A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын  2019 оны А/393 дугаар захирамжийн хавсралт

 

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТӨВЛӨРСӨН ЦЭГИЙН БОЛОН ХОГ ХАЯГДЛЫГ СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь хогийн цэгийн үйл ажиллагаа болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Хог хаягдал булшлах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага болон хог хаягдлыг сэргээн ашиглах, булшлах,  устгах ажил эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд энэхүү журмыг удирдлага болгоно.

1.3 Аймаг, сумын төвлөрсөн суурин газар бүр хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгтэй байна.

1.4 Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаанд болон төвлөрсөн цэг, байгууламжид тавих шаардлагад Хог хаягдлын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг, төвлөрсөн цэгт хог хаягдлыг булшлах, ландфиллыг хаахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/445 дугаар тушаалаар батлагдсан аргачлалыг баримтална.

1.5 Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аймгийн Засаг дарга захирамжаар олгож, сумын Засаг дарга гэрээ байгуулан ажиллана.

1.6 Энэхүү журамд орсон нэр томьёог Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар ойлгоно.

1.7 Хог хаягдлын тухай хуульд уг журамтай холбоотой нэмэлт өөрчлөлт орвол энэхүү журамд өөрчлөлт оруулна.

Хоёр. Энгийн хог хаягдлын төвлөрсөн хогийн цэг, байгууламж

2.1 Энгийн хог хаягдлын төвлөрсөн хогийн цэг, байгууламж байгуулахад тавигдах шаардлага

2.1.1 Хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфиллын бүтэц, булшлах технологиос хамааруулж гурван зэрэглэлээс сонгон байгуулах. (Хог хаягдлын тухай 17 дугаар зүйлд зааснаар)

2.1.2 Төвлөрсөн цэг байгуулах газрыг сонгохдоо дараах үзүүлэлтийг харгалзан үзнэ.

2.1.2.1  Хүн амын тоо

2.1.2.2  Нийгэм, эдийн засгийн байдал

2.1.2.3 Үүсэх хог хаягдлын хэмжээ

2.1.2.4 Газрын гадаргын хэв шинж

2.1.2.5  Геологи, гидрогеологийн нөхцөл байдал

2.1.3 Энгийн хог хаягдлыг булшлах, устгах, төвлөрсөн цэг, байгууламжийн байршил нь дараах шалгуурыг хангасан байна.

2.1.3.1 Хүн амын суурьшлын бүсээс 3км-ээс багагүй зайд

2.1.3.2 Улс, орон нутгийн чанартай авто зам, шугам сүлжээний газраас 200м, төмөр замаас 500м зайтай байна.

2.1.3.3 Гол мөрний урсац эх бүрэлдэх, усны болон ойн сан бүрэлдэх газартай давхцалгүй байх ба эдгээр газраас 5 км-ээс доошгүй хол газарт байх

2.1.3.4 Түүх соёлын дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газартай давхцаагүй байх ба эдгээр газраас 5 км-ээс доошгүй хол газарт байх

2.1.3.5 Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр иргэн, аж ахуйн нэгжийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар хуваарилагдсан газраас ангид байх

2.1.3.6 Улсын болон орон нутгийн хэрэгцээний газартай давхцалгүй байх

2.1.3.7 Төв суурин газрын салхины зонхилох чиглэлийн доор байх.

2.1.3.8 Хаягдлын эх үүсвэрт аль болох ойр байх;

2.1.4 Төвлөрсөн хогийн цэг нь үндсэн байгаль орчныг хамгаалах байгууламжтай байж болно.

2.1.4.1 Хамгаалах, хаших, хязгаарлах далан, хашаатай байх

2.1.4.2 Хур борооны ус зайлуулах сувгийн систем

2.1.4.3 Хогийн цэгийн зам

2.1.4.4 Тэмдэг, тэмдэглэгээ

2.2 Төвлөрсөн хогийн цэг, байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох

2.2.1 Аймаг, сум, төвлөрсөн суурин газарт энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хогийн цэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газар олгоно.

2.2.2 Аймаг, сумын төв суурин газрын хогийн цэгийг сумын Засаг даргын Тамгын газар хариуцаж ажиллана.

2.2.3 Төвлөрсөн суурин газраас бусад алслагдмал (10км-ээс дээш хол зайтай) газарт түр болон удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аймгийн Засаг дарга олгож, сумын Засаг дарга гэрээ байгуулан ажиллана.
2.2.4 Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлнэ.

2.2.4.1 Албан хүсэлт

2.2.4.2 Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар

2.2.4.3 Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах газрын кадастрын зураг

2.2.4.4 Хогийн цэгийн үйл ажиллагааны байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт

2.2.4.5 Хогийн цэгийн үйл ажиллагааны танилцуулга (Хогийн цэгийн байршил, зориулалт, хамрах талбай, жилд төвлөрүүлэх хогны хэмжээ гэх мэт...)

2.2.4.6  Багийн Засаг даргын тодорхойлолт (Дэмжсэн эсэх бичиг)

2.2.4.7 Сумын газар зохион байгуулалтад тусгагдсан эсэх

2.2.4.8 Газрын төлөв байдал, чанарыг хянан баталгааг хийлгэсэн тухай

2.2.5 Баримт материалын бүрдэл хууль тогтоомжийн дагуу эсэхийг хянан үзээд, зөвшөөрөл олгох тухай аймгийн Засаг даргад танилцуулан, шийдвэр гаргуулна.

Гурав. Хог хаягдал булшлах, устгах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэх

3.1 Хог хаягдал булшлах, устгах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага

3.1.1 Хог хаягдал булшлах, устгах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь дараах хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүлээн авч хүрээлэн буй орчинд халгүй аргаар булшлах, устгах үйл ажиллагаа явуулна.

3.1.1.1 Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, цехээс үлдсэн үлдэгдэл;

3.1.1.2 Аюултай, халдвартай хог хаягдал, шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдлаас бусад энгийн хог хаягдал

3.1.1.3  Бусад зөвшөөрөгдсөн хог хаягдал;

3.1.2 Хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь төвлөрсөн цэг, байгууламжийн үйл ажиллагааг эрхлэн зохицуулах үүрэг бүхий орон тооны зохицуулагчтай байна.

3.1.3 Төвлөрсөн цэг, байгууламжийн ажиллах цагийн хуваарь, уг цэгт хүлээн авахгүй хог хаягдлын жагсаалт, шаардлагатай утасны дугаар, хог хаягдал хүлээн авахтай холбогдолтой мэдээллүүдийг оруулсан дүрэмтэй байна.

3.1.4 Төвлөрсөн цэг, байгууламжид ажиллах ажилчдыг сургаж, дадлагажуулсан байх бөгөөд ажилчид тус бүрийн ажил үүргийн хуваар, чиглэлийг заасан ажлын байрны тодорхойлолттой байна.

3.1.5 Төвлөрсөн цэг, байгууламжид шаардлагатай техник, багаж, хэрэгсэлтэй байна.

3.1.6 Хог хаягдал булах, зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгт ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангах асуудлыг бүрэн хариуцна.

3.1.7 Хог хаягдлыг сэргээн ашиглах аж ахуйн нэгж, байгууллага нь байгальд халгүй аргаар үйл ажиллагаа явуулна.

3.2 Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох

3.2.1 Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлнэ.

3.2.1.1 Албан хүсэлт

3.2.1.2 Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн маягтыг нотриатиар батлуулсан хуулбар

3.2.1.3  Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэх

3.2.1.4  Багийн Засаг даргын тодорхойлолт

3.2.1.5 Хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааны төслийн мэдээлэл

3.2.1.6 Тухай төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ
3.2.2 Төвлөрсөн цэг, байгууламжийн ажлын дэглэм, цагийн хуваарийг сумын Засаг даргаар баталгаажуулан мөрдөнө.
3.2.3 Төвлөрсөн цэг, байгууламжийн эргэн тойронд 500 м-ийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоож, уг бүсэд хүн ам оршин суух, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, хог хаягдал булшлах, устгах, сэргээн ашиглах зориулалтаас бусад барилга, байгууламж барих зэрэг аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Дөрөв. Хяналт, шинжилгээ

4.1 Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн үйл ажиллагаанд тус үйл ажиллагааг эрхлэгч дотоод хяналтыг байнга хийнэ.

4.2 Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн үйл ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.

4.3 Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны шинжилгээг тусгайлан тогтсон газраас зургаан сард нэг удаа хийлгэнэ.