- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Тайшир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2019 оны 04 дүгээр тогтоолын хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Сумын хэмжээнд 2018 оны бэлчээрийн төлөв байдлын үнэлгээгээр нийт бэлчээрийн 60 хувь нь өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтож, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, зарим багт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн байна.
Иймд бэлчээрийн хэт ашиглалт, доройтол, талхлагдлаас сэргийлж цөлжилтийг сааруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд малчин өрх, малчдын бүлэг нөхөрлөл, мал бүхий иргэдийн хүлээх үүргийг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Журмын зорилго: Хэрэгжүүлэх арга зам
2.1 Бэлчээрийг зохиостой ашиглахад оролцогчдыг хариуцлагажуулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох замаар бэлчээрийн даацад тохирсон, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд оршино.
2.2 Багийн иргэдийн нийтийн хурал болон багийн засаг дарга, малчин өрх, мал бүхий иргэн, байгууллагын тэгш оролцоо харилцан хариуцлагын зарчимыг энэхүү журмыг мөрдөхөд баримтална.
2.3 Бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, багийн засаг дарга нар хамтран малчдад танилцуулна.
2.4 Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн батална.
2.5 Багийн хурлаар батлагдсан бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь сумын тухай жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байна.
2.6 Бэлчээрийн төлбөр ноогдуулснаас бусад малчин мал бүхий иргэн, төрийн албан хаагчийн болон өөр аймаг, сумаас нутаглаж буй малчин өрхийн малаас нэг хонин толгой тутамд гэрээнд заасны дагуу төлбөр хураамж тогтоон тухай багийн бэлчээр хамгаалах санд төвлөрүүлнэ. Өөр аймаг, сумын малчид гэрээнд заасны дагуу бэлчээр чөлөөлөөгүй тохиолдолд төлбөр хураамжийг дахин ноогдуулж болно.
2.7 Багийн Засаг дарга нь тухайн жилийн мал тооллогын дүнд тулгуурлан бэлчээр хамгаалах санд төвлөрүүлэх орлогыг тодорхойлно.
2.8 Малчин өрх бүр бэлчээр хамгаалах санд орлогыг жил бүрийн 06 сарын 01-ний дотор төлнө.
2.9 Зөвшөөрөлгүй орж ирсэн мал, айл өрхийг бэлчээр чөлөөлүүлэх ажлыг холбогдох эрх бүхий хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг /Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Мал эмнэлгийн тасаг, Хөдөө, аж ахуйн тасаг, Цагдаагийн албан хаагч, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга/ хариуцан зохион байгуулна.
Гурав. Бэлчээр хамгаалах сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
3.1 Малчдын санд оруулсан хөрөнгө.
3.2 Орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилах хөрөнгө оруулалт.
3.3 Хандив, тусламж , бусад эх үүсвэр.
Дөрөв. Бэлчээр хамгаалах сангийн хөрөнгийг зөвхөн дараах зүйлд зарцуулна.
Тухайн багийн бэлчээр хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэр гарган бэлчээр ашиглалтыг сайжруулах дараах зүйлд зарцуулна. Үүнд:
4.1 Доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах/ сэлгэх, өнжөөх, улирлын давхцлыг бууруулах/
4.2 Ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор худаг гаргах, хөв цөөрөм байгуулах замаар бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх.
4.3 Хадлангийн талбайг хашиж хамгаалах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх.
4.4 Бэлчээрт тархсан хортон мэрэгчтэй тэмцэх.
4.5 Өөр аймаг, сумд отроор яваа малчин өрхөд шаардлагатай бол сангаас дэмжлэг үзүүлж болно.
Тав. Бэлчээр хамгаалах сангийн үйл ажиллагаа
5.1 Сангийн үйл ажиллагаа нь малчдад ил тод байна.
5.2 Баг бүр сантай байна.
5.3 Сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, орлого, зарлагын гүйлгээг багийн иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга болон ашиг сонирхолын зөрчилгүй малчны төлөөлөл хийж санхүүгийн анхан шатны баримтыг хөтлөнө.
Зургаа. Бэлчээр хамгаалах сангийн тайлагналт
6.1 Сангийн тайланг багийн Засаг дарга хариуцан гаргана.
6.2 Сангийн бүрдүүлэлт хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийн тайланг хагас бүтэн жилээр багийн Иргэдийн нийтийн хуралд тайлагнаж, үнэлэлт, дүгнэлт авна.
Долоо. Бэлчээр хамгаалах сангийн хяналт, шалгалт
7.1 Сан нь хяналтын зөвлөлтэй байна.
7.2 Зөвлөл нь тухайн багаас сонгогдсон сумын ИТХ төлөөлөгч, багийн иргэдийн нийтийн хурлын дарга болон малчны төлөөлөл, оролцсон 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Найм. Бэлчээр ашиглагч малчин дараах эрх үүрэгтэй.
8.1 Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох
8.2 Бэлчээр хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих.
8.3 Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх.
8.4 Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх.
8.5 Гаднаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэх, зохих зөвшөөрөлгүй өвөлжөө, хаваржаа, хонд бууцыг бусдад ашиглуулах, түрээслүүлэхгүй байх.
8.6 Хог хаягдал, малын сэг зэмээр байгаль орчин, хашаа хороо, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх.
8.7 Зөвшөөрөлгүй өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх.
Ес. Багийн иргэдийн нийтийн хурлын чиг үүрэг
9.1 Бэлчээр хамгаалах сангийн бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт тавина.
9.2 Ган, зудын нөхцөлтэй уялдуулан тухайн багийн бэлчээрт өөр аймаг сумаас отроор өвөлжих, хаваржиж болох малын тооны дээд хязгаар тогтоож түүнээс авах мөнгөн дүн хувь хэмжээг тогтоож багийн санд төвлөрүүлсний дараа тухайн өрх айлыг нэвтрүүлэхийг сумын Засаг даргатай зөвшилцөж тогтооно.
9.3 Бизнесийн зорилгоор олон тооны мал суурилсан бол мөнгөн дүнг 3 дахин нэмэгдүүлж тухайн иргэн аж ахуй нэгжид ноогдуулна.
Арав. Сумын Засаг даргын чиг үүрэг
10.1 Газрын тухай хуулийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох.
10.2 Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отороор өвөлжиж, хаваржих болон нутаглах малыг оруулахдаа энэ журам болон багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн малчин өрхтэй гэрээ байгуулж бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлэх.
10.3 Засаг даргын ажлын үнэлгээнд бэлчээрийн менежментийн төлөвлөгөө,бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтийн үр дүнг харгалзан үзэх.
10.4 Бэлчээрийн даацаас хэтэрсэн мал болон түүхий эд, бүтээгдхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.
10.5 Журмын 2.9-т заасан заалтыг үндэслэн тухай бүр ажлын хэсэг томилж журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах.
Арван нэг. Багийн Засаг даргын чиг үүрэг
11.1 Багийн Засаг даргын ажлын үнэлгээнд бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтын хариуцлагажуулах журмын хэрэгжилтийн үр дүнг харгалзан үзнэ.
11.2 Ган, зудын нөхцөл үүссэн тохиолдолд өөр аймаг, сумын нутагт орж өвөлжиж, хаваржих айл өрх, мал сүргийн тоог гаргаж сумын Засаг даргад танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулах.
11.3 Улс, аймаг, сумын аварга малчин, тэргүүний хамт олны тодорхойлолт гаргахдаа бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хэрэгжүүлсэн байдлыг харгалзан үзэх.
Арван хоёр. Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын үүрэг оролцоо
12.1 Бэлчээр хариуцлагжуулах журмыг дагаж мөрдөхөд холбогдох харилцааг зохицуулах гэрээг боловсруулан батлуулан гэрээний биелэлтийг ханган ажиллах.
12.2 Бэлчээр ашиглагчид, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт,доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулан бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход зөвлөх.
12.3 Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах.
Арван гурав. Хүлээх хариуцлага
13.1 Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Газрын тухай хууль, Иргэний болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A