- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД НАСТНЫ ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2019 оны 389 дүгээр
тогтоолын хавсралт
АХМАД НАСТНЫ ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий мэдээлэл
Дэлхий дахинд ахмад настны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа талаар Дэлхийн насжилтын хяналтын индекс 2015 судалгааны тайланд дурдсан байна. Өдгөө 60-аас дээш насны 901 сая ахмад настан байгаа нь дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг эзэлж байгаа бол 2030 онд 1.4 тэрбум (16.5 хувь), 2050 онд 2.0 тэрбум (21.5 хувь)-д хүрэх төлөвтэй байна.
Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш настны хүн амын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 онд гэхэд 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын дүнд суурилсан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-ны үр дүнд үндэслэн 55 түүнээс дээш насны хүн амын нийт хүн амд эзлэх хувийг тооцож үзэхэд 2015 онд 9.7 хувь эзэлж байсан бол 2045 онд 19.4 хувь болж, 10 шахам пунктээр нэмэгдэхээр байна.
Хүн амын насжилт улс орнуудад нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн олон асуудлыг дагуулж байгаа учир Дэлхийн насны хяналтын индексийг тооцож байна. Энэхүү индексийг ахмад настны аж байдал, эрүүл мэнд, чадамж, орчин нөхцөл гэсэн 4 бүлэг үзүүлэлтээр тооцдог бөгөөд 2015 онд уг индекс тооцсон 96 орноос манай улс 72-т, үүний дотор аж байдлын үзүүлэлтээр 31-д, эрүүл мэндийн үзүүлэлтээр 93-т, чадамжийн үзүүлэлтээр 64-т, орчин нөхцөлийн үзүүлэлтээр 62-т орсон байна.
Түүнчлэн Монгол Улс ахмад настны аж байдлыг сайжруулах, ядуурлаас хамгаалах талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг зарим судалгааны дүн сануулж байна. Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлд “Нийт өндөр насны тэтгэвэр авагчдын 53.3 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Ихэнх ахмад настан буюу 97 хувь нь бага тэтгэвэртэй амьдарч, амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас ахмадууд тэтгэврийн зээл ихээр авч байна.” гэж дурджээ. Мөн МОНГОЛ УЛС-ШИНЖИЛГЭЭ СУДАЛГАА”-нд ахмад настны 85.5 хувь нь нэг буюу түүнээс дээш өвчнөөр өвдсөн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад бүртгэгдсэн байна. Ахмад настнуудын өвчлөлийн бараг 80 хувь нь халдварт бус өвчин байна. гэж дурдсан байна.
Монгол Улсад ахмад настнуудын боловсролын түвшин харьцангуй өндөр ч хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байна. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлд дурдсанаар “Ахмад эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаанд оролцсон 576 ахмад настны 50.2 хувь нь тусгай мэргэжлийн болон дээд боловсролтой байна. Гэтэл өнөөгийн байдлаар манай улсын нийт ахмад настны 4.3 хувь нь буюу 12.7 мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Тэдний 31.8 хувь нь ач, зээгээ буюу хүүхэд харах ажил эрхэлж байна. “Мөн төрийн алба болон хувийн хэвшилд ахмад настны хөдөлмөрлөх эрх зүйн орчныг нарийвчлан тодорхойлоогүйн улмаас насаар ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсч байгааг сануулжээ.”
Орчин нөхцөлөөс шалтгаалсан хувь хүний аюулгүй байдал, иргэний эрх чөлөө, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах шаардлагатайг “Дэлхийн насны хяналтын индекс”-т, гэрт болон гадаад орчинд аюулгүй байдал хангагдаагүйгээс ахмад настан бэртэж гэмтэх тохиолдол их байгааг “МОНГОЛ УЛС-ШИНЖИЛГЭЭ СУДАЛГАА”-нд тус тус дурджээ.
Ахмад настнуудад ээлтэй уламжлалт зан заншил, нийгмийн харилцаа холбоог улам бэхжүүлэх, ахмад настны талаар олон нийтэд эерэг ойлголт бий болгох, хувь хүний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх, гудамж талбай, зам, барилга байгууламжийг ахмад настанд ээлтэй хүртээмжтэйгээр тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэн тохижуулах шаардлагатай байна.
Дээрх хэрэгцээ шаардлага, судалгааны дүнг үндэслэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хэмжээ, хугацаа, хүүг оновчтой тогтоох, ахмад настныг ядуурлаас хамгаалах бодлого, үйл ажиллагааг тэдний эрх, ашиг сонирхол, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцүүлэн шийдвэрлэх, эрүүл мэнд, эрүүл наслалтыг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг урт хугацаанд үзүүлэх, өргөжүүлэх, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн хүрээний аливаа мөлжлөг, ялгаварлалтаас тэднийг ангид байлгах, орчин нөхцөлийг сайжруулах нь нэн тэргүүний зорилт болж байна.
Монгол Улс ахмад настны талаар цөөнгүй хууль тогтоомж, бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэд “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх зэрэгт эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заасныг үндэслэн 1994 онд нийгмийн даатгалын болон халамжийн багц хуулиуд, 1996 онд Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2005 онд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, 2017 онд Ахмад настны тухай хууль болгон шинэчлэн найруулжээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 1998 онд “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөр”, 2009 онд “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх Үндэсний стратеги”, 2013 онд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн байна. Гэсэн хэдий ч эдгээр хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн салбар дундын зохицуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоо, судалгаа мэдээлэл, үр дүн хангалтгүй байгааг дээрх судалгааны дүн, тоо баримтууд харуулж байна.
Иймд ахмад настнуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтээр баримталж байгаа насжилтын асуудлаарх бодлогын үндсэн зарчмууд, Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулж, нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах хүрээнд хөтөлбөрийг боловсрууллаа.
Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
2.1.1. Ахмад настныг нас, хүйс, арьс өнгө, боловсрол, иргэний харьяалал, үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, оюун ухаан, бие махбодийн чадвараар ялгаварлан гадуурхагдахаас ангид байх нөхцөлийг бүрдүүлж, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалахад төрийн бодлого чиглэгдэх;
2.1.2. ахмад настнууд нийгмийн бүхий л хүрээнд эрх тэгш боломжоор хангагдах;
2.1.3. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгууд /2015-2030/, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, “Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн баримт бичигт туссан зорилт, зарчмуудтай нягт уялдах;
2.1.4. салбар дундын хамтын ажиллагааг чухалчлах, аливаа бодлого, шийдвэр гаргах, төлөвлөн хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянаж, үнэлэхэд тэдний оролцоог хангах;
2.1.5. хөтөлбөрийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд салбар хоорондын уялдааг хангасан, судалгаа, баримтад үндэслэн бодит хэрэгцээнд тулгуурлах.
Гурав. Хөтөлбөрийн зорилго
Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, тэднийг эрүүл урт наслуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилт
4.1. Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
4.1.1. ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах;
4.1.2. ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
4.1.3. ахмад настны чадамжийг дэмжих;
4.1.4. ахмад настны амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.1. Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1.1. холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг хэрэгжүүлэх хүрээнд ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
5.1.2. ахмад настны орлогын баталгааг хангах, ядуурлаас хамгаалах үүднээс малчин, хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийг тэтгэврийн даатгалд хамрагдах хувь хэмжээг нэмэгдүүлэх;
5.1.3. ахмад настны насан туршийн боловсролд хамрагдах үйл явцыг дэмжих, чадавхжуулах сургалтад хамруулах замаар шинээр орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
5.1.4. малчдын хөдөлмөрийн нөхцөл, амьдралын орчин, бусад хүчин зүйлсийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхийг хадгалж, хамрагдалтыг нэмэгдүүлэх;
5.1.5. тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацаа, хэмжээг хязгаарлах, хүүг бууруулах замаар ахмад настны орлогыг хамгаалах;
5.1.6. хувийн сайн дурын нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх;
5.1.7. ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж, даатгуулагчийг олон жил хөдөлмөрлөж, тасралтгүй шимтгэл төлөхийг дэмжих;
5.1.8. аж ахуйн нэгж, байгууллагыг “Ахмадын сан” байгуулан ажиллуулахыг дэмжих, сангийн үйл ажиллагааг бэхжүүлэх;
5.1.9. хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй зэрэг зайлшгүй байнгын асаргаа шаардлагатай ахмад настны онцлог хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тусгай дэмжлэг үзүүлэх;
5.1.10. ахмад настны амьдралын чанарын судалгаа хийж, шинэ төрлийн дэмжлэг, туслалцаа, үйлчилгээ нэвтрүүлэх;
5.1.11. аймаг, нийслэл, сум, дүүргүүд ахмад настныг бие даасан орон байртай болгох, орон байрны нөхцөлийг сайжруулах арга хэмжээг дотоод нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх, түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулах;
5.1.12. ахмад настны амьжиргааг дэмжих, ядуурлаас хамгаалах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх.
5.2. Ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.2.1. эрүүл насжилт, ахмад настны эрүүл мэндийг дэмжихтэй холбогдуулан хууль эрх зүйн орчны үнэлгээ хийх, холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг боловсронгуй болгох арга хэмжээ авах;
5.2.2. Монгол хүний насжилт, ахмад настны эрүүл мэндийн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлж, мэдээллийн нэгдсэн сан бий болгох;
5.2.3. ахмад настанд зонхилон тохиолддог өвчний үед зайлшгүй хэрэглэх эмийн нэр төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
5.2.4. ахмад настныг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, шаардлагатай ахмадуудыг эмчилгээ, сувилгаанд хамруулах ажлыг эрүүл мэндийн төвөөр дамжуулан хэрэгжүүлэх, ахмад настанд гэрээр үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх, чанарыг сайжруулах;
5.2.5. хэвтрийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудын судалгааг жил бүр нарийвчлан гаргаж, хяналтад авах, гэрээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх;
5.2.6. ахмад настны эрэлт, хэрэгцээнд суурилсан урт хугацааны олон талт тусламж үйлчилгээг өргөжүүлж хөгжүүлэх, дэвшилтэд технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх;
5.2.7. урт хугацаанд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, чанар стандартыг боловсронгуй болгох, хяналт үнэлгээг сайжруулах;
5.2.8. Гэрээр болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлыг судалж шийдвэрлэх;
5.2.9. ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх, асаргаа, сувилгааны чиглэлээр сургалтад хамруулах, мэргэшүүлэх, тэдэнд зориулсан зөвлөгөө, дэмжлэг туслалцааг өргөжүүлэх;
5.2.10. урт хугацааны тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, асаргааны даатгалын эрх зүйн орчин бий болгох;
5.2.11. түншлэл, хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоонд түшиглэн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох замаар ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний сүлжээ бий болгох;
5.2.12. холбогдох хууль тогтоомж, бусад эрхийн актыг хэрэгжүүлэх хүрээнд төрөлжсөн асрамжийн үйлчилгээний шинэчлэлийн хөтөлбөр батлуулж, ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх;
5.2.13. ахмад настанд тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын нэр, төрлийг олшруулж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох;
5.2.14. ахмадуудыг нас, бие бялдрын онцлогт тохирсон сургалт, чийрэгжүүлэлт, дасгал хөдөлгөөнд хамруулах.
5.3. Ахмад настны чадамжийг дэмжих зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.3.1. холбогдох хууль тогтоомж, эрхийн актыг хэрэгжүүлэх хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх;
5.3.2. ахмад настан хөдөлмөрлөх явцад ялгаварлалт, мөлжлөгт өртөж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн ялгаварлалт, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр ажил олгогч, үйлдвэрчний эвлэл болон хөдөлмөрийн байцаагчдын чадавхыг бэхжүүлэх;
5.3.3. ахмад настны бүтээмж, мэргэшлийн ур чадварыг үнэлэх, тэдний дунд ажил, мэргэжлийн уралдаан зохион байгуулах, мэргэшил, ур чадварыг залууст эзэмшүүлэх зэргээр ахмад настны хөдөлмөрийн бүтээмж, чадамжийн талаарх нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд нөлөөлөх;
5.3.4. гэр бүлийн өвчтэй гишүүнийг асрах, ач зээгээ өсгөн хүмүүжүүлэх зэрэг ахмад настны эрхэлж байгаа хөлсгүй хөдөлмөрийг үнэлэмжтэй болгох чиглэлээр судалгаа хийх, санал боловсруулах;
5.3.5. Төрийн захиргааны төв байгууллага бүр өөрийн салбарын хэмжээнд зөвлөх мэргэжилтнээр ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг мэргэжил, мэргэшлийн чиглэлээр шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд оролцуулах, салбарын албан хаагчдыг чадавхжуулахад зөвлөх, сургагч багшаар ажиллуулах;
5.3.6. Төрийн захиргааны төв байгууллага бүр төрийн бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хянах ажиллагаанд ахмад зөвлөхүүдийг мэргэжлийн чиглэлээр оролцуулах, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдтэй ахмад зөвлөхүүдийг танилцуулах, тэдний санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах;
5.3.7. Төрийн захиргааны төв байгууллага бүр салбарын ахмад ажилтнуудын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, онол-практикийн бага хурал зохион байгуулах замаар ахмад болон залуу үеийн залгамж холбоог хангах;
5.3.8. нутгийн захиргааны байгууллага нь ахмад настны дунд биеийн тамир, спорт, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийг жил бүр баталж, төсөвт тусган, хэрэгжилтийг зохион байгуулах;
5.3.9. ахмад настны спортын баг, соёл, урлагийн хамтлаг, сонирхлын бүлэг, клубийг байгуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
5.3.10. ахмад настанд зориулан чөлөөт цагийн танхим, өргөө, мэдээллийн төв байгуулж, мэдээллийг амаар, бичгээр, цахимаар, дуут болон дүрс бичлэг зэрэг олон хэлбэрээр авах боломжийг өргөжүүлэх;
5.3.11. чөлөөт цагийн танхим, мэдээллийн төв, албан бус (насан туршийн боловсролын төвөөр дамжуулан ахмад настныг бичиг үсэгт сургах, боловсролын түвшин ахиулах, компьютер, гар утас, интернет, шинэ дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж ашиглах зэрэг) зайлшгүй хэрэгцээт сургалтуудыг тэдний хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах;
5.3.12. ахмад настан, түүний гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, хууль эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн зэрэг шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулах.
5.4. Ахмад настны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.4.1. эцэг, эх, ахмадаа хүндлэх, асран хамгаалах соёл, хүмүүжил, уламжлалт ёс заншлыг хүүхэд залуучуудад эзэмшүүлэхэд туслах гарын авлага, аудио болон видео хичээл, материал бэлтгэх, хүртээмжийг нэмэгдүүлэх;
5.4.2. эцэг, эх, ахмад настантай хамт амьдарч, асарч тэтгэж байгаа гэр бүлд дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг судлан бодлогоор дэмжих;
5.4.3. гэр бүлийн гишүүдэд өгөх зөвлөгөө, мэдээллийг өргөжүүлэх;
5.4.4. угийн бичиг хөтлөх, ургийн баяр зохион байгуулахыг дэмжиж, удам дамжин нутаг орондоо нэр хүндтэй яваа гэр бүлүүдийг жишээ болгон сурталчлах, алдаршуулах;
5.4.5. ахмад настныг хүндлэх, дэмжиж туслах эцэг, эхээ асран тэтгэх үр хүүхдийн үүрэг хариуцлагыг хүүхдэд бага наснаас нь ойлгуулах ажлыг боловсролын салбараар дамжуулан зохион байгуулах;
5.4.6. коллеж, их, дээд сургуулийн хүмүүнлэгийн ухааны хичээлийн агуулгад насжилтын асуудлыг тусгах;
5.4.7. ахмад настныг ажилд авахдаа ажлын байран дээр, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахгүй байх ёс зүйг хөдөлмөрийн хамт олны дунд төлөвшүүлэх;
5.4.8. ахмад настны ажил хөдөлмөрийн амжилт, түүхэн гавьяа, залууст үлгэр дуурайл болох үйлсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах;
5.4.9. ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настан /ажилтан/-ыг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
5.4.10. тухайн ажилтан тэтгэвэрт гарсны дараа аж ахуй болон хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй бол бизнесийн болон ур чадварын сургалтад, сургагч багш зөвлөхөөр ажиллах бол сургагч багш бэлтгэх сургалтад хамруулах, дахин чадавхжуулах сургалтыг ажил олгогч зохион байгуулах;
5.4.11. тэтгэвэрт гарч байгаа ажилтны ажлын амжилтыг үнэлэх, амьдралын замнал, амжилт бүтээлийн талаар сурталчлах, хөдөлмөр алдрыг тэмдэглэх, хамт олноороо хүндэтгэлтэй үдэх зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах;
5.4.12. ахмад настанд орон сууцыг эрх тэгш хуваарилах, тэдний өвөрмөц хэрэгцээнд зориулан орон сууцыг тоноглож тохижуулах, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох, үр хүүхэд, асран хамгаалагчтайгаа ойр дөхөм байх бололцоог хангах;
5.4.13. улс, орон нутгийн төсөв, дотоодын бусад эх үүсвэр, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр баригдаж байгаа орон сууцны тодорхой хувийг ахмад настанд олгох, сууцны нөхцөлөө сайжруулахад зориулж байх;
5.4.14. орон сууц, гудамж, талбайн нэр, хаяг, дугаарыг стандартын дагуу бичиж байрлуулах, ахмад настны өвөрмөц хэрэгцээнд нийцүүлж өөрчлөх;
5.4.15. хот, суурин газрын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн эвдрэл гэмтлийг засах, халтиргаа гулгааг арилгах, ахмад настанд тохиромжтой сандал сүүдрэвч зэргийг байршуулах;
5.4.16. зам талбайн гарц, уулзвар, барилга, байгууламжийн үүд, шат, хонгилыг ахмад настанд ээлтэй аюулгүй, хүртээмжтэй, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, хуучин барилгуудад тэдний өвөрмөц хэрэгцээнд тохирсон нэмэлт хэрэгсэл, төхөөрөмж суурилуулах;
5.4.17. ахмад настныг нутаг дэвсгэр, захиргааны харьяалал харгалзахгүйгээр хот доторх нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх;
5.4.18. нийтийн тээврийн хэрэгсэл, үйлчилгээний орчин нөхцөлийг ахмад настны өвөрмөц хэрэгцээнд тохиромжтой, хүртээмжтэйгээр өөрчилж шинэчлэх;
5.4.19. насны хяналтын үндэсний индекс тооцох арга зүйг дэлхий нийтийн жишигт нийцүүлэн боловсруулж нэвтрүүлэх;
5.4.20. насжилтын талаарх мэдээлэл судалгааг өргөжүүлж, насны хяналтын индекс тооцоход шаардагдах мэдээллийн санг бий болгох.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
6.1. Хөтөлбөрийг 2020-2023 онд хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
7.1.1. Ахмад настны аж байдалд эерэг өөрчлөлт гарна;
7.1.2. Ахмад настны эрүүл насжилт, урт наслалт нэмэгдэнэ;
7.1.3. Ахмад настны чадамжийн үзүүлэлт сайжирна;
7.1.4. Ахмад настны амьдрах орчин, нөхцөл сайжирна.
Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт
№ |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин |
Зорилтот түвшин |
Эх сурвалж, |
||
Он |
Үзүүлэлт |
Он |
Үзүүлэлт |
||||
Үр нөлөөний шалгуур үзүүлэлт |
|||||||
Зорилго: Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, тэднийг эрүүл урт наслуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. |
|||||||
1. |
Дундаж наслалт |
хувь |
2018 |
70.19 |
2023 |
72.0 |
ҮСХ, Хүн амын ердийн хөдөлгөөний хагас жил, бүтэн жилийн тайлан |
2. |
60 наснаас дээш амьдрах дундаж хугацаа |
жил |
2017 |
16.0 |
2023 |
16.3 |
ҮСХ, Хүн амын статистик |
3. |
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55-59 нас |
тоо |
2018 |
45.9 |
2023 |
50.0 |
ҮСХ, Ажиллах хүчний судалгаа (1212) |
4. |
Орон сууцанд амьдардаг ахмад настны тоо |
хувь |
2019 |
28 |
2023 |
33.0 |
ҮСХ. |
5. |
Нийгмийн хамгааллын суурь хөтөлбөрт хамрагдсан тэтгэврийн насны хүн амын эзлэх хувь |
хувь |
2017 |
97.5 |
2023 |
100.0 |
ҮСХ, Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдийн тоон мэдээлэл |
6. |
Ахмад настан тэргүүлэгчтэй өрхийн орлого |
мян/ төг |
2017 |
753,690 |
2023 |
900.000 |
ҮСХ, Ахмад настны нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийн судалгаа |
7. |
60 наснаас дээш эрүүл амьдрах дундаж хугацаа |
жил |
2017 |
12.1 |
2023 |
12.4 |
ҮСХ, Хүн амын статистик |
8. |
Урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх асаргаа сувилгаа/өдөр өнжүүлэх цогцолбор төв |
Цогцол-бор төв |
2019 |
0 |
2023 |
3 |
ХХҮЕГ-ын тайлан мэдээ |
9. |
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамрагдсан ахмад настан (давхардсан тоогоор) |
Хүн |
2018 |
3.1 сая |
2023 |
4.0 сая |
ҮСХ, Ахмад настны нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийн судалгаа |
10. |
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан ахмад настны нийт ахмад настанд эзлэх хувь (Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг) |
хувь |
2018 |
0,52 |
2023 |
1.5 |
ХХҮЕГ-ын тайлан мэдээ |
11. |
Ажилгүйдлийн түвшин 55-59 нас |
хувь |
2018 |
5.5 |
2023 |
5.0 |
ҮСХ, Ажиллах хүчний судалгаа (1212) |
12. |
Ахмадын хөгжлийн ордон, өргөө, танхим, төвөөр үйлчлүүлсэн ахмад настан (давхардсан тоогоор) |
тоо |
2018 |
201,000 |
2023 |
300.000 |
Монголын ахмадын холбооны тайлан мэдээ |
13. |
ГБХЗХГ-ын харьяа Хөгжлийн төвөөр үйлчлүүлсэн ахмад настан (давхардсан тоогоор) |
хувь |
2018 |
45,4 |
2023 |
60.0 |
ГБХЗХГ-ын тайлан |
14. |
Тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан ахмад настны тоо |
хүн |
2018 |
0 |
2023 |
20.000 |
Монголын ахмадын холбооны тайлан мэдээ |
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
9.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
9.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
9.1.2. гадаадын зээл, тусламж, хандив;
9.1.3. бусад эх үүсвэр.
Арав. Хөтөлбөрийн зохион байгуулалт,
хяналт-шинжилгээ, үнэлгээ
10.1. Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулна.
10.2. Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
10.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Үндэсний хэмжээнд зохион байгуулах, салбар дундын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах үүргийг хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
-----о0о------
Текст томруулах
A
A
A