөт болон яаралтай дархлаажуулахад хэрэглэнэ.
3.2.3.Яаралтай вакцинжуулалтыг ҮАТ өвчин гарсан үед халдвар тархахаас сэргийлэх, голомтыг хумих зорилгоор хэрэгжүүлнэ. Өвчний сэжигтэй болон хамгаалалтын бүсийн мэдрэмтгий малыг вакцинжуулах ба голомтод байгаа өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй малыг вакцинжуулна.
3.3.Тандалт:
3.3.1.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага харьяалах нутаг дэвсгэртээ Монгол улсад мах, сүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд зориулан гадаад орнуудаас импортолсон үхэр сүрэгт ҮАТ өвчний эмнэл зүйн байнгын ажиглалт, идэвхтэй тандалт, тархвар зүйн асуумж судалгаа явуулж сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах, бэлтгэх, хадгалах, илгээх журам (МЭЕГ 2018)1-ын дагуу сорьц авч лабораторид хүргүүлэн өвчний оношийг баталгаажуулна.
ДӨРӨВ.ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, САНХҮҮЖИЛТ
4.1.Тархвар зүйн судалгаанд суурилсан төлөвлөлт:
4.1.1.Энэхүү зааврын 3.3.-д заасан ажиглалт, тандалт, судалгааны дүнд суурилан сум, дүүрэг, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага ҮАТ өвчин гарах тархах эрсдлийг үнэлэн шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээний улсын нэгдсэн төлөвлөгөөний нэг хэсэг болгон дэд төлөвлөгөө боловсруулж харьяалах Засаг даргаар батлуулна.
4.1.2.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гоц халдварт өвчний улсын бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, зохих нөөцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлсэн байна.
4.2.Санхүүжилт: Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах хуулийн 33-р зүйл, Монгол улсын Засгийн газрын Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай тогтоолын (ЗГ-2018-225)1 дагуу ҮАТ өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Текст томруулах
A
A
A