A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 325 дугаар
      тогтоолын хавсралт

 

ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ
ХАЯГЖУУЛАХ ЖУРАМ


Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байрлаж байгаа гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг Хаягжуулалтын тухай хуульд заасны дагуу хаягжуулахад энэ журмыг баримтална.

1.2. Энэ журмын зорилго нь гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгөд нэр, дугаар бүхий хаяг олгож, хаягийн мэдээллийн санд бүртгэх болон хаягжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.3. Энэ журамд заасан дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

       1.3.1. “хаяг” гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, батлагдсан газар зүйн нэр бүхий газар нутаг, хот, суурин газар дахь гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг тодорхойлсон үсэг, тооны илэрхийллийг;

       1.3.2. “хаягжуулах” гэж гудамж, зам, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох ажлыг зохион байгуулах, үл хөдлөх эд хөрөнгөд дугаар олгох, хаягийн мэдээллийн санд бүртгэх, хөтлөх, өөрчлөх, хүчингүй болгох, хаягийн зураг зохиох, хаягийн тэмдгийг стандартын дагуу үйлдвэрлэх, байршуулах цогц үйл ажиллагааг;

       1.3.3. “хаягийн зураг” гэж гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн нэр, дугаар, геокодоор бүртгэсэн байршлыг тусгасан байр зүйн зургийг;

       1.3.4. “хаягийн иж бүрдэл” гэж гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын мэдээллийг шуудангийн нэгдсэн кодын хамт хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд дэлгэрэнгүй болон товчлол хэлбэрээр бүртгэсэн хаягийн нэгдсэн мэдээллийг;

       1.3.5. “хаягийн жагсаалт” гэж гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягийн иж бүрдлээр нь бүртгэсэн хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн бүртгэлийг;

       1.3.6. “хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн систем” гэж гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн бүртгэлийг удирдах, зохион байгуулах, хөгжүүлэх, өгөгдөл, мэдээлэл цуглуулах, солилцох, дамжуулах, боловсруулах, хадгалах боломжтой төрийн мэдээллийн бусад сантай харилцан уялдаа бүхий цогц үйл ажиллагаатай цахим програм хангамжийг.

1.4. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн давхардлыг арилгах, цэгцлэх зорилгоор хаягт өөрчлөлт оруулж болно.

Хоёр. Гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх,
нэрэмжит болгох

2.1. Хот, суурин газрын гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх, нэрэмжит болгох санал боловсруулах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 9-11 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус комиссыг (цаашид “комисс” гэх) аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулна.

2.2. Комисс нь гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх, нэрэмжит болгох саналыг боловсруулна.

2.3. Гэр хорооллын гудамжинд нэр өгөх, өөрчлөх саналыг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх комисс боловсруулна.

2.4. Гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх, нэрэмжит болгох саналыг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага санаачилж болно.

2.5. Комисс гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх, нэрэмжит болгох саналыг газар зүйн нэрийн болон хаягийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй тулган хянана.

2.6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх, нэрэмжит болгох саналыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ. 

2.7. Гудамж, талбайн нэрийг Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалахад чиглэсэн болон олон нийтээс санал болгосон, утга агуулгын хувьд уялдаатай, энгийн, ойлгомжтой нэр үгээр нэрлэнэ.

2.8. Энэ журмын 2.6-д заасны дагуу гудамж, талбайд өгсөн нэрийг хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд тухай бүр бүртгэнэ.

Гурав. Хаягийн зураг зохиох, баталгаажуулах

3.1. Хаягийн зургийг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрээр болон засаг захиргаа, нутаг дэвсгэр тус бүрээр үйлдэх бөгөөд нийтийн хэрэгцээний хаягийн зураг, төлөвлөлтийн хаягийн зураг гэж ангилна.

3.2. Хаягийн зургийг хот, тосгон, бусад суурин газарт 1:1000-1:5000-ны масштабтай, бусад газарт 1:25000-1:100000-ны масштабтай үйлдэнэ.

3.3. Хаягийн зурагт гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг байршлын дагуу тусгана.

3.4. Хаягийн зургийг хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд үндэслэн боловсруулна.

3.5. Аймаг, нийслэлийн Засаг даргын Газрын харилцаа, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хаягийн зураг боловсруулах ажлыг зохион байгуулна.
3.6. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн өөрчлөлтийг газрын кадастрын болон хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэгдсэний дагуу хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд тоон хэлбэрээр бүртгэж, хаягийн зурагт өөрчлөлт оруулна.

3.7. Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах зориулалттай тусгай объектын байрлал, нэр, дугаарыг хаягийн жагсаалт, хаягийн зурагт тусгахыг хориглоно.

Дөрөв. Хаягийн иж бүрдэл, хаягжуулах

4.1. Гудамж, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хүснэгт 1-д заасан хаягийн иж бүрдлийн загварын дагуу хаягжуулж, хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэнэ.

Хаягийн иж бүрдэл

Нийслэлд

Аймагт

Улс:

Монгол Улс

Монгол Улс

Аймаг, нийслэл:

Улаанбаатар

Архангай

Сум, дүүрэг:

Чингэлтэй

Их тамир

Баг, хороо:

1 (хороо)

1 (баг)

Шуудангийн нэгдсэн код:
(Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

15201

65170

Гудамжны (газар зүйн) нэр:

Жуулчны

Бор толгой

Үл хөдлөх эд хөрөнгө:

-хашаа;

-барилга байгууламж;

-объект:

 

1205

202

-

 

2208

509

Өв 2

Орц:

1

1

 

4.2. Хаягийн иж бүрдэлд хороолол, хотхоны нэр, өрөө, сууцны давхрын дугаар, геокод (тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгө, байршил, эсхүл объектын байршилд харгалзах уртраг, өргөрөг бүхий солбицол), бизнес хаяг зэрэг бусад мэдээллийг нэмэлтээр бүртгэж болно.

4.3. Хаягийн иж бүрдлийг хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр сонгон хэрэглэж болно.

4.4. Шуудангийн хүргэлтэд хаягийн иж бүрдлийг “Нэгдсэн хаягжуулалт, Хаягийн бичвэрт тавих шаардлага” MNS 6275 стандартад заасны дагуу дэлгэрэнгүй болон хураангуйлсан хэлбэр, шуудангийн нэгдсэн код, холбогдох шуудангийн салбарын нэр, дугаар, шуудангийн хайрцгийн дугаар, шуудан хүргэлтийн шугамын дугаар зэрэг холбогдох мэдээллийн хамт бичиж хэрэглэнэ.

4.5. Дэлгэрэнгүй болон хураангуй хаягийг Монгол хэлний тухай хууль, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, Кирилл монгол бичгийн дүрэм, “Монгол бичгийн цагаан толгой” MNS 4333:1996 стандарт болон “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5283 стандартыг баримтална.

4.6. Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажуулаагүй хаягийн зургийг хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд оруулахгүй.


Тав. Үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгох

5.1. Үл хөдлөх эд хөрөнгөд кадастр, байр зүйн гүйцэтгэлийн зургийг үндэслэн байршлын хаяг олгоно.

5.2. Дараахь үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно:

       5.2.1.өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газар;

       5.2.2. өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газрын дээрх болон доорх барилга байгууламж;

       5.2.3. тусгай зориулалтын барилга байгууламж.

5.3. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх бүхий газарт бий болсон төслийн шатанд байгаа буюу дуусаагүй барилга байгууламжид урьдчилсан хаяг олгож болно.

5.4. Газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг авах хүсэлтийн загварыг боловсруулан мөрдүүлнэ.

5.5.Аймгийн хэмжээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн хэмжээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба энэхүү журмын 5.2.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.6.Аймгийн хэмжээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн хэмжээнд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар энэ журмын 5.2.2, 5.2.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.7.Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар нь холбогдох байгууллагын хүсэлтийн дагуу байр зүйн гүйцэтгэлийн зургийг үндэслэн тусгай зориулалтын барилга байгууламжийн байршлын хаягийг олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.8. Дараахь үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгохгүй:

       5.8.1. Өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүсээгүй газар, түүн дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө;

       5.8.2. Цэвэр, бохир ус, дулаан, хий, цахилгаан, эрчим хүч, харилцаа холбооны дамжуулах, түгээх шугам сүлжээ;

       5.8.3. Түр барилга байгууламж.

Зургаа. Гудамж, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг
хаягжуулах аргачлал

6.1.Гудамж, зам, талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг энэ журам, холбогдох стандартын шаардлагын дагуу хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэж, хаягжуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

6.2. Гудамж, талбайн ижил утга, агуулга бүхий нэрэнд шинж чанарыг тодорхойлсон тодотгол хэрэглэж болно.

6.3. Гудамж, талбайн нэрийг түүхэн хүний нэрээр нэрлэсэн тохиолдолд нэрийг нь товчлон бичихгүй, овгийг товчилж болох бөгөөд нэрэнд орсон үг бүрийг  том үсгээр эхлүүлэн бичнэ. Нэрэнд мэргэжил, мэргэжлийн зэрэг, цолыг оруулж болно. Жишээлбэл: “Л.Дандарын гудамж”, “Хатанбаатар Магсаржавын гудамж”, “Сүхбаатарын талбай” гэх мэт.

6.4.Энэ журмын 5.2.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийг дараалсан дугаарлалтын аргаар 1-ээс эхлэн дугаарлана. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

6.5. Гудамж, үл хөдлөх эд хөрөнгийн дугаарыг тухайн нутаг дэвсгэрийн суурьшлын төвөөс гадагш чиглүүлэх байдлаар эхлүүлэн дугаарлах бөгөөд дугаарлалтын эхлэлийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

6.6.Гудамжны нэрийн ард зураас татаж үл хөдлөх эд хөрөнгийн дугаарыг бичнэ. Жишээлбэл: Ц.Жигжиджавын гудамж-302 гэх мэт. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

6.7. Өргөн чөлөө, гудамжны дагуу байрлаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг гудамжны эхлэлээс дэс дараалан дугаарлах бөгөөд гудамжны баруун талд байрлаж байгааг тэгш тоогоор, зүүн талд байрлаж байгааг сондгой тоогоор дугаарлана.

6.8. Гудамж тойрог хэлбэртэй тохиолдолд баруун талаас нь эхлэл тогтоож, цагийн зүүний дагуу дараалсан хувьсах аргаар үл хөдлөх хөрөнгийг дугаарлана.

6.9. Үл хөдлөх эд хөрөнгийн дугаарыг үсэг, тоо нэмэх боломжтой байдлаар бичиж дугаарлана.

6.10. Цогцолбор барилга байгууламжийн хувьд нэгдсэн нэг дугаар олгох бөгөөд тухайн цогцолборт хамаарах  барилга, байгууламж тус бүрийг нэгдсэн дугаарын ард ташуу зураас татаж тоо нэмэх замаар дугаарлана. Жишээлбэл: 102/1, 102/2 гэх мэт.

6.11. Үл хөдлөх эд хөрөнгө нэгдэхэд тухайн нийт үл хөдлөх эд хөрөнгийн хамгийн их дугаарыг тавина. Жишээлбэл: “202, 204 нэгдэхэд 204”, “102, 102а нэгдэхэд 102” гэх мэт.

6.12. Газрын нэгж талбар хуваагдах тохиолдолд дугаарын ард жижиг үсэг нэмэх замаар дугаарлана. Жишээлбэл: “1202 нь 1202а, 1202б болох” гэх мэт.

6.13. Зуслан, гэр хорооллын хашаанд байрлах гэр, амины сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хашааны адил дугаарлах бөгөөд тухайн хашаанд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө байгаа тохиолдолд хашааны дугаарын ард ташуу зураас татаж тоо нэмэх замаар дугаарлана. Жишээлбэл: “102, 102/1, 102/2” гэх мэт.

6.14.Үйлдвэрлэл, үйлчилгээний болон нийтийн орон сууцны зориулалттай барилга байгууламжийг дугаарлахдаа нэгж талбарын хаягийн дугаарын ард ташуу зураас татаж дараалсан хувьсах дугаарлалтын аргаар дугаарлана. Жишээлбэл: нэгж талбарын хаяг 100 бол барилга байгууламжийг 100/1, 100/2. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

6.15. Нийтийн зориулалттай орон сууцны байран дахь сууцыг нэг давхраас эхлэн цагийн зүүний дагуу дугаарлана.

6.16. Тусгай барилга, байгууламжийг хүснэгт 2-т заасан загварын дагуу дугаарын өмнө тухайн барилга байгууламжийн нэрийг товчлон бичиж дугаарлаж болно. Жишээлбэл: “цахилгаан дамжуулах байгууламжийн хаягийг “ЦТП301”, Ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийг “С105”” гэх мэт.

Барилга байгууламжийн нэр

Товчлол

  1.  

Гүний худаг

“ГХ”

2.

Цэвэр усны усан сан

“УС”

3.

Цэврийн насос станц

“ЦНС”

4.

Ус түгээх байр

“УТБ”

5.

Дулааны цахилгаан станц

“ДЦС”

6.

Цахилгааны дэд станц

“ДС”

7.

Цахилгааны хуваарилах байгууламж

“РП”

8.

Цахилгааны дэд өртөө

“ТП”

9.

Дулааны коллектор станц

“ДКС”

10.

Дулааны насос станц

“ДНС”

11.

Ус, дулаан хуваарилах төв

“УДХТ”

12.

Трансформатор

“ТР”

13.

Харуулын байр

“ХБ”

14.

Гараж

“Г”

15.

Шатахуун түгээх станц

“ШТС”

16.

Нэвтрүүлэх станц

“НС”

17.

Төмөр замын объект

“ТЗ”

18.

Мэдээлэл холбоо сүлжээний нэгдсэн төв

“МХС”

19.

Шуудангийн салбар

“ШС”

20.

Үүрэн холбооны бааз станц

“ҮХС”

21.

Бохирын насос станц

“БНС”

22.

Цэвэрлэх байгууламж

“БЦБ”

23.

Сургууль

“С”

24.

Цэцэрлэг

“Ц”

25.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны цогцолбор барилга

“БЗД1”

 

 

6.17. Хот, суурин газраас бусад орон нутагт байрлах нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтын дагуу бий болоогүй гудамж, зам, талбай, өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газар, үл хөдлөх эд хөрөнгийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр, газар зүйн нэрийг үндэслэн зориулалтаар нь дугаарлаж, байршлын хаяг олгоно. Жишээлбэл: “Өвөрхангай аймаг, Сант сум, 2 дугаар баг, Цагаан толгой, Өвөлжөө 01” гэх мэт.

6.18.Хот, суурин газар дахь гэр хорооллын амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу хашаа, байшин, тусгай зориулалтын үл хөдлөх эд хөрөнгийн дугаар шуудангийн нэгдсэн код дотор давтагдахгүй байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
6.19. Энэ журмын 6.18-д зааснаас бусад тохиолдолд шуудангийн бүсчлэлийн код дотор үл хөдлөх эд хөрөнгийн дугаар давтагдахгүй байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 181 дүгээр тогтоолоор хассан)

9Долоо. Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг
эрхлэх, нийтэд хүргэх

7.1. Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн систем нь хаягийн бүртгэлийн эх баримт бичиг, хаягийн мэдээллийн сан, хаягийн зураг болон тусгай цахим програм хангамжаас бүрдэнэ.

7.2. Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг улс, нийслэл, аймаг, дүүрэг, сумын хэмжээнд тогтмол хөтлөн явуулах бөгөөд хаягийн бүртгэл, мэдээлэл цуглуулах, өөрчлөх, баталгаажуулах болон хаягийн бүртгэл, мэдээллийг нийтэд хүргэх, холбогдох төрийн байгууллагатай мэдээлэл солилцох хэлбэрээр ашиглана.

7.3. Улсын хэмжээний хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг Хаягжуулалтын тухай хуулийн 4.6-д заасан газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хөтөлж, нэгдсэн удирдлага, хяналт, зохион байгуулалтаар хангана.

7.4. Аймаг, нийслэлийн хэмжээний хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг аймаг, нийслэлийн газрын асуудал, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хөтөлж, Улсын хэмжээний хаягийн мэдээллийн нэгдсэн сангийн системийг бүрдүүлнэ.

7.5. Сумын газрын даамал, дүүргийн газрын алба хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээний хаягийн бүртгэлийг хөтөлж, аймаг, нийслэлийн хэмжээний хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг бүрдүүлнэ.

7.6. Үл хөдлөх эд хөрөнгө устаж үгүй болох, эсхүл буулган шинээр баригдсан тохиолдолд эрх бүхий байгууллагын актыг үндэслэн хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн систем дэх байршлын хаягт өөрчлөлт оруулна.

7.7. Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамаарах нутаг дэвсгэрт авто замын тухай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, журмын дагуу олон улс, улсын болон орон нутгийн авто замын дагуу байрлуулсан замын тэмдэг, тэмдэглэгээний байрлалыг хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэнэ.

7.8. Хаягжуулалтын мэдээллийг дараахь хэлбэрээр нийтэд мэдээлнэ:

       7.8.1. хаягийн зураг, цомог, жагсаалт зохиож, нийтэд түгээх;

       7.8.2. хаягийн зураг, мэдээлэл бүхий мэдээллийн самбарт байршуулах;

       7.8.3. хаягжуулалтын өөрчлөлтийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх.

7.9. Газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийн холбогдох хууль тогтоомж, журмаар тогтоосон нууц мэдээллийг хадгалах, хамгаалах арга хэмжээ авна.

Найм. Хаягийн тэмдэглэгээг үйлдвэрлэх,
байрлуулах

8.1. Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягийн тэмдэглэгээ, түүнийг байрлуулах стандартыг газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу батлуулан мөрдүүлнэ.

8.2. Тухайн шатны Засаг дарга гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягийн тэмдэглэгээг байрлуулах ажлыг хариуцан зохион байгуулна.

8.3. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаягийн тэмдэглэгээг энэ журмын 8.1-д заасан стандартын дагуу байрлуулна.

8.4. Засаг захиргааны нэгжийн хил зааг, хаягийн мэдээллийг “Нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийн хаягийг мэдээлэх самбар”-т тусгаж, олон улс, улсын чанартай авто замыг дайран өнгөрөх байрлалд Хаягжуулалтын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан журам, стандартад нийцүүлэн байрлуулна.

8.5. Хаягийн тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна.

Ес. Хаягжуулах үйл ажиллагааны санхүүжилт

9.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хаягжуулах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, шаардагдах санхүүжилтийг зохих журмын дагуу улс, орон нутгийн төсөвт тусгуулна.

9.2. Засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсон тохиолдолд хаягийн бүртгэл, хаягжуулахад шаардагдах зардлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

9.3. Энэ журмын 9.1, 9.2-т зааснаас бусад тохиолдолд хаягт өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан тал хаягжуулах ажлын зардлыг хариуцна.

Арав. Бусад

10.1. Хаягжуулалтын тухай хууль, журам болон стандартын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын болон газрын харилцаа, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хяналт тавина.

10.2. Энэ журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

 


-----o0o-----