A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, ХЯНАН БАТЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29 –ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралт

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ,

ХЯНАН БАТЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн (цаашид төсөл хэрэгжүүлэгч гэх) байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, хэрэгжилтийг ханган тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно.

1.3.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч боловсруулж, ерөнхий үнэлгээг хийсэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан газарт хүргүүлэн хянуулж, батлуулна.  

1.4. Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын хянаж, баталсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байгаль орчны үндсэн баримт бичиг болно.

1.5. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: Сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ (агаарын чанар, гадаргын ба газрын доорх усны нөөц, хөрсөн бүрхэвч, газрын хэвлий, ургамлан нөмрөг, амьтны аймгийг хамгаалах, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон арга хэмжээ болон тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг тусган), нөхөн сэргээх арга хэмжээ (техникийн болон биологийн нөхөн сэргээлт), биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох арга хэмжээ, түүх, соёлын өвийг хамгаалах арга хэмжээ, химийн хортой болон аюултай бодисын эрсдэлийг бууруулах арга хэмжээ, хог, хаягдлын менежментийн арга хэмжээ, орон нутгийн захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллага, ажлын хэсгийн дүгнэлт, шаардлагаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нөлөөллийн бүсийн оршин суугчдад тайлагнах үйл ажиллагаа, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр орно.

1.6. Энэ журмын 1.5-т заасан Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт төслийн нөлөөлөлд өртөж буй байгаль орчны дор дурдсан бүрдэл хэсгүүдийг заавал тусгаж, бүрдэл хэсэг тус бүрээр хяналт шинжилгээ хийх цэгийн байршил, хэмжилт, дээжлэлт авах үзүүлэлт, тоо, хугацаа, давтамж, зарцуулах зардал, хариуцан гүйцэтгэх этгээд, баримтлах стандарт, аргачлалыг нарийвчлан тусгана. Үүнд: газрын гадарга, хэвлий, агаарын чанар, дуу шуугиан, гадаргын ба газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, цацрагийн түвшин (цацраг идэвхт ашигт малтмал хайх, олборлох төсөлд), хортой болон хор хөнөөл учруулж болзошгүй бодис, материалыг хадгалалт, зарцуулалт, уурхайн хаягдлын далангийн аюулгүй байдал, нөхөн сэргээх арга хэмжээний үр дүн, тухайн уурхайн онцлогтой холбогдсон бусад барилга байгууламж орно.

ХОЁР. ТУХАЙН ЖИЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ

2.1. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна.

2.2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон нэмэлт тодотгол үнэлгээний ажлын үр дүнгээр боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үнэлгээний мэргэжлийн зөвлөл хэлэлцэн баталснаас хойш төсөл хэрэгжүүлэгч 1 сарын дотор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулан ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад батлуулахаар хүргүүлнэ.

2.3. Төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардлыг бүрэн тооцож түүний 50 хувийн барьцааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч сумын байгаль орчны барьцаа хөрөнгийн, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль оррчны төрийн захиргааны төв байгууллагын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд тус тус байршуулна.

2.4. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, төслийн танилцуулга, төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж байгаа техник технологи, төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулга, энэ журмын 1.5-д заасан бүрдэл хэсгүүд, баримтлах хууль тогтоомж, стандартын шаардлага болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг тодорхой тусгана.

2.5. Нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэхээр зөвшөөрөгдсөн төслийн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 31-ний дотор хүргүүлнэ.

2.6. Төсөл хэрэгжүүлэгчийн хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаа нь зах зээл, эдийн засгийн хямрал, байгалийн гамшигт үзэгдэл, тухайн бүс нутаг, хүн амыг хамарсан халдварт өвчин, тахал зэрэг давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас зогсонги байдалд орсон бол энэ талаараа ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад давагдашгүй хүчин зүйл үүссэнээс хойш 1 сарын дотор хандан, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болсон талаараа мэдэгдэж, дээрх шалтгаан арилах хүртэл түр хойшлуулах хүсэлт гарган шийдвэрлүүлнэ.

2.7. Тайлант онд үйл ажиллагаа явуулаагүй талаарх тодорхойлолтыг төсөл хэрэгжиж буй сум, дүүргийн Засаг дарга, хэд хэдэн сум, дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжих төслийн хувьд аймаг, нийслэлийн байгаль орчны газар тодорхойлсон байна.

2.8. Уул уурхайн төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа уурхай, дэд бүтцийн барилга байгууламж, баяжуулах, боловсруулах үйлдвэр, зам, талбайг хамруулан төлөвлөх бөгөөд ус хангамж, ариутгах татуурга, химийн хортой болон аюултай бодис ашиглах, хадгалах байгууламж, туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдох байгаль орчныг хамгаалах арга хэмжээнүүдийг нэгтгэн тусгаж, эрх бүхий байгууллагын баталсан уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн эхний улиралд багтаан эцэслэн баталгаажуулна.

2.9. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ашигт малтмал олборлох төслийн хувьд эрх бүхий байгууллагын баталсан уулын ажлын төлөвлөгөөтэй, газрын тос, уламжлалт газрын тос, цацраг идэвхит ашигт малтмал хайх төслийн хувьд эрх бүхий байгууллагын баталсан хайгуулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна.

2.10. Ашигт малтмалын ордыг олборлох төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа уурхайн хаалтын арга хэмжээнээс тухайн жилд гүйцэтгэх ажлыг тусгана.

2.11. Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ.

2.12. Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн хүчин чадал, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төрөл (алт, зэс, нүүрс болон бусад эрдэс түүхий эд олборлох, боловсруулах, уламжлалт ба уламжлалт бус газрын тос хайх, олборлох гэх мэт) үйл ажиллагааны цар хүрээ, нөлөөлийн бүсийн хэмжээ, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээний цар хүрээ, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах ажлын хэмжээнээсээ хамааруулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг хариуцах нэгжтэй байна.

2.13. Үйлчилгээ, аялал жуулчлалын төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн бизнес төлөвлөгөөтэйгөө уялдуулан боловсруулж батлуулна.

2.14. Үйлчилгээ, аялал, жуулчлалын төсөл хэрэгжүүлэгч нь хэрэгжүүлж буй төслийнхөө тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ус хангамж, ариутгах татуургын байгууламж, хаягдал ус цэвэрлэх технологи, техникийн үзүүлэлтүүд, ахуйн гаралтай шингэн болон хатуу хог хаягдлын менежментийг нарийвчлан тусгана.

2.15. Дэд бүтцийн төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бэлтгэл, барьж байгуулах болон ашиглалтын үе шатны батлагдсан төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн эхний улиралд багтаан боловсруулж батлуулна.

2.16. Дэд бүтцийн болон уул уурхайн төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд жилдээ хэрэглэх химийн хортой болон аюултай бодис, шатах тослох материалын хэмжээ, тээвэрлэлт, хадгалалт, устгалт саармагжуулалт, сав баглаа боодлын хадгалалт, устгалтын талаар нарийвчлан тусгана.

2.17. Дэд бүтцийн төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах явцад үүсэх эвдрэлийг нөхөн сэргээх арга хэмжээг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нарийвчлан тусгана.

2.18. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн төслийн хувьд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн бизнес төлөвлөгөөтэйгөө уялдуулан боловсруулж батлуулна.

2.19. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд химийн гаралтай бордоо, ургамал хамгаалал, үйлдвэрлэлд болон хортон шавьжтай тэмцэхэд ашигладаг, олон улсад зөвшөөрөгдсөн химийн бодисыг тухайн жилд хэрэглэх хэмжээ, тээвэрлэлт, хадгалалт, устгалт саармагжуулалт, сав баглаа боодлын хадгалалт, устгалтын талаар нарийвчлан тусгана. 

2.20. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалт, ашиглах усны хэмжээ, хаягдал ус цэвэрлэх байгууламж, технологи, усыг эргүүлэн болон дахин ашиглах арга хэмжээний талаар нарийвчлан тусгасан байна. 

2.21. Хөдөө аж ахуйн төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хөрс хамгаалал, талбайн сэлгэн ашиглалт, уринш болон цэвдэгш хагалгаа, тарих ургамлын сорт, ашиглах бордоо, хортон устгах бодисын талаар нарийвчлан тусгана.

2.22. Хөдөө аж ахуйн төслийн хувьд түр болон байнгын зориулалт бүхий суурин, ажилчдын байрнаас гарах ахуйн гаралтай хатуу болон шингэн хог хаягдлын менежментийг нарийвчлан тусгана.

ГУРАВ. ТУХАЙН ЖИЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЯНАЖ, БАТЛАХ

3.1. Тухайн төсөлд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн боловсруулсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага хянан баталснаар төслийн тухайн жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ.

3.2. Нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталснаар төслийг хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх эрх үүснэ.

3.3. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэл болно.

3.4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасны дагуу төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авч, түүнд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн биелэлтийг хянаж, дараагийн жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батална.

3.5. Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын төслөөс бусад ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум, дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж, аймаг, нийслэлийн байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ.

3.6. Ашигт малтмал ашиглах,  хайх, дэд бүтцийн барилга байгууламж барих зэрэг улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тэдгээрийн тухайн оны төлөвлөлттэй уялдуулан эхний улиралд багтаан хянаж, эцэслэн батална.

Дөрөв. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах

4.1. Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ханган биелүүлж түүний үр дүнг тусгасан биелэлтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор энэхүү журмын 3-р хавсралтын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн байгаль орчны газарт 3-аас доошгүй хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

4.2. Аймаг, нийслэлийн байгаль орчны газар тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авсан талаарх мэдээллийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөний цахим мэдээллийн санд оруулж, хүлээн авсан тухайгаа төсөл хэрэгжүүлэгчийн бүртгүүлсэн цахим шууданд ажлын 5 хоногт багтаан хариу мэдэгдэнэ.

4.3. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг газар дээр нь хянаж, дүгнэх ажлын хэсгийг харьяалагдах аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ журмын 4.1-д заасан хугацаанд байгуулна. Ажлын хэсгийг тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дарга ахлах бөгөөд байгаль орчны газрын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн нарийн бичгийн дарга байна.

4.4. Ажлын хэсэгт аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дарга, тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны асуудал хариуцсан улсын байцаагч, сав газрын захиргааны ус ашиглагч хариуцсан мэргэжилтэн, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч, нөлөөллийн бүсэд оршин сууж буй иргэдийн төлөөлөл орно.

4.5. Ойн сан бүхий газарт хэрэгжиж буй төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь дүгнэх ажлын хэсэгт тухайн нутаг дэвсгэрийн ойн ангийн төлөөллийг оруулна.

4.6. Ажлын хэсгийн гишүүд нь төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, үнэн зөв, бодит дүгнэлт гаргах чадвартай, байгаль орчны болон тухайн салбарын хууль тогтоомжийн талаар бүрэн мэдлэгтэй, ажлын туршлагатай хүн байна. Төслийн нөлөөллийн бүсэд оршин суух иргэдийн төлөөлөлд энэ шаардлага хамаарахгүй.

4.7. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэгт байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг уг төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага, төслийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагын хүсэлтийн дагуу оролцуулна.

4.8. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн явцыг тухайн байгууллагаас ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад гаргасан хүсэлтэд 90 онооноос дээш гүйцэтгэлтэй байгаа тухай тодорхойлон ирүүлсэний дагуу тухайн оны 3 дугаар улиралд багтаан газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргана.

4.9. Ажлын хэсэг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, дүгнэх ажлыг 11 дүгээр сарын 30-ны дотор зохион байгуулж, зөвхөн батлагдсан төлөвлөгөөнд тусгасан ажлуудын гүйцэтгэлд үндэслэн төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллийг байлцуулан, энэхүү журмын 4-р хавсралтад заасны дагуу арга хэмжээний чиглэл тус бүрээр оноогоор тооцож, биелэлтийг нь нэгтгэн гаргаж, газар дээр нь баталгаажуулан гарын үсэг зурж, төсөл хэрэгжүүлэгчид 1 хувийг хадгалуулна.

4.10. Улирлын чанартай ажилладаг уурхайн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг талбай дээр бодитоор нь үнэлэх, хэмжилт хийх боломжтой нөхцөлд зохион байгуулна.

4.11. Уул уурхайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг тухайн төсөл хэрэгжүүлэгчийн төлөөллийг байлцуулан хянаж, баталгаажуулсан дүгнэлтээ жил бүрийн 12 дугаар сарын 30-ны дотор байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.12. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг аймаг, нийслэлийн томилсон ажлын хэсэг газар дээр нь хянаж үнэлсэн нэгдсэн дүн 90 онооноос дээш гүйцэтгэлтэй байвал төсөл хэрэгжүүлэгчээс боловсруулж ирүүлсэн дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах нэг нөхцөл болно.

4.13. Аймаг, нийслэлийн Засаг дарга, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг энэ журмын 4.1-т заасан хугацаанд байгуулж ажиллуулаагүй, ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нэгдсэн дүгнэлтээ энэ журмын 4.9-т заасан хугацаанд гаргаж  ирүүлээгүй бол байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудлыг хариуцсан нэгж ажлын хэсэг томилон дүгнэнэ. Энэ тухай холбогдох аймаг, нийслэлийн байгаль орчны газарт албан бичгээр мэдэгдэнэ.

4.14. Аймаг, нийслэлийн байгаль орчны газраас батлагдсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан арга хэмжээ, нөхөн сэргээх, бохирдсон болон доройтсон орчныг цэвэрлэх, сэргээх үүргээ биелүүлээгүй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаарх мэдээллийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлж болно.

4.15. Байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа төсөл хэрэгжүүлэгч 2 жил тутамд байгаль орчны хуваарьт аудит хийлгэн, аудитын тайлан болон аудитын зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажлын тайланг аймаг, нийслэлийн байгаль орчны газарт ирүүлж, уг аудитын тайлан, зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажлын тайланд менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийн талаар бодит мэдээлэл, дүгнэлтийг тусгасан байх  бөгөөд хугацааны хувьд давхцаж байвал тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага дүгнэх нөхцөл болгож болно.

4.16. Төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт 90 оноо хүрээгүй буюу, хангалтгүй гэж дүгнэгдсэн бол хангалтгүй хийгдсэн ажлыг дараа оны эхний улиралд багтаан гүйцэтгэсэн тохиолдолд дүгнэлтийг дахин гаргуулна. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийсэн бол  үүнд хамаарахгүй.

4.17. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний баталгаажих нүүр хуудасны загварыг журмын 1 дүгээр, биелэлтийн тайлангийн нүүр хуудасны загварыг журмын 2 дугаар, төлөвлөгөө болон биелэлтийн тайлангийн агуулгыг журмын 3 дугаар, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах, дүгнэх хуудасны загварыг журмын 4 дүгээр, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, биелэлтийн тайланг хүлээн авахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг журмын 5 дугаар, уул уурхай, үйлдвэр, аялал жуулчлал, газар тариалан, үйлчилгээний салбарын төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хяналтын хуудсыг журмын 6 дугаар хавсралтад заасан загварын дагуу тус тус гаргана.

4.18. Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн талаар статистик мэдээний БОХ-3 маягтын дагуу, бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн бүртгэлийг холбогдох мэдээллийн сангийн асуултын дагуу тус тус гаргаж, тухайн сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний дотор хүргүүлэх ба дээрх мэдээллийг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан шинэчилж, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланд заавал хавсаргана.

ТАВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТҮҮНИЙ БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНД ОРУУЛАХ

5.1. Уул уурхай, ашигт малтмал ашиглах төсөл хэрэгжүүлэгч энэ журмын 3-т заасны дагуу баталгаажсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хяналтын хуудас /энэ журмын 6 дугаар хавсралт/, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн дүгнэсэн дүн /энэ журмын 4 дүгээр хавсралт/ зэргийг уг төлөвлөгөө, тайланг баталгаажсанаас хойш ажлын 10 хоногт багтаан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний мэдээллийн сан”-д оруулсан байна.

5.2. Уул уурхай, ашигт малтмал ашиглах төсөл хэрэгжүүлэгчийн Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь хянаж дүгнэн, баталгаажуулсан ажлын хэсэг энэхүү журмын 4 дүгээр хавсралтад заасан загвараар 12 дугаар сарын 30-ны дотор “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний мэдээллийн сан”-д оруулж, ажлын 5 хоногт багтаан төсөл хэрэгжүүлэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу энэ талаарх мэдээллийг илгээнэ.

5.3. Уул уурхай, ашигт малтмал ашиглах төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хяналтын хуудсыг  төлөвлөгөөг хянаж баталсан эсхүл  хүлээн авсан  байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудлыг хариуцсан нэгж, мэргэжилтэн болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь хянаж дүгнэн, баталгаажуулсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  тухай бүр нэгтгэн  “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний мэдээллийн сан”-д оруулна.

ЗУРГАА. БУСАД

6.1. Байгаль орчныг хамгаалах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх барьцаа хөрөнгийг төвлөрүүлэх, буцаан олгохтой холбогдсон харилцааг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.15-д заасан журмаар зохицуулна.

6.2. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг төсөл хэрэгжүүлэгч бүрэн хариуцна.

6.3. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээн авч дүгнэх, дараа жилийн төлөвлөгөөг хянан батлах асуудлыг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага  энэ журмын хавсралт  4 болон 6-д заасан баримт бичиг, мэдээллийн бүрдлийг үндэслэн ажлын 14 хоногт багтааж, шийдвэрлэнэ.

6.4. Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгасан дүгнэлттэй холбоотой гомдлоо 12 дугаар сарын 15-ны дотор байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

6.5. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дээрх гомдлыг хүлээн авч, асуудлыг газар дээр нь үзэх шаардлагатай бол нарийвчлан танилцаж, хөндлөнгийн дүгнэлт гаргах ажлын хэсгийг тухайн төсөлд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага, байгаль орчны аудитын байгууллагын төлөөлөл, төв, орон нутаг дахь байгаль орчны хяналт шинжилгээ хариуцсан байгууллагын төлөөллийг оролцуулан томилж, 1 сарын дотор дүгнэлт гаргуулна.

6.6. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланд хөндлөнгийн дүгнэлт гаргахаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд газар дээр нь шалгаж дүгнэлт гаргахтай холбогдон гарах зардлыг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч хариуцана.

 

----- оОо -----