- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн хавсралт
ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах,тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын хэрэгжилт хангах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх Хог хаягдлын олон нийтийн байцаагч /цаашид “олон нийтийн байцаагч” гэх/ ажиллуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Журмын зорилго нь сумын ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сумын нутаг дэвсгэрт хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулж хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
1.3.Сумын Засаг даргын Тамгын газрын саналыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр Олон нийтийн байцаагчийн урамшууллын зардлыг сумын төсөвт тусгана.
1.4.Сумын Засаг даргын Тамгын газар олон нийтийн байцаагчийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллана.
1.5.Олон нийтийн байцаагч нь сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч байх бөгөөд сумын Засаг даргаас олгосон албаны үнэмлэхтэй байх, батлагдсан маягтын дагуу “Зөрчлийн тухай тэмдэглэл”-ийн хуудас хэрэглэнэ.
1.6.Олон нийтийн байцаагч нь үйл ажиллагаандаа Хог хаягдлын, Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын шийдвэр, энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Олон нийтийн байцаагчийн эрх олгоход тавигдах шаардлага
2.1.Монгол Улсын иргэн, 18-аас дээш хөдөлмөрийн насны, иргэний эрх зүйн чадамжтай, бүрэн дундаас дээш боловсролтой.
2.2.Иргэдийн итгэл хүлээсэн, харилцааны соёлтой, хууль сурталчлах зохион байгуулах, багаар ажиллах, шаардлага тавих чадвартай байх
2.3.Сумын байнгын оршин суугч байх
Гурав. Олон нийтийн байцаагчийг томилох, чөлөөлөх, эрхийг сунгах, цуцлах
3.1.Сумын Засаг даргын Тамгын газар нь уг журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан иргэнд олон нийтийн байцаагчийн эрх олгоход шаардлагатай дараах бичиг баримтыг бүрдүүлж авч, сумын Засаг даргын зөвлөлд танилцуулна.
3.1.1 Анкет
3.1.2 Олон нийтийн байцаагчаар ажиллах тухай хүсэлт
3.1.3 Иргэний үнэмлэхний хуулбар
3.1.4 Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар
3.1.5 Багийн Засаг даргын санал
3.1.6 3*4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг
3.2 Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сумын Засаг даргын захирамжаар Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн эрхийг олгож, түдгэлзүүлнэ.
3.3 Сумын Засаг даргын захирамжийг үндэслэн Тамгын газрын дарга Олон нийтийн байцаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ба гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана.
3.4 Олон нийтийн байцаагч нь ажлаа сар, улирлаар төлөвлөн сумын Тамгын газрын даргаар батлуулах ба Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн удирдлага дор ажиллана.
3.5 Олон нийтийн байцаагчийн эрхийг 2 жилийн хугацаагаар олгоно. Журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй ажилтанд олон нийтийн байцаагчийн эрх олгохгүй.
3.6 Олон нийтийн байцаагчийн эрхийг зөрчил илрүүлсэн, зөрчлийг арилгуулахаар авсан арга хэмжээ ажлын үр дүнг харгалзан 1 жилийн хугацаагаар сунгана.
3.7 Олон нийтийн байцаагчийн эрхийн хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө олон нийтийн байцаагчийн эрхийг сунгуулах, дахин шинээр томилох тухай албан мэдээллийг удирдлага, олон нийтэд хүргэх
3.8 Олон нийтийн байцаагчид цалин олгож, урамшууллыг жилд 1 удаа мөнгөн хэлбэрээр /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ба түүнээс дээш/ олгоно. Урамшууллыг олгохдоо олон нийтийн байцаагчийн ажлын гүйцэтгэлийг харгалзан дүгнэнэ.
3.9 Дараах тохиолдолд олон нийтийн байцаагчийн эрхийг сумын Засаг дарга захирамжаар цуцална.
3.9.1 Хог хаягдлын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, заавар болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын шийдвэрийг зөрчсөн.
3.9.2 Үүрэгт ажилдаа шударга бус хандаж эрхээ хэтрүүлсэн
3.9.3 Өөр ажил, албан тушаалд томилогдох болсон
3.9.4 Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон
3.9.5 Нас барсан
3.9.6 Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн
3.9.7 Өөрийн хүсэлтээр гарахаар өргөдөл өгсөн
3.9.8 Энэхүү журмыг зөрчсөн
Дөрөв. Олон нийтийн байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана
4.1.Олон нийтийн байцаагч нь Хог хаягдлын тухай хууль, журам, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхээс гадна дараах чиглэлийн үйл ажиллагаанд хяналт тавина.
4.1.1.Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, барилга байгууламжийн засварын хог хаягдалд хяналт тавих, орон сууцны болон гэр хорооллын гудамж, зам талбайд ил задгай хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.
4.1.2.Аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийг нийтийн эзэмшлийн талбайн цас мөсийг тогтмол цэвэрлүүлэх, хальтаргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах шаардлагыг тавих.
4.1.3.Байнга болон түр оршин суудаг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлт, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого төвлөрүүлэлт болон гэрээний биелэлтэд хяналт тавина.
4.1.4.Байгаль экологи, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоож холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ.
4.1.5.Сумын нийтийн эдэлбэр газрын 50м хүртэлх цэвэрлэгээг эзэнжүүлэн хуваарь гарган тогтмолжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллагын идэвх санаачилгыг өрнүүлэх.
4.1.6.Бүх нийтийг хамарсан хог цэвэрлэгээний ажилд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг өргөнөөр хамруулах, зар түгээх, сурталчлах.
4.1.7.Хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх.
Тав. Зөрчил хянан, шийдвэрлэх
5.1 Олон нийтийн байцаагч нь хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэлийг батлагдсан маягтын дагуу 2% үйлдэх ба тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
5.1.1 Зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нэр, утас, хаяг, байршил, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл
5.1.2 Гаргасан зөрчлийн нөхцөл байдал
5.1.3 Зөрчигдсөн хууль тогтоомжийн зүйл, заалт
5.1.4 Олон нийтийн байцаагчийн санал, дүгнэлт /Захиргааны шийтгэл ногдуулах хууль тогтоомжийн зүйл, заалтыг тусгасан байх/
5.2 Зөрчил гаргагч этгээд “Зөрчлийн тухай тэмдэглэл”-тэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.
5.3 Олон нийтийн байцаагч нь илэрсэн зөрчлийн талаар үйлдсэн тэмдэглэлийг эрх бүхий улсын байцаагчид зөрчил илрүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор танилцуулж хянуулна.
5.4 Зөрчлийг фото зургаар баталгаажуулж болно.
5.5 Зөрчлийн тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, нэг хувийг зөрчил гаргагч этгээдэд өгнө.
5.6 Зөрчил илрүүлсэн тэмдэглэлийн тайлан мэдээг дараа сарын 5-ны дотор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны, хяналтын улсын байцаагчид нэгтгэн ирүүлнэ.
Зургаа. Олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд тавих хяналт
6.1 Олон нийтийн байцаагч нь сумын Засаг даргын Тамгын газар, хариуцсан багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжтэй ажлын уялдаа холбоотой ажиллана.
6.2 Сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Олон нийтийн байцаагчийн зөрчлийн тэмдэглэлд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
6.3 Эрх бүхий улсын байцаагч, байгаль хамгаалагч нь илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтанд албан шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.
Долоо. Тайлан хүргүүлэх
7.1 Сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь олон нийтийн байцаагчийн ирүүлсэн зөрчлийн тэмдэглэл, түүний дагуу авсан арга хэмжээний талаар сумын Засаг даргад улирал бүрийн 10-ны өдрийн дотор тайлагнаж ажиллана.
7.2 Сумын Засаг дарга Олон нийтийн байцаагчийн зөрчлийн тэмдэглэл түүний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг улирал бүрийн 15-ны дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
Найм.Бусад
8.1 Сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга нар Олон нийтийн байцаагчийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллана.
8.2 Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, байгууллага, аж ахуйн нэгж Олон нийтийн байцаагчийн хяналтын ажилд саад учруулахгүй байх бөгөөд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох талаар тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
8.3 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Олон нийтийн байцаагчийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг холбогдох байгууллагад ирүүлэх, шийдвэрлүүлэх эрхтэй.
Текст томруулах
A
A
A